Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар  101/ШШ2021/00863

 

 

 

 

                                              2021        03          17

                      101/ШШ2021/00863

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Э.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Э-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60,671,164 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, гэрч З.Н-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2020 оны 03 дугаар сарын дунд үеэр 100,000 ширхэг амны хаалтыг  худалдан авсан. Энэ үед хариуцагч Т.Э нийт 150,000 ширхэг маскыг нэг ширхэгийн үнийг 600 төгрөгөөр буюу нийт 90,000,000 төгрөгөөр худалдан авах саналыг тавьсан ба энэ саналыг нь хүлээн зөвшөөрсөн. Ингэхдээ талууд нэг ширхэг амны хаалтын үнийг 600 төгрөгөөр тооцож, нийт 150,000 ширхэг амны хаалтыг 2 удаагийн нийлүүлэлтээр буюу эхний удаад 100,000 ширхэгийг, дараагийн удаад 50,000 ширхэгээр хэсэгчлэн нийлүүлэхээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан болно. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.1-т заасны дагуу худалдан авагч талаас амны хаалтыг хэсэгчлэн нийлүүлэхийг хүлээн зөвшөөрч, талууд тохиролцсон болно. Ийнхүү нэхэмжлэгч 2020 оны 04-р сарын 10-ны өдрөөс 04-р сарын 20-ны өдөр эхний 95,000 ширхэг амны хаалтыг хариуцагчид хүлээлгэн өгч, тус нийлүүлэлтийн үнийг 14 хоногийн дараа төлөхөөр тохиролцсон. Хариуцагчийн хүсэлтээр дараагийн нийлүүлэлт буюу 55,000 ширхэг амны хаалтыг 2020 оны 05-р сарын эхээр нийлүүлж, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон 150,000 ширхэг амны хаалтыг нийлүүлэх үүргээ хугацаанд нь бүрэн гүйцэтгэсэн байдаг. Хариуцагч нийт 150,000 ширхэг амны хаалтны үнийг төлөхгүй удаа дараа хойшлуулсаар 2 сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2020 оны 06-р сарын 20-ны өдөр 32,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн бөгөөд үлдэгдэл 57,500,000 төгрөгийг төлөх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна. Хариуцагч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул 2020 оны 06-р сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсний хүү болох 3,171,164 төгрөгийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-т заасны дагуу гаргуулах хүсэлтэй байна.  Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-т “...үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэх шаардлага гаргасаар ирсэн ба хүүг тооцож эхлэх хугацааг 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцсон болно. Хүүгийн хувь хэмжээг Монгол Банкнаас тогтоосон хадгаламжийн үлдэгдэлд жигнэсэн дундаж хүүгийн хэмжээ буюу 2020 оны 6 дугаар сарын хүүгийн хэмжээ 11.0 хувиар тооцож, нийт 183 хоног хугацаа хэтэрсэнд тооцож мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хүүг 3,171,164 төгрөг төгрөг болсон. Иймд хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 57,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу, хугацаа хэтэрсэн хүү болох 3,171,164 төгрөг, нийт 60,671,164 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүйгэж заасан. Т.Э төлбөрөө хүлээн зөвшөөрч 32,500,000 төлбөрийг гүйцэтгэсэн. Хариуцагчийн гар бичмэл нь худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн мөн үндсэн үүрэгтэй хамт үүсэж багаа баримт гэж үзэж бйна. Учир нь 199.1-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүйгэж заасан. Худалдах-худалдан авах гэрээг талууд байгуулсан гэж үзэхэд маргах зүйлгүй гэж үзэж байна. Иймээс хариуцагчийн гар бичмэл, гэрчийн мэдүүлгээс З.Н-Э нь Б.Э-тай холбогдож байгаагүй. Мөн гэрчийн “Т.Э бид 2 хамт ашиг олох гэж байсан” гэх тайлбарыг үндэслээд үндсэн үүргийн төлбөр, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаа хэтрүүлсэн гэж үзэж хүү авах эрхтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хүргэн ахын танил болох Б.Э-т тус болох зорилгоор З.Н--Э-тэй холбож өгсөн. Ингээд З.Н-Э-д 95,000 маск өгөлцөж авалцахаар тохирсон байсан. Тухайн үед манай хүргэн ах н.А нь Б.Э нь маскаа зарж чадахгүй, маскны үнэ буугаад балраад байна, чи зарж өгөх хүн байвал холбож өгч тус болоорой гэсний дагуу З.Н-Э-тэй холбож өгсөн. Харин З.Н-Э нь Б.Э-ыг 2020 оны 4 сарын 20-ноос өмнө 95,000,000 маскаа өгч чадаагүйгээс маскны үнэ буурсан гэж ярьж байсан. Ингээд З.Н-Э нь яг хэдэн төгрөгөөр хэдэн маскны үнэ төлснөө тодорхой хэлээгүй боловч 32,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Э-т өгсөн гэж ярьдаг.  Миний хувьд энэ хоёр хүнийг хооронд нь холбож өгсөн асуудал байдаг нь үнэн боловч ямар нэгэн байдлаар Б.Э-с маск худалдаж авахаар гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч Б.Э-ыг 2020 оны 10 сард анх удаа уулзаж харж байсан тул ямар нэгэн төлбөр төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй юм.

З.Н-Э нь Б.Э-тай холбогдоод З.Н-Э утсаа аваагүй тул 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Т.Э-ыг дарамталж бичиг хийлгүүлж авсан байдаг. Үүнээс болоод Т.Э хариуцагчаар татагдсан. Бодит байдал дээр Б.Э, Т.Э нарын хооронд ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй буюу үүрэг хүлээгээгүй. Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй, гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцоогүй байна. Хариуцагч Т.Э нь зөвхөн З.Н-Э-тэй  нэхэмжлэгч Б.Э-ыг холбож өгсөн болохоос амны хаалт худалдаж авахаар тохиролцсон, гэрээ байгуулсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Т.Э-д холбогдуулан худалдах, худалдан авах үүрэгт 60,671,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...2020 оны 03 дугаар сард 150,000 ширхэг амны хаалтыг нэг бүрийг 600 төгрөгөөр Т.Э-д худалдсан. Т.Э нь нийт 90,000,000 төгрөг төлөхөөс 32,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэх 57,500,000 төгрөг болон мөнгөн төлбөрийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул хүү 3,171,164 төгрөг тус тус” гаргуулна гэж,

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “...Б.Э-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй. Амны хаалт худалдаж авах хүн олж өгөөч гэсний дагуу З.Н-Э-тэй холбож өгсөн. Амны хаалтыг би хүлээж аваагүй, 32,500,000 төгрөгийг би төлөөгүй” гэж  тус тус тайлбарласан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар талууд худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулах эрхтэй. Харин амаар байгуулсан хэлцэлд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон байх шаардлагатай.

 

Мөн Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж, 195.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Т.Э-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж гэрээний зүйлийн үнэ шаардах боловч тэдгээрийн хооронд гэрээний гол нөхцөл буюу шилжүүлэх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцсон эсэх, гэрээний зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх  нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байна. Тодруулбал,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч З.Н-Э-ээс “...Т.Э бол миний багын найз юм. Т.Э-ны хүргэн ахынх нь ойрын түнш Б.Э маск зарах гэж байгаа. 100,000 ширхэг маскыг зараад өгөөч гэж надад хандсан. Би Глобал санд 150,000 маскны худалдан авалт байна, 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр гэхэд нийлүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. Гэтэл Б.Э нь 2020 оны 05 сарын 01-ний өдрийн дотор маскаа нийлүүлж чадаагүйгээс Глобал сан маск авахгүй болсон. Найз Т.Э маань надад Б.Э-т туслахгүй бол болохгүй, өөр худалдаж авах хүн олоод өгөөч гэсэн. 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 50,000 ширхэг маскыг Б.Э нь манай дүүд хүлээлгэж өгсөн. Ингээд би Эрүүл мэндийн яаманд бэлэн мөнгө хандивлах гэж байсан хүн олсон. Тэр хүнд хандаж мөнгөний оронд маск авах санал тавьж, 50,000 ширхэг маскийг тэр хүнд борлуулсан. Мөнгийг нь манай дүү Б.Э-т бэлнээр өгсөн.

 

Маскны үнэ 600-250 төгрөг болтлоо буусан. Үнийг нь өсгөөд хамгийн ихдээ 450 төгрөгөөр зарах боломжтой байгаа талаар би Б.Э-т хэлэхэд үгүй гэж хэлсэн. Тэгээд бид 2020 оны 10 дугаар сард үнэ өсч магадгүй тул хүлээхээр ярилцсан. Гэтэл маскны үнэ бүр унаад л байсан. Үлдэх 100,000 ширхэг маскуудыг Б.Э-ын хүү нь манай дүүд хүлээлгэж өгсөн. Одоо эдгээр маск манай найзын агуулахад байгаа. Маскыг худалдаж авах ямар ч тохиролцоо байгаагүй. Харин худалдаж авах хүн олж өгөхөөр л ярилцаж байсан...” гэж мэдүүлсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

Гэрчийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Б.Э-ын хүсэлтээр 150,000 ширхэг амны хаалтыг худалдан авах этгээдийг олохоор хариуцагч Т.Э нь өөрийн найз З.Н-Э-д хандсан. З.Н-Э нь 50,000 ширхэг амны хаалтыг худалдан авах этгээдийг олж, улмаар худалдан борлуулсан үнэ 32,500,000 төгрөгийг Б.Э-т хүлээлгэн өгсөн байна. Дээрх үйл баримтыг хариуцагч Т.Э мөн тайлбарладаг.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ болгож буй баримт болох хэргийн 23 дугаар талд авагдсан хариуцагч Т.Э-ы бичсэн гэх бичвэрт “...Миний бие Б.Э-аас 2020 оны 4 сард 100 мянган ширхэг маск бэлэн авсан нь үнэн. Түүний дараа нэмж 50 мянган ширхэг маск нэмж бэлэн авсан. Би энэ маскийг найз Н-Э-д хүлээлгэж өгсөн. Н-Э энэ маскыг Эрүүл мэндийн яаманд нийлүүлнэ гэж авсан. Яаманд 700 мянган ширхэг маскны ковот авсан эхний захиалгын гэрээний дагуу 150 мянган ширхэг нийлүүлнэ гэж авсан. Б.Э-аас авсан маскны 50 мянган ширхэг маскны тооцоог Н-Э Б.Э-т бэлнээр 2020 оны 06 сарын 20-нд өгсөн. Одоо Б.Э-т 100 мянган ширхэг маскны тооцоо хийх нь үнэн гэж энэхүү гарын үсгээр баталгаажуулж байна” гэжээ.

 

Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт гэрч З.Н-Э-ээс “...амны хаалтыг  би хүлээж авсан, 50,000 ширхэг амны хаалтны үнийг би Б.Э-т өгсөн. Т.Э болон би маск худалдаж авах сонирхолгүй байсан. Зөвхөн Б.Э-т туслах зорилгоор худалдан авах хүн олж өгөх байсан” гэж мэдүүлсэн мэдүүлгээр дээрх баримт няцаагдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т хэрэгт авагдсан нотлох баримтыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан.

 

Хэрэгт цугларсан баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан үзэхэд зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлах боловч амны хаалтны үнийг хэдэн төгрөгөөр хариуцагч Т.Э-д худалдахаар тохирсон эсэх нь тодорхойгүй, амны хаалтыг Т.Э-д хүлээлгэн өгөөгүй байна.

 

Хариуцагч Т.Э-д худалдсан эд хөрөнгийг хүлээн авах, эд зүйлийн үнийг төлөх үүрэг үүсээгүй байна. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, харин худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд худалдагч нь эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн тохиолдолд хэлэлцэн тохирсон үнийг худалдан авагчаас шаардах эрхтэй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Э-д холбогдох 60,671,164 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Г.БЯМБАЖАРГАЛ