| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0113/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/114 |
| Огноо | 2024-03-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/114
2024 03 15 2024/ШЦТ/114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Д,
шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Ж.Д-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
****** овогт Ж.Д /РД; **********/,
Шүүгдэгч Ж.Д нь;
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ***** аймаг ****-***** сум ****** баг ****** төвийн “******” баарны бүжгийн зааланд бэлтгэл хийж байсан насанд хүрээгүй хохирогч М.У-ын “Самсунг А-54” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 900.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Ж.Д-ийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
насанд хүрээгүй хохирогч М.У-ын “...2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн үед бүжгийн багш, ангийнхаа есөн охины хамт ***** аймаг ****-***** сум ****** баг ******* төвийн “******” баарны бүжгийн зааланд урлагийн үзлэг бэлдэхээр очсон. Бүжгээ бэлдэх үедээ би өөрийнхөө гар утсаар бүжгийн ая тавьж бичлэг хийчихээд ширээн дээр тавьсан, орой 19 цагийн үед бүжгийн бэлтгэл тарж байх үед гаднаас баарны ажилчид гэх хүмүүс орж ирж байсан, тэр дунд нэг согтуу гэмээр цэнхэр өнгийн куртиктэй ах байсан. ...хувцсаа өмсчихөөд дүүтэйгээ ярих гээд гар утсаа авах гэхэд миний “Самсунг А-54” загварын гар утас байхгүй байсан, тэр хавиар найзуудын хамт зөндөө хайсан. ...хяналтын камерын бичлэг үзэхэд миний хардаж байсан ах авсан нь бичигдсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
иргэний нэхэмжлэгч Б.Н-ын “…2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Та сайн танай дэлгүүр” хүнсний дэлгүүрийн гадаа найз охин Л.М-ийн хамт өөрийн **-** *** улсын дугаартай “Приус-41” загварын мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байх үед цэнхэр өнгийн куртиктэй, дунд зэргийн нуруутай, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үл таних эрэгтэй хүн бид хоёр дээр ирээд “Самсунг А-54” загварын гар утас гаргаж ирээд “зарна, авах уу, 100.000 төгрөгт ав” гэж хэлэхээр нь би найз охинтойгоо зөвшилцөж байгаад бэлнээр 100.000 төгрөг өгөөд авсан. ...гар утсыг би 100.000 төгрөгөөр худалдаж авсан, тиймээс хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Ж.Д-гийн өөрийнх нь өгсөн “...2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Аялгуу” баарны бүжгийн зааланд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ганцаараа ортол дотор нь хүүхдүүд бүжгийн хичээл орж байсан. ...би ширээн дээрээс нэг гар утас олоод харчихсан, ...хүн харж байгаад гялс аваад куртикнийхээ халаасанд хийгээд аваад гарсан. ...Би архины халуунд, согтуудаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна, миний буруу, дахин ийм гэмт хэрэг хийхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/ болон насанд хүрээгүй хохирогч М.У-ын “...2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Аялгуу” баарны бүжгийн зааланд урлагийн үзлэг бэлдэж байгаад “Самсунг А-54” загварын гар утас алдсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.М-ийн өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгч Б.Н-оос “Самсунг А-54” загварын гар утсыг гаргуулан авч хохирогчид хүлээлгэн өгсөн,
харин иргэний нэхэмжлэгч Б.Н-д 100.000 төгрөг төлөгдөөгүй, шүүгдэгч нь 100.000 төгрөгийг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлыг буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэхийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэхийг, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэхийг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг, мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэхийг тус тус хянасан бөгөөд шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Б.Наранцогтод 100.000 төгрөгийг даруй нөхөн төлөхөө илэрхийлснийг дурьдах нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 6 /зургаа/ сарын хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч Ж.Д-д оногдуулж,
зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Бусад асуудал;
шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Д-гээс 100.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Н-д олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-г 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-г 6 /зургаа/ сарын хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Д-гээс 100.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Н-д олгосугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Аялгуу” баарны бүжгийн заалны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
шүүгдэгч Ж.Д цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ