Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2021/00642

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 17 өдөр                             Дугаар 183/ШШ2021/00642                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Л.Д

 

Хариуцагч: Э.Г

 

Гэрээний үүрэгт 9.600.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зуучлалын гэрээний үлдэгдэл төлбөр 7.125.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүгд найрамдах Хятад ард улсын Хайнан их сургуульд аялал зуучлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалах хүсэлтэй байсан тул ‘’ЭГ’’ ХХК-тай холбогдсон бөгөөд уг компани дээрх сургуульд зуучилж өгөх бүрэн боломжтой гэсэн бөгөөд ‘’ЭГ’’ ХХК-тай, 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2020/01/18 дугаартай нийт 7,000 ам доллар бүхий зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасны дагуу зуучлалын үйлчилгээний урьдчилгаа 4,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 1,600,000 төгрөг буюу урьдчилгаанд нийт 9,600,000 төгрөгийг ‘’Эрдмийн гүүр’’ ХХК буюу уг компанийн захирал Ө.Манлайхүүгийн зааж өгсөн данс руу шилжүүлсэн. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр ‘’ЭГ’’ ХХК-ийн захирал Ө.М-тэй уулзахаар өөрийн төрсөн ах Л.М-тай хамт Чингэлтэй дүүргийн Тайваны төвийн 515 тоот хаягт байрлах сургалтын төв дээр очиход Ө.Манлайхүү нь дүүг чинь 100 хувь баттай оруулсан’’ түүнтэй өрсөлдөх хүн байхгүй гэж хэлсэн байдаг. Дараа нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр ЭГ ХХК-ийн захирал Ө.М нь сургуулийн урилга ирсэн манай зайсан дахь салбар дээр ирээд уулз гэж хэлсэн. Би Зайсангийн салбар руу маш их баяртайгаар алхаж очсон. Гэвч Хайнан их сургуулийн урилга биш Шэнь-Ян их сургуулийн урилга ирсэн байдаг. Ө.М захирал энэ чамд маш ховор тохиох боломж шүү гэсэн. Би бодож үзээд  хариу хэлье гэтэл хугацаа байхгүй. Одоо өргөдлөө бичээд үлдэгдэл төлбөрөө хэзээ төлөхөө бич гэж намайг шахаж тулгаж бичүүлсэн байдаг. Ингээд өргөдөл бичсэний дараа тус сургуульд намайг онлайнаар Бизнес удирдлагын ангид бүртгүүлсэн байсан. Би математикийн хичээлд дургүй. Гэвч тухайн анги нь англи хэл дээр хичээлээ үздэг, математик ордог анги байсан. Би хичээлээ ойлгохгүй надад хүнд байсан. Улмаар энэ талаар ЭГ ХХК-ийн захирал Ө.М-д хэлэхэд одоо яаж сурах чинь чиний асуудал, өөрөө хичээ гэж хэлсэн байдаг. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлсэн. Түүнээс хойш холбоо бариагүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Мшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 28-ний өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 1,600,000 төгрөгийг ЭГ ХХК-руу шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр зуучлалын гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу БНХАУ-ын Хайнан их сургуульд аялал зуучлалын мэргэжлээр магистрын зэргийг 100 хувь тэтгэлгээр буюу Хятадын засгийн газрын тэтгэлэг, түүнтэй дүйцэх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцахад зуучилна. Дээрх тэтгэлгийн хөтөлбөрт нэг жилийн хятад хэлний бэлтгэл багтаж болно гэж заасан. Захиалагчийн хувьд гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн. Харин зуучлагч 2020 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн гэрээний 1.1-д захиалагч доорх ажил гүйцэтгэхийг зуучлагчид даалгаж, зуучлагч түүнийг биелүүлэхээр хүлээн авна. Захиалагчийн захиалгын дагуу Зуучлагч нь БНХАУ-ын Хайнан их сургуульд мэргэжлээр магистрын 100 хувь тэтгэлгээр буюу Хятадын засгийн газрын тэтгэлэг, түүнтэй дүйцэх тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцахад зуучилна. Дээрх тэтгэлгийн хөтөлбөрт нэг жилийн хятад хэлний бэлтгэл багтаж болно гэж заасан. Мөн уг гэрээний 3.4 дэх хэсэгт зуучлагч нь захиалагчийг тухайн сургуульд бүртгүүлэх хүргэж өгөх, оюутны байранд орох зэрэг бусад  холбогдох ажлуудаар зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж заасан. Гэвч уг үүргээ биелүүлээгүй. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч төрсөн ахынхаа машиныг худалдан борлуулж, зуучлалын хөлсийг төлсөн. Нэхэмжлэгч нь Хятад хэлний HSK4 зэрэгтэй, Хятадад сурч байсан. Ингээд үргэлжлүүлж хятад  хэл дээр сурах сонирхолтой байсан. Нэхэмжлэгч тус бизнес удирдлагын ангид 1 сар сурсан. Гэвч үнэхээр математик ордог байсан тул сурч чадаагүй. Харин үүнийг Ө.М захиралд хэлсэн. Гэвч ЭГ ХХК нь Л.Д-ын хүссэн сургуульд оруулаагүй, хүсээгүй сургуульд нь оруулсан тул уг гэрээний 2.2-т зуучлагч гэрээнд заасан үүргээ захиалагчаас хамаарсан нөхцөл байдлаас өөр бусад шалтгаанаар биелүүлээгүй тохиолдолд зуучлалын хөлсийг буцаан авах эрхтэй гэж зааснаар зуучлалын хөлсөнд төлсөн 9,600,000 төгрөгийг ЭГ ХХК-аас буцаан гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Д нь БНХАУ-ын Хайнан их сургуулийн 100 хувийн тэтгэлгээр аялал зуучлалын менежмент мэргэжлээр магистрын зэрэг хамгаалахаар, Хятад хэлний бэлтгэлд хамрагдах зорилготой ЭГ ХХК-тай зуучлалын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 3,500 ам долларыг төлсөн. ЭГ ХХК нь БНХАУ-ын тэтгэлгийн хороонд Л.Д-ын материалыг явуулсан. БНХАУ-ын Шэнь-Яны нисэхийн их сургуулийн бизнес удирдлагын ангийн урилга ирсэн гэдгийг Л.Д-д мэдэгдсэн. Гэтэл Л.Д үүнийг хүлээн зөвшөөрч 2020 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр өөрөө тус сургуульд суралцахаа хүлээн зөвшөөрч хүсэлт бичиж өгсөн. Тус хүсэлтдээ 2,500 ам долларыг 2 хувааж төлөх болно гэдгээ мөн илэрхийлсэн. Тус хүсэлтийг Шэнь-Яны Нисэхийн их сургууль руу явуулсан. Ингэж Л.Д тус сургуульд элсэн орсон. 100 хувийн тэтгэлэгтэй. Өнөөдрийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон шалтгаан гэвэл би математикийн хичээлд сонирхолгүй учраас сурч чадахгүй байна гэж байна. Энэ нь суралцахаас татгалзах үндэслэл биш юм. Учир нь тухайн сургууль өөрөө хүүхдээ манай сургуульд тэнцэнэ. Эсхүл эс тэнцэнэ гэдгээ шийддэг юм. Харин Л.Д-ын хувьд би сурч чадахгүй байна гэх боломж байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Д нь ЭГ ХХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 9.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй, харин зуучлалын гэрээний үлдэгдэл төлбөр 7.125.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

ЭГ ХХК Л.Д нар 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2020/01/18 дугаартай зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр БНХАУ-ын /Hainan University/ их сургуульд 100 хувийн тэтгэлэг буюу Хятадын засгийн газрын тэтгэлэг, түүнтэй дүйцэх тэтгэлэгт хөтөлбөрт хамтрагдах, хөлсөнд 7000 ам доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг төлөхөөр байгуулсан байна.

 

Л.Д Зуучлалын гэрээний урьдчилгаа төлбөрт 9.600.000 төгрөг төлсөн бөгөөд зуучлалын гэрээгээр тохирсон Хайнаны их сургуулийн аялал зуучлалын ангид оруулж өгөөгүй, өөр Shenyang aerospace university гэх сургуульд бизнесийн удирдлага ангид оруулсан, энэ сургуульд 1 сар онлайнаар суугаад хичээлийг нь ойлгоогүй тул цаашид суралцах боломжгүй талаараа хариуцагчид хэлсэн гэж тайлбарлаж байна.

 

Зуучлалын гэрээний нөхцөл өөрчлөгдсөнийг Л.Д хүлээн зөвшөөрч 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ЭГ ХХК-нд “Миний бие Shenyang aerospace university сургуульд 2020-2023 он хүртэл уг хөтөлбөрт суралцахыг хүлээн зөвшөөрч байна. Зуучлалын хөлс 2500 долларыг 2 хуваан төлөх болно” гэжээ. /хх-ийн ... тал/

 

Уг зөвшөөрлийг намайг тулгаж бичүүлсэн, би аялал зуучлал мэргэжлээр Хятад хэл дээр суралцах сонирхолтой байхад бизнесийн удирдлага мэргэжлээр хичээл нь Англи хэл дээр явагддаг сургуульд зуучилсныг зөвшөөрөхгүй гэх бөгөөд Эрдмийн гүүр ХХК Л.Д-ыг хууран мэхэлсэн, хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хийсэн гэх байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.  

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний санамж хэсэгт “Тухайн оюутны эрүүл мэндийн байдал тэнцэхгүй, хангалтгүй суралцсан, улирлын болон жилийн эцсийн шалгалтанд оролцоогүй, ... сургуулийн дотоод дүрэм, журам ноцтой зөрчсөн тохиолдолд тус сургуулийн зүгээс тэтгэлэгт хөтөлбөрийг зогсоох, сургуулиас хасах бүрэн эрхтэй. Хэрэв дээрх шалтгаанаар тэтгэлэгт хөтөлбөр цуцлагдах, сургуулиас хасагдсан тохиолдолд үүнээс үүдэн гарах үр дагавар нь Эрдмийн гүүр компанид хамааралгүй бөгөөд ямар нэгэн хариуцлага хүлээгүй, зуучлалын хөлсийг буцааж олгохгүй болно” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн санал болгосон сургуульд суралцахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэг сарын хугацаанд тухайн сургуульд /дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас Монгол Улс хилээ хаасан/ онлайнаар сууж байсан нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй юм. 

 

Иймд нэхэмжлэгчийн зуучлалын хөлс 9.600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд зуучлалын гэрээний дагуу ЭГ ХХК нь Л.Д-ыг Хайнаны их сургуульд оруулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид эвлэрэх санал тавихдаа зуучлалын гэрээний үлдэгдэл төлбөр нэхэмжлэхгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлт тавьсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар ЭГ ХХК-иас 9.600.000 төгрөг гаргуулах тухай Л.Д-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар Л.Д-с зуучлалын хөлсний үлдэгдэл 7.125.000 төгрөг гаргуулах тухай ЭГ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.550 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

  

 

 

               ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Г.СОЛОНГО