Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/71

 

 

 

 

 

 

 

 

2024      02          19                                          2024/ШЦТ/71

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Ж.Б,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,

шүүгдэгч Д.С-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

****** овогт Д.С /РД; *********/,

Шүүгдэгч Д.С нь;

“******* ********” ХХК-ийн ***** аймаг дахь **-** дэлгүүрийн **** дүгээр салбар дэлгүүрийн менежерээр ажиллаж байхдаа, үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10, 11 дүгээр саруудад албан тушаалын байдлаа ашиглан тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын орлогын 3.685.545 төгрөгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Д.С “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Шинжээчээр дүгнэлт гаргуулсны 550.000 төгрөгийг төлнө.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ийн “...Д.С нь 2023 оны 10 , 11 дүгээр сард эрх мэдлээ ашиглан Дижитал концепт ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын орлогоос 3.682.545 төгрөгийг өөртөө завшиж, компанид хохирол учруулсан байсан. Д.С хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

гэрч Б.У-ийн “...***** аймаг дахь **-** дэлгүүрийн **** дүгээр салбарт 2023 оны 7 дугаар сараас 11 дүгээр сарын 10-ны хооронд дэлгүүрийн менежерээр ажилласан Д.С нь 2023 оны 11 дүгээр сарын 01-10-ны өдрийн хооронд дэлгүүрийн орлогын бэлэн мөнгөнөөс 2.550.000 төгрөг дутаасан, ...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.050.000 төгрөг дутаасан байхаар нь ажлаас халах тушаал гарсан, ажлаа хүлээлгэж өгөх явцдаа кассын орлогоос дахин мөнгө дутаасан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

гэрч Б.А-ийн “...Д.С тус дэлгүүрт 10, 11 дүгээр сард нийтдээ 2.082.462 төгрөгийн хохирол учруулсан ба 10 дугаар сард дэлгүүрээс 1.058.361 төгрөгийн хохирол учруулснаас цалингаас нь 855.538 төгрөгийг суутгаад 202.822 төгрөгийн үлдэгдэл, 11 дүгээр сард 1.024.101 төгрөгийн хохирол учирснаас цалингаас нь 847.779 төгрөг суутгаад 176.321 төгрөгийн үлдэгдэлтэй, нийт 379.143 төгрөгийн хохирол барагдуулах байснаас ээлжийн амралтын мөнгөнөөс нь суутгаад, Д.С манай компанид ямар нэгэн үлдэгдэл төлбөргүй, хохиролгүй болсон. Д.С-ийн мөнгө дутааж байгааг нь дэлгүүрийн кассын гүйлгээний лавлагаанаас харж мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

Д.С-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би ***** аймаг дахь **-** дэлгүүрийн **** дүгээр салбар дэлгүүрийн менежерээр ажиллах хугацаандаа 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр байгууллагын орлогоос хоёр удаагийн давтамжтайгаар 3.682.545 төгрөгийг өөртөө завшсан нь үнэн, уг төлбөрийг барагдуулсан, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72, 83 дахь тал/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн санхүүгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23/12/25 дугаартай; “...Д.С нь 2023 оны 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 3.682.454 төгрөг дутааснаас цалингаас 10 дугаар сард 855.538,25 төгрөг суутгасан. 2023 оны 11 дүгээр сард 847.779,25 төгрөг суутгасан, 1.600.000 төгрөгийг Б.Ууганчимэгийн дансанд хийсэн нийт 3.303.318 төгрөг төлсөн ба одоогоор 379.136 төгрөг төлөхөөр байна.” гэсэн тайлан /хавтаст хэргийн 40-48 дахь тал/,

иргэн Б.У-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд ***** аймаг дахь **-** сүлжээ дэлгүүрийн менежерээр ажиллаж байсан Д.С нь кассын орлогоос 2.600.000 төгрөг  дутаасан.” гэсэн гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

“****** *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Албан тушаалд дэвшүүлэн томилох тухай”, 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалуудын хуулбарууд, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууцлалын гэрээ /хавтаст хэргийн 12-14, 16-17, 18-22, 23, 24 дэх талууд/,

Д.С-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 87, 90 дэх тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас, мөн Д.С-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.С-ийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Д.С нь ******* ******* ХХК-ийн ***** аймаг дахь **-** дэлгүүрийн **** дүгээр салбар дэлгүүрийн менежерээр ажиллаж байхдаа,

үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 10, 11 дүгээр саруудад албан тушаалын байдлаа ашиглан тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын орлогын 3.685.545 төгрөгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э-ийн “...Д.С нь 2023 оны 10 , 11 дүгээр сард эрх мэдлээ ашиглан Дижитал концепт ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын орлогоос 3.682.545 төгрөгийг өөртөө завшиж, компанид хохирол учруулсан.” гэх,

гэрч Б.У-ийн “...Д.С нь 2023 оны 11 дүгээр сарын 01-10-ны өдрийн хооронд дэлгүүрийн орлогын бэлэн мөнгөнөөс 2.550.000 төгрөг дутаасан, ... 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.050.000 төгрөг дутаасан байхаар нь ажлаас халах тушаал гарсан, ажлаа хүлээлгэж өгөх явцдаа кассын орлогоос дахин мөнгө дутаасан байсан.” гэх,

гэрч Б.А-ийн “...Д.С-ийн мөнгө дутааж байгааг нь дэлгүүрийн кассын гүйлгээний лавлагаанаас харж мэдсэн.” гэх,

Д.С-ийн өөрийнх нь өгсөн “...Би ***** аймаг дахь **-** дэлгүүрийн **** дүгээр салбар дэлгүүрийн менежерээр ажиллах хугацаандаа 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр байгууллагын орлогоос хоёр удаагийн давтамжтайгаар 3.682.545 төгрөгийг өөртөө завшсан нь үнэн.” гэх мэдүүлгүүд, 

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн санхүүгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 23/12/25 дугаартай тайлан, иргэн Б.У-ийн “...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Орхон аймаг дахь GS-25 сүлжээ дэлгүүрийн менежерээр ажиллаж байсан Д.С нь кассын орлогоос 2.600.000 төгрөг  дутаасан.” гэсэн гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, ****** ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Албан тушаалд дэвшүүлэн томилох тухай”, 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалуудын хуулбарууд зэрэг хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Д.С гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.

          Эрүүгийн хуулийн тусгай ангид “хөрөнгө завших” гэдгийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авсан, захиран зарцуулсан үйлдэл байх бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хууль тогтоомж болон эрх бүхий байгууллагын шийдвэр, гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа бусдын хөрөнгө завших үйлдэлдээ давуу тал болгон ашигласныг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь бусдад завшигдсан хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх байна  

          Хууль зүйн үндэслэл;

Шүүгдэгч Д.С нь ******* ******* ХХК-ийн Орхон аймаг дахь **-** дэлгүүрийн **** дүгээр салбар дэлгүүрийн менежерээр ажиллаж байхдаа, үргэлжилсэн үйлдлээр өөрөөр хэлбэл 2023 оны 10, 11 дүгээр саруудад албан тушаалын байдлаа ашиглан тус компанийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох байгууллагын орлогын 3.685.545 төгрөгийг завшсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг эрх бүхий байгууллагатай хийсэн гэрээний үндсэн дээр олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа давуу тал болгон бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу ******* ******* ХХК-ийн  орлого болох 3.685.545 төгрөгийг завшсан идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн обьектив талын үндсэн шинжийг хангасан,

гэмт хэргийн улмаас хохирогч ******* ******* ХХК-д учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд;

Шүүгдэгч Д.С нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэх үйл баримт нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн дээр дурьдсан баримтуудаар тогтоогдсон,

түүний гэм буруу нь санаатай хэлбэртэй, өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн,

Орхон аймгийн Прокурорын газрын прокурор нь шүүгдэгч Д.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан байх тул шүүх шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд болон нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүх шүүгдэгч Д.С-ийг “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Д.С-йг “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.С-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлав.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн санал гаргаж, 

шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...гэмшиж байна, торгуулийн хэмжээг багасгаж өгөөч.” гэсэн болно.  

          Шүүх шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулав.  

Шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэдгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан ял, албадлагын төрөл, хэлбэрээс аль хөнгөнийг сонгон хэрэглэх үндэслэл болж буй нөхцөл байдлуудыг хэлнэ. Тухайлбал;

“тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг,

“учруулсан хохирлыг төлсөн” гэдэгт гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлоо ухамсарлаж хэний ч шахалтгүйгээр сайн дураараа төлсөн байхыг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдалгүй байна, харин учруулсан хохирлыг төлснийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Бусад асуудал;

Хохирогч байгууллагын төлөөлөгч Н.Э-ийн “...Д.С хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй.” гэх хавтаст хэргийн 29-30 дахь талд,

гэрч Б.А-ийн “...Д.С манай компанид ямар нэгэн үлдэгдэл төлбөргүй, хохиролгүй болсон.” гэх хавтаст хэргийн 36-37 дахь талд авагдсан мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгч Д.С-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Харин хохирогч байгууллагын төлөөлөгч Н.Э “...шинжээчийн дүгнэлт гаргуулсан 550.000 төгрөг нэхэмжилж байна.” гэж шүүхэд мэдэгдсэн хэдий боловч холбогдох баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд ******* ******* ХХК нь холбогдох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй.

Шүүгдэгч Д.С шүүх хуралдааны үед “...би Булган аймаг Баян-Агт суманд оршин суух бүртгэлтэй, гэхдээ Улаанбаатар хотод байнга амьдарч байгаа, цаашид Улаанбаатар хотод ажиллаж, амьдрах тул хаягийн шилжүүлгээ хийлгэнэ.” гэж мэдүүлсэн тул түүнд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч ****** овогт Д.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.С-ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.С шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

         дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Д.С-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хохирогч “*******  *******” ХХК энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ