Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

 

 

 2024      03          22                                         2024/ШЦТ/127

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Х.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С.Б-т холбогдох эрүүгийн 2325002210*** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

******* овогт С.Б /РД; **********/,

Шүүгдэгч С.Б нь;

***** аймаг ****-***** сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр буюу Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2тус тус заасан нийтийн албан тушаалтнаар ажиллах явцдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан “сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана” гэсэн шаардлагыг хангаагүй тус цэцэрлэгийн туслах багш ажилтай Х.У-ийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар ***** аймаг ****-***** сумын ** дугаар цэцэрлэгийн багшаар томилон ажиллуулж давуу байдал бий болгосон,

мөн ***** аймаг ****-***** сумын ** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах явцдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглох гэснийг зөрчиж, тус цэцэрлэгийн нярваар ажиллаж байсан Б.Б-д олгосон хөдөлмөрийн хөлс болох 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг хууль бусаар өгөхийг шаардаж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

шүүгдэгч С.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

гэрч О.Э-ийн “...** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б нь бэлтгэл бүлгийн туслах багшаар ажиллаж байсан У-ээс 3.500.000 төгрөгийг 2022 оны хавар авч, энэ жилийн 3 дугаар сард бүлгийн багшаар томилсон талаар манай цэцэрлэгийн туслах багш С утсаар ярьж байхдаа надад хэлсэн, томилохдоо бага бүлгийн багшаар ажиллаж байсан Л-г чөлөөлөөд У-ийг томилсон гэсэн. ...Намайг ажиллаж байх үед манай цэцэрлэгт нярваар ажиллаж байсан Б гэх эмэгтэй эрхлэгч Б рүү цалингаа явуулдаг байсан юм билээ, энэ талаар арга зүйчээр ажиллаж байсан Х надад хэлсэн, Б-ийн Б-тэй харьцаж байсан чатыг над руу явуулж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 9-10, 13 дахь тал/,

гэрч Л.Х-ийн “...Б 2021 оны 8 дугаар сараас 2022 оны 1 билүү 2 дугаар сарыг хүртэл 28 дугаар цэцэрлэгт нярваар ажиллаж байсан. 2022 оны 10 дугаар сард надтай фэйсбүүкээр чат бичиж байхдаа “...эрхлэгч Б, нягтлан бодогч Л нар миний данс руу цалин оруулаад сар болгон цалинг буцааж өөрсдийнхөө дансаар авсан гэж хэлж байсан, тэгээд дарга Б-тэй харьцсан мессежээ над руу явуулж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

гэрч Б.Б-ийн “...2021 оны 10, 11 дүгээр сарын ажилласан цалингаас нийлээд 400.000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эрхлэгч Б өөрийн Хаан банкны дансаар дамжуулж авсан. Тухайн үед би ковид тусаад 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сард хүртэл ажилдаа ирж, очин ажилладаг байсан, намайг ажиллаагүй байх хугацаанд миний ажлыг өөр хүн хийсэн, тэр хүнд өгнө гээд миний 2021 оны 10, 11 дүгээр сарын цалингаас эрхлэгч Б 400.000 төгрөгийг шилжүүлж авсан. гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 24-26, 29 дэх тал/,

гэрч Н.Л-ийн “...би хүсэлтээ өгөөд ажлаас гарсан, туслах багш У томилогдсон байсан. ...У албан тушаалын шаардлага хангахгүй байх. Бүлгийн багшаар ажиллахын тулд эхний ээлжинд цэцэрлэгийн багш мэргэжлээр их, дээд сургуульд сурч төгссөн, мөн сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн байх ёстой, Уранчимэг цэцэрлэгийн багш мэргэжлээр их, дээд сургуульд сурч байсан талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

гэрч С.Ү-ын “...Манай цэцэрлэгийн ажилчид цай уугаад байж байхад  туслах багш С “...бүлгийн багш У даргад 3.500.000 төгрөг өгөөд бүлгийн багш болсон” гэж хэлж байсан, У өөрөө С багшид хэлсэн гэсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

гэрч У.С-ын “...би цэцэрлэгийн бүлгийн багш У-ээс 2022 оны 11 дүгээр сарын үед шиг санагдаж байна, “...3.500.000 төгрөг зээлэх үү” гэж асуусан юм. Тухайн үед Уг 5.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан гэж хэлж байсан, ...тэгсэн чинь У “...дарга Бт 3.500.000 төгрөг өгсөн” гэж хэлж байсан. Тэгээд удаагүй 2023 оны 1 дүгээр сарын үед У нь бүлгийн багш болсон санагдаж байна. ...миний зүгээс У-ийг хахууль өгч байж бүлгийн багш болсон гэж хардаж байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

гэрч Д.Э-ийн “...Би 2023 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд сургуулийн өмнөх боловсролын багш нь бакалавр зэрэгтэй байж багшлах эрх үүснэ гэж заасан, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэггүй хүнийг багшаар томилж болохгүй. Ер нь сургуулийн өмнөх боловсролын багшийг томилохдоо нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарлаж тэнцсэн хүнийг томилдог, заавал ил тод, нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, тэнцсэн хүнийг багшаар томилно.” гэсэн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 124-125 дахь тал/,

Б.Б-ийн эзэмшлийн Хаан банкны данснаас С.Бийн эзэмшлийн дансанд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 400.000 төгрөг Boloroo  гэсэн утгатай шилжүүлсэн талаарх баримтууд /3 дахь хавтаст хэргийн 3, 99 дэх тал/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д учруулсан хохиролд 400.000 төгрөг нөхөн төлсөн баримтыг хэрэгт хавсаргуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч С.Б-т оногдуулж,

зорчих эрх хязгаарлах ялыг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож,

          зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Б нь ***** аймаг ****-***** сум **** баг *-**-** тоотод оршин суух бүртгэлтэй боловч цаашдаа *****-*** аймаг ****** сум * дүгээр баг * дүгээр хороолол * дугаар байр * дугаар орц ** тоотод амьдарна гэдгээ прокурорт хэлж мэдэгдсэн, прокурор нь нэг жилийн хугацаагаар ******-*** аймгийн ****** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрснийг тус тус дурьдах нь зүйтэй.

Энэ хэргийн хамт ирүүлсэн дөрвөн ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах, гэрч Б.Б, Х.У нартай уулзах, харилцахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******** овогт С.Б*ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Б-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Шүүгдэгч С.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Дархан-Уул аймаг Дархан сумаас явахыг хориглож,

         мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг,

          мөн тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ЦХШЗ/131 дугаартай шүүгчийн захирамжаар авсан гэрч Б.Б, Х.У нартай уулзах, харилцахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

          6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид нийтийн албанд ажиллах эрх хасаж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хамт ирүүлсэн дөрвөн ширхэг хуурцагийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

          энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.Э