Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар  2024/ШЦТ/66

 

 

 

 

 

 

 

 

 2024      02          14                                         2024/ШЦТ/66

 

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

****** овогт Б.Б /РД; **********/,

Шүүгдэгч Б.Б нь;

2023 оны 12 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***** аймаг ****-***** сум ******** баг “********” спорт цогцолборын автозогсоол дээр хохирогч М.Ш-г чи гэж дуудсан” гэх шалтгаанаар маргалдан, үснээс нь зулгааж, нүүр хэсэгт нь өшиглөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Б.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

хохирогч М.Ш-ийн “...2023 оны 12 дугаар сарын 26-ны орой 21.00 цагийн үед ах С над руу залгаад “би архи уучихсан байна, чи “Спорт” ордны гадаа хүрээд ир, машин аваад яв” гэж дуудсан, ...тухайн үед С-д ах нэг эрэгтэй найзынхаа хамт “Спорт” ордны арын зогсоол дээр машиныхаа дэргэд зогсож байсан. Би С-д ахын машиныг жолоодож “Амар”-ын талбайн зогсоол дээр зогссон, энэ үед миний дэргэд буюу жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж явсан ахын найз Б гэх эрэгтэй над руу уурлаж “чи намайг хүндэлсэнгүй, чи намайг “чи” гэж дуудлаа” гэж уурлаад машины гадна зогсож байсан Санжид ахад “чи дүүгээ зодооч, болохоо байчихсан байна, эсвэл би зодох уу” гэж хэлсэн. ...Б над руу хүрч ирээд намайг зодох гэж дайрч хувцаснаас зуурч, хөлөөрөө дэгээдэж газарт унагасан, унах үед миний баруун гартаа зүүсэн байсан “ORIENT” загварын цагны оосор тасарч, шил нь хагарч эвдэрсэн. Тэгээд зогсолгүй дахин надтай зууралцаж бид хоёр хэд, хэдэн удаа газарт унасан, ...Б миний үснээс гараараа зулгааж татаад нүүр рүү нэг удаа өшиглөсөн, эвдэрсэн цагаа бариад машин руу алхаад очтол миний зүүн нүд рүү гараараа цохисон. ...надад эмчилгээний нийт 6.000.000 төгрөг дансаар өгсөн, одоо Болд-Эрдэнэтэй холбоотой гаргах саналт хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дахь тал/,

гэрч М.С-ын “...2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орой 17-18 цагийн үед найз Б-тэй уулзаж Баялаг ресторанд ороод ойр зуурын зүйл ярингаа нэг шил архи хувааж уусан. ...тухайн үед би машинаа бариулахаар өөрийн төрсөн дүү Ш-г “хүрээд ир, машин бариад өг” гэж дуудсан байсан. ... Б, Ш хоёр хоорондоо “чи намайг чи гэлээ, би чамайг чи гэж дууддаг” гэсэн утгатай зүйлээс болоод маргалдаж, зууралцаж дээр доороо орж газар унасан. ...Ш-г газар унагасан үед гартаа зүүж явсан цагны оосор тасарч, шил нь хагарсан. ...Б, Ш-ийн нүүр рүү хэд, хэдэн удаа гараараа цохисон, Б-ээс салж явсны дараа Ш-ийн царайг харахад зүүн нүд нь хөхөрч хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 93 дугаартай;

“...1.М.Ш-ийн биед зүүн нүдний зовхи, зүүн өвдөг, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх зүүн нүдний зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах туд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн өвдөгт цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохиролд 6.000.000 төгрөг нөхөн төлсөн баримтыг хэрэгт хавсаргуулсан байх бөгөөд хохирогчийн “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, би эмчилгээнд зориулж 6.000.000 төгрөг авсан.” гэсэн хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,

торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***** овогт Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХТУНГАЛАГ