Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/77

 

 

 

 

 

 

 

 

 

2024      02          21                                          2024/ШЦТ/77

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Т.Т, 

шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Т-ийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ж.Б-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

***** овогт Ж.Б /РД; **********/,

Шүүгдэгч Ж.Б нь;

2023 оны 11 дүгээр сард Булган аймаг Орхон сум Халиу багийн нутаг дэвсгэр Өвөр булаг гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.27 шоо метр хуурай шинэс мод бэлтгэж байгаль орчинд 214.934 төгрөгийн хохирол учруулсан,

зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 1.27 шоо метр хуурай шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Б-ын эзэмшлийн **-**ОРБ улсын дугаартай “Porter” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ж.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Ж.Б нь 2023 оны 11 дүгээр сард Булган аймаг Орхон сум Халиу багийн нутаг дэвсгэр Өвөр булаг гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.27 шоо метр хуурай шинэс мод бэлтгэж байгаль орчинд 214.934 төгрөгийн хохирол учруулсан,

зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 1.27 шоо метр хуурай шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Болортуулын эзэмшлийн **-**ОРБ улсын дугаартай “Porter” загварын тээврийн хэрэгслээр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О-ийн “...буруутай этгээдээр ойн санд учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

гэрч Я.А-ын “...Орхон сум Халиун 2 дугаар багт “Өвөр булаг” гэдэг нэртэй ойн сан бүхий газар байдаг, 2023 онд дээрх газар мод бэлтгэх чиглэлээр тусгаарлалт хийгдээгүй, Ж.Б мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, тэгээд ч тэр газарт тусгаарлалт хийгээгүй учраас мод бэлтгэх эрхийн бичиг олгох боломжгүй. ... **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр мод бэлтгэх эрхийн бичиг авсан иргэн байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

гэрч Д.Д-ийн “…2023 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг өнгөрч байхад Ж.Б утсаар яриад “би Эрдэнэт явлаа” гэхээр нь би гэрээсээ бензиний сав бариад тэднийх рүү алхаж очсон, Ж.Б машиндаа мод ачсан байсан. Тэгээд бид хоёр Эрдэнэт явах замд Дэнжийн урд талын гүүрний ойролцоо  явахад манай багийн байгаль хамгаалагч зогсоогоод жолооч Ж.Б-тэй юм яриад зогсоод байсан, “дагаад яв” гээд дагуулж явсаар Орхон аймгийн Цагдаагийн газарт авч ирсэн. Ж.Б Эрдэнэт рүү явах замдаа “гэрийнхээ гаднаас мод ачсан, Эрдэнэт оруулж худалдан борлуулахаар яваа” гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/, 

шинжээч Х.Э-ын “…Бат-Үүлийн бэлтгэсэн мод нойтон мод биш. Харин босоо хуурай мод, унанги хуурай мод хоёрын аль нэг нь гэдгийг ялгах боломжгүй.  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,

гэрч Б.Б-ын “…Миний нөхөр Б “уул руу гараад унанги модноос хөрөөдөөд аваад ирье, хүүхдүүд рүүгээ явуулна.” гэж хэлсэн, тэгээд **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад явсан. Орой мод аччихсан ирээд гэрийн гадаа буулгасан, маргааш нь би гэрээс гараад модыг хартал хуурай моднууд байсан, 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр модоо ачаад Орхон аймаг Баян-Өндөр сум руу яваад замдаа цагдаад баригдсан. Манай нөхрийн бэлтгэсэн мод ямар нэгэн зөвшөөрөл байхгүй, **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Миний хоёр хүүхэд Орхон аймаг Баян-Өндөр суманд амьдардаг, тэднийхээ түлэх түлээг бэлтгэж өгөх шаардлагатай болсон учир хууль бусаар мод бэлтгэсэн. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

          Ж.Б-ийн өөрийнх нь өгсөн “...Би Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суудаг хоёр хүүхдийнхээ түлээний модыг бэлтгэхийн тулд Булган аймаг Орхон сум “Өвөрбулаг” гэх газрын уул руу гараад унанги моднуудын хөрөөдөж бэлтгээд, “Porter” загварын тээврийн хэрэгсэлд ачаад гэрийнхээ гадаа аваачиж буулгасан. 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бэлтгэсэн модоо Орхон аймаг руу тээвэрлэж яваад хиймэл уулын ертөнцийн зүгээр баруун талд явж байхад цагдаа зогсоогоод “хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн байна” гэж хэлсэн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65, 74 дэх тал/,

БНХАУ-д үйлдвэрлэсэн, 000452 дугаартай, цагаан хөх өнгийн цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 29 дэх тал/,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай, 31-58ОРБ улсын дугаартай “Porter” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилж, эд хөрөнгийн хадгалах, хамгаалах үүргийг Б.Б-д хүлээлгэсэн тухай тогтоол /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж, ахуйн хашаанд байгаа 38ш модонд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 36-37, 38 дахь тал/,

Орхон аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.Э-ын 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай; “...Ж.Б-ийн бэлтгэсэн модны гадна шинж байдал нь давирхай гоожоогүй, чийгтэж, бантаагүй, хуурай шинэс мод (Larix sibirica) болно. Тухайн мод нь MNS 5413:2011 түлшний зориулалтаар бэлтгэж хэрэглэх модны төрөл, түүнд тавих техникийн шаардлагыг хангасан мод байна. Уг модны хэмжээг тогтоох хэмжилт тооллогыг Сум дундын ойн ангийн техникч-жолооч Ц.Гансүх Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан эрүүгийн мөрдөгч цагдаагийн хошууч Г.Ж нартай хамтран хийлээ. MNS 5413:2011 стандартад нийцсэн 1.54-1.62м-ийн урттай 38 ширхэг шинэс модны нийт эзэлхүүнийг тогтоохдоо MNS 2379:2010 стандартын 0.5-9.5м-ийн урттай хэвийн шувтантай бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрдийг ашиглав. Тухайн модыг хөрөөдсөн тайрцын ором шинэ шинээр бэлтгэсэн мод байна. Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд байгаа 1.27 метр куб модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүн 214.934 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Ж-ны 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаартай, “...иргэн Ж.Бийн байгаль орчинд учруулсан хохирол нь Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасны дагуу тогтооход /ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр/ 644.802 төгрөг байна.” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 47 дахь тал/, 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ний өдрийн ОРА:1001615 дугаартай; “...31-58ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 2.500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.” гэсэн тайлан /хавтаст хэргийн 50-53 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ний өдрийн ТХҮ-ОРХ:1001615 дугаартай; “...Бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 80.000 төгрөг.” гэсэн тайлан /хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

Ж.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 66-68, 69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон,

шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” гэж,

2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тус тус заажээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчинд хохирол учирсан байхыг шаардахгүй, хууль бусаар мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг бөгөөд,

зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэдгийг сум дундын болон сум дүүргийн ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/-аас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр, эсхүл эрхийн бичигт заасан хэмжээнээс хэтрүүлж, эрхийн бичигт зааснаас өөр төрлийн мод, өөр ойгоос мод бэлтгэснийг,

гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэдгийг иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага нь ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа сум дундын болон сум, дүүргийн ойн анги /байхгүй бол эрх бүхий албан тушаалтан/-аас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсныг тус тус ойлгоно. 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн.” гэмт хэргийн шинжийг хангасан,

шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ж.Б-ийг “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч Ж.Б-д оногдуулж,

торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Орхон аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.Э-ын 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай; “...Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын аж ахуйн хашаанд байгаа 1.27 метр куб модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Төлбөрийн муж тогтоох тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалын хавсралтад заасан ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын нэгдүгээр муж, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу тооцож, экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүн 214.934 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт хавтаст хэргийн 42-43 дахь талд авагдсан байна.

Шүүгдэгч Ж.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 214.934 төгрөгийн шууд хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөсөн хэмжээгээр нийт 644.802 төгрөгийг 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Булган аймаг Орхон сумын Байгаль хамгаалах сангийн 100040755402 дансанд төлсөн тухай баримтыг шүүх хуралдааны үед гаргаж өгснийг дурьдах нь зүйтэй. 

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 31-58ОРБ улсын дугаартай “Porter” загварын тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байдаг тул хавтаст хэргийн 50-53 дахь талд авагдсан  “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ОРА:1001615 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэн шүүгдэгч Ж.Б-ээс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг,

гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж, ахуйн хашаанд хадгалагдаж байгаа 38 ширхэг модыг,

мөн эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн, 000452 дугаартай, цагаан хөх өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай, **-** *** улсын дугаартай “Porter” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг Б.Б-д олгож,

шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***** овогт Ж.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ж.Б-ээс **-** *** улсын дугаартай “Porter” загварын тээврийн тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж,

мөн Орхон аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж, ахуйн хашаанд байгаа 38ш хуурай шинэс модыг,

БНХАУ-д үйлдвэрлэсэн бензин хөдөлгүүртэй 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлогод оруулсугай.  

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай, **-** *** улсын дугаартай “Porter” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг Б.Б-д олгож,

шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.Э