Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/135

 

 

 

 

 

 

 

 

 

2024      03           29                                         2024/ШЦТ/135

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, С.О-д холбогдох эрүүгийн 2325002250*** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

******** овогт С.О /РД; **********/,

шүүгдэгч С.О нь;

2023 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 23-01 цагийн орчим ***** аймаг ****-***** сум ********* багт хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай Эрдэнэ зургаан нэрийн барааны дэлгүүрийн агуулахын өрөөний салхивчийг гаднаас нь цохиж онгойлгон нэвтэрч, тус дэлгүүрийн цахилгааныг салгаж, тоггүй болгон худалдагчийн мөнгөний шургуулгаас бэлэн 120.000 төгрөг, ченж эссэ тамхи 4 ширхэг, хар эссэ тамхи 6 ширхэг, майлд тамхи 3 ширхэг, 15.000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн бэлэг, наша марка печень, чокопай зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч С.О “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Г.О-ийн “...Би ***** аймаг ****-***** сум **** *-* тоотод байрлах “******” ХХК-ийн “*******” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг, 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг 12 минутад дэлгүүрээ хаагаад гэр рүүгээ харьсан, 5 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 20 минутад дэлгүүр дээрээ очоод дэлгүүрийн ард талаар ороход арын вакум цонхны дээд талын жижиг цонх онгорхой байсан. Дэлгүүрийн барааг шалгахад худалдагчийн мөнгө хадгалдаг хэсэгт байсан 5000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 1000, 500, 100, 50 төгрөгийн дэвсгэрт нийлсэн 120.000 орчим төгрөг алга болсон байсан, мөн тамхины лангууны хэсэгт байсан ченж эсээ тамхи 4 ширхэг, хар эссэ тамхи 6 ширхэг, дундын майлд 3 ширхэг, хөргөгчний дээд талд байсан 15.000 төгрөгийн ууттай бэлэг алдагдсан байсан. ...дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 00 цаг 28 минутаас камерын бичлэг тасарч хэсэг хугацааны дараа буцаад хэвэндээ ажиллаж байсан, дэлгүүр рүү орохдоо манай тогийг салгаад буцаагаад залгасан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

С.О-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...манай эгч ******** баг ******** *-** тоотод хашаа байшин түрээслэн амьдарч байсан юм, тэгээд хамтдаа амьдрах болсон. …Би өөрийн найз Х, найз охин Н нарын хамт 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр...түрээсийн байшиндаа байж байгаад цаг нилээн орой болсон байхад Х бид хоёр бие засахаар гарсан, би түрүүлж бие засчихаад Хүрэлсүхийг хүндээр бие засаж байх хооронд хашаан дотор байдаг “*****” хүнсний дэлгүүр лүү хартал хүнгүй, хаалттай байхаар нь цонхыг нь түлхэж онгойлгон ганцаараа дотогш ороод хяналтын камертай байх гэж бодоод тогийг нь салгаад ченж болон хар эссэ, майлд тамхи авсан, ...мөн цайны печень, дунд зэргийн хайрцагтай чокопай, ууттай бэлэг аваад байж байсан чинь гадаа манай эгч З дуугарах шиг болохоор нь айсандаа нуугдаж, эгчийг сонсож байгаад явахаар нь дэлгүүрээс гарахдаа касс дотор бэлэн 500, 1000 төгрөгийн дэвсгэртээр ойролцоогоор 40.000 төгрөг байхаар нь аваад гарсан, ...Би хүнсний дэлгүүр лүү орж эд зүйл хулгайлсан гэдгээ хэнд ч хэлээгүй, тухайн үед яагаад ч юм мөнгөгүй байсан болохоор ороод хулгай хийх болсон, энэ үйлдэлд хэн нэгний оролцоо байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/, 

“...Би хүнсний дэлгүүр лүү орж эд зүйлс хулгайлсан гэдгээ хэнд ч хэлээгүй, тухайн үед мөнгөгүй байсан болохоор ороод хулгай хийх болсон. ...өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-ОРХ/6968 дугаартай; “...“Change esse” тамхи 4ш x 3500 = 14.000 төгрөг, “Black esse” тамхи 6ш x 2000 = 12.000 төгрөг, “Meovus Mild” тамхи /дундынх/ 3ш x 2500 = 7.500 төгрөг, хүүхдийн бэлэг 1ш x 15.000 = 15.000 төгрөг, “Наша марка” печень /том/ 1ш x 7000 = 7000 төгрөг, “Choko pie /дундынх/ 1ш x 4500 = 4500 төгрөг, нийт 60.000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

хохирогч Г.О-ийн “...******** баг *-** тоотод байршилтай ***** зургаан нэрийн барааны дэлгүүрээс эд зүйл хулгайд алдагдсан байна.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 9 дэх тал/,

***** аймаг ****-***** сум ****** баг ********** баг *-** тоот хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17, 18-20/,

хохирогч Г.О-д 190.000 төгрөгийн хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 129 дэх тал/,

С.О-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 92 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 90 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, С.О-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч С.О-ийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч С.О нь 2023 оны 5 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 23-01 цагийн орчим ***** аймаг ****-***** сум ********** багт үйл ажиллагаа явуулдаг ****** зургаан нэрийн барааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 180.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Г.О-ийн “...2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 20 минутад дэлгүүр дээрээ очоод дэлгүүрийн ард талаар ороход арын вакум цонхны дээд талын жижиг цонх онгорхой байсан. Дэлгүүрийн барааг шалгахад худалдагчийн мөнгө хадгалдаг хэсэгт байсан 5000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 1000, 500, 100, 50 төгрөгийн дэвсгэрт нийлсэн 120.000 орчим төгрөг алга болсон байсан, мөн тамхины лангууны хэсэгт байсан ченж эсээ тамхи 4 ширхэг, хар эссэ тамхи 6 ширхэг, дундын майлд 3 ширхэг, хөргөгчний дээд талд байсан 15.000 төгрөгийн ууттай бэлэг алдагдсан.” гэх,

С.О-ийн өөрийнх нь өгсөн “...“Эрдэнэ” хүнсний дэлгүүр лүү хартал хүнгүй, хаалттай байхаар нь цонхыг нь түлхэж онгойлгон ганцаараа дотогш ороод хяналтын камертай байх гэж бодоод тогийг нь салгаад ченж болон хар эссэ, майлд тамхийг хайрцгаар нь авсан, ...мөн цайны печень, дунд зэргийн хайрцагтай чокопай, ууттай бэлэг аваад байж байсан чинь гадаа манай эгч З дуугарах шиг болохоор нь айсандаа нуугдаж, эгчийг сонсож байгаад явахаар нь дэлгүүрээс гарахдаа касс дотор бэлэн 500, 1000 төгрөгийн дэвсгэртээр ойролцоогоор 40.000 төгрөг байхаар нь аваад гарсан.” гэх мэдүүлгүүд,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн ТХҮ-ОРХ/6968 дугаартай үнэлгээний тайлан, ***** аймаг ****-***** сум ****** баг ********* баг *-** тоот хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Г.О-д хохирол төлсөн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгох тул шүүгдэгч С.О-ийн үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн шинжийг хангана.

Шүүгдэгч С.О-ийн бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч С.О-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч С.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагч “...шүүгдэгчид хоёр жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч “...хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохиролд 190.000 төгрөг төлсөн, 19 настай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн хохирлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав. 

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, 19 настай хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн шаардлагыг хангаж байгаа зэргийг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж нэг жилийн хугацаагаар хорих оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.   

Шүүх шүүгдэгч С.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”, 1.3-т заасан “эд хөрөнгийн эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Бусад асуудал;

Шүүгдэгч С.О-ийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.О-д 180.000 төгрөгийн хохирол учирсан,

шүүгдэгч С.О нь учруулсан хохиролдоо 190.000 төгрөгийг нөхөн төлсөн тухай хавтаст хэргийн 129 дэх талд авагдсан хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримтыг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч ******* овогт С.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.О-ийг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

          6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.Э