Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 316

 

Г.Өл-, М.Тэ-, Ч.Ба-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Г.Өл-ийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл, хохирогч Б.О-, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 359 дүгээр магадлалтай, 201726011080 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Өл-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй М.Тэ-,

2. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин, жолооч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Ч.Ба- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Г.Өл- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Өл-, М.Тэ-, Ч.Ба- нарыг нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг, шүүгдэгч Г.Өл-ийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Өл-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч М.Тэ-, Ч.Ба- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Г.Өл-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж, 6 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тэ-, Ч.Ба- нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Өл-ийн өмгөөлөгч Б.Оюунгэрэлийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Өл- гаргасан гомдолдоо “...Миний бие хохирогч Б.О-гийн нэхэмжилсэн 3.700.000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний эхнэр гадаадад ажиллаж байгаа тул бага насны хүүхдээ асран хамгаалах боломж олгож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Г.Өл- нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 1.3-т тус тус заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр нь ял шийтгэж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Энэ хэргийн тухайд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүйгээр нотлогдон тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.О- нь хүнд гэмтсэн, биеийн байдал нь одоогоор хангалттай сайжраагүй талаараа сүүлд хэлсэн байдаг. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Өл-, М.Тэ-, Ч.Ба- нар нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Х” /Икс/ караокед нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, улмаар Г.Өл- нь Б.О-г шатны уруу өшиглөн унагаж, хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна..

Шүүх шүүгдэгч Г.Өл-, М.Тэ-, Ч.Ба- нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд нийцсэн хуульд заасан, төрөл хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж шүүгдэгч Г.Өл-ийн гаргасан “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 359 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Өл-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                      С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН