Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 1353

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00846 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Х-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХУД-ийн ГБ,ХЗХХ-т холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Х нь Хан-Уул дүүргийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсанаар түүнийг Хүүхдийн шуурхай үйлчилгээ, сургалт сурталчилгаа хамгаалал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоосон. Энэ шийдвэрийг давах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. Л.Х-ыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилж, үндсэн цалинг нь ТҮ6-5 шатлалаар 563 430 төгрөгөөр цалинжуулахаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Б/07 дугаар тушаал хэрэгт авагдсан. 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж ажил олгогч тухайн ажилтныг урьд нь эрхэлж байсан  ажил албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй, түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно. Ажилгүй байсан 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 6 сар 15 хоногийн олговор шаардах үндэслэлтэй. Иймд Нийгэм хамгааллын Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тогтоох журамд ажилгүй байсан хугацааны байсан хугацааны олговор тооцохдоо сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцож гаргадаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Л.Х-ын дундаж цалин хөлсийг 926 790 төгрөгөөр тогтоосон тул 6 сарын 5 560 764 төгрөг, 15 хоногийн 631 905 төгрөг, нийт 6 192 669 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон олговроо өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй учраас өвдөхөд эмнэлгээс төлбөртэй үйлчилгээ авч хохирсоор байна. Иймд Л.Х-ын хөдөлмөрлөх эрх ашиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөх энэхүү эрхийн асуудлыг ноцтой зөрчиж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулах, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр даатгалын шимтгэл төлөх үүрэгтэйг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааг 6 сар 15 хоногоор тооцсон, харин хариуцагчийн зүгээс 2017 он 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг нийтдээ ажлын 136 хоног гэж үзсэн. Нэхэмжлэгч талаас цалин хөлстэй холбоотой маргааныг анх удаа гаргаж шүүх хэлэлцэж байгаа учраас шинээр нотлох баримт бүрдүүлж өгсөн. Нийгэм хамгаалал, Хөдөлмөрийн сайдын тушаалаар батлагдсан журмын 4 дүгээр зүйлд зааснаар ажилтанд олгож байгаа бүх төрлийн тэтгэмжүүд, нөхөн олговор, хөнгөлөлтийн орлого, унаа, түлш, байр хоолны үнийг хөнгөлөлт ажилтны цалин хөлсийн хөнгөлөлтөд оруулахгүй, 2016 оны 12 дугаар сард Л.Х-ад 202 835 төгрөгийн тэтгэмжийг эмчилгээнд зориулж өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын цалингаас унаа хоолны мөнгийг хасахад 845 145 төгрөг, 12 дугаар сарын 690 202 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 811 202 төгрөгийн дундаж цалин хөлсийг бодоход 741 850 төгрөг гарсан. Үүнийг 136 хоногоор тооцоход 4 585 920 төгрөгийг шаардах үндэслэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар ХУД-ийн ГБ,ХЗХХ-ээс 6 192 669 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Х-д олгож, үлдэх 294 889 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-нийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 114 033 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00846 дугаартай шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримтууд дутуу буруу үнэлж шийдвэрлэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх 11 121 528 төгрөгөөс 6 192 669 төгрөгийг хангаж шийдвэрлэн үлдэх хэсгийг хэрхэн яаж шийдвэрлэсэнээ дурьдаагүй байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй болсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх багасгах, өөрчлөх эрхтэй болохоос биш өмгөөлөгчийн хувьд энэхүү эрх хязгаарлагдмал юм. Тэгтэл нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бууруулсан, өөрчилсөн шаардлага байхгүй байхад шүүхээс нэхэмжлэлийг бууруулж шийдвэрлэхдээ шийдвэртээ тодорхойлж заагаагүй нь хуульд нийцэхгүй байна.

2. Нэхэмжлэгч нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа маргаж буй үнийн дүнгийн хэмжээгээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан хэмжээгээр урьдчилан төлөхийг хуульчилсан. Энэхүү маргаан нь мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасан гомдлоор авч хэлэлцэх хэрэг маргаан биш байхад улсын тэмдэгтийн хураамжийг төлөхгүй, чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж буруу хуулийн заалт барьж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд энэ тухай ярьж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, зөвтгөж байж шүүх хуралдааныг хуулийн дагуу хийхийг санал болгож мэтгэлцэж оролцсон байхад хариуцагчийн тайлбарыг шүүхийн шийдвэрт огт тэмдэглээгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

3. Л.Х-ын урьд нь шийдвэрлэсэн хөдөлмөрийн гэрээг цуцалсантай холбоотой иргэний хэрэгт нотлох баримтыг буруу үнэлж 1 сарын болон 1 өдрийн цалинд хоол, унаа, нэг удаагийн тэтгэмж зэргийг оруулж бодсон байгаа нь бодит байдал дээр нийцэхгүй байна. Нэхэмжлэгчийн үндсэн цалин нь ТҮ 6-5 зэрэглэлээр сар бүр 563 430 төгрөг түүн дээр зохих нэмэгдэл ороод байхад 741 850 төгрөг байхад, нэмэгдэх ёсгүй нэмэгдэл зэргийг буруу нэмж сарын үндсэн цалин нь 926 794 төгрөгөөр тооцогдсон байсан ба энэхүү Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01538 дугаар шүүхийн шийдвэрээ хөдлөшгүй нотлох баримт гэж үзэж шүүхэд өндөр үнийн дүнгээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж анхан шатны шүүх дээр харилцан мэтгэлцэж тайлбараа хэлж оролцсон. Өөрөөр хэлбэл, цалин, тэтгэмжийн хуулийн хүрээнд үнэн зөв бодолт хийвэл нэхэмжлэгчийн нэхэмжилвэл зохих сарын цалин 741 850 төгрөг болж 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 136 ажилгүй байсан хоногоор үржвэл 4 585 920 төгрөг болж байна. Тэгтэл нэхэмжлэгч сарын цалинг 926 794 төгрөгөөр тооцож 6 192 669 төгрөгийг цалинг бодож шийдсэний улмаас 1 606 749 төгрөгийн зөрүү гарч байна.

Шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий байж бүрэн биелэгдэх ёстой. Тэгтэл хариуцагч тал төсвийн нэгдсэн сан бүхий төсвийн байгууллага ба ажилчдын цалингийн нэгдсэн сан фонд нь албан тушаалын зэрэглэл ТҮ 6-5 сүлжээгээр бодогдож манай дансанд суугддаг байхад илүү цалин бодогдож ирснээр шүүхийн шийдвэр биелэх ямар ч боломжгүй байдал үүсэж байгааг давж заалдах шатны шүүх анхааран үзнэ үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьж нотлох баримтууд дутуу буруу үнэлж шийдвэрлэсэн мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагч ХУД-ийн ГБ,ХЗХХ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны байсан хугацааны олговор 6 192 669 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч Л.Х- шаардсаныг хариуцагч 4 585 920 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Х-ыг Хүүхдийн шуурхай үйлчилгээ, сургалт сурталчилгаа хамгаалал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоосон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01538 дугаар хүчин төгөлдөр шийдвэрийг ХУД-ийн ГБ,ХЗХХ- биелүүлж 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/07 дугаар даргын тушаалаар нэхэмжлэгчийг Хүүхэд хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон үйл баримтын талаар талууд маргаагүй. /хэргийн 7-16, 24 дугаар тал/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Х-ад анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхийн шийдвэрийг биелүүлсэн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01538 дугаар шүүхийн шийдвэрээр Л.Х-ын сарын дундаж цалин хөлсийг 926 794 төгрөгөөр тогтоосон тул түүний ажилгүй байсан 6 сар ажлын 15 хоногоор тооцож 5 192 669 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулсан нь үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, ажлаас хууль бусаар чөлөөлөгдөхөөс өмнө авч байсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсний хэмжээгээр тооцож ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00846 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 660 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

     

                                       ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ

 

                                                    С.ЭНХТӨР