| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 188/2020/0277/Э |
| Дугаар | 731 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 731
2020 06 04 2020/ДШМ/731
Н.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Отгончимэг,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Отгонбаярын бичсэн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Н.Б-д холбогдох 2008008290262 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А овгийн Н-н Б, Улаанбаатар хотод 1981 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Пи Эс Си” ХХК-д хамгаалалтын ажил эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Зээлийн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/;
Н.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 03 тоот гэртээ эхнэр О.Энхцацралтай “Гар утсаар залгахад авсангүй” гэх шалтгааны улмаас маргалдан, галын хайч шидэж “Зүүн гуянд шарх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж шийдвэрлэжээ.
Прокурор Д.Отгонбаяр бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “... Хохирогч О.Энхцацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... хаагуур яваад ирж байгаа юм бэ, яагаад утсаа авахгүй байв гээд бага зэрэг маргалдсан. Намайг орон дээр сууж байхад над руу галын төмөр хайч шидэхэд миний зүүн гуянд оноод цус гарсан. Урьд өмнө манай нөхөр Бат-Амгалан цохиж зодож байгаагүй” гэж мэдүүлсэн. Гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн хэрэг бүр гэр бүлийн хүчирхийллийн шинжид хамаарахгүй бөгөөд гэнэт үүссэн, нэг удаагийн тохиолдлын шинжтэй байх тул гэр бүлийн хүчирхийллийн шинж үгүйсгэгдэж байна.
Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Ж.Отгончимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хэргийг зүйлчилж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.Б- нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 26 дугаар гудамжны 03 тоот гэртээ эхнэр О.Энхцацралтай “Гар утсаар залгахад авсангүй” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа галын хайч шидэж “Зүүн гуянд шарх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч О.Энхцацралын “... Н.Б- дүүгээ ажилд нь хүргэж өгөхөөр гарсан. Би түүний утас руу хоёр удаа залгасан боловч аваагүй. 08 цагт Н.Б- гэртээ ирээд галаа түлж байхад нь би “Чи хаагуур яваад ирэв, утсаа авахгүй яасан юм бэ” гэхэд “Миний утас бээрээд авч болохгүй байсан” гээд бид хоёр жаахан маргалдсан. Намайг орон дээр сууж байхад Н.Б- галын хайч шидээд миний гуянаас цус гарсан. Өмнө нь цохиж зодож байгаагүй” /хх 19-20/,
насанд хүрээгүй гэрч Б.Амарбаясгалангийн “... аав гаднаас орж ирэхэд ээж “Чи ямар удаан явдаг юм, утсаа авахгүй яагаад байгаа юм” гэхэд аав “Миний утас бээрээд авч болохгүй байна” гэсэн. Аав, ээж хоёр маргалдаад, аав ээжийг орон дээр сууж байхад нь галын хайчаар шидэхэд зүүн гуянаас нь цус гарсан. Аав, ээж урьд нь маргалдаж байгаагүй, ээжийг цохиж зодож байгаагүй, намайг ч гэсэн зодож цохиж байгаагүй” /хх 33/ гэх мэдүүлгүүд,
хохирогч О.Энхцацралд “зүүн гуянд шарх, баруун гуянд зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2218 тоот шинжээчийн дүгнэлт /хх 42-43/,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан галын хайч /хх 14-16/,
шүүгдэгч Н.Б-гийн “... утсаа авахгүй гээд бид жаахан маргалдсан. Эхнэр О.Энхцацралыг орон дээр сууж байхад нь галын хайч шидсэн. Би өмнө нь О.Энхцацралыг цохиж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй” гэх мэдүүлэг /хх 55-59/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогджээ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт болон 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгээр хязгаарлан тайлбарлаж Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг үйлдсэнийг “Гэр бүлийн хүчирхийлэл” гэх хүндрүүлэх шинжээр зүйлчлэх гол үндэслэл болгож болохгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;” гэж гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдийн тэгш эрхийг баталгаажуулж, зөрчигдсөн тохиолдолд төрийн оролцоогоор тэдний ашиг сонирхлыг хамгаалах үүргийг төрд хүлээлгэсэн бөгөөд үүний нэг илрэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийллээр үйлдсэнийг хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл юм.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнд тооцоход гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодид халдсан үйлдэл нь харгис хэрцгий, догшин авирласан, тарчлаасан шинжтэй байх ба үүний үр дүнд гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн тэгш эрхийн зарчим зөрчигдөж, нэгнийхээ эрхшээлд автаж, дарамтад орсон шинжтэй байхыг ойлгоно.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Н.Б-, хохирогч О.Энхцацрал нарын гэр бүлийн харилцаанд хүчирхийллийн шинж тогтоогдоогүй, харин тодорхой маргааны улмаас тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхийг хүссэн прокурорын саналыг хүлээн авч, шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж, энэ тухай тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН