Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

 

   2024      03          07                                         2024/ШЦТ/104

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Ж.Б,

хохирогч Д.Ө, өмгөөлөгч Б.Б,

шүүгдэгч Ү.В, өмгөөлөгч О.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ү.В-т холбогдох эрүүгийн 2325000000438 дугаартай хэргийг тус шүүх 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ***** аймаг ****-***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ***** аймаг ****-***** сум ******* баг **-* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Ү.В /РД; ********/,

Шүүгдэгч Ү.В нь;

үргэлжилсэн үйлдлээр, 2019 оны 11 дүгээр сарын орчимд хохирогч Д.Ө-д “***** аймаг ****-***** сум “** ****-ын *****” хотхонд хоёр өрөө байрыг 1м2 нь 1.260.000 төгрөгөөр зарна” гэж орон сууцны хуурамч гэрчилгээ харуулах, хуурамч багц түлхүүр өгөх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд дансаар болон бэлнээр нийт 73.955.300 төгрөг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан, залилах гэмт хэрэг хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ү.В “...2020 оны 9 дүгээр сарын үед Ө-ын гэрт бид нар байж байгаад байрны асуудал яригдсан, би тухайн үед “гайгүй байр байдаг юм билээ” гээд ярьсан. 2020 оны 11 дүгээр сард Ө “байраа зарчихлаа, нөгөө байраа асууж лавлаач, үзье” гэсэн, би “хүнтэй нь холбогдчихоод эргээд холбогдоно.” гэсэн. Мөнгө авах асуудал нь 2021 оны 3 дугаар сараас эхэлсэн, миний дансанд орж ирсэн мөнгө нь нийтдээ 67.975.300 төгрөг, үүнээс бэлнээр 12.300.000 төгрөг авсан. Ө 30.000.000 төгрөгөө буцааж авсан, тухайн үед “Сансар” худалдааны төвийн “Хаан банк” дээр очоод “дансанд чинь мөнгө хийгээд буцаагаад авъя” гээд тэр өдрөө 30.000.000 төгрөг хийгээд 20.000.000 төгрөгийг “Хаан банк”-аар, орой нь АТМ-аас 5.000.000 төгрөгийг хоёр удаа миний картаар авсан. Энэ мөнгөнөөс 3.215.400 төгрөг нь байрны мөнгөнд орохгүй мөнгө, бид хоёр юм хийгээд, наашаа цаашаа явсан бензиний мөнгө мөн хамт найз нөхдөөрөө нийлж наргиж, цэнгэж шоудаж явсан мөнгө байгаа юм. Өын данс руу миний шилжүүлсэн мөнгө 10.775.000 төгрөг байгаа, энэ бол би Өоос авсан байрны мөнгөө буцааж өгсөн мөнгө, энэ нь Өыг өргөдөл гаргахаас өмнө өгсөн мөнгөнүүд юм. Би цагдан хоригдож байх хугацаандаа “Тоёота приус-30” загварын машин 14.000.000 төгрөгт бодож өгсөн, одоо бидний маргаантай байгаа асуудал нь надад бэлнээр 17.000.000 төгрөг өгсөн гээд, би болохоор 12.300.000 төгрөг авсан гээд 4.700.000 төгрөгийн маргаан байгаа юм.” гэв. 

хохирогч Д.Ө “...Бид гэр бүлийн найзууд, миний бие 2-26 дугаар байранд амьдардаг байхдаа байраа солих талаар ярилцаж байхад В “...“Их хаадын цуваа” юм уу аль нэг газар хямдхан бартерын байр байдаг, түүнээс авч өгч болно” гэж байсан. Түүнээс хойш 2020 оны 10 дугаар сард манайх зар тавиад байраа зарсан, байраа зарснаас хойш Вт “нөгөө байрнаас чинь байна уу, ярьснаараа нөгөө байраа олж өгөөч” гэхэд “за” гээд анх ярихдаа байрыг “1м2-ыг нь 1.260.000 төгрөг” гэж ярьж байсан. Тухайн үед байраа зарчихаад нэг өрөө байр хөлсөлсөн үеэс Вт их, бага хэмжээгээр олон удаагийн давталттайгаар мөнгө шилжүүлж болон бэлнээр өгсөн, явцын дунд байрны 1м2 нь 1.470.000 төгрөг болж өөрчлөгдсөн. Нийт нэхэмжилсэн мөнгөн дүн маань 82.700.000 төгрөг, дансны хуулга болон мөрдөн байцаалтын явцад дансаар өгсөн 67.975.300 төгрөг, мөн үүн дээр бэлнээр 17.000.000 төгрөг өгсөн, данс руу нь хийсэн 30.000.000 төгрөгөө би буцааж авсан, дээрх мөнгөнүүд 67.975.300 төгрөг дотор бүгд орсон. Бидний хооронд байрны асуудал яригдаж эхлэхээс өмнөх буюу найз нөхдөөрөө уулзаж хамт хэрэглэсэн 3.215.400 төгрөгийг нийт өгсөн мөнгөнөөсөө хасаж байгаа, хохиролд тооцохгүй, мөн өргөдөл өгөхөөс өмнөх 10.775.000 төгрөгийг ч хохиролд тооцохгүй, энэ мөнгийг өргөдөл өгөхөөс өмнө миний данс руу шилжүүлж өгсөн. Миний нэхэмжилж байгаа мөнгөн дүн бол 40.984.900 төгрөг, үүнээс В хоригдож байхдаа 14.000.000 төгрөгт бодож “Тоёота приус-30” загварын машинаа өгсөн, тэгээд 26.984.900 төгрөг болж байна, үүнийгээ авна. Би 17.000.000 төгрөг бэлнээр өгсөн гээд В нь 12.300.000 төгрөг авсан гээд ийм зөрүүтэй асуудал байгаа.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Д.Ө-ын “...2020 онд байраа солих талаар ярьж байтал найз Ү.В “Орхон аймаг Баян-Өндөр сум “Их хаадын цуваа” хотхонд 56.3м2 хоёр өрөө бартерийн байр байгаа” гэж хэлсэн. ...хоёр өрөө байрыг 2-ыг нь 1.470.000 төгрөгөөр бодож нийт 82.700.000 төгрөг төлж дуусгасан. ...Ү.Вын данс руу жар орчим сая төгрөг шилжүүлсэн, ...үлдсэн мөнгийг нь бэлнээр цувуулж өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 12 дахь тал/,

“...2019 оны 11 билүү 12 сард Ү.В өөрийнхөө утаснаас миний утас руу залгаад “...“Их хаадын цуваа” хотхонд худалдан авахыг байрыг 1м2 нь 1.260.000 төгрөгт авах юм байна, авах уу” гэж асуухаар нь “боломжийн байна, худалдаж авъя” гэж хэлэхэд “эргээд ярина” гэсэн. ...2020 он гармагц “хүнтэй уулзах гэж байна, мөнгө шилжүүлээч”, “хамт хоол идэх гэж байна” гэх зэргээр миний санаж байгаагаар ойр зуурын мөнгө дөчөөс хоёр зуун мянган төгрөгийг хэд, хэдэн удаа авч байсан. ...2023 оны 4 дүгээр сард Ү.В надтай видео коллоор залгаж ярихдаа үл хөдлөхийн гэрчилгээ харуулсан бөгөөд хэд хоногийн дараа уулзаж байрны багц түлхүүр өгөхөөр нь эхнэрийн хамт “Их хаадын цуваа” хотхоны 13 дугаар байранд очиход 79 тоот хаягтай байр байхгүй, 101 тоотоос эхэлж байсан, “Их хаадын цуваа” ХХК-ийн борлуулалтын ажилтантай уулзаад түлхүүрийг харуулахад “манай байранд ийм түлхүүртэй хаалга байхгүй” гэсэн. …Би 150.000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй өгсөн мөнгөө хохиролдоо тооцож оруулахад нийт 79.674.900 төгрөг болж байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

“…Ү.В-аас дансаар шилжүүлэн өгсөн 67.975.300 төгрөг дээр бэлнээр өгсөн 17.000.000 төгрөгийг нэмээд нийтдээ 84.975.300 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс түүний өгсөн 10.775.000 төгрөгийг хасаад 74.200.300 төгрөгийг нэхэмжилж байна. гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 151 дэх тал/,

“…2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ү.В надтай утсаар холбогдоод “байрны урьдчилгааны мөнгө чинь дутуу байна, дансаар оруулаад гаргачих, дансаар харахад урьдчилгаа чинь гүйцсэн харагдах хэрэгтэй байна, 30.000.000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь Ү.В бид хоёр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Сансар” худалдааны төвийн нэг давхарт байрлах “Хаан банк”-ны салбар орж теллерээр дамжуулж түүний данс руу 30.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Энэ өдрийнхөө 17 цагийн орчим Ү.В өөрийнхөө данс руу авсан миний 30.000.000 төгрөгийг эргүүлж өгөх гээд “Сансар” худалдааны төвийн “Хаан банк”-ны теллерээр дамжуулж авах гэсэн чинь “гарах дээд хэмжээ 20.000.000 төгрөг  байдаг” гэхээр нь 20.000.000 төгрөг бэлнээр авч гараад надад банкны виза картаа өгөөд өөрөө “ажилтай” гээд явчихаар нь би 19 цагийн орчим Ү.Вын банкны виза картыг ашиглаж Согоот багт байрлах “Хаан банк”-ны АТМ орж 5.000.000 төгрөгөөр хоёр удаа нийт 10.000.000 төгрөгийг авсан, энэ эргүүлж авсан 30.000.000 төгрөгөөс Ү.Выг мөнгө нэхэхэд нь 11.020.000 төгрөг шилжүүлж өгсөн, харин мэдүүлэгт огт яригдаагүй 30.000.000 төгрөгийн үлдэгдэл 18.980.000 төгрөгийг уулзаж байгаад бэлнээр цувуулж өгсөн, яг өгсөн үйлдлүүдээ сайн санахгүй байна, ямар ч байсан бүгдийг нь өгсөн. ...Өнөөдөр эцсийн байдлаар Ү.В-т 73.955.300 төгрөгийг “байр авна” гэж өгсөн, үүнээс 10.775.000 төгрөг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад 14.000.000 төгрөгт бодож өгсөн “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг хасахаар 49.180.300 төгрөгийг нэхэмжилж байна. гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 249 дэх тал/ зэрэг болно.

гэрч У.Г-ийн “...Манай “Их хаадын цуваа” ХХК-тай “Конкрет”, “Их хаадын цадиг” ХХК-д хамтран ажиллаж байгаагүй, М гэж хүнийг танихгүй. “Их хаадын цуваа” хотхоны 13 дугаар байранд 79 тоот хаягтай орон сууц байхгүй, тус 13 дугаар байр нь 101 тоотоос эхэлж тоологддог, уг байр 2020 оны 4 дүгээр сард баригдаж эхлэн 2021 оны 9 дүгээр сард ашиглалтад орсон. …“Их хаадын цуваа” хотхоноос Д.Ө, Ц.А, Ү.В, М гэдэг хүмүүс орон сууц худалдан авахаар гэрээ байгуулж байгаагүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/,

гэрч Ц.А-ын “…2019 оны 11 билүү 12 сард Ү.В манай нөхөртэй холбогдож, “Орхон аймаг Баян-Өндөр сум “Их хаадын цуваа” хотхонд хоёр өрөө байрыг 1м2 нь 1.260.000 төгрөгөөр худалдана гэж байна, хүмүүстэй нь уулзах гэж байгаа болохоор мөнгө шилжүүлээч” гэж хэлж мөнгө авч байсан. ...бэлнээр болон дансаар мөнгө шилжүүлж өгсөөр байгаад ойролцоогоор 85.000.000 төгрөгийг түүнд өгсөн байсан. Миний мэдэхийн бэлнээр 17.000.000 төгрөг, үлдэгдлийг нь дансаар өгч байсан. Мөнгө шилжүүлэн өгч байх үед буюу 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Ү.В надтай фэйсбүүк чатаар холбогдож байрны гэрчилгээний зураг явуулж, дараа нь “байрны түлхүүр” гэж багц түлхүүрийг 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгөхөөр нь нөхөр бид хоёр “Их хаадын цуваа” хотхоны 13 дугаар байранд очиж үзэхэд 79 тоот гэж байхгүй, 101 тоотоос тус байр нь эхэлж байхаар нь Ү.В-тай холбогдож юу болоод байгааг асуухад зугтаагаад байсан. гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 157-158 дахь тал/,

Ү.В-ын яллагдагчаар өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байгааг хүлээн зөвшөөрч байна. ...би түүнд “...“Их хаадын цуваа” хотхонд 2 нь 1.260.000 төгрөгөөр хоёр өрөө байр худалдана” гэж хэлэхэд “худалдаж авъя, өөрсдийн амьдарч байсан байраа худалдсан, нөгөө байрыг чинь авмаар байна” гээд над дээр ирж байсан. Би Д.Ө-той ярилцан тохиролцож мөнгө авсан үйлдлүүд байгаа, гэхдээ 79.674.900 төгрөг бол хүрэхгүй, миний санаж байгаагаар 42.000.000 орчим төгрөг байгаа, уг мөнгөнөөсөө буцаагаад 8.000.000 орчим төгрөг авсан. ...Мөнгө авч байхдаа “байр байхгүй” гэдгийг мэдэж байсан болохоор өөрөө компьютер дээр хуурамчаар түүний эхнэр Амаржаргал болон өөрийн нэр дээр “Их хаадын цуваа” хотхоны 13 дугаар байрны 79 тоот хаягтай хоёр өрөө байрны үл хөдлөхийн гэрчилгээ хийж, зургийг нь дараад Д.Ө руу явуулж байсан, мөнгийг нь эргүүлж өгөх гээд цаг хожих зорилгоор тус үйлдлийг хийсэн, мөн хуурамч багц түлхүүр өгчихсөн. ...Тухайн үед би хүмүүст хэдэн төгрөгийн өртэй байсан болохоор өрөө дарах гээд Д.Ө-д худал хэлээд мөнгө авчихсан, ...Д.Ө эхнэртээ “байр зарсан болон байсан бүх мөнгөө надад өгсөн” гэж худал хэлсэн байсан, миний санаж байгаагаар зөвхөн дансаар 42.000.000 орчим төгрөгийг шилжүүлэн авч байсан, бэлнээр нэг ч төгрөг аваагүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ түүний өгсөн мөнгөн дүн дээр санал нийлэхгүй байна. ...Би 8.000.000 төгрөг дансаар шилжүүлэн өгсөн. гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 175-176 дахь тал/,

яллагдагч Ү.В, хохирогч Д.Ө нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тухай;

хохирогч Д.Ө-ын “...Би Ү.В-т “байр авна” гэж залилуулахдаа 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 67.975.300 төгрөгийг шилжүүлж өгсөн бөгөөд үүнээс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн 30.000.000 төгрөгийг залилуулаагүй, хохиролд тооцохгүй, мөн энэ хугацаанд шилжүүлсэн 3.215.400 төгрөгийг хохирлоос хасаж байгаа буюу залилуулаагүй. Нийт 34.759.900 төгрөгийг дансаар шилжүүлж залилуулсан, харин бэлнээр 17.000.000 төгрөгийг залилуулахдаа өгсөн, ингэхээр нийт 51.759.900 төгрөгийг Ү.В-д өгч залилуулсан. Би өргөдөл өгөхөөс өмнө 10.775.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, цагдаагийн байгууллагад хандсан цагаас хойш “Тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг 14.000.000 төгрөгт бодож авсан. Одоо түүнээс 26.984.900 төгрөг нэхэмжилж байна, энэ мэдүүлэг дахиж өөрчлөгдөхгүй байх болно. ...Миний хувьд өөрийн бэлнээр өгсөн мөнгөө яг хэлж байна, худал хэлсэн зүйл байхгүй, өгсөн мөнгөн дүн 51.759.900 төгрөг болж байгаа.” гэсэн,

яллагдагч Ү.В-ын “...Би дансаар 34.759.900 төгрөг өгсөн гэдэгт маргах зүйлгүй, надад бэлнээр 17.000.000 төгрөг өгсөн гээд байгаа, үнэндээ 12.300.000 төгрөг бэлнээр авсан, өөр мөнгө бэлнээр авсан үйлдэл байхгүй, би 47.059.900 төгрөг авсан.” гэсэн мэдүүлгүүд /2 дахь хавтаст хэргийн 101-102 дахь тал/,

хохирогч Д.Ө-ын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 2-3 дахь тал/,

хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн Орхон аймаг Баян-Өндөр сум “Их хаадын цуваа” хотхоны 13 дугаар байр нь 101 тоот хаягтай хаалганаас эхлэх бөгөөд 79 тоот хаягтай хаалга байхгүй байна. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 7-8, 9 дэх тал/,

хохирогч Д.Ө-ын банкны дансны хуулгууд /1 дэх хавтаст хэргийн 29- 48 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Их хаад хотхон 13 дугаар байрны 79 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,

Ү.В эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал/,

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Ө.Г-ийн “…Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Их хаад хотхон 13 дугаар байр 79 тоот хаягт өнөөдрийн байдлаар ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй байна.” гэсэн албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 66 дахь тал/,

Эд зүйлд буюу “Lock” гэсэн бичигтэй, саарал өнгийн металл материалтай 3 ширхэг түлхүүр, “WJ” гэсэн бичигтэй, саарал өнгийн металл материалтай 8 ширхэг түлхүүрүүдэд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 88, 89 дэх тал/,

“Хаан банк”-ны Ү.В-ын эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тухай  мөрдөгчийн “…Д.Ө-ын данснаас Ү.В-ын данс руу нийт 67.975.300 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна. Харин Ү.Вын данснаас Д.Өын данс руу нийт 10.775.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байх бөгөөд мөнгөн дүнгийн зөрүү 57.200.300 төгрөг байна. гэсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 90-92 дахь тал/,

яллагдагч Ү.В-т 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай 2023 оны 112 дугаартай шүүгчийн захирамж /1 дэх хавтаст хэргийн 182-183 дахь тал/,

яллагдагч Ү.В-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128 дугаартай шүүгчийн захирамж /1 дэх хавтаст хэргийн 217-218 дахь тал/ зэрэг болно. 

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

гэрч нараас болон хохирогчоос мөн Ү.Ваас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Ү.В-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ү.В нь үргэлжилсэн үйлдлээр, 2019 оны 11 дүгээр сарын орчимд хохирогч Д.Өод “Орхон аймаг Баян-Өндөр сум “Их хаадын цуваа” хотхонд хоёр өрөө байрыг 1м2 нь 1.260.000 төгрөгөөр зарна” гэж орон сууцны хуурамч гэрчилгээ харуулах, хуурамч багц түлхүүр өгөх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд дансаар болон бэлнээр нийт 47.059.900 төгрөг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгч Ү.В-ын “...миний дансанд орж ирсэн мөнгө нь 67.975.300 төгрөг, үүнээс бэлнээр 12.300.000 төгрөг авсан. Ө 30.000.000 төгрөгөө буцааж авсан, ...3.215.400 төгрөг нь байрны мөнгөнд орохгүй мөнгө, ...Өын данс руу миний шилжүүлсэн мөнгө 10.775.500 төгрөг байгаа, энэ бол би Өоос авсан байрны мөнгөө буцааж өгсөн мөнгө, энэ нь Ө-ыг өргөдөл гаргахаас өмнө өгсөн мөнгөнүүд юм.” гэх,

хохирогч Д.Ө-ын “...30.000.000 төгрөгөө би буцааж авсан, дээрх мөнгөнүүд 67.975.300 дотроо бүгд орсон. Бидний хооронд байрны асуудал яригдаж эхлэхээс өмнөх буюу найз нөхдөөрөө уулзаж хамт хэрэглэсэн 3.215.400 төгрөгийг нийт өгсөн мөнгөнөөсөө хасаж байгаа, хохиролд тооцохгүй, мөн өргөдөл өгөхөөс өмнөх 10.775.000 төгрөгийг ч хохиролд тооцохгүй, ...47.059.900 төгрөгийг зөвшөөрч байна, ...одоо 26.984.900 төгрөгөө нэхэмжилж байна.” гэх,

мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч У.Г-ийн “...“Их хаадын цуваа” хотхоны 13 дугаар байранд 79 тоот хаягтай орон сууц байхгүй, ...Д.Ө, Ц.А, Үржинсүрэнгийн В, М гэдэг хүмүүс орон сууц худалдан авахаар гэрээ байгуулж байгаагүй.” гэх,

гэрч Ц.А-ын “…2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Ү.В надтай фэйсбүүк чатаар холбогдож байрны гэрчилгээний зураг явуулж, дараа нь “байрны түлхүүр” гэж багц түлхүүрийг 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр өгөхөөр нь нөхөр бид хоёр “Их хаадын цуваа” хотхоны 13 дугаар байранд очиж үзэхэд 79 тоот гэж байхгүй, 101 тоотоос тус байр нь эхэлж байхаар нь Ү.В-тай холбогдож юу болоод байгааг асуухад зугтаагаад байсан.” гэх,

Ү.В-ын өөрийнх нь өгсөн “...Д.Өтой ярилцан тохиролцож мөнгө авсан үйлдлүүд байгаа, ...Мөнгө авч байхдаа “байр байхгүй” гэдгийг мэдэж байсан болохоор өөрөө компьютер дээр хуурамчаар түүний эхнэр А болон өөрийн нэр дээр “Их хаадын цуваа” хотхоны 13 дугаар байрны 79 тоот хаягтай хоёр өрөө байрны үл хөдлөхийн гэрчилгээ хийж, зургийг нь дараад Д.Ө руу явуулж байсан, мөнгийг нь эргүүлж өгөх гээд цаг хожих зорилгоор тус үйлдлийг хийсэн, мөн хуурамч багц түлхүүр өгчихсөн. ...Тухайн үед би хүмүүст хэдэн төгрөгийн өртэй байсан болохоор өрөө дарах гээд Д.Ө-од худал хэлээд мөнгө авчихсан.” гэх мэдүүлгүүд,

хохирогч Д.Ө-ын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн Орхон аймаг Баян-Өндөр сум  “Их хаадын цуваа” хотхоны 13 дугаар байр нь 101 тоот хаягтай хаалганаас эхлэх бөгөөд 79 тоот хаягтай хаалга байхгүй байна. гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Ө-ын банкны дансны хуулгууд,

Ү.В-ын компьютер дээр хуурамчаар үйлдсэн гэх Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Их хаад хотхон 13 дугаар байрны 79 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний улсын бүртгэлийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Ө.Г-ийн “…Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Их хаад хотхон 13 дугаар байрны 79 тоот хаягт өнөөдрийн байдлаар ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй.” гэсэн албан бичиг зэрэг хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Ү.В шүүхийн хэлэлцүүлэгт “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

“Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл хийж өөрөөр хэлбэл хуурч, хуурамч баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, сүсэг бишрэлийг далимдуулж, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байдаг.

Энэ хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,

шүүгдэгч Ү.В нь хохирогч Д.Өийн орон сууцаа худалдсан мөнгийг шилжүүлэн авах зорилгоор “Орхон аймаг Баян-Өндөр сум “Их хаадын цуваа” хотхонд хоёр өрөө байрыг 1м2 нь 1.260.000 төгрөгөөр зарна” гэж түүнийг хуурсан идэвхтэй үйлдэл хийж, улмаар өөрт нь орон сууц байхгүй гэдгээ мэдсээр байж хуурамч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ харуулах, багц түлхүүр өгөх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн сэтгэгдлийг төрүүлсэн, улмаар 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд нийт 47.059.900 төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан тул шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцээд хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч нарын болон гэрч нарын өгсөн мэдүүлгүүд бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч Ү.В-ын залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ү.В-ын бусдын өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Орхон аймгийн Прокурорын газрын прокурор нь шүүгдэгч Ү.В-ыг үргэлжилсэн үйлдлээр, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд хохирогч Д.Ө-оос дансаар болон бэлнээр нийт 73.955.300 төгрөг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнд холбогдох хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх шүүгдэгч Ү.В-т холбогдох эрүүгийн 2325000000438 дугаартай хэргийг анх 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 10 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгч О.С-ын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад хохирогчид учирсан хохирлыг бодитой тогтоож чадаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан,

дараа нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэргийг дахин хүлээн аваад 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан нөхцөл байдал үүсэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болж шүүх хуралдааныг 57 хоногийн буюу 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Ингээд дээрх хугацаанд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлсний эцэст дахин шүүх хуралдаанаар хэлэлцэхэд, хохирогч Д.Ө нь “...дансаар 67.975.300 төгрөг шилжүүлсэн, үүнээс 30.000.000  төгрөг, дахиад найз нөхдөөрөө уулзаж хамт хэрэглэсэн 3.215.400 төгрөгийг тус тус хасна, энэ мөнгөнүүд тооцоод орохгүй. Би 67.975.300 төгрөг дээр нэмж 17.000.000 төгрөг өгсөн гэж тооцдог, эмнэлгийн гадаа хоёр удаа 5.000.000 төгрөг, 3.8 дугаар байрны гадаа 4.000.000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны дансаар 3.000.000 төгрөг өгч нийт 17.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэж тооцоод байсан юм, гэтэл эмнэлгийн гадаа нэг удаа 5.000.000 төгрөг өгсөн байна, хоёр удаа 5.000.000 төгрөг өгсөн гэж буруу бодоод давхардуулж тооцсон юм байна.” гэж мэдүүлсэн болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан тул шүүх нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн хохирлын хэмжээг 47.059.900 төгрөг гэж тогтоогоод хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна.” гэж,

хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доод дурдсанаар ойлгоно.” гээд,

4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг /50.000 x 1000 = тавин сая төгрөг, түүнээс дээш хэмжээг/,

4.2-т “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг /10.000 x 1000 = арван сая төгрөг, түүнээс дээш хэмжээг/,

4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг /300 x 1000 = гурван зуун мянган төгрөг, түүнээс доош хэмжээг/ ойлгохоор тодорхойлсон байх тул шүүгдэгч Ү.В нь “залилах” гэмт хэргийн улмаас бусдад 47.059.900 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсон болно. 

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүх хуралдааны үед хохирлын хэмжээ 47.059.900 төгрөгөөр тогтоогдсон тул шүүгдэгч Ү.В-т холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлье” гэсэн санал гаргасныг дурьдаж байна.

Шүүгдэгч Ү.В-ын дээрх үйлдэл нь шунахай сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх тул түүнийг “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч Ү.В-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Ү.В-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Ү.В-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх.” гэсэн,

хохирогчийн өмгөөлөгч Б.Б “...шүүгдэгчид хорих ял оногдуулбал хохирогчийн 22.284.900 төгрөгийн хохирлыг төлөх боломжгүй болох тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна уу.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.С “...нийгмээс тусгаарлахгүйгээр, зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахад хорих ялаас хөнгөн ял учир татгалзах зүйлгүй.” гэсэн саналыг тус тус гаргав.

          Шүүх шүүгдэгч Ү.В-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн ёсны зарчимд нийцүүлэн,

          гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид 47.059.900 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг хувийн байдал болон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.В-т нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          шүүгдэгчийн 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон хорин ес хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 435.000 төгрөгийг торгох ялаас хасаж, нийт эдлэх ялын хэмжээг 1.065.000 төгрөгөөр тогтоон,

          торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.  

Шүүгдэгч Ү.В-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

          Шүүгдэгч Ү.В-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ө-д 47.059.900 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нь 22.284.900 төгрөгийн төлөх төлбөртэй болох нь шүүх хуралдааны үед тус тус тогтоогдсон болно.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 29 хоног, энэ өдөр 8 /найм/ цаг цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

          шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.В-т энэ өдөр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,

          Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

          хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч Ү.В-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

          2.Шүүгдэгч Б овогт Ү.В-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Ү.В-ыг шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.В-ын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ү.В-ын цагдан хоригдсон хорин ес хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /29 x 15000/ тооцож, 435.000 төгрөгийг эдлэх ялаас хасаж, нийт эдлэх ялын хэмжээг 1.065.000 төгрөгөөр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ү.В шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

          торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.В-т энэ өдөр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,

          урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

          хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

          9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ү.В-аас 22.284.900 төгрөг гаргуулж хохирогч Д.Ө-д олгосугай.

          10.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.  

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э