| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2024/0139/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/137 |
| Огноо | 2024-03-27 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/137
2024 03 27 2024/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Т-ийн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
****** овогт Б.М /РД; **********/,
2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч Б.М нь;
согтуурсан үедээ, 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цагийн орчим өөрийн эзэмшлийн **-** *** улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч Б.М нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/,
“Alcotest 7510” загварын амьсгал дахь спиртийн агууламж хэмжигч багажаар Б.М-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг, мөн түүний согтолтын зэргийг нь шалгахад 1.11%-ийн согтолттой байсныг тогтоосон эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
гэрч Б.Л-ын “...“Уусан бол бүү жолоод” нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаа, зохицуулагч дэд ахлагч С-ын хамтаар 2024 оны 1 дүгээр сарын 26-ны орой 23 цаг өнгөрч байхад Орхон аймаг Баян-Өндөр сумын гэр хорооллын эцсийн буудлаас Рашаант баг Шанд баг хоёрыг холбосон шинэ засмал зам дээр хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байхдаа **-** *** улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг зогсоож, жолоочийг тандагч багажаар үлээлгэж шалгахад “архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэсэн улаан дохио өгсөн тул түүнийг Драгер-7510 төхөөрөмжөөр үлээлгэж шалгахад 1.11 хувийн согтолтын зэрэгтэй байсан. Түүний овог нэр, регистрийн дугаар зэргийг асуухад Б.М /РД: **********/ гэсэн бөгөөд регистрийн дугаараар нь Х-соге 4 ухаалаг төхөөрөмжөөр шалгахад 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, жолоодох эрхийг нь Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Л.М нэг жилийн хугацаатай хассан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Б.М-ын яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэр болох ***** аймаг ****-***** сум **** баг **-** тоот хашаанд пиво уучихаад **-** *** улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож цагдаад баригдсан үйлдэлдээ маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Хүний биеэс биологийн дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 1210 дугаартай; “...1.Шинжилгээнд ирүүлсэн “Б.М 24н/эр” гэж хаягласан цуснаас 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0.6 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Б.М-д холбогдох 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэврийн 0286376 дугаартай зөрчлийн материал /хавтаст хэргийн 51-60 дахь тал/,
Б.М-ын жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдов.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт ирүүлсэн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
хураан авсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Б.М-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт ирүүлсэн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ