| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0051/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/49 |
| Огноо | 2024-03-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Б.Түвшинтөр,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.М-т холбогдох 2316001600041 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн ******** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******** регистрийн дугаартай, Ж овогт Н-н М.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** сумын төвд үйл ажиллагаа явуулдаг цайны газарт гээсэн хохирогч Ю.А-н өмчлөлийн “samsung galaxy A54” загварын гар утсыг авч, охин Ц.Б-д өгч ашиглуулсан болох нь:
1. Шүүгдэгч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Нөхөр болох Э-н хамтаар цайны газар орсон. Тэгээд тэндээ цай хоол идчихээд гарах гэтэл хажуу талын ширээн дээр цэнхэр өнгийн гар утас байж байсан. Тэгээд тэр гар утсыг би аваад гараад явсан... Тухайн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа миний буруу...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас/
2. Хохирогч Ю.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... Би гар утсаа 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад машин дотор утсаа цэнэглэнгээ эхнэртэйгээ ярьсан. Харин ярьж дуусаад байж байтал дугуй янзлуулж байсан залуу ороод хоёр бууз идчих гэхээр нь би гар утасныхаа цэнэглэгчийг салгаад халаасандаа хийж байсан санагдаж байна. Хоолоо идчихээд машиндаа суугаад утсаа хайтал байхгүй байсан. Би эргэж ороод утсаа ширээн дээр орхисон байж магадгүй гээд хайтал байхгүй байхаар нь О эгчээс та ногоон өнгийн гар утас үзсэн үү гэж асуутал үзээгүй гэж хэлсэн. Тэгээд машинаас цайны газар хооронд явсан газраараа хайтал утсаа олоогүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/
3. Гэрч Г.П-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А нь 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр аймгийн төвийн юнителийн төвөөс лизингээр “А54” загварын гар утас худалдаж авсан юм. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 06-ны орой айлын гадна байсан машин дотроос А54 загварын гар утсаа алдсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 95 дугаар хуудас/
4. Гээгдүүлсэн гэх “Samsung galaxy A54” загварын гар утсыг Ц.Б-с хураан авсан 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас/
5. Н.М-г таньж олуулах ажиллагаа явуулсан 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хавтаст хэргийн 70-75 дугаар хуудас/
6. Юнител ХХК-н 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 05-01/7472 дугаартай “...********* имэй кодтой утсанд ******** дугаарыг, *********** имэй кодтой утсанд ******** дугаарыг тус тус хийж ашигласан байна. ****** дугаар нь Ю А, ********* дугаар нь Ц-н Б-н эзэмшилд байдаг...” гэх агуулга бүхий албан бичиг. /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/
7. Ашид-Билгүүн ХХК-н 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-921/4630 дугаартай “...гээгдүүлсэн гэх “Samsung galaxy A54” загварын гар утсыг 1,643,000 (нэг сая зургаан зуун дөчин гурван мянга) төгрөгөөр үнэлсэн...” шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 115-117 дугаар хуудас/ гэсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ю.А-д 1,643,000 (нэг сая зургаан зуун дөчин гурав мянга) төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед гээгдэл эд хөрөнгийг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Н-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-т 500(таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.М-т сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА