Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2021/00226

 

 

 

 

 

 

 

183/ШШ2020/03228

2021 оны 01 сарын 27 өдөр                   Дугаар 183/ШШ2021/00226                     Улаанбаатар хот

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.О

 

Хариуцагч:Н.У

 

Зээлийн гэрээний үүрэгт 3.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 03 дугаар сарын 4, 5-нд нөхрийн дүүгийн хамаатан Н.У-т 6.000.000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай амаар тохиролцож зээлдүүлсэн. Тэрээр 2019 оны 06 сард мөнгийг эргүүлж өгөх байсан боловч өгөөгүй, тухайн үед нөхөр нурууны хагалгаанд ороод мөнгө нэхэхэд өгөөгүй, тул хүнээс хүүтэй мөнгө зээлж эмчилгээний зардал төлсөн. 2019 оны 12 дугаар сарын 13-нд шүүхэд нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй байсан тул эрэн сурвалжлуулах ажиллагаа хийхэд ________ дүүрэг, 3 дугаар хороо, 49-7 тоотод байгааг тогтоосон. Уг хаягаар очиж уулзахад Уранцэцэгийн өмгөөлөгч Б.У гэгч хүнийг уулзуулж, 2020.03.20-ны дотор 3.200.000 төгрөг төлнө гэж баталгаа гаргаж өгсөн. Гэвч төлөөгүй. Тэрээр 6.000.000 төгрөгөөс 2.800.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 3.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О зээлийн гэрээний төлбөр 3.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлий шаардлагыг Н.У-т холбогдуулан гаргажээ.

 

Шүүх хариуцагч Н.У-т нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардуулж, эрх үүрэг тайлбарлан өгсөн, тэрээр 2021 оны 01 дүгээр сарын 03-ны дотор шүүхэд хариу тайлбар гаргах байсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульчилжээ.

 

Хариуцагч  Н.У нэхэмжлэгч Ц.О-с мөнгө зээлж авсан болох нь нэхэмжлэгчийн дансны хуулга, “Н.У-н өмгөөлөгч Б.У-тай харилцан тохиролцож зээлийн үлдэгдэл 3.200.000 төгрөгийг 2020.03.20-ны дотор төлж барагдуулахаар энэ гэрээг хийлээ” гэх баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

 

Хариуцагч Н.У-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу  түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд Н.У шүүхэд хариу тайлбар ирүүлэх хуулийн хугацаандаа ирүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хариуцагчаас 3.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.О-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.У-с 3.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.О-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.У-с 66.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.О-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.СОЛОНГО