Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/91

 

 

 

 

 

 

 

 

 

2024      03          01                                         2024/ШЦТ/91

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Ж.Б,

хохирогч Б.М,

шүүгдэгч С.З, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч С.З холбогдох эрүүгийн 2325003820*** дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 1*** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ***** аймаг ****-***** сум ***** баг **-** тоотод оршин суух, урьд;

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн,

Б овогт С.З /РД; *********/,

Шүүгдэгч С.З нь;

2023 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө 05.00 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** аймаг ****-***** сум “Нутгийн удирдлагын ордон”-ны урд талд хохирогч Б.М-ын эд зүйлийг авахаар түүнийг газарт унагаж, толгой, цээж, нүүр хэсэг рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, хүч хэрэглэн довтолж “IPhone 14pro” /Айфон 14про/ загварын гар утсыг нь авч, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэгт,

мөн хохирогч Б.М-ын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлох явцдаа түүний эрүүл мэндэд “уруулд шарх, цус хуралт, дух, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед;

шүүгдэгч С.З “...“Нутгийн удирдлагын ордон”-ны урд явж байхад хохирогч дуудсан, очоод маргалдаад зодоон хийсэн, хохирогч эхлээд намайг алгадсан, би ч гэсэн архи уусан байсан болохоор адилхан зодоон хийсэн. Зодоон хийж дуусаад хохирогч “Нутгийн удирдлагын ордон”-ны урагшаа,  би баруун тийшээ явсан, шатан дээр утас унасан байсан, хохирогчийн утас гэж мэдээгүй аваад явсан. Улаанхүүтэй өглөө 6-01 дүгээр байрны тэнд уулзаад шил архи хувааж уучихаад наадмын талбай руу явсан, “энэ утсыг ашиглаж болохгүй, үүнийг фэйсбүүк дээр тавьчих” гэхээр нь “тэгье, фэйсбүүк дээр тавиад хүнд нь өгье” гээд фэйсбүүк дээр тавьж байхад би утасны зургийг харсан, “хоёр хүүхдийнх нь зураг байна, фэйсбүүк дээр тавина” гээд Улаанхүү надаас тэр утсыг авсан, утсыг надад өгөлгүй гэр рүүгээ орсон, “хүн нь ирж утсаа авах юм бол чи шагналыг нь авдаг юм байгаа биз, би чамд өгөхгүй” гээд утсыг надад өгөөгүй гэв.

хохирогч Б.М “...тухайн өдрийн орой Дарханаас манай найзууд ирээд “Молор-Эрдэнэ”-д жаахан суусан, “Молор-Эрдэнэ”-ээс гарч явахдаа биеэ хамгаалах чадваргүй байсан, тэндээс гараад “Эрдэнэт-Үйлдвэр”-ийн музей талаар Горнек руу эргэж байхад доод урд шатнаас Зоригтбаатар гарч ирээд намайг дуудсан, би согтуу, биеэ хамгаалах чадваргүй явсан учраас хариу үйлдэл үзүүлэлгүй кармаандаа гараа хийсэн чигтээ шууд явсан. Тухайн үед би хар бомбер куртик, саарал малгайтай цамцтай явсан, миний малгайтай цамцны араас татаад зууралдаад байсан, барьцалдаж авсан болон зодоон болсон зүйл байгаагүй. “Нутгийн удирдлагын ордон”-ны урд ирэхэд намайг хүзүүдээд, мөрлөөд авсан, шатны ирмэг дээр хойшоо унагаасан, би унахдаа нүүрээрээ иржгэр лист дээр унасан, надад цохилт орж байгаа нь илт мэдэгдээд, толгой янгинаад эхлэхэд дээрээс дэвсээд нүүр рүү өшиглөөд байсан, “хүн аллаа шүү дээ, болиоч” гэж орилоод бараагүй, би “Нутгийн удирдлагын ордон”-ны харуулыг дуудах гээд очсон, кармагаа үзэхэд утас байгаагүй, “унасан газраа утсаа унагаасан байж магадгүй эсвэл доогуур нь, завсраар нь унасан юм болов уу” гэж бодоод буцаж очоод нэлээн удаан хайсан. Утсаа хайгаад олдохгүй болохоор нь 5-01 дүгээр байрны урдуур буюу Мэнд-Амарын зам дагуу яваад 6-11 дүгээр байр гэр рүүгээ харьсан, өглөө сэрээд цагдаад дуудлага өгсөн. Шүүх хуралдааны үед шүүгдэгчээс 2.500.000 төгрөг хүлээн авлаа, цаашид нэхэмжлэх зүйлгүй, мөнгөн гинжний 80.000 төгрөгийг нэхэмжлэхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.М-ын “...2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 22.30 цагийн үед “Молор-Эрдэнэ” зочид буудалд найзуудтайгаа уулзсан, ...9 дүгээр сарын 17-ны өглөө үүрийн 05.00 цагийн үед манай найз намайг сэрээгээд “орон дээр гараад унт” гэхээр нь би “гэртээ харихгүй бол болохгүй” гээд гарч яваад “Нутгийн удирдлагын ордон”-ны урд явж байхад нэг залуу хоргоогоод цамцнаас зулгаагаад байсан, “Нутгийн удирдлагын ордон”-ны баруун талын тэргэнцэртэй хүмүүс явдаг төмөр шатан дээр намайг татаж газар унагаагаад толгой, цээж хэсэг рүү өшиглөөд, гараараа хамгаалсан чинь гар луу өшиглөөд байхаар нь “хүн аллаа шүү дээ” гээд хэлсэн чинь өшиглөөд байсан. Өшиглөж зодож байгаад захиргааны баруун талаар тойроод гүйгээд явчихсан, би хэсэг ухаан алдсан юм шиг юу ч санахгүй байж байгаад сэргэсэн чинь захиргааны хаалгыг татчихсан зогсож байсан, онгойлгохгүй байхаар нь гар утсаа үзсэн чинь байхгүй байсан, зодуулсан газраа буцаж очоод хайгаад олоогүй. ...Миний гар утас IPhone 14pro” /Айфон 14про/ загварын 128GB багтаамжтай хар өнгөтэй гар утас байсан, 2023 оны 6 дугаар сард “PC mall” дэлгүүрээс 5.600.000 орчим төгрөгөөр худалдан авч байсан, мөнгөн гинж маань бас байхгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

гэрч Ү.Б-ны “...“Төгөл” худалдааны төвийн урд зогсож байсан чинь нэг залуу ирээд “хороолол руу такси авъя” гэсэн, суулгаад хөдлөхөд “Мэнд-Амар худалдааны төвөөс нэг хүн авна” гэж байсан чинь хоёр хүн авсан. ...замд явж байхдаа “мөнгөгүй явж байна ахаа, та оронд нь энэ утсыг 50.000 төгрөгөөр авчих” гэсэн, тухайн утас гурван камертай хар гэртэй утас байсан, би “ах нь утас авахгүй, та нар зүгээр мөнгөө л өг” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

гэрч Ж.У-ийн “...Би 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө 08.00 цагийн орчим Согоот баг 6-5-93 тоот гэрээсээ гараад архи авах гээд байрныхаа зүүн хойд талын явган хүний зам дээр явж байхад таны харуулж байгаа С.З гэдэг залуу надаас тамхи асууж тамхилахад С.З нь нэг залуугийн хамт зогсож байсан. Бид гурав харилцан яриа өрнүүлж байгаад хамтдаа архи уухаар болоход түүний танил гээд бас нэг залуу бид гурав дээр ирсэн бөгөөд энэ үед С.З өөрийнхөө халааснаас “Iphone” /Айфон/ загварын гар утас гаргаж ирээд “4.000.000 төгрөгийн үнэтэй гар утас, энэ байтугай юм олдог” гээд газар руу шидэж байгаад газраас эргүүлээд авахаар нь би “хүний утас биш үү, тэгвэл чи кодыг нь гаргаач” гэсэн чинь юм хэлэхгүй зогсоод байсан. …С.З-аас “гар утсаа гаргаад ирээч” гэсэн чинь эрэгтэй, эмэгтэй хүүхэдтэй гэр бүлийн зурагтай, нууц кодтой гар утас байхаар нь “хүний гар утас юм биш үү, чи олсон юм уу, хулгайлсан юм уу” гэсэн чинь “олсон юм” гэж хэлэхээр нь “...“Iphone” /Айфон/  загварын гар утас ашигладаггүй юм, эзэнд нь эргүүлж өг” гээд гар утасны зургийг өөрийнхөө гар утсаар дарж “Эрдэнэт зар” фэйсбүүк группт “гар утас олсон, эзэн нь харж байвал аваарай” гээд 99363799 дугаараа оруулсан зар байршуулж гар утсыг өөрт авсан. ...Архи ууж дуусаад гэртээ орох гээд байрныхаа орцны үүдэнд ирээд С.З-т хандаж “энэ утсыг эзэнд нь эргүүлж өгнө” гээд өөрийнхөө халааснаас гаргаж ирсэн чинь С.Зоригтбаатар надаас гар утсыг нэхэж аваад явахаар нь “эзэнд нь өгөөрэй” гэж хэлсэн. ...Уг өдрийн орой...С.З-тай анх таарсан залуу надтай таараад “нөгөө гар утсыг чинь хүнд 70.000 төгрөгөөр зарчихсан шүү дээ, айхтар хүн байна билээ гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

С.З-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...тэр залуу намайг “хөөе нааш ир” гээд дуудсан тэгэхэд надтай хамт явж байсан ах бүүр ард үлдчихсэн байсан, би тэр залуу дээр очсон чинь “яах гэж байгаа юм, намайг дээрэмдэх гэж байгаа юм уу” гэхээр нь маргалдаад “Нутгийн удирдлагын ордон”-ны тэргэнцэртэй хүмүүс явдаг шатны тэнд очсон, намайг цохиод авахаар нь би зөрүүлж цохиод бид хоёр ноцолдоод дээр, доороо ороод унацгаасан. Тэгээд байж байхад хамт явж байсан хүн “хөөе юу болоод байгаа юм” гээд хүрээд ирэхээр нь би салсан чинь тэр залуу захиргааны байрны тийшээ яваад өгсөн, би явах гэсэн чинь газар утас байж байхаар нь аваад явчихсан. ...Би гар утаснаас өөр юм аваагүй. ...Намайг 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө 05.00 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум “Нутгийн удирдлагын ордон”-ны урд талд хохирогч Б.М-ын эд зүйлийг авахаар унагаж, толгой, цээж, нүүр хэсэг рүү нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн довтолж IPhone 14pro” /Айфон 14про/ загварын гар утсыг нь авч, 4.500.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа тогтоолтой танилцлаа, биед нь гэмтэл учруулсан гэдгээ бол хүлээн зөвшөөрч байна, харин дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй, уг хохирогч гээд байгаа залууг явсан хойно газар нэг гар утас байхаар нь аваад явчихсан юм, уг залуугийн гар утас гэдгийг мэдээгүй, гар утсыг Согоот багт архи ууж байхдаа нүүрэлдэж мэдүүлэг өгсөн залууд өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 59 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 806 дугаартай; “...Б.М-ын биед уруулд шарх, цус хуралт, дух, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

иргэн Б.М-ын “...2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө 05.00 цагийн үед “Нутгийн удирдлагын ордон”-ны урд үл таних хоёр залууд зодуулж IPhone 14pro” /Айфон 14про/ загварын гар утас, мөнгөн гинжээ дээрэмдүүлсэн.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-ОРХ7886 дугаартай; “...IPhone 14pro” /Айфон 14про/ загварын гар утас 4.500.000 төгрөг, эрэгтэй мөнгөн гинж 80.000 төгрөг, нийт 4.580.000 төгрөг.” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 26-32 дахь тал/,

шүүгдэгч С.З-ын;                                                                                         

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дахь тал/,  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 23/177 дугаартай, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хавтаст хэргийн 69 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг болно. 

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн С.З-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч С.З-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч С.З нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө 05.00 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум “Нутгийн удирдлагын ордон”-ны урд талд хохирогч Б.М-ын эд зүйлийг авахаар түүнийг газарт унагаж, толгой, цээж, нүүр хэсэг рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, хүч хэрэглэн довтолж “IPhone 14pro” /Айфон 14про/ загварын гар утсыг нь илээр авч, 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан дээрэмдэх гэмт хэрэгт,

мөн хохирогч Б.М-ын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтлох явцдаа түүний эрүүл мэндэд “уруулд шарх, цус хуралт, дух, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаар,

шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч С.З-ын “...Зодоон хийж дуусаад хохирогч “Нутгийн удирдлагын ордон”-ны урагшаа, би баруун тийшээ явсан, шатан дээр утас унасан байсан, хохирогчийн утас гэж мэдээгүй аваад явсан.” гэх,

хохирогч Б.М-ын “...шатны ирмэг дээр хойшоо унагаасан, би унахдаа нүүрээрээ иржгэр лист дээр унасан, надад цохилт орж байгаа нь илт мэдэгдээд, толгой янгинаад эхлэхэд дээрээс дэвсээд нүүр рүү өшиглөөд байсан, “хүн аллаа шүү дээ, болиоч” гэж орилоод бараагүй, ...кармагаа үзэхэд утас байгаагүй.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Б.М-ын “...“Нутгийн удирдлагын ордон”-ны баруун талын тэргэнцэртэй хүмүүс явдаг төмөр шатан дээр намайг татаж газар унагаагаад толгой, цээж хэсэг рүү өшиглөөд, гараараа хамгаалсан чинь гар луу өшиглөөд байхаар нь “хүн аллаа шүү дээ” гээд хэлсэн чинь өшиглөөд байсан. ...гар утсаа үзсэн чинь байхгүй байсан.” гэх,

гэрч Ү.Б-ы “...“Төгөл” худалдааны төвийн урд зогсож байсан чинь нэг залуу ирээд “хороолол руу такси авъя” гэсэн, ...замд явж байхдаа “мөнгөгүй явж байна ахаа, та оронд нь энэ утсыг 50.000 төгрөгөөр авчих” гэсэн, тухайн утас гурван камертай хар гэртэй утас байсан.” гэх,

гэрч Ж.У-ийн “...С.Зоригтбаатар өөрийнхөө халааснаас “Iphone” /Айфон/ загварын гар утас гаргаж ирээд “4.000.000 төгрөгийн үнэтэй гар утас, энэ байтугай юм олдог” гээд газар руу шидэж байгаад газраас эргүүлээд авахаар нь би “хүний утас биш үү, тэгвэл чи кодыг нь гаргаач” гэсэн чинь юм хэлэхгүй зогсоод байсан. ... Архи ууж дуусаад гэртээ орох гээд байрныхаа орцны үүдэнд ирээд С.Зоригтбаатарт хандаж “энэ утсыг эзэнд нь эргүүлж өгнө” гээд өөрийнхөө халааснаас гаргаж ирсэн чинь С.З надаас гар утсыг нэхэж аваад явахаар нь “эзэнд нь өгөөрэй” гэж хэлсэн. ...Уг өдрийн орой...С.З-тай анх таарсан залуу надтай таараад “нөгөө гар утсыг чинь хүнд 70.000 төгрөгөөр зарчихсан шүү дээ, айхтар хүн байна билээ гэж хэлсэн.” гэх,

С.З-ын өөрийнх нь өгсөн “...“Нутгийн удирдлагын ордон”-ны тэргэнцэртэй хүмүүс явдаг шатны тэнд очсон, намайг цохиод авахаар нь би зөрүүлж цохиод бид хоёр ноцолдоод дээр, доороо ороод унацгаасан. ...тэр залуу захиргааны байрны тийшээ яваад өгсөн, би явах гэсэн чинь газар утас байж байхаар нь аваад явчихсан.” гэх мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 806 дугаартай, “...Б.М-ын биед уруулд шарх, цус хуралт, дух, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэх,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны ТХҮ-ОРХ7886 дугаартай, “...IPhone 14pro” /Айфон 14про/ загварын гар утас 4.500.000 төгрөг, эрэгтэй мөнгөн гинж 80.000 төгрөг, нийт 4.580.000 төгрөг.” гэх дүгнэлтүүд,

иргэн Б.М-ын “...2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө 05.00 цагийн үед “Нутгийн удирдлагын ордон”-ны урд үл таних хоёр залууд зодуулж IPhone 14pro” /Айфон 14про/ загварын гар утас, мөнгөн гинжээ дээрэмдүүлсэн.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэрэг хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүчирхийлэл, довтолгоон нь хохирогчийн эсрэг чиглэсэн байхаас гадна, бусдын эд хөрөнгийг авч чадсан эсэхээс үл хамаарч хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах довтолгоон хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

          Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг хуульзүйн ойлголтоороо хохирогчид биемахбодын хүчирхийлэл үзүүлэхээс гадна айлган сүрдүүлэх зорилгоор сэтгэл санааны хүчирхийлэл хийсэн байдаг ба энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч С.Зоригтбаатар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн цамцнаас зулгаан газарт унагааж толгой, цээж хэсэг рүү нь өшиглөх, цохих зэргээр биед нь халдаж, түүнд аюул, хохирол учруулж, сэтгэлзүйн болон бие бялдарын хувьд давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлж, хүч хэрэглэн зодож, хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байгаа байдлыг ашиглаж, IPhone 14pro” /Айфон 14про/ загварын гар утсыг шунахай сэдэлтээр, үнэ төлбөргүй авсан үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, дээрэмдэх” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.М-ын эрүүл мэндэд  уруулд шарх, цус хуралт, дух, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан гэж үзнэ. 

Шүүгдэгч С.З-ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг, мөн бусдын өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд болон хэрэгт цуглуулсан бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх шүүгдэгч Б овогт С.З-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн,

мөн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжүүдийг агуулсан үйлдлүүдэд гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын прокурор нь шүүгдэгч Зоригтбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч С.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч С.З-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсгүүдэд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч С.З-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед,

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жил зургаан сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сар зорчих эрхийг хязгаарлах ял, нийт хоёр жил долоон сар хорих ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р. “...шүүгдэгч нь өндөр настай ээжийн хамт ам бүл хоёулаа амьдардаг хувийн байдал, мөн шүүх хуралдааны үед хохирогчид 2.500.000 төгрөг төлсөн, хохирогч нь мөнгөн гинжний хохирлыг нэхэмжлэхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэн оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

          Шүүх шүүгдэгч С.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг тус тус баримтлан энэ хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу нэг жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, түүний нийт эдлэх ялын хэмжээг нэг жил гурван сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

Шүүгдэгч С.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд “уруулд шарх, цус хуралт, дух, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учирсэн болох нь хавтаст хэргийн 36-37 дахь талд авагдсан Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 806 дугаартай дүгнэлтээр, 

эд хөрөнгөд нь 4.580.000 төгрөгийн хохирол учирсэн болох нь хавтаст хэргийн 26-32 дахь талд авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮ-ОРХ7886 дугаартай үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч С.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 4.500.000 төгрөгийг хохирогч Б.М-т олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч нь хоёр сая таван зуун мянган төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд хохирогчийн “...шүүгдэгчээс 2.500.000 төгрөг хүлээн авлаа, цаашид нэхэмжлэх зүйлгүй, мөнгөн гинжний 80.000 төгрөгийг нэхэмжлэхгүй.” гэснийг нь үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүгдэгч С.З-ын 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор, 

шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт С.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч С.З-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 /гурав/ сар хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, шүүгдэгч С.З-ын нийт эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 3 /гурав/ сар хорих ялаар тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.З-ын 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 39 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

          Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э