Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0504

 

 

 

        2022         06           22                                    128/ШШ2022/0504

                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: СНЦСХХК

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Н****

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*****, Л.Э****, Х.Н***** нарыг оролцуулан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т,Г*** Л.Г*** Х.Г*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч нь дараах нэхэмжлэлийн шаардлагаар маргаж байна. Үүнд:

 Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө СНЦСХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эсэх асуудлаар хурал хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

Эрчим хүчний зохицуулах хорооны хангалтгүй гэж үнэлсэн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 322 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох,

 Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1178 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах,

 Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг үнэлж, оноо олгосон үнэлгээг үндэслэн СНЦСХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гаргахыг даалгах,

2. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1178 “Албан бичгийн хариу” тоотоор “..Эрчим хүчний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.1 дэх заалтыг үндэслэн танай компанид олгосон 07/2017 дугаартай эрчим хүчний барилга байгууламж /Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 МВт-ын нарны цахилгаан станц/ барих тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох болсныг дахин үүгээр мэдэгдэж байна” гэж СНЦСХХК-д хүргүүлсэн байна.

3. Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч СНЦСХХК тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн  төлөөлөгч  Э.Ж****  шүүхэд  болон  шүүх

хуралдаанд гаргасан тайлбартаа: СНЦСХХК-д 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор Эрчим хүчний зохицуулах хорооноос Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт нарны цахилгаан станц барих чиглэлээр 07/2017 тоот тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгосон байдаг.

Тусгай зөвшөөрөл авснаас хойш СНЦСХХК-ийн зүгээс дараах ажлуудыг хийсэн. Үүнд:

Эрчим хүчний зохицуулах хороонд үнэ тарифын саналыг хүргүүлэн хурлаар батлуулсан,  “Диспетчерын үндэсний төв” ХХК-тай нэмэлт ажил үйлчилгээний гэрээ хийж, эрчим хүч худалдах худалдан авах гэрээний загварт ажиллаж гэрээг батлуулсан, хөрөнгө оруулалтыг цогц байдлаар шийдэхээр Хятадын топ 5 нарын хавтан үйлдвэрлэлийн компаниа хөрөнгө оруулалт авахаар “ХаТай Энержи” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ хийж баталгаажуулсан, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвтэй барилга хяналтын гэрээний хэлцэл хийн гэрээг баталгаажуулсан, мөн хөрөнгө оруулагч байгууллагын зүгээс EPC гэрээнээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулж  EPC гэрээг хийж баталгаажуулсан, зураг төсөл гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий компанитай яриа хэлэлцээр хийн зураг төслийн гэрээ байгуулсан, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий компаниар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг боловсруулсан, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж батлуулсан, мөн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж батлуулсан, инженерийн мэргэжлийн зөвлөх компанийн сонгон шалгаруулалт хийж инженерийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан  зэрэг ажлуудыг хийсэн.

Мөн “Коронавирус” цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хөрөнгө оруулагчид 2020 оны эхээр нутаг буцсан. Одоогоор гол мэргэжилтнүүд нь Монгол улсад орж иргэх боломжгүй байгаа учраас тусгай зөвшөөрлийн хугацаанд ажил үүргээ явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ талаар тухайн үед Эрчим хүчний зохицуулах хороонд мэдэгдэж байсан.

Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх асуудлыг ярьдаг. Үүнтэй холбоотой тайлбарыг хэлнэ.

Эрчим хүчний зохицуулах хороо 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хуралдаад дунд үнэлгээтэй үнэлсэн байдаг. Үүний дараа 5 дугаар сарын 19-ний өдөр СНЦСХХК-ийн зүгээс Эрчим хүчний зохицуулах хороонд тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан.

Харин Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс 2021 оны буюу жилийн дараа 5 дугаар сарын 6-ны өдөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэн хангалтгүй гэх үнэлгээг өгсөн байдаг ба 7 дугаар сарын 8-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн.

Үүнтэй холбоотой 4 нөхцөлийг тайлбарладаг. Үүний нэгдүгээрт, Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 4.1-т зааснаар Эрчим хүчний барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийн хугацаанд барилга барьж байгуулан ашиглалтад оруулах ажлуудыг хийгээгүй,

Хоёрдугаарт, мөн Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 4.2-т зааснаар зураг төсөл боловсруулах, зөвшөөрөх, батлах дүрэм байдаг ба холбогдох дүрмүүдээ биелүүлээгүй болон зураг төсөл хийгдээгүй,

Мөн дүрмийн 4.3-т заасан тусал төсөл, хайгуулын ажилд улсын экспертэд хийлгээгүй, 4.5-т зааснаар барилга байгууламжийн барилга угсралтын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх ёстой гэсэн шаардлагуудыг тус тус биелүүлээгүй гэж үзэн хангалтгүй үнэлгээг өгсөн.

Хангалтгүй үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Эрчим хүчний яамны зүгээс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл техникийн нөхцөлийн сунгахгүй байсан ба үүний дараа бид 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр техникийн нөхцөлийг сунгуулахаар Эрчим хүчний яамд хүсэлтээ өгсөн боловч шийдвэрлээгүй.

Мөн тухайн оны 8 дугаар сарын 8-ны өдөр зургийн даалгавар авахаар хүсэлтээ өгөхөд техникийн нөхцөлийн хугацаа дууссан гэх үндэслэлээр татгалзсан.

Үүнээс үзвэл техникийн нөхцөл сунгуулах гэхээр ажлын даалгавар шаарддаг. Ажлын даалгавраа авах гэхээр техникийн нөхцөлөө сунгуулахыг шаарддаг. Ийм учраас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрч байна.

Мөн 2020 оны 5 дугаар сард хүсэлт гаргасан байхад 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэсэн байдаг.

Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 9.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг зохицуулсан зохицуулалт байдаг ба СНЦСХХК-ийн зүгээс Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.6, 25.1.8, 25.1.11, 25.1.12-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг биелүүлсэн гэж үзэж байна.

Эрчим хүчний хорооны зүгээс 5 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сунгах асуудлыг шийдээгүй. Энэ нь Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 9.2-т заасныг зөрчиж байна. Тийм учраас шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-т заасныг үндэслэн нэг дэх нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

Мөн хангалтгүй гэж үнэлсэн үнэлгээ нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”. Уг заалтыг үндэслэл болгосон нь тусгай зөвшөөрлийнхөө хугацаанд тусгай зөвшөөрлийн  хугацааг сунгах ёстой байсан боловч сунгахгүй байсан үйлдлээс нь шалтгаалаад Эрчим хүчний зохицуулах хороонд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах эрх хэмжээ нь байхгүй байсан.

Мөн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдэл бүхий албан бичиг байдаг. Уг албан бичгийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан. Бид хангалтгүй үнэлсэн болон, хугацаа сунгахгүй байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай албан мэдэгдэл нь хууль бус байна гэж үзсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар дунд үнэлсэн үнэлгээг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасантай холбогдож байна.

Нэг зүйл ойлгомжгүй байна. Хариуцагч талаас тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаандаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэдэг. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ 180 хоногийн дотор хүсэлтээ өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад хүсэлт өгөхөд хариуцагчаас хариу өгсөн гэж тайлбарлаж байна. 1 дүгээр сарын бичиг ирээгүй байна гэсэн ба хугацаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэсэн гэх асуудал биш юм.

Хоёрдугаарт 5 дугаар сарын 6-ны өдрийн асуудал нь зөвхөн үнэлгээтэй холбоотой асуудал ба сунгах эсэх асуудлыг шийдвэрлээгүй. Мөн 7 дугаар сард тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэх мэдэгдэл өгсөн хэр нь 11 дүгээр сард дахин тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлын талаар хурал хийсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна.  Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж чадаагүй нь ажлын даалгавар болон техникийн нөхцөлтэй холбоотой асуудал юм. Магадгүй техникийн нөхцөлийг олгочихвол техникийн нөхцөлтэй холбоотой ажлуудаа хийгээд ажлын даалгавраа батлуулах бүрэн боломжтой. Хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээ, зураг төслийн гэрээ, зөвлөх үйлчилгээний гэрээ зэрэг нь хөрөнгө санхүүгээр яригддаг ба ойролцоогоор зураг төслийн гэхэд 380,000 долларын хөрөнгөөр яригддаг. Мөн хөрөнгө оруулагчдын зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахгүй бол нөхөн төлбөр авна гэх асуудал яригдаж байна. Зөвлөх үйлчилгээний гэрээний тухайд хөрөнгө оруулагч компанийн зүгээс мөн адил хохирлын асуудал яригдаж байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдахгүй байлаа гэхэд

ХХК-ийн хувьд хөрөнгө санхүүгээр хохирох, өр төлбөрт унах асуудал байгаа учраас хариуцагчийн зүгээс үүнийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Манай компанийн төсөл хэрэгжвэл Төв аймгийн Сэргэлэн суманд хөрөнгө оруулалт болон ажлын байрны асуудал яригдах юм” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*****ашүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*****а: “2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах эс үйлдэхүйтэй холбоотой  нэхэмжлэлийн шаардлагад тайлбар хэлье.

Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180 хоногоос доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана” гэж заасан байдаг.

Гэтэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас 4 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ өгсөн ч Эрчим хүчний зохицуулах хорооноос тухайн компанийн эрх ашигтай холбоотой асуудал учраас хүсэлтийг хүлээж авсан.

Нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүсэлтээ цахимаар ирүүлсний дагуу 5 дугаар сарын 22-ны өдөр цахимаар хариу өгсөн байдаг. Эрчим хүчний хорооны зүгээс хуулийн дагуу тусгай зөвшөөрөл сунгуулах асуудлыг  180 хоногоос доошгүй хоногийн дотор судалдаг бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 9.2-т “Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нөхцөл, шаардлага, тухайн онуудын зорилтыг энэ дүрмийн 6.7 дахь заалтын дагуу үнэлж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн 22.2 дахь заалтыг үндэслэн сунгах, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Энэ нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана гэсэн ойлголт биш юм. Харин тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд хэрхэн ажлаа биелүүлсэн эсэх, хангалттай биелүүлж чадсан эсэхийг “6.7 дахь заалтын дагуу үнэлж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой тусгай зөвшөөрлийг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн агуулгатай заалт гэж ойлгоно. Уг заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хүчинтэй хугацааны нөхцөл шаардлагыг дүгнэхдээ 2021 оны 5 сарын 6-ны өдөр хурлаар хэлэлцээд анх тусгай зөвшөөрөл олгоход 6 шаардлага тавьсан. Тухайн шаардлагыг хэрхэн биелүүлсэн гэдгийг Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6.7-т заасан аргачлалын дагуу үнэлсэн. Гэтэл тухайн компани тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд буюу 2017 оноос 2020 оны 5 дугаар сар хүртэл нөхцөл шаардлагын биелэлт 43 хувийн үнэлгээтэй гарсан. Энэ нь хангалтгүй гэсэн үнэлгээ учраас нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэсний дараа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн компаниас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт болон тайлбар ирүүлсэн учраас сонсох ажиллагаа явуулан 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлээд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тогтоол гаргасан.

Тэгэхээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна. Уг заалтад заасан эс үйлдэхүй гэдэг нь шийдвэр гаргахаас татгалзах, эсхүл шийдвэр гаргахгүй байгааг ойлгоно. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгчийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хариу өгч, хийгдэх ёстой ажиллагааг хийн шийдвэр гаргасан учраас эс үйлдэхүй гэж үзэхгүй.

Мөн хоёр дахь нэхэмжлэлийн тухайд 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 322 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох гэсэн байх ба Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т зааснаар Эрчим зохицуулах хороонд эрх хэмжээ олгогдоогүй гэж тайлбарлаж байна. Эрчим хүчний зохицуулах хороо нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан “олгосон тусгай зөвшөөрлийн  хүрээнд, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах,  үнэ тарифыг хянаж батлахаас гадна эрчим хүчний хангамжийн найдвартай  ажиллагаа, салбарын санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, үр ашгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, хангагч хэрэглэгчийн эрхийг тэнцвэртэй хамгаалах” гэсэн бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилладаг. Энэхүү бүрэн эрхийн хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад хяналт тавьдаг. Үүний дагуу Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан  Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6.2, 6.7-т заасан үндэслэлүүдээр маргаан бүхий 2021 оны 322 дугаар тогтоолыг гаргасан. Тэгэхээр Эрчим хүчний зохицуулах хороонд эрх олгогдоогүй биш, харин хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр юм.

Гуравдугаар нэхэмжлэлийн шаардлагын тухайд 1/1178 албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасныг үндэслэн хүчингүй болгуулах гэсэн байх ба  уг заалтад “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгуулах” гэсэн байдаг. Гэтэл тухайн албан бичиг нь нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн хариу албан бичиг юм. Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, дахин дүгнэлт хийлгүүлэх тухай болон нэмэлт материалын хамт 1208 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Уг албан бичигт бид хариу өгч, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах нөхцөл байдал үүссэн эсэх, дутуу шалгасан эсэх, бодит нөхцөл байдлыг тогтоосон эсэхийг дахин судалж үзээд танай компаниас ирүүлсэн нэмэлт баримт нь нөхцөл шаардлагыг дүгнэсэн дүгнэлтэд нөлөөлөх баримт болохгүй учраас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй байгаа учраас хүчингүй болгох тухай хариу мэдэгдлийг хүргүүлсэн нь хууль бус гэж үзэхгүй байна.  Сүүлийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дунд үнэлгээтэй үнэлсэн тогтоолыг үндэслэж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан шийдвэр гаргахыг даалгах гэсэн байна. Дунд үнэлгээтэй үнэлсэн үнэлгээг ямар учиртай вэ гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ойлгохгүй байна гэж харж байна.  Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг  жил бүр үнэлж дүгнэдэг. Үүний дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар ирүүлсэн тайланг нь үнэлсэн. Гэхдээ уг үнэлгээнд хугацаа нь болоогүй нөхцөл шаардлагыг үнэлж дүгнэдэггүй бөгөөд тухайн үзүүлэлтүүдийг хасаж дүгнэсэн учраас дунд үнэлгээ авсан гэсэн үг юм. Хийгдээгүй зүйлийг үнэлэх боломжгүй учраас хасаж дүгнэдэг зохицуулалттай. Ийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтэд хариу өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа техникийн нөхцөл нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага хангалтгүй үнэлэгдэхэд нөлөөлсөн. Техникийн нөхцөлөө 2017 оны 6 дугаар сард нэг жилийн хугацаатай аваад  2018 оны 7 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан. Үүний хариуд яам ажлын даалгавар шаардсан ба 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ажлын даалгавар авах хүсэлт өгөхөд техникийн нөхцөлийн хугацаа дууссан гэх асуудал яригдсан. Үүнээс хойш дахин техникийн нөхцөл сунгуулах хүсэлт гаргаагүй бөгөөд дахин хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан. Мөн зураг төслийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, зөвлөх үйлчилгээ гэрээ зэрэг нь ажлын даалгавар аваагүйгээр, зураг төслөө батлуулаагүйгээр, улсын экспертэд хийлгээгүй байхад хийгдэх боломжгүй. Ямар байгууламж баригдах, хэдэн төгрөгийн төсвөөр үйл ажиллагаа явуулах, холболт нь яаж хийгдэх эсэхийг зураг төслөөр батлуулдаг байхад тодорхойгүй зүйл дээр гэрээ байгуулж хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Хөрөнгө оруулалтын асуудал нь 2019 онд шийдэгдсэн байсан ба 100 хувь гэсэн үнэлгээ өгчихсөн. Мөн техникийн нөхцөл авсан хугацаандаа ажлын даалгавраа аваад үүнийхээ хүрээнд зураг төслөө батлуулах бүрэн боломжтой байсан боловч нэхэмжлэгч  компани нь ажил үүргээ гүйцэтгээгүй, нөхцөл шаардлагаа биелүүлээгүй байгаа учраас хангалтгүй үнэлгээ авсан” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөл ирүүлэхтэй холбоотой нэмэлт тайлбар хэлье. Эрчим хүчний салбар нь техникийн болон үнэ тарифын маш нарийн зохицуулалттай салбар юм. Тийм учраас энэ салбарт олгогдож байгаа тусгай зөвшөөрлийг сунгах, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох үйл ажиллагааг нарийн зохион байгуулалттай, тодорхой хугацаа зарцуулж явуулдаг. Эрчим хүчний тухай хуульд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас 180 хоногоос доошгүй хоног буюу 6 сарын өмнө  ирүүлэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон байдаг. Энэ нь 180 хоног болон түүнээс даваад магадгүй 365 хоног хүртэл хугацаанд тухайн тусгай зөвшөөрөлтэй холбоотой хийгдэх ёстой үйл ажиллагаа дүрмийн дагуу хийгдсэн эсэхэд маш нарийн үнэлгээ хийгддэг бөгөөд цаана нь маш том хөрөнгө оруулалт яригддаг, техникийн нарийн үйлдлүүд хийгддэг, тусгай зөвшөөрөлтэй олон компаниуд гүйцэтгэлийн үйл ажиллагаа явуулдаг нарийн процесс учраас хугацааны хувьд 180 хоног буюу урт хугацаа шаарддаг. Мөн тухайн компани хэдийгээр үүргээ биелүүлэхгүй, хууль зөрчиж 4 хоногийн өмнө хүсэлтээ өгсөн ч хүсэлтийг нь хүлээж аваад өнгөрсөн 360 орчим хоногийн хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжтой эсэхэд бүх процесс үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бүрд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө СНЦСХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эсэх асуудлаар хурал хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний зохицуулах хорооны хангалтгүй гэж үнэлсэн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 322 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1178 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг үнэлж, оноо олгосон үнэлгээг үндэслэн СНЦСХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гаргахыг даалгах ” гэж эцсийн байдлаар тодруулсны дагуу шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлаар дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгчээс ”.... техникийн нөхцөл сунгуулах гэхээр ажлын даалгавар шаарддаг. Ажлын даалгавраа авах гэхээр техникийн нөхцөлөө сунгуулахыг шаарддаг. Ийм учраас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрч байна.

Мөн 2020 оны 5 дугаар сард хүсэлт гаргасан байхад 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэсэн байдаг.

Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 9.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг зохицуулсан зохицуулалт байдаг ба СНЦСХХК-ийн зүгээс Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.6, 25.1.8, 25.1.11, 25.1.12-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг биелүүлсэн гэж үзэж байна.

Хариуцагч талаас тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаандаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэдэг. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ 180 хоногийн дотор хүсэлтээ өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад хүсэлт өгөхөд хариуцагчаас хариу өгсөн гэж тайлбарлаж байна. 1 дүгээр сарын бичиг ирээгүй байна гэсэн ба хугацаа сунгах эсэх асуудлыг шийдвэрлэсэн гэх асуудал биш юм.

5 дугаар сарын 6-ны өдрийн асуудал нь зөвхөн үнэлгээтэй холбоотой асуудал ба сунгах эсэх асуудлыг шийдвэрлээгүй. Мөн 7 дугаар сард тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэх мэдэгдэл өгсөн хэр нь 11 дүгээр сард дахин тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлын талаар хурал хийсэн гэж байгаа нь ойлгомжгүй байна.  Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж чадаагүй нь ажлын даалгавар болон техникийн нөхцөлтэй холбоотой асуудал юм.

Магадгүй техникийн нөхцөлийг олгочихвол техникийн нөхцөлтэй холбоотой ажлуудаа хийгээд ажлын даалгавраа батлуулах бүрэн боломжтой. Хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээ, зураг төслийн гэрээ, зөвлөх үйлчилгээний гэрээ зэрэг нь хөрөнгө санхүүгээр яригддаг ба ойролцоогоор зураг төслийн гэхэд 380,000 долларын хөрөнгөөр яригддаг. Мөн хөрөнгө оруулагчдын зүгээс тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулахгүй бол нөхөн төлбөр авна гэх асуудал яригдаж байна. Зөвлөх үйлчилгээний гэрээний тухайд хөрөнгө оруулагч компанийн зүгээс мөн адил хохирлын асуудал яригдаж байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдахгүй байлаа гэхэд ХХК-ийн хувьд хөрөнгө санхүүгээр хохирох, өр төлбөрт унах асуудал байгаа учраас хариуцагчийн зүгээс үүнийг харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Манай компанийн төсөл хэрэгжвэл Төв аймгийн Сэргэлэн суманд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт орох болон ажлын байр бий болох асуудал яригдах юм.

Манай компанийн хувьд бодитой хохирол учраагүй ч гэсэн хөрөнгө оруулагч нарын зүгээс нөхөн төлбөр, хохирлын асуудал яригдаж байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, эсхүл сунгахгүй гэхэд Эрчим хүчний зохицуулах хороонд хохирол учрахгүй байх гэж бодож байна. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй балаа гэхэд хэнд хохирол учрахыг шүүхийн зүгээс харгалзаж үзээсэй гэж хүсэж байна” гэж,

 Хариуцагчаас “...Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180 хоногоос доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана” гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас 4 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ өгсөн ч Эрчим хүчний зохицуулах хорооноос тухайн компанийн эрх ашигтай холбоотой асуудал учраас хүсэлтийг хүлээж авсан.

Тухайн компани тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд буюу 2017 оноос 2020 оны 5 дугаар сар хүртэл нөхцөл шаардлагын биелэлт 43 хувийн үнэлгээтэй гарсан. Энэ нь хангалтгүй гэсэн үнэлгээ учраас нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэсний дараа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт болон тайлбар ирүүлсэн учраас сонсох ажиллагаа явуулан 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлээд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тогтоол гаргасан.

Мөн техникийн нөхцөл авсан хугацаандаа ажлын даалгавраа аваад үүнийхээ хүрээнд зураг төслөө батлуулах бүрэн боломжтой байсан боловч нэхэмжлэгч  компани нь ажил үүргээ гүйцэтгээгүй, нөхцөл шаардлагаа биелүүлээгүй байгаа учраас хангалтгүй үнэлгээ авсан.

Мөн зураг төслийн гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ, зөвлөх үйлчилгээ гэрээ зэрэг нь ажлын даалгавар аваагүйгээр, зураг төслөө батлуулаагүйгээр, улсын экспертэд хийлгээгүй байхад хийгдэх боломжгүй. Ямар байгууламж баригдах, хэдэн төгрөгийн төсвөөр үйл ажиллагаа явуулах, холболт нь яаж хийгдэх эсэхийг зураг төслөөр батлуулдаг байхад тодорхойгүй зүйл дээр гэрээ байгуулж хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна“ гэж тус тус тайлбарлан маргажээ.

3.  Хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаас үзвэл,

3.1.  Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 159 дугаар тогтоолоор  СНЦСХХК-д эрчим хүчний барилга байгууламж /Төв аймаг, Сэргэлэн сумын нутагт 50 МВт-ын нарны цахилгаан станц/ барих тусгай зөвшөөрлийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатай олгож, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоожээ.

3.2. Улмаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 322 дугаар “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай” тогтоолоор СНЦСХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж /Төв аймаг, Сэргэлэн сумын нутагт 50 МВт-ын нарны цахилгаан станц/ барих тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл шаардлагын биелэлтийг хангалтгүй гэж дүгнэсэн байна.

3.4. Дээрх тогтоолоор СНЦСХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг “Хангалтгүй” хэмээн дүгнэж, 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/657 албан бичгээр “...тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй болсныг мэдэгдсэн...” мэдэгдлийг хүргүүлжээ.

4. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс “..станцыг 110/3510 кВ-ын Налайх дэд станцын 110 кВ талаас холбох нөөц боломжийн хувьд хүндрэлтэй талаар мэдэгдсэн, өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтыг цогц байдлаар шийдэхээр хөрөнгө оруулагчидтай олон удаагийн уулзалт, гэрээ хэлцэл байгуулсан, банкны баталгаа гаргуулахаар зохих банкуудтай тохиролцсон, станц ашиглалтад оруулсны дараа эрчим хүч авах хувь хүн, байгууллага /хэрэглэгчийг/ нартай тохиролцсон, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх, барилга угсралтын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт товлох зэрэг ажлууд төлөвлөгөөт хугацаанд хийгдэж байсан” гэх тайлбарыг өгч маргаж байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага цаашид нэхэмжлэгчийн эрх ашиг, сэргэх боломжтой эсэхийг нэг мөр, хөтөлбөргүйгээр тогтоох, тусгай зөвшөөрөл болон техникийн нөхцөлийг сунгахад шаардлагатай баримтуудыг хуульд заасан хугацаанд нэхэмжлэгчээс бүрдүүлсэн эсэхийг тодорхойлох нь энэхүү маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх бөгөөд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай.

Энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчийг дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:”, 25.1.1-д “ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах”, 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 25.1.3-т “шинжээч оролцуулан дүгнэлт гаргуулах”, 25.1.4-т “гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах”, 25.1.5-д “баримт бичиг болон хууль, бусад шийдвэртэй танилцах, хуулбарлах”, 25.1.6-д “шаардлагатай бол туршилт хийх”, 25.1.7-д “оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах” гэж тус тус заасны дагуу хариуцагч захиргааны байгууллага холбогдох эрх бүхий албан тушаалтны дүгнэлт, нотлох баримтыг цуглуулах зэрэг замаар тодруулсны үндсэн дээр тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэх, улмаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

   5. Дээрх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг дүгнэх улмаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлыг шүүхээс засах боломжгүй бөгөөд хариуцагч захиргааны байгууллага хуульд заасны дагуу маргааны талаарх нотлох баримтуудыг цуглуулж, бодит нөхцөл байдлыг тогтоож шийдвэр гаргах бүрэн боломжтой гэж шүүх үзлээ.

6. Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч СНЦСХХК-иас Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан  “Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө СНЦСХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эсэх асуудлаар хурал хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний зохицуулах хорооны хангалтгүй гэж үнэлсэн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 322 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1178 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг үнэлж, оноо олгосон үнэлгээг үндэслэн СНЦСХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 25 дугаар зүйлийн 25.1.2, 25.1.6, 25.1.8, 25.1.11, 25.1.12-д заасныг тус тус баримтлан СНЦСХХК-иас Эрчим хүчний зохицуулах хоронд холбогдуулан гаргасан “Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө СНЦСХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эсэх асуудлаар хурал хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний зохицуулах хорооны хангалтгүй гэж үнэлсэн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 322 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1178 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг үнэлж, оноо олгосон үнэлгээг үндэслэн СНЦСХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх асуудлаар дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол “Эрчим хүчний зохицуулах хороо нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө СНЦСХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах эсэх асуудлаар хурал хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Эрчим хүчний зохицуулах хорооны хангалтгүй гэж үнэлсэн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 322 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1/1178 дугаартай албан бичгийг хүчингүй болгож, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг үнэлж, оноо олгосон үнэлгээг үндэслэн СНЦСХХК-ийн тусгай зөвшөөрлийг сунгах шийдвэр гаргахыг даалгах” шийдвэр гарсанд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ