Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/97

 

 

 

 

 

 

 

 

 2024      03          05                                         2024/ШЦТ/97

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Ж.Б,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Н.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн,

шүүгдэгч Н.Б-т холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, **** оны * дүгээр сарын **-ны өдөр ***** аймаг ****-***** суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******”-д бармен ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт ***** аймаг ****-***** сум ********* баг *-**-** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт Н.Б /РД; **********/,

Шүүгдэгч Н.Б нь;

2024 оны 1 дүгээр сарын 03-ны орой 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** аймаг ****-***** сум **** баг “**-**” сүлжээ дэлгүүрийн ард талд шалтгаангүйгээр хохирогч Ч.Ө-ын толгойн тус газарт  пивоны шилээр цохиж, түүний эрүүл мэндэд дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шагайд зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Н.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

хохирогч Ч.Ө-ын “...***** аймаг ****-***** сум **** баг “****” /****/ баар руу 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед найз Г, дүү Б, Г нартай хамт орсон, бүжгийн талбай дээр нэг залуу тохой хэсгээрээ түлхээд байхаар нь би “болиоч” гээд уурлаад, маргалдаад салсан... тамхины өрөөнд байж байсан чинь араас нөгөө залуу орж ирээд хэрүүл өдөж эхэлсэн, тэгээд “хоёулаа гараад камергүй газар очоод учраа олчих уу” гээд намайг дагуулаад гарсан. Гадаа гараад баарны зүүн талын харанхуй хэсэгт маргалдаж байгаад салах гэтэл нэг залуу ирээд хэрүүл хийгээд, өдөөд, яваад байсан. Би тухайн залуутай юм яриад зогсож байтал урдаас нэг залуу пивоны шилээр толгойн ар дагз хэсэг рүү цохичихсон, уг хүмүүсийг танихгүй, өмнө харж байгаагүй, зодоон хийсэн зүйл байхгүй. Хэрүүл маргаан хийгээд зогсож байхад нэг залуу пивоны шилээр цохисон. ...Толгойны зүүн хэсэгт хагарч цус гарсан байсан, ...миний сэтгэцэд хор уршиг учраагүй, нэхэмжлэх зүйлгүй. …Тухайн үед нэг залуутай маргалдаж байсан чинь хажуугаас Н.Б гэдэг залуу орж ирээд шууд пивоны шилээр толгой руу цохичихоод зугтаачихсан. ...Н.Б гэх залуутай холбоотой гаргах гомдол, саналгүй,  нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 13 дахь тал/,

гэрч Г.П-ийн “...Би Ч.Ө гэх залуутай 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Wave” /Вээв/ бааранд танилцсан, ...баарнаас гарах үед Ч.Ө нэг залуутай муудалцаад, баарнаас гараад зүүн талын харанхуй хэсэгт ярилцаад зогсож байтал туранхай, жижигхэн залуу гартаа барьсан пивоны шилээр толгой руу нь цохиод шууд зугтаачихсан. …Толгой руу нь  цохидог Булгантамир гэх залуутай хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй, согтуурхаад толгой руу нь цохичих шиг болсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 109 дугаартай;

“...1.Ч.Ө-ын биед дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шагайд зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх дагзанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах туд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогчийн “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан мэдүүлгийг, мөн түүний “...миний бие Б-аас эмчилгээний 1.000.000 төгрөг авсан нь үнэн болно.” гэсэн хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан хүсэлтийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,

торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ****** овогт Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.Э