Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/113

 

 

 

 

 

 

 

 

2024       03          15                                          2024/ШЦТ/113

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Т.Т, түүний  өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Т.Т-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

****** ***** овогт Т.Т /РД; **********/,

Шүүгдэгч Т.Т нь;

2023 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө ***** аймаг ****-***** сум ********* баг “****” ресторанд хохирогч Э.Э-тай нэг ширээнд сууж хундага тулгах явцдаа, хохирогчийн “би ийм юм уудаггүй, …танай гэр хаана байдаг билээ” гэх асуулт асуусанд уурлан шилэн аягаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Т.Т “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Э.Э-ын “...Тухайн өдөр...ойролцоогоор 150 орчим хүмүүсийг хамарсан шинэ жилийн арга хэмжээ болсон. ...орой 23 цаг өнгөрч байхад гэртээ харих гэж байгаад “цаг оройтчихсон юм чинь хамт олонтойгоо цуг таръя” гэж бодоод суутал манай цехийн эдийн засагч Т вискиний шилэн аяганд архи хундагалаад хүмүүст өгөөд мөн надад өгөхөөр нь би “ийм юм уудаггүй шүү дээ” гэсэн чинь “чи юу уудаг юм” гэхээр нь “би ганц пиво уучихъя” гэхэд миний өөдөөс ямар нэгэн зүйл хэлээгүй, ширээнд байсан хүмүүс архи тулгаад уух гээд зогсож байх үед би Таас “танай гэр хаана байдаг билээ” гэж асуухад “манай гэр хаана байх нь чамд ямар хамаатай юм” гэж хэлээд гартаа барьж байсан вискиний шилэн аягаар миний нүүр хэсэгт цохичихсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

гэрч Ц.Т-ийн “…би тухайн өдөр арга хэмжээг дуусгаад ширээнд суух үед манай ширээний хүмүүс бүгдээрээ “тарж байгаа юм чинь хундага тулгая” гээд зогсож байхад Э ирээд миний зүүн талд зогссон, тэр үед Э, Т ах хоёр хоорондоо юм яриад байсан яг юу яриад байгааг нь сонсоогүй, харин Э, Т ахаас “танай гэр хаана байдаг юм” гэж асуусан чинь Т ахын царай нь нэлээн ууртай болоод “чи манай гэрийн хаягаар яах гэж байгаа юм” гэхээр нь Э-д “чиний ярьсан зүйлийг буруу ойлгоод байна, чи чимээгүй бай” гээд амыг нь дарсан чинь гэнэт шил хагарчихсан, Э-ын нүүрнээс их хэмжээгээр цус гараад эхэлсэн. ...Э, Ц бид гурав таксинд суугаад шууд эмнэлэг яваад хүлээн авах ороход нүүр нь гурван хэсэг газарт зүсэгдчихсэн байсан. ...маш их оёдол тавьсан. ...баруун нүднийх нь доор бас хамар болон духан дээр нь оёдол тавьсан. ...Т ах гартаа барьчихсан байсан шилэн аягаараа цохичихсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

гэрч Б.С-ийн “…Т ирээд “шинэ жил сайхан болж байна” гэх зэргээр мэнд мэдээд Э, Т хоёрын хоорондоо ярьж байгааг нь сонсоход анх удаа танилцаж байгаа хүмүүс шиг ярилцаж байсан, ...би текний хэсэгт байж байхдаа Эад нэг пиво авч өгсөн уусан эсэхийг нь санахгүй байна, ...хэсэг хугацааны дараа юм унаад хагарч байгаа юм шиг чимээ гарсан, удалгүй хэн ирснийг нь санахгүй байна нэг нь ирээд “Эыг цохичихсон байсан” гэхээр нь яваад очтол нүүрнээс нь их хэмжээгээр цус гарч байхаар нь Ц, Т бид гурав Э-ыг авч таксинд суугаад эмнэлэг явсан. ...хүмүүс “Т цохисон” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

гэрч Б.Ц-ын “…гэнэт Э доош тонгойхоор нь хартал хамраас нь цус гарч байсан. Тэгсэн чинь Т “чи манай гэрийн хаягаар яах гэж байгаа юм” гээд Э-д хэлсэн, Э-ыг тонгойчихсон байхад түүний харалдаа доор шилэн аяганы хэсэг байхаар нь “хундага тулгаж байсан болохоор тэрүүгээр цохичихсон юм байна” гэж бодсон. Тунгалаг бид хоёр Э-ыг аваад таксинд суугаад эмнэлэг рүү явсан, ...Э-ын нүүрэнд оёдол тавьж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Т.Т-ын яллагдагчаар өгсөн “...би хохирогч Э-ын эрүүл мэндэд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа учраас өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна, ...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, ...хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 81 дугаартай; “...1.Э.Э-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хөмсөгт зулгаралт, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл ир ирмэгтэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,

Э.Х-ийн “...2023 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө манай ах бусдад зодуулсан гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Т.Т эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/,

Т.Т-ын ажилд томилогдсон тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, шагнагдаж байсан тухай баримтууд /хавтаст хэргийн 52-66, 93-99 дэх тал/,

хохирогч Э.Э-ын “...иргэн Т-аас эмчилгээний зардал, мөнгө 30.000.000 /гучин сая/ төгрөг авсан тул санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 100 дахь тал/,

Т.Т-ын хохирол төлсөн баримтууд /хавтаст хэргийн 101-105 дахь  тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн байцаалтын шатанд гэрчүүдээс, мөн Э.Э-аас хохирогчоор, Т.Т-аас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Т.Т-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Т.Т нь 2023 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө ***** аймаг ****-***** сум ********* баг “****” ресторанд хохирогч Э.Э-тай нэг ширээнд сууж хундага тулгах явцдаа, хохирогчийн “ийм юм уудаггүй, …танай гэр хаана байдаг билээ” гэх асуулт асуусанд уурлан шилэн аягаар нүүрэнд нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Э.Э-ын “...манай цехийн эдийн засагч Т гартаа барьж байсан вискиний шилэн аягаар миний нүүр хэсэгт цохичихсон.” гэх,

гэрч Ц.Т-ийн “…Т ахын царай нь нэлээн ууртай болоод “чи манай гэрийн хаягаар яах гэж байгаа юм” гэхээр нь Э-д “чиний ярьсан зүйлийг буруу ойлгоод байна, чи чимээгүй бай” гээд амыг нь дарсан чинь гэнэт шил хагарчихсан, Эын нүүрнээс их хэмжээгээр цус гараад эхэлсэн. ...нүүр нь гурван хэсэг газарт зүсэгдчихсэн байсан. ...баруун нүднийх нь доор бас хамар болон духан дээр нь оёдол тавьсан. ...Т ах гартаа барьчихсан байсан шилэн аягаараа цохичихсон.” гэх,

гэрч Б.С-ийн “…юм унаад хагарч байгаа юм шиг чимээ гарсан, ...нэг нь ирээд “Э-ыг цохичихсон байсан” гэхээр нь яваад очтол нүүрнээс нь их хэмжээгээр цус гарч байхаар нь Ц, Т бид гурав Э-ыг авч таксинд суугаад эмнэлэг явсан. ...хүмүүс “Т цохисон” гэж хэлж байсан.” гэх,

гэрч Б.Ц-ын “…гэнэт Э доош тонгойхоор нь хартал хамраас нь цус гарч байсан. Тэгсэн чинь Т “чи манай гэрийн хаягаар яах гэж байгаа юм” гээд Э-д хэлсэн, Э-ыг тонгойчихсон байхад түүний харалдаа доор шилэн аяганы хэсэг байхаар нь “хундага тулгаж байсан болохоор тэрүүгээр цохичихсон юм байна” гэж бодсон.” гэх,

Т.Т-ын өөрийнх нь өгсөн “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугийн хувьд маргах зүйлгүй.” гэх мэдүүлгүүд

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 81 дугаартай, “...Э.Э-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, дух, баруун, зүүн хөмсөгт зулгаралт, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт,

Э.Х-ийн “...2023 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө манай ах бусдад зодуулсан гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, Т.Т-ын хохирол төлсөн баримтууд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

шүүгдэгч Т.Т нь 2023 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө ***** аймаг ****-***** сум ********* баг “****” ресторанд “*******-*******” ТӨҮГ-т хамт ажилладаг Э.Э-тай нэг ширээнд сууж хундага тулгах явцдаа, түүний “би ийм юм уудаггүй, …танай гэр хаана байдаг билээ” гэх асуулт асуусанд уурлан гартаа барьж байсан шилэн аягаар хохирогчийн нүүрэнд цохиж, эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хохирогчийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Т-ын хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Т.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Т.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх;

шүүх шүүгдэгч Т.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Т.Т-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй хэдий боловч түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Т.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц “...шүүгдэгчийн үүрэг, хариуцлагаа маш сайн ухамсарлаж учруулсан хохиролдоо 30.000.000 төгрөг төлсөн байдал, хохирогчийн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн боловч нийгэмд учруулсан хор уршиг нь ялимгүй шинжтэй, мөн хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон тухайн хүний зан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг шалтгаанууд эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх үндэслэл болдог.

Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэж гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс татгалзахыг өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхыг ойлгох бол ялаас чөлөөлөх гэдгийг шүүхийн шийдвэр гарч, ял оногдуулсны дараа буюу ял шийтгүүлсэн этгээдийн /ялтан/ шүүхээс оногдуулсан ялыг эдлүүлэхээс татгалзсан шийдвэр гаргаж байгааг, эсхүл эдэлж байгаа ялаас хугацаанаас өмнө чөлөөлөхийг ойлгоно.

Ялаас чөлөөлөх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь өөр өөр ойлголтууд бөгөөд хэлбэр, агуулга, үр дүнгээрээ ялгаатай юм.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх.” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Т.Т-ын үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүйгээс гадна шүүгдэгч нь тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул шүүх хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах шаадлагагүй гэж дүгнээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бөгөөд хэрэв шүүгдэгч тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байсан бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах нь зөв юм.

Иймд шүүх шүүгдэгч Т.Т-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон байдал, хохирогчийн эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун хөмсөг, баруун нүдний зовхи, хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э-ын эрүүл мэндэд учруулсан хохиролд 30.000.000 төгрөг нөхөн төлсөн байдал, өөрийн үйлдэлдээ харамсаж, гэмшиж байгаа байдал зэргийг, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс татгалзав.

Шүүх шүүгдэгч Т.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Шүүгдэгч нь хохирогч Э.Э-д 30.000.000 төгрөгийг нөхөн төлсөн тухай баримтууд хавтаст хэргийн 101-105 дахь талд,

мөн хохирогч Э.Э-ын “...иргэн Таас эмчилгээний зардал, мөнгө 30.000.000 /гучин сая/ төгрөг авсан тул санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй.” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 100 дахь талд тус тус авагдсан тул шүүгдэгч Т.Т бусдад төлөх төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ****** ***** овогт Т.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Т-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э