Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

улсын яллагч Ө.Манзушир,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа,

хохирогч Ш.Г,

шүүгдэгч Ц.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзушираас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын санал үйлдэж ирүүлсэн яллагдагч Ц.Э-т холбогдох 2416000000031 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ***** оны **** дүгээр сарын ****-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн ********* сумын ******* багийн ***** тоотод оршин суух, урьд

Говь-Алтай  аймаг  дахь  сум  дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих  ялаар, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих шийтгүүлж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим хэсгийг нэмж, нийт эдлэх ялыг 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Говь-Алтай  аймаг  дахь  сум  дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар 5 сар 28 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, урьд эдлээгүй үлсэн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим хэсгийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих, 261 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сарны хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим хэсгийг хэмж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Төв аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд эдлээгүй үлсэн ялын зарим хэсгийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/0129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадваргүй, ********* регистрийн дугаартай, Б овогт   Ц-н Э.

Холбогдсон хэргийн талаар: 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******** сумын ******** багийн ********* тоот хашаанд байх хохирогч Ш.Г-н Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж гэрт байх бор өнгийн сейфнээс бор өнгийн арьсан ууттай гаанс 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, мөнгөн аяга 9 ширхэг, хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой тамхины уут 1 ширхэг, мөнгөн үсний хавчаар 1 ширхэг, гутал 1 хос, архи 3 ширхэг, куртик 1 ширхэг, хөөргөний даалин 2 ширхэг, нүдний шил 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн ****** сумын ********** багийн ******* тоотод байрлах П.Ч-н гэрт цоожны цүүг нь сугалан орж унадаг дугуй 1 ширхэг, 1 литрийн савлагаатай “корн” нэртэй архи, 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч Ц.Э-н үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулан, шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримтын талаар:

1. Шүүгдэгч Ц.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******* сумын ******** багийн ***** тоот хашаанд байх хохирогч Ш.Г-н Монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж гэрт байх бор өнгийн сейфнээс бор өнгийн арьсан ууттай гаанс 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, мөнгөн аяга 9 ширхэг, хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой тамхины уут 1 ширхэг, мөнгөн үсний хавчаар 1 ширхэг, гутал 1 хос, архи 3 ширхэг, куртик 1 ширхэг, хөөргөний даалин 2 ширхэг, нүдний шил 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1.1. Хохирогч Ш.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө би ажил дээрээ ирээд 10 цагийн үед манай төрсөн аав танай гэрийн хаалга онгорхой байна. Гэрт чинь хулгай орсон байна гэж надад хэлсэн. Тэгээд би 10 цагийн үед гэртэй очиход манай гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд би гэртэй ороод харахад манай гэрт байсан эд зүйл эмх замбараагүй хөглөрсөн гэрийн модон хаалга эвдэрсэн гэрийн цоожны даруулга байхгүй цоож нь зүүлгээтэй байсан. Тэгээд гэрт байсан сейф эвдэж онгойлгон дотор нь байсан гаанс, хөөрөг, нүдний шил зэрэг сейфт байсан зарим эд зүйлийг сайн санахгүй байна. Манай гэрийн хүн сайн мэднэ... Тэгээд гэрийн баруун хойморт байсан авдрыг онгойлгосон дотор байсан хурган дээлүүдийг бүгдийг нь гаргаад зуухны дээр гаргаад хаясан байсан. Авдар дотор байсан мөнгөн аяганууд, тэгээд мөнгө даруулга гэх зүйлүүд байсан. Зарим зүйлийг сайн мэдэхгүй байна. Тэгээд өөрийн мэдэх зүйлүүдийг шалгаад цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас/

1.2. Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө би ажил дээрээ байж байхад 09 цагийн үед цоохор баг өмсчихсөн, хар өнгийн цүнх мөрөн дээгүүрээ үүрчихсэн цагаан өнгийн тор барьчихсан залуу “өрөөнд оръё” гэсэн. Би “манайх 12 цаг өнгөрөөгөөд хүн авна одоо цэвэрлэгээтэй байна” гэж хэлсэн. Тэгээд тухайн залуу би өрөөнийхөө төлбөрийг хийчхээд явъя гэсэн. Тэгэхээр нь би өрөөндөө яг орохдоо төлбөрөө хийнэ гэж хэлэхэд өрөө нь дүүрчихнэ гээд тэгээд гялгар уутан дотор байсан мөнгө хадгалдаг гахайн дотроос хуйлсан дандаа 5,000 төгрөгийн дэвсгэрт гаргаж ирээд 80,000 төгрөгийн тооцоо бэлнээр хийгээд гараад явсан... Тухайн хүнийг бүртгэлийг би хийгээгүй манай ажлын Ч хийсэн байх...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/

1.3. Гэрч Д.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө би ажилдаа 10 цагийн үед ирсэн. Тэгээд ажлаа хийгээд байж байхад 13 цагийн үед гаднаас гартаа хоёр тортой зүйл барьчихсан тухайн хүн нь салхины эсрэг зүүдэг том нүдний шил хийсэн байсан. Тухайн хүнийг өрөөнд орохдоо өмсөж явсан куртикнээсээ ухаж байж иргэний үнэмлэхээ гаргаж ирээд би тухайн хүнийг бүртгэлийн дэвтэр дээрээ бүртгээд оруулсан. Тухайн хүний иргэний үнэмлэх нь Ц-н Э гэсэн иргэний үнэмлэхтэй хүн байсан. Тухайн хүнийг 205 тоот өрөөнд оруулсан... Ц-н Э гэсэн иргэний үнэмлэхтэй, үнэмлэх дээрх зурагтайгаа таарч байсан...  Тухайн хүн нь өмнө нь гарсан манай ажлын М гэх хүн дээр төлбөрөө бэлнээр мөнгө хадгалдаг гахай хагалж хийсэн байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн

1.4. “Ашид  Билгүүн” ХХК-н  2024  оны  01  дүгээр  сарын  22-ны  өдрийн ТХҮ-921/4760 дугаартай хохирогч Ш.Г-н хулгайд алдагдсан гэх эд зүйлс болон эвдэрсэн сейф, монгол гэрийн хаалга зэргийг нийт 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 98-100 дугаар хуудас/

1.5. Хулгайн хэрэг гарсан гэх Говь-Алтай аймгийн ********* сумын ********* багийн ****** тоот хашаа, тэнд байрлах гэрт хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 3-12 дугаар хуудас/

1.6. Хулгайд алдагдсан гэх эд зүйлс олдсон газарт үзлэг хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 13-20 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн ******* сумын ********* багийн ***** тоотод байрлах П.Ч-н гэрт цоожны цүүг нь сугалан орж унадаг дугуй 1 ширхэг, 1 литрийн савлагаатай “корн” нэртэй архи, 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогчид 600,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

2.1. Хохирогч П.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Улаанбаатар хот руу 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нөхөр Э-н хамтаар яваад 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэртээ ирэхэд урд жижиг гэрийн хаалганы цоожны даралтыг нь хөшөөд хаалгыг нь онгойлгосон байсан. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд амьдардаг том гэрээ онгойлгож үзэхэд хаалганы цүү мултлаад буцаагаад хэвийн байдалд оруулчихсан байсан. Гэрээс унадаг дугуй, 1 шил “корн” нэртэй архи, 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлс алга болсон байсан...  Унадаг дугуй нь хавтгай хэрээстэй ногоон алаг өнгийн төмөр бие нь дээрээ “**********” гэсэн бичигтэй аваад сар гаран болж байгаа шинэ дугуй, мөнгөн аяга нь тус тусдаа “зээ охин, зүү хүүд эмээ өвөөгөөс нь дурсгав 2013.10.14” гэсэн бичигтэй 2 мөнгөн аяга байсан ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас/

2.2. Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Э хар өнгийн шинэ унадаг дугуйтай явж байсан. Хар өнгийн нүдний шил зүүсэн, хар өнгийн саравчтай малгайтай явж байсан... Пиво авч бид 2 хувааж уугаад байж байтал Э “энэ миний дугуй байгаа юм. Та үүнийг зарж чадах уу” гэж асуусан. Бид хоёр аймгийн худалдааны зах дээр ороод дугуй зардаг хүн дээр очоод “энэ дугуйг авах уу” гэж асуусан. Тэгээд хүн худалдаж авахгүй болохоор нь би буруу гарын юм байж магадгүй гэж бодоод Э-с салаад гэр рүүгээ явсан ...” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 172-174 дүгээр хуудас/

2.3. Хулгайн хэрэг гарсан гэх Говь-Алтай аймгийн ***** сумын ***** багийн ******* тоот хашаа, тэнд байрлах гэрт хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 130-137 дугаар хуудас/

2.4. Хулгайд алдагдсан гэх унадаг дугуйг тань олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1-р хавтаст хэргийн 150-154 дүгээр хуудас/

2.5. “Ашид Билгүүн” ХХК-н 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ТХҮ-921/4761 дугаартай хохирогч П.Ч-н хулгайд алдагдсан гэх эд зүйлсийг нийт 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 175-177 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн хохирогч, хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Шүүгдэгч нь сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдэж, өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлах чадваргүй болсон байдлыг шинжээчийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадваргүйд тогтоосон байх тул шүүх гэм буруугийн асуудлыг хэлэлцэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруу гэх ойлголт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан санаатай эсхүл болгоомжгүй хэлбэрийн агуулгаар тодорхойлогдох бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинж чанар болон хохирол, хор уршигт хандаж буй сэтгэхүйн байдлаар тодорхойлогддог. Гэтэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй буюу сэтгэцийн хүрээний эмгэг өөрчлөлт болох дэмийрэл өвчний улмаас өөрийн үйлдлийн хууль бус шинж чанар хохирол, хор уршгийн нийгмийн аюулын хэр хэмжээг ухамсарлах боломжгүй байсан тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн боломжгүй нөхцөл байдал үүсжээ. 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч Ц.Э-н сэтгэцийг байдалтай холбоотой шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хоригдогч Ц.Э-н эрүүл мэндийн болон хяналтын картын хуулбар /1-р хавтаст хэргийн 39-50 дугаар хуудас/, Шүүх, сэтгэц, эмгэг судлалын  2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “... Ц.Э-н эрүүл мэндийн хяналтын картыг дүгнэж үзэхэд 2022 оны 10 дугаар сарын 27-ний өдөр Хорих 435-р ангид хоригдож байх үедээ дэмийрч, сэтгэцийн өөрчлөлтүүд өгөн сэтгэцийн эмчид үзүүлж дэмийрлийн хам шинж оношоор эмчлэгдэж байсан байна... Э нь одоогийн байдлаар Сэтгэцийн хүрээний эмгэг өөрчлөлт болох дэмийрэл ба зан төрхийн гүнзгий өөрчлөлт ажиглагдаж байна... Ц.Э нь өмнө болсон явдлыг эмнэлэгт хэвтэх үед ба хэвтэн эмчлүүлэгдэж байгаа үед ч үнэн зөв бодитоор мэдүүлэг өгөх чадваргүй... Ц.Э нь сэтгэцийн өвчний улмаас өөртөө ба бусдад эрсдэл учруулах магадлал өндөр байгаа учир хэвтэн эмчлүүлж байгаа хугацаанд байнга цагдаагийн алба хаагчийн хяналт дор эмчилгээ хийж эмч эмнэлгийн ажилчдын аюулгүй байдлыг хангаж байна... Ц.Э нь хэрэг хариуцах чадваргүй... Ц.Э өөрт ба бусдад аюул учруулах магадлал өндөртэй учир эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд хамруулж сэтгэцийн эмчилгээ хийлгэх шаардлагатай ...” гэх агуулга бүхий дүгнэлт шинжилгээ /1-р хавтаст хэргийн 190-194 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах буюу үйл ажиллагаагаа удирдан жолоодох чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж хуульчилжээ.

Иймээс Говь-Алтай аймгийн Прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч Ц.Э-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг хүлээн авч түүний сэтгэцийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын хуулийн энгийн тасагт 2 (хоёр)  жилийн хугацаагаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Э нь сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон нь тогтоогдсон бөгөөд хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар тухайн гэмт хэрэг үйлдэх үед болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид эрх бүхий байгууллагын шийдвэр болон шүүхийн шийдвэрээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож түүнд асран хамгаалалт тогтоогоогүй, мөн Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д зааснаар асран хамгаалагч  тогтоогоогүй байна. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоол /1-р хавтаст хэргийн 62 дугаар хуудас/-оор түүний төрсөн эх Д.Ц-г шүүгдэгч Ц.Э-н  хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ.

Иймд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг буюу иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч Ц.Э болон мөрдөгчийн тогтоолоор хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Ц нарт холбогдуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй  байна гэж шүүх дүгнэв.

Харин Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар шүүгдэгч Ц.Э-н асран хамгаалагчийг тогтоосны дараа хохирогч Ш.Г, П.Ч нарын гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.   

Тодруулбал шүүгдэгч сэтгэцийн өвчний улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй үедээ гэмт хэрэг үйлдэж өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулыг ухамсарлах боломжгүй үедээ бусдад учруулсан хохирлыг шийдвэрлэхдээ тухайн этгээдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсхүл засаг даргын шийдвэрээр хариуцан авсан этгээдтэй холбогдуулан гаргадаг зохицуулалттай. Гэтэл хэрэгт шүүгдэгч дээр асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон шүүхийн шийдвэр болоод түүнийг хариуцуулан өгсөн засаг даргын шийдвэр авагдаагүй байх тул шүүх энэ шүүх хуралдаанаар хохирлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүд, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц-н Э-т 2 (хоёр) жилийн хугацаатай эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-т авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын хуулийн энгийн тасагт хэрэгжүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2, 8 дахь хэсгүүдэд зааснаар хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол уг албадлагын арга хэмжээг зогсоох, сунгах, өөрчлөх шийдвэрийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх гаргахыг хэргийн оролцогч нарт танилцуулсугай.

4. Шүүгдэгч Ц.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төв”-д хүргэх хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Хохирогч П.Ч, Ш.Г нарын хуульд заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосны дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА