Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/67

 

 

 

 

 

 

 

 

 

 2024      02          14                                         2024/ШЦТ/67

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч П.Н-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

******* овогт П.Н /РД; **********/,

Шүүгдэгч П.Н нь;

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ***** аймаг ****-***** сум ** ***** баг ****** ****** *-** тоот О.Л-ын гэрт хохирогч Т.О-тэй хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар газарт түлхэн унагаж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч П.Н “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Т.О-ийн “...2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр П.Н-ын төрсөн өдрийг ** ***** баг ****** ****** *-** тоот Б гэх айлд тэмдэглэсэн. Тухайн үед П.Н бид хоёр хэрүүл үүсгэсэн, намайг Батсайханы хашаан дотор түлхэж газарт унагаасан, миний зүүн талын нүдний дээд талын хөмсөг хэсэгт язарсан. …Гомдолтой байна, би тухайн үед эм тариа авч хэрэглэсэн нь үнэн, гаргаж өгөх баримт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

гэрч О.Л-ын “...2023 оны 8 дугаар сарын эхээр Н, О хоёр ирээд пиво ууцгаасан. ...Тэр хоёр хэрүүл маргаан хийгээд, ...О нь Н руу дайраад гэрийнхнийг нь доромжлоод байсан. ...Н, О-ийг түлхэж, О газарт унаж хөмсөг нь язарч цус гарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-33 дахь тал/,

П.Н-ын яллагдагчаар өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Лхагваа над руу залгаад “хүрээд ир” гэхээр нь Л-ийн гэр болох ** ***** баг баруун задгай *-** тоотод очсон. Намайг гэрт нь очиход Т.О согтуу байсан, Лхагваагийн хашаанд Т.О-ийн хамт том сэнгүр пиво уусан, Т.О согтчихоод над руу дайраад, манай гэрийн хүмүүсийг хэлэх, хэлэхгүй үгээр хараагаад, над руу дайраад үснээс зулгаасан, толгой өвдөөд байхаар нь би түлхэж газарт унагаасан. ...Т.О 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр намайг зодож гэмтэл учруулсан. ... ер нь согтуу үедээ над руу дайрч давшлаад,  ...“танайхан тэгдэг, ингэдэг” гэх мэтээр хэлээд дайраад байдаг.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай; “…1.Т.О-ийн биед баруун бугалга, баруун гуянд цус хуралт, нуруунд зулгаралт, зүүн хөмсөгт сорви гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх баруун бугалга, баруун гуянд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн хөмсөгт сорви гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн бөгөөд хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. 4.Дээрх зүүн хөмсөгт сорви гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

шүүгдэгч П.Н-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41  дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

хохирогч, гэрч нараас мөн П.Н-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч П.Н-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч П.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр ***** аймаг ****-***** сум ** ***** баг баруун задгай *-** тоот О.Л-ын гэрт хохирогч Т.О-тэй хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар газарт түлхэн унагаж, түүний эрүүл мэндэд “зүүн хөмсөгт сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Т.О-ийн “...тухайн үед П.Н бид хоёр хэрүүл үүсгэсэн, намайг Б-ы хашаан дотор түлхэж газарт унагаасан, миний зүүн талын нүдний дээд талын хөмсөг хэсэгт язарсан.” гэх,

гэрч О.Л-ын “...Н, О-ийг түлхэж, Одончимэг газарт унаж хөмсөг нь язарч цус гарсан.” гэх,

П.Н-ын өөрийнх нь өгсөн “...Т.О согтчихоод над руу дайраад, манай гэрийн хүмүүсийг хэлэх, хэлэхгүй үгээр хараагаад, над руу дайраад үснээс зулгаасан, толгой өвдөөд байхаар нь би түлхэж газарт унагаасан.” гэх мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч П.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч П.Н-ын гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдааны үед өмгөөлөгч Р.Б “...хохирогч нь шүүгдэгч П.Н руу дайрсан, шүүгдэгч өөрийгөө хамгаалж хохирогчийг түлхсэн байдаг тул аргагүй хамгаалалтын нөхцөл байдал байгаа эсэхийг шүүх анхаарч үзнэ үү.” гэв.

Хэдийгээр нийгэмд аюултай халдлагаас хамгаалж аргагүй хамгаалалт хийх нь Эрүүгийн хуулиар тогтоож, зөвшөөрсөн хувь хүний эрх боловч хохирогчийн халдлага бодитой хийгдээгүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй, мөн шүүгдэгч П.Н өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийг түлхсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх, улмаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй болохыг дурьдаж байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

Хохирогч Т.О-ийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, газарт түлхэж унаган эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Хууль зүйн хувьд,

Шүүгдэгч П.Н-ын хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч П.Н-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч П.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч П.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч П.Н-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлав. 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед,

улсын яллагч “...нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн,

өмгөөлөгч Р.Б “...бага насны дөрвөн хүүхэдтэй байдлыг нь харгалзан, мөн хохирол төлбөрийг төлсөн тул ялаас чөлөөлж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүйгээс гадна хохирогч Т.О-ийн авч хэрэглэсэн гэх эм тарианы зардлыг шүүгдэгч төлөөгүй байгааг дурьдах нь зүйтэй. 

Шүүх шүүгдэгч П.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг нь тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

         шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 

Шүүгдэгч П.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 

1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

Хохирогч нь шүүхийн болон шүүхээс өмнөх шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбоотой нотлох баримтыг гаргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан “...Миний сэтгэцэд хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй, сэтгэцийн хувьд нэхэмжлэх зүйлгүй. ...Би тухайн үед эм тариа авч хэрэглэсэн нь үнэн, гаргаж өгөх баримт байхгүй.” гэсэн мэдүүлгийг нь үндэслэн шүүх хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлж, холбогдох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлэн шүүгдэгч П.Н-аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт П.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-ыг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-ыг дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хохирогч Т.О нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж шүүгдэгч П.Н-аас нэхэмжлэх эрхтэй.

          7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э