Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2021/00205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, Ерөнхий шүүгч С.Ганчимэг, шүүгч Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд онлайнаар явуулж,

Нэхэмжлэгч Б.Б, А.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.А-д холбогдох

Бусдын эд хөрөнгөнд  гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 657 522 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Г.Чинзориг,

Иргэдийн төлөөлөгч О.Нармандах

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б

Хариуцагч Г.А нар оролцов

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б, А.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 5-61 тоотын нэг давхарт амьдардаг. Хариуцагч Г.А нь хоёр давхарт 65 тоотод буюу манай дээд айл юм. Энэ айл 2016 оноос нүүж орсон байх. 2016, 2017 онд дээд айлаас удаа дараа ус алдуулж угаалгын өрөө, үүдний өрөө, гал тогооны өрөөний хана, тааз, шал зэрэг бүхэлдээ норж хохирлыг барагдуулаагүй ирсэн. 2017 оны 9 сард манайх байрандаа үсчин гоо сайхны зориулалтаар шинээр засвар хийсэн. 2018 оны 7 сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд дээд айлын угаалгын өрөөний сантехник зэвэрч муудсан асуудлаас шалтгаалж засвар хийгээд удаагүй байсан хана таазны замаск ховхорч шарласан. Гэвч хамгийн сүүлд 2019 оны 12 сарын 30-ны өглөө 08 цаг 30 минутын үед дахин дээрээс ус алдуулж том өрөө, гал тогооны өрөө, үүдний өрөөний хана, таазны замаскнууд ховхорч, гал тогооны өрөө, үүдний өрөөний паркетан шалнууд усанд норсноос шалтгаалан хөвсийж хөндийрсөн. 4 жилийн хугацаанд Ад болон эхнэрт нь танайх жил болгон дээрээс ус алдуулж байна, сантехникийн муудсан асуудал болон хувьдаа хариуцлагатай бай гэж хэлэхэд өгдөг газраа өг гэж хэлдэг. Хариуцагчийн гаргасан хариу тайлбартай танилцахад зарим нэг зүйлийг худлаа бичсэн байсан. Гэрт нь зөвшөөрөлгүй орж зураг дарсан асуудал огт байхгүй. Нийтийн аж ахуйн буруугаас болж ус алдагдсан гэж үзэж байгаа бол тэр асуудлаа өөрөө шийдвэрлүүлэх хэрэгтэй байсан. Манай дээр амьдардаг, манайх руу ус алдуулсан учраас хохирлоо өөрөө л барагдуулах ёстой. Тэгсэн ч Нийтийн аж ахуйн буруугаас болсон гэх баримт байхгүй. Бид өмнөх ус алдсанаас учирсан хохирлыг нэхэмжлээгүй бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 12 сарын 30-ны өдөр дээрээс ус алдуулсны засварын зардлыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн. Энэ үнэлгээний дагуу 577 522 төгрөг, үнэлгээ хийлгэсний хөлс 80 000 төгрөг, нийт 657 522 төгрөгийг нэхэмжилж байна. Манайх байраа нэг хэсэг үсчний газрын зориулалтаар ажиллуулж байсан нь үнэн. Гэвч одоо үсчний газраа ажиллуулахаа болиод бид байрандаа амьдраад жил гаран болж байна. Энэ байр ээж, би, миний дүү Б.Нандинэрдэнэ бид гурвын өмчлөлд бүртгэлтэй. Ээж А.Э маань энэ байранд бидэнтэй хамт амьдардаг учраас хамтран нэхэмжлэгчээр оролцуулж, би ээжийгээ төлөөлөн оролцож байна. Дүү Б.Н энэ хаягт бүртгэлтэй боловч энэ байранд амьдардаггүй. БНСУ-д ажиллаж амьдарч байгаа. Г.Агийн тав тухыг алдагдуулсан, үсчний газар ажиллуулахдаа хаяг байрлуулах зөвшөөрөл аваагүй, хими будагны үнэрт амьдардаг гэсэн асуудал нь ус алдуулсантай ямар ч хамааралгүй асуудал гэж үзэж байна.Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.    

Хариуцагч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх энэ байранд нүүж ороод 5 жил орчим болж байна. Энэ хугацаанд манай буруугаас болж хариуцлага алдан доод айл руугаа ус алдуулсан тохиолдол хэд хэдэн удаа гарсныг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ энэ нь цаг хугацааны хувьд сүүлийн хоёр ус алдуулснаас өмнө нь болсон тохиолдлууд байсан. Б.Бий бүрлээч аав нь амьд сэрүүн байхдаа манайд орж ирээд “дүү нар анхаарал болгоомжтой бай ус алдуулаад доод айлаа муухай болгоод байж болохгүй. Гэхдээ ах нь та нараас мөнгө төгрөг авахгүй. Манайх байраа үсчингийн зориулалтаар засвар хийнэ. Цаашдаа сайн анхааралтай байгаарай” гэж хэлээд гарч байсан. Бид ч хэлснийх нь дагуу зассан байрыг нь муухай болгохгүйн тулд өөрсдөөсөө шалтгаалан ус алдуулахгүйг хичээсэн.

Ингээд сүүлд хоёр удаа ус алдуулсан нь хувь хүнтэй холбоотой биш гэж ойлгож байгаа. 2018 оны 7 сард ус алдуулахад усны хаалт нь буудчихсан. Манайхыг энэ байранд орсноос хойш нэг жилийн дараа хүйтэн усны босоо шугамыг 15 мм-ийн хуванцар хоолойгоор 1-5 давхраар нь нэвт солисон Тэр шугамыг солихдоо оршин суугчдаар нь усны хаалт/винтель/-ыг нь авахуулж, шинээр сольж тавьсан байсан. Гэтэл тэр сольсон хаалтны эргүүлдэг чих нь даралттай усаар түлхэгдэн мулт үсэрч буудсан байсан. Тэр дор нь Дорнод нийтийн аж ахуйн газарт дуудлага өгсөн. Уг нь барагтай буудаад байдаггүй хаалт юм байна лээ...Бид сантехникийн мэдлэг муу учраас усны хаалтын ашиглалтын хугацааг мэдэхгүй юм. Дараагийн удаа буюу 2019 оны 12 сарын 30-ны өдөр гал тогооны өрөөний усны холигчны уян хоолойн үзүүр нь бүлт үсрээд ус алдсан байсан. Би сүүлийн ус алдалтаас бараг 3-4 сар орчмын өмнө Дорнод нийтийн аж ахуйн газраар гал тогооны өрөөний холигчоо солиулсан. Миний ойлгосноор жаахан хазгай боогоод чангалчихсан юм шиг санагдсан. Энэ асуудлаас болж ус алдсан байгаа. Дорнод Нийтийн аж ахуйн засварчны маш хариуцлагагүй, сэтгэлгүй ажил хийснээс болж ус алдсан гэж үзэж байгаа. Бид өөрсдөө усаа гоожуулаад мартсан зүйл байхгүй. Б.Б манай гэрт орж ирэхдээ зураг дарах гэж байгаагаа хэлж зөвшөөрөл авах ёстой байсан. Дараа нь бидэнтэй уулзаж юунаас болж ус алдсаныг асуух ёстой байсан гэж бодож байна. Би нэхэмжлэгчийн тав тухыг алдагдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Б.Б өөрөө бидний амьдралын тав тухыг алдагдуулсандаа уучлалт хүсээгүй. Өөрөөр хэлбэл манай гэр хоёр давхарт байрладаг. Б.Бий амьдарч байгаа байр нь “Үсчин”-гийн зориулалтаар үйл ажиллагаа явуулаад 2 жил орчмын хугацаа өнгөрч байна. Би 3 жаахан хүүхэдтэй. Хүүхдүүд маань химийн хортой бодис, үсний будаг зэрэг зүйлсээр амьсгалж байна. Нэгдүгээрт манай эзэмшлийн өмчлөлийн хэсэгт буюу палконы хэсэгт хаягаа байршуулсан, энэ асуудалдаа манайхаас хаягаа байршуулах талаар зөвшөөрөл аваагүй. Хоёрдугаарт 2 жилийн хугацаанд манай хүүхдүүд үсчний газрын хими будаг гэх мэт хортой бодис үнэртсэн нөхцөлд амьдарч байсан. Энэ бүх асуудалдаа манайд нөхөн төлбөр өгөх ёстой гэж бодож байна. Би хувь хүний хувьд алдаа гаргасан зүйл байхгүй. Нийтийн аж ахуйн ажилчдын буруутай үйлдлээс болж ус алдаж Б.Бийд хохирол учирсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлж оролцсон иргэдийн төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд бичгээр гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Г.Агийн хувьд Дорнод Нийтийн аж ахуйн ажилчдын буруугаас болж ус алдсан гэж үзэж байгаа бол тухайн байгууллагад хандаж гомдлоо гаргаж асуудлыг шийдвэрлүүлэх байсан. Энэ бол хувь хүний хариуцлага гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэгч талын гомдлыг хуулийн хүрээнд барагдуулах ёстой гэж үзэж байна гэжээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Ад холбогдуулан  эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 657 522 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр орон сууцны хамтран өмчлөгч А.Эийг хамтран нэхэмжлэгчээр оролцуулсан ба хариуцагчид холбогдох дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.Б, А.Э нар гаргасан гэж үзнэ.

2019 оны 12 сарын 30-ны өдөр хариуцагч Г.Агийн амьдардаг Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах 5 дугаар байрны 65 тоот байрны гал тогооны өрөөний угаалтуурын холигчны уян хоолойн хэсгээс ус алдсаны улмаас нэхэмжлэгч Б.Б, А.Э нарын өмчлөлийн 5 дугаар байрны 61 тоот байрны өрөөнүүдийн хана тааз норж, эмуль замаск нь ховхорсон, гал тогоо, үүдний өрөөнүүдийн паркетан шал норж хөндийрсөн гэх гэмтлүүд үүссэн зэргээр нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримтууд нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болох Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2020 оны 8 сарын 23-ны өдрийн №Р20-63 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг баримтуудаар  тогтоогдож байх ба талууд дээрх үйл баримтуудын талаар болон байрны өмчлөлийн талаар тус тус маргаагүй.

Нэхэмжлэгч нар нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай зардалд 577 522 төгрөг, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд гарсан зардалд 80 000 төгрөг буюу нийт 657 522 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч Г.А нь эс зөвшөөрч “тухайн өдөр ус алдсан шалтгаан нь хувь хүний хариуцлагагүй үйлдлээс болоогүй, харин Дорнод Нийтийн аж ахуйн засварчдын ажилдаа хариуцлагагүй хайнга хандсаны улмаас ус алдсан” гэх үндэслэлээр маргадаг.

Монгол Улсын Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.1, 148.2.2-т тус тус зааснаар орон сууц өмчлөгч нь дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх, ...бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Г.А нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчийн хувьд дангаар өмчлөх сууцны доторхи сантехникийн бүрэн бүтэн байдлыг хангах, сантехникийн эвдрэл гэмтэл байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар шалгуулах, засвар үйлчилгээг хийлгэх, улмаар ус алдах, ус алдах үед усны хаалтыг хаах,  үүнээс болж хэн нэгний эд хөрөнгөд хохирол учруулахаас сэргийлэх үүрэгтэй.

Хариуцагч хуулиар хүлээсэн дээрх ерөнхий үүргээ биелүүлээгүй нь хувь хүний  хариуцлагатай  холбоотой  байх  ба  дээрх  эс үйлдэхүйн улмаас гал тогооны угаалтуурын холигчны уян хоолой мултарч ус алдсан үйл явдал нь нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсантай шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаарх татгалзлаа “Дорнод Нийтийн аж ахуйн засварчид манай гал тогооны угаалтуурын холигчны уян хоолойг солихдоо резинэн сальникийг хазгай тавьж холбон ажилдаа маш хариуцлагагүй, сэтгэлгүй хандсаны улмаас уян хоолой мултарч ус алдахад хүргэсэн. Мөн нэхэмжлэгч нь 2019.12.30-ны өдөр ус алдуулснаас хойш 8 сарын дараа үнэлгээ хийлгэсэн, үнэлгээний тайланд 2020.08.21-ний өдөр ус алдуулсан мэтээр бичсэн, үнэлгээ хийхдээ бодит байдлыг бус зөвхөн захиалагчийн гаргаж өгсөн мэдээллийг үндэслэсэн, хавсаргасан гэрэл зургийг хэзээ авсан нь тодорхойгүй, манай гэрт биднийг эзгүй үед зөвшөөрөлгүй зураг дарсан, мөн үнэлгээ хийлгэсэн ажлын хөлсийг нэхэмжилсэн” гэж тайлбарладаг.

Гэвч “Дорнод НАА” ОНӨААТҮГазрын ажилчдын буруутай үйлдэл гэм хор учирахад нөлөөлсөн гэх нөхцөл байдлыг нотлох бичгийн баримт хэрэгт авагдаагүй, мөн хариуцагч энэ талаар тухайн байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлсэн эсэх нь тодорхойгүй байхаас гадна үнэлгээний тайланг бодит бус хийгдсэн талаарх бичгийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.7-д тус тус зааснаар шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй гэж үзнэ.

Түүнчлэн бусдын гэм буруутай үйлдлээс өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах буюу гэмтсэн эд хөрөнгөө өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай зардлыг гаргуулахаар мэргэжлийн байгууллагад хандсан нэхэмжлэгчийн эрхийг шүүх буруутгах боломжгүй бөгөөд үүнд гарсан зардал буюу үнэлгээ хийлгэх ажлын хөлс 80 000 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах  нь зүйтэй гэж үзсэн болно.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хийгдсэн Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2020 оны 8 сарын 23-ны өдрийн №Р20-63 дугаартай үнэлгээний тайланд нэхэмжлэгч нарын өмчлөлийн байранд учирсан хохирлыг 577 522 төгрөгөөр тодорхойлсон байх ба уг хохирлын үнэлгээг хариуцагч Г.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үгүйсгээгүй болно.

Дээрх нөхцөл байдлуудаар иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Хариуцагч нь Дорнод Нийтийн аж ахуйн ажилчдын буруугаас болж ус алдсан гэж үзэж байгаа бол тухайн байгууллагад хандаж гомдлоо гаргаж асуудлыг шийдвэрлүүлэх байсан. Энэ бол хувь хүний хариуцлага гэж харагдаж байна...” гэх дүгнэлт үндэслэл бүхий байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл,  эс  үйлдэхүйгээр  гэм  хор  учруулсан  бол  уг  гэм  хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхөөр тус тус заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байх тул хариуцагч Г.Агаас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 657 522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 20 330 төгрөг төлснийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 20 330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ГАгаас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 657 522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, А.Э нарт олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн                           20 330 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 20 330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4тус тус зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

                                   

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН

      ШҮҮГЧИД                         С.ГАНЧИМЭГ

                                                                                           Т.БАЙГАЛМАА