Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/101

 

 

 

 

 

 

 

 

 2024      03          06                                        2024/ШЦТ/101

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2425000180101 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт; 

Монгол Улсын иргэн, 1**** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** аймаг ****-***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******** аймаг ***** *** сум ********** ***** ХХК-д оператор ажилтай гэх, ам бүл 4, ээж, дүү нарын хамт ***** аймаг ****-***** сум ******** баг *-**-** тоотод оршин суух хаягтай, урьд;

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ял,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 7 сар хорих ял, 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

********* овогт Б.М /РД; **********/,

Шүүгдэгч Б.М нь;

2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Г.Д-тай фэйсбүүкээр харилцаж, “***** аймаг ****-***** сум ******* баг *-** дүгээр байр ** тоот орон сууцыг түрээслэнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1.800.000 төгрөг шилжүүлэн авсан, залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Б.М дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

хохирогч Г.Д-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байх үедээ фэйсбүүкээр “***** түрээсийн байр” группт орж ***** аймагт түрээслэх байр хайж байхад “байр түрээслэнэ” гэх зарын доод сэтгэгдэл хэсэгт Наагий Наагий гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч ******** гэх утасны дугаар үлдээсэн байсан. ... М гэх хүнтэй фэйсбүүкээр ярьж түрээслэх байрных нь зургийг харсан, түүний түрээслэнэ гэж ярьсан ***** аймаг ****-***** сум ******** баг *-** дүгээр байрны ** тоот нь боломжийн байсан тул хоорондоо тохиролцоод, би хоёр сарын түрээсийн мөнгө болон нэг сарын барьцаа мөнгө 1.800.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр М гэх хүний данс руу шилжүүлсэн. ...2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ***** аймагт ирээд өөрийн түрээслэсэн байрлуу ороход тухайн байранд хүн амьдарч байгаа байдалтай, гэхдээ хүнгүй байсан, би буцаж гараад хөрш айлаас нь асуухад “*-** дүгээр байрны ** тоотод хүн амьдардаг” гэж хэлэхээр нь амьдардаг хүнийх нь утасны дугаарыг авч холбогдож уулзаад болсон асуудлын талаар хэлж түлхүүрийг нь өгөөд явсан. ...тухайн байрыг сарын 600.000 төгрөгөөр түрээслэхээр болж хоёр сараар нь мөнгийг нь өгч, нэг сарын барьцаа өгсөн. ...миний хаан банкны данс руу Б.М “хохирол барагдуулав” гэсэн утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн, одоо 1.300.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 109 дэх тал/,           

гэрч Р.О-ны “…***** аймаг ****-***** сум ******** баг *-**-** тоот орон сууц миний төрсөн дүү А-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг, дүү А Улаанбаатар хотод амьдардаг. ...Намайг ажил дээрээ байхад Б.М над руу утсаар яриад “би байраа нэг сар түрээслээд мөнгөөр нь өрөө дарчих уу, та нар Бадарч ахын гэр хорооллын гэрт очоод хэсэг хугацаанд амьдарч болох уу” гэхээр нь түүнд “үгүй ээ, тийм юм байхгүй, чи юу яриад байгаа юм, өвөл болж байхад хүүхдүүд хичээл сургуульдаа ойр, тийм юм ярихгүй” гэж хэлээд утсаа салгасан. ... Миний хүү Б.М энэ байрыг түрээслэх эрх бүхий хүн биш.гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

гэрч Ц.Г-ын “…2023 оны 11 дүгээр сарын эхээр Г.Д над руу утсаар яриад “найз нь Орхон аймагт цахилгаан шат суурилуулах ажил хийхээр болоод очих гэж байна, хэдэн хүнтэй хамт очих болохоор хэдэн сар байр түрээслэх шаардлагатай байна, нэг хүнтэй фэйсбүүкээр харилцаад байрыг нь үзээд тохиролцоод мөнгөө шилжүүлсэн, чи байр түрээслэх хүнээс байрны түлхүүрийг нь аваад байж байгаач” гээд надад нэг дугаар өгсөн. ...М “би говьд ажил хийдэг, ажил руугаа явах гэж байгаа болохоор байраа эзэнгүй байлгаж байхаар түрээслэдэг юм бил үү” гэж хэлээд түлхүүр үлдээгээд явсан. Үүнээс хойш хоёр байна уу, гурав хоногийг дараа Д Улаанбаатар хотоос ирээд нөгөө байрныхаа түлхүүрийг надаас аваад явсан, гэтэл тэр өдрөө над руу залгаад “энэ байранд чинь хүн амьдарч байгаа юм байна, залилуулчихлаа” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 106-107 дахь тал/,

Б.М-ийн яллагдагчаар өгсөн “…2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр над руу 8******* дугаарын утас залгасан, утсаа аваад ярьсан чинь “чи байр түрээслэх юм уу” гэж асуусан, би “тиймээ” гэж хэлсэн, “удаан хугацаагаар уу” гэхээр нь “үгүй, хоёр сарын хугацаатай, сарын 600.000 төгрөгийн үнэтэй түрээслүүлнэ, барьцаа 600.000 төгрөг авна” гэж хэлсэн. ...байр түрээслэх 1.800.000 төгрөг миний Хаан банкны данс руу шилжиж орсон. гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 85-86 дахь тал/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан,  залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд “хохирол барагдуулав” гэсэн утгаар 500.000 төгрөгийг хохирогчид шилжүүлсэн болох нь хавтаст хэргийн 109 дэх талд авагдсан хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон, харин 1.300.000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараахь нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан бөгөөд шүүгдэгч Б.М нь хохирогчид 1.300.000 төгрөгийг даруй нөхөн төлөхөө илэрхийлснийг дурьдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж,

торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Бусад асуудал;

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,

          шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялаас 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 25 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /1 хоног = 15 нэгж/ нийт 375.000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 625.000 төгрөгөөр тогтоож,

          шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М-аас 1.300.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Д-д олгохоор, 

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч ******** овогт Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан,  залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-гийн 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 25 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний 2024 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 25 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /1 хоног = 15 нэгж/ нийт 375.000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 625.000 төгрөгөөр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М-гаас 1.300.000 төгрөг гаргуулж Улаанбаатар хот ******** дүүрэг ** дугаар хороо ******* ****** хотхоны **** дугаар байрны ** тоотод оршин суух хохирогч Г.Д-д олгосугай.

          9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Г.Э