| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2021/00730/и |
| Дугаар | 101/ШШ2021/00929 |
| Огноо | 2021-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2021/00929
| 2021 03 24 | 101/ШШ2021/00929 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Д-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Д-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр А.Д-тай зээлийн гэрээ байгуулж, 8,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. А.Д-д өмнө нь олон удаа мөнгө зээлдүүлж, буцаан авч байсан тул хоорондын итгэлцэлтэй болсон. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг байгуулах болсон үндэслэл нь өмнө нь зээлдүүлээд төлж барагдуулаагүй байгаа зээлүүдээ нэгтгээд нийт 8,000,000 төгрөг төлөөгүй үлдсэн болохыг тогтоосон юм. А.Д нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг биелүүлээгүй тул үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, зээлийн хүү 8,000,000 төгрөг, нийт 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан гаргасан хариу тайлбартаа:
Н.Д-гээс өдрийн зээл авдаг байсан. Зээл аваад тухайн өдөрт юм уу эсхүл маргааш нь хүүгийн хамт төлдөг байсан. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг шилжүүлж аваагүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцдог. Н.Д-гээс авсан өдрийн зээлийн төлбөрүүдийг төлж дууссан. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг нөхөж байгуулсан тул уг гэрээний дагуу төлбөр шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч А.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Н.Д нь 8,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлэх, А.Д нь тохирсон хугацаанд зээлийг сарын 10 хувийн хүүтэй төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 5 дугаар тал/
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
Зохигчдын хэн аль нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг нөхөж байгуулсан талаар болон 2016 оноос эхлэн хариуцагч А.Д нь нэхэмжлэгч А.Д-гээс тогтмол мөнгөн хөрөнгө зээлдэж авсан үйл баримтын талаар тайлбарласан.
Зээлийн гэрээний талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулж, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах замаар гэрээний үүргийг дахин баталгаажуулж гэрээний хугацаа, хүүгийн хэмжээ болон алдангийг тохиролцсон байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан. Иймд талууд гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд өмнө үүссэн мөнгөн төлбөрийн үүргийн биелэлтийг дүгнэж, 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг шинээр бичгээр байгуулсан байх ба уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлээгүй нь тэдгээрийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг бүхэлд нь үгүйсгэхгүй.
Иймд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.Д нь уг зээлийн гэрээний дагуу алданги шаардаагүй, үндсэн төлбөрийг хүүгийн хамт шаардсан. Иймд зээлдэгч А.Д нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 8,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 12,800,000 төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих үүрэг 20,800,000 төгрөг байна.
Үүнээс зээлдэгч А.Д нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хэд хэдэн удаагийн гүйлгээгээр нэхэмжлэгчийн Хаан банк дахь 0 тоот дансанд нийт 19,720,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон. Нэхэмжлэгч Н.Д нь Хаан банк дахь 0 тоот дансыг өөрийн эзэмшлийн данс болох үйл баримтад маргаагүй.
Иймд хариуцагч А.Дгийн гүйцэтгэсэн үүрэг болох 19,720,000 төгрөгийг 20,800,000 төгрөгөөс хасч тооцвол тэрээр үлдэх 1,080,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Дд төлөх үүрэгтэй байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.
Нэхэмжлэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн 19-27 дугаар талд авагдсан мөнгө олгосон тухай баримтын дагуу хариуцагчийг гүйцэтгэвэл зохих үүргээ гүйцэтгэсэн, уг баримтуудыг нэхэмжлэлийн үндэслэл болгоогүй гэж тайлбарласан. Хариуцагч 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө нийт 21,890,000 төгрөгийг нэхэмжлэгчийн 0 тоот данс руу шилжүүлсэн байх ба уг мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээ бичгээр байгуулахаас өмнө шилжүүлсэн байх тул шүүх зээлийн төлбөрт тооцоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.Дгаас 1,080,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Дд олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,920,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 30,470 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ