| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0117/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/117 |
| Огноо | 2024-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/117
2024 03 19 2024/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ц.Л,
шүүгдэгч Т.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Т.Н-д холбогдох эрүүгийн 2425000000077 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, **** оны * дугаар сарын **-ны өдөр ***** аймаг *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******** аймаг ******** сум “**** ***** *****” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ***** аймаг ****-***** сум **** баг ***-ны *-** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
* овогт Т.Н-д /РД; **********/,
Шүүгдэгч Т.Н нь;
2023 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө ***** аймаг ****-***** сум **** баг ***-ны *-** тоот гэртээ эхнэр *.**********г “охин Н.С-ийг өмөөрсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Т.Н “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
хохирогч Д.Ц-ийн “...Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны орой 21 цагийн орчимд “Үлэмж” салонд ажлаа хийгээд дуусаад байж байхад нөхөр Н ирж намайг аваад бид хоёр **** баг ***-ны *-** тоот гэртээ ирэхэд нөхрийн охин С байсан. Гал тогооны өрөөнд сууж байсан чинь Н “урьд өдөр охин бид хоёрын дунд болсон асуудалд чи охиноо өмөөрсөнгүй, чамайг өмөөрсөн бол би юу гэж гар хүрэх юм” гэсэн утгагүй шалтгаанаар над руу уурлаад байхаар нь “чиний хүүхэд буруу зүйл хийсэн болоод чи өөрөө гар хүрч байгаа юм биш үү” гэсэн чинь “өмөөрсөнгүй, тоосонгүй, үздэггүй, охиныг минь тоодоггүй” гээд байсан. ...над руу уурлаад байхаар нь би “00”-ын өрөө орох гээд босож үүдний хэсэгт ирэхэд араас хавсарч шалан дээр баруун талын шанаа хэсгээр унагаагаад баруун талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөж, үсдэж байгаад шүд, хамар хэсэг рүү гараа атгаж байгаад хэд, хэдэн удаа цохиж...хана руу хүчтэй савж шидэн толгойны ар хэсгээр хана мөргүүлж, шалан дээр унагаасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
“... манай нөхөр “эмчилгээ хийлгээрэй” гээд одоогийн байдлаар 4.500.000 төгрөг өгсөн байгаа, шинжилгээнүүд хийлгэсэн мөнгөө нэхэмжилж байна. ...миний сэтгэл санаанд хохирол учраагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
гэрч Д.О-ийн “...Ц эгч Н ах бид гурав ширээний ард сууж байхад Ц эгч надад “ах чинь урд өдөр хүүхдээ өөрөө загнаж, гар хүрчихээд өмөөрсөнгүй гэж уурлаад байх юм” гэж хоорондоо маргалдаад байж байсан, эгч босоод үүдний хэсэгт явж очтол Н ах араас нь очиж газар унагаахад нүүр хэсгээрээ унаад босож ирээд дахин маргалдаж байсан чинь ах эгчийг хана руу түлхээд толгойны ар хэсгээр нь хананд савчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Т.Н-ийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдрийн орой Д.О, эхнэр Д.Ц бид гурав гал тогооны өрөөнд пиво уугаад сууж байсан чинь Д.Ц согтуурхаж “чиний охиныг би өмөөрөх ёсгүй, чиний охин үгэнд ордоггүй, энд зогсоож байгаад юм ярина” гээд өрөө рүү нь орох гээд явахаар нь үүдний хэсэгт татаж унагаахад нүүрээрээ газар уначихсан, тэгээд босож ирээд над руу дайраад байхаар нь хана руу түлхсэн чинь толгойныхоо ард хэсгээр хананд савагдсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Э.Б-ын 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 113 дугаартай; “…1.Д.Ц-ийн биед нэг шүдний сулрал, баруун бугалга, баруун шуу, нуруу, зүүн мөр, зүүн тохой, баруун, зүүн гуя, баруун шилбэ, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх нэг шүдний сулрал гэмтэл нь дангаараа, бусад гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
хохирогч Д.Ц-ийн “...нөхөр Т.Н-д зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 2-4 дэх тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54 дэх тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,
хохирогч, гэрч нараас мөн Т.Н-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Т.Н-ийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Т.Н нь 2023 оны 12 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө ***** аймаг -****-***** сум **** баг ***-ны *-** тоот гэртээ эхнэр Д.Ц “охин Н.С-ийг өмөөрсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь “нэг шүдний сулрал, баруун бугалга, баруун шуу, нуруу, зүүн мөр, зүүн тохой, баруун, зүүн гуя, шилбэ, баруун зүүн өвдөгт цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Ц-ийн “...би “00”-ын өрөө орох гээд босож үүдний хэсэгт ирэхэд араас хавсарч шалан дээр баруун талын шанаа хэсгээр унагаагаад баруун талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөж, үсдэж байгаад шүд, хамар хэсэг рүү гараа атгаж байгаад хэд, хэдэн удаа цохиж...хана руу хүчтэй савж шидэн толгойны ар хэсгээр хана мөргүүлж, шалан дээр унагаасан.” гэх,
гэрч Д.О-ийн “...эгч босоод үүдний хэсэгт явж очтол Н ах араас нь очиж газар унагаахад нүүр хэсгээрээ унаад босож ирээд дахин маргалдаж байсан чинь ах эгчийг хана руу түлхээд толгойны ар хэсгээр нь хананд савчихсан.” гэх,
Т.Н-ийн өөрийнх нь өгсөн “...эхнэр Д.Ц согтуурхаж “чиний охиныг би өмөөрөх ёсгүй, чиний охин үгэнд ордоггүй, энд зогсоож байгаад юм ярина” гээд өрөө рүү нь орох гээд явахаар нь үүдний хэсэгт татаж унагаахад нүүрээрээ газар уначихсан, тэгээд босож ирээд над руу дайраад байхаар нь хана руу түлхсэн чинь толгойныхоо ард хэсгээр хананд савагдсан.” гэх мэдүүлгүүд,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Э.Б-ын 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 113 дугаартай; “…Д.Ц-ийн биед нэг шүдний сулрал, баруун бугалга, баруун шуу, нуруу, зүүн мөр, зүүн тохой, баруун, зүүн гуя, баруун шилбэ, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,
хохирогч Д.Ц-ийн гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүйгээс гадна нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,
шүүгдэгч Т.Н-ийн хохирогч Д.Ц-ийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, улмаар эрүүл мэндэд нь “нэг шүдний сугарал, баруун бугалга, баруун шуу, нуруу, зүүн мөр, зүүн тохой, баруун, зүүн гуя, шилбэ, баруун зүүн өвдөгт цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангана.
Хууль зүйн хувьд,
Шүүгдэгч Т.Н-ийн хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Т.Н-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч Т.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Т.Н-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Т.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Т.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь хэргийн материалтай танилцаад “гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй.” гэсэн тэмдэглэл үйлдсэн, уг тэмдэглэл хавтаст хэргийн 66 дахь талд авагдсан байх тул шүүгдэгч Т.Н-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Т.Н-д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э