Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0520

 

 

 

                                               

 

 

 

   2022           06          27                                    128/ШШ2022/0520

                                                 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Т****

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э****,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О****, Э.О****нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М. нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Т****нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан  "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн Б.Т****-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/195 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Т****-Д Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой 425 тоотод 1945 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатай олгосон. 

Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаар захирамжаар Б.Т****-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

3. Нэхэмжлэгч Б.Т****нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан, хариуг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр авч, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар Б.Т****миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон болохыг надад биш миний ээжийн гар утсанд 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр мессежээр мэдэгдсэнээр би мэдээд, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд төлбөрөө төлөөгүй тул эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, шүүхэд гомдол гарга гэсэн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 1213982 дугаартай хариуг өөрөө хөөцөлдөж олж аваад Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

Эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн уг 1945 м.кв газрыг миний аав Ё овогтой Ба-д Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 1999 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/13 дугаар шийдвэрээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Аав маань уг газар дээрээ 2000 онд 4х3 хэмжээтэй өвлийн байшин барьж, төмрөөр хашаалан 2014 онд нас барах хүртлээ амьдарч байсан юм.

Хууль ёсны өвлөгч нарт Иргэний хуулийн дагуу өв нээгдсэнээс хойш ээж, эгч бид 3 хоорондоо тохиролцоод Б.Т****миний бие 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 18 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ авч Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлтээ гаргахад захирамжийг бөөнд нь гаргана гэж хүлээлгэж байгаад 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/195 дугаар захирамжаар уг газрыг надад эзэмшүүлсэн. Мөн хүсэлт өгсний дараа газрын төлбөрийг дутуу байна гэсний дагуу төлөхийг шаардсан 564.740 төгрөгийг бүрэн төлсөн.

Ааваас хойш уг хашаа байшиндаа өвлөөс бусад улиралд ээж, би 2 хүүхэдтэйгээ амьдарч байгаа бөгөөд эргэн тойрны айлууд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хашааны газарт газрын төлбөр төлөхгүй гэдэг ойлголттой байсан, нөгөө талаар гэрээний дагуу улирал бүр 21,395 төгрөг төлөх үүргээ би өөрийн хариуцлагагүй байдлаас болоод биелүүлээгүй байна. Хэдийгээр газрын төлбөрөө гэрээгээр тогтоосон хугацаандаа төлөөгүй нь газар эзэмшигч миний буруу боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу гэрчилгээ хүчингүй болгох уг үндэслэлийг тогтоосон байхыг заасан байна. Өөрөөр хэлбэл, манай гэр бүл газраа эзэмшээд дээр нь байшингаа бариад байнгын амьдарч байхад бидэнд ямар нэгэн байдлаар огт мэдэгдэлгүйгээр “хүчингүй болгох үндэслэл бүрдсэн” гэж тогтоосныг ойлгохгүй байна.

Засаг дарга нь өрх толгойлсон эх намайг 2 хүүхэдтэй гудамжинд гаргалаа гэж ойлгож байна. Нөгөө талаар Гачууртын айлууд зарим нь газрын төлбөр огт төлдөггүй гэдгийг сонссон тул Газрын төлбөрийн тухай хуулийг судлан үзэхэд, уг хуулийн 8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа иргэний 0.07 га хүртэлх газрын төлбөрийг 90 хувиар чөлөөлөх зохицуулалттай байна. Энэ тохиолдолд би эзэмшиж буй газрынхаа 1250 м.кв газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

Гэтэл гэрээний 2.2-т заасан төлбөр нь 1945 м.кв газарт бүхэлд нь хамарчээ. Үүнээс үзвэл газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр эрхийн гэрчилгээ хүчингүй болгож байгаа бол тогтоосон төлбөр нь ч хуулийн дагуу үндэслэлтэй байх ёстой.

Түүнчлэн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж байгаа Захиргааны ерөнхий хуулиар Засаг дарга нь үйл ажиллагаандаа хуульд үндэслэх, үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, бусдын эрх ашгийг хөндсөн акт гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг мөрдлөг болгож, баримталж ажиллах үүрэгтэй.

Гэвч Засаг дарга хуулийг үл биелүүлсэн явдал нь миний газар эзэмших эрхэд хууль бусаар халдсан гэж үзэхээс гадна цаашлаад амьдарч байгаа орон байрнаас минь хөөн гаргахад хүргэж байгаа тул Үндсэн хуульд заасан үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхэд халдсан гэж үзнэ.

Нэхэмжлэлийн дээрх үндэслэл шаардлагыг хангаж, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгоно уу” гэжээ.

4.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э**** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:  “Хариуцагч нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйл болон 43 дугаар зүйлийн 43.1-т заасан захиргааны акт гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулах,  захиргааны акт гарсны дараа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй болон газрыг төлбөрийн төлөөгүй гэсэн 2 үндэслэлээр хүчингүй болгосон ба нэхэмжлэгч газрын төлбөрөө бүрэн төлсөн.

Мөн төлбөрийг тооцохдоо алдаатай буюу зөрүүтэй тооцсон байдаг. Үүнд хариуцагч газрын зориулалтыг буруу тодорхойлсон, хуульд заасан хөнгөлөлт эдлүүлээгүй, газар эзэмших гэрээ 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш дахин шинэчлэгдэж байгуулагдаагүй гэх 3 үндэслэлээр газрын төлбөрийг алдаатай тооцсон гэж үзэж байна. 

Газрын зориулалт нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас харвал нэхэмжлэгчийн аавын газар эзэмших гэрчилгээнд “хувийн эдлэн”, 2018 онд нэхэмжлэгч өвийн дагуу нэр шилжүүлэх гэрээнд “амины орон сууц”, маргаан бүхий акт буюу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжид “гэр, орон сууц, хашааны газар” гэсэн 3 төрлийн зориулалтаар бичигдсэн байдаг.

Гэхдээ өмнөх хуралдаанаар миний бие Дүүргийн Газрын алба нэхэмжлэгчийн газрын зориулалтыг дур мэдэн өөрчилсөн гэж тайлбарлаж байсан. Энэ нь газрын төлбөрийг тооцохдоо андуурсан бөгөөд нийтийн зориулалттай орон сууцтай адилтгаж газрын төлбөрийг ногдуулсан. 2021 оноос өмнөх төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлсөн. 2019 онд 284,132 төгрөгийн төлбөр ногдуулсан байсан ба ном журмын дагуу газрын төлбөрийг тооцоход 34,190 төгрөг, 2020 онд төлбөрийн нэхэмжлэх дээр 507,384 төгрөг байсан ба үүнийг хууль, журмын дагуу бодоход 99,940 төгрөг гарахаар байна.

Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “Монгол улсын иргэний ахуйн зориулалтаар ашиглаж байгаа 700 м.кв хүртэл хэмжээний газрын төлбөрийг 90 хувиар чөлөөлнө” гэсэн зохицуулалт байдаг.

Нэхэмжлэгч нь уг хөнгөлөлтийг эдлэх бүрэн эрхтэй бөгөөд дээрх ногдуулсан төлбөрийг харахад хөнгөлөлт эдлүүлэлгүй газрын төлбөр ногдуулсан байна.

 Мөн газар эзэмших гэрээний 2.2-т жилийн төлбөрийн хэмжээ 85,580 төгрөг байдаг ба гэрээ шинэчлэлгүй өндөр үнээр төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Дуудлага худалдааны анхны үнийн тухайд нэхэмжлэгчийг зүгээс Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 1999  оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эцэг Б агсны нэр дээр эрх олгогдож байсан. Үүнээс хойш буюу 22 жилийн дараа маргаан бүхий актыг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасныг зөрчсөн үзэж байна.

Мөн 1999 онд өөр хууль үйлчилж байсан. Тодруулбал 1991 онд батлагдсан Газрын тухай хууль тухайн үед мөрдөгдөж байсан ба дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших эрх олгодог зохицуулалт байгаагүй. Энэ нь 2000 оноос хойш хэрэгжиж эхэлсэн хуулийн зохицуулалт юм” гэв.

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.О****шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Т****э-нд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/195 дугаар захирамжаар 1945 м.кв газар эзэмших эрх олгож, дүүргийн Газар зохион байгуулалтын албатай, “Иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх” гэрээг байгуулсан.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Газрын харилцааны талаар авах зарчим” А/307, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/915 дугаар захирамжуудыг үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаар “Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар ирүүлсэн. Албан даалгаврын дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч Б.Т****-д 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 91916838 дугаараар холбогдон төлбөр төлөх ёстойг сануулан, биеэр ирж уулзах зөвлөмж өгсөн байдаг.

Б.Т****нь газар эзэмших хугацаанд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасныг биелүүлээгүй бөгөөд 36 дугаар зүйлд заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болон төлбөрийг төлөөгүй байна.

Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас судалгаа, хяналт, шалгалт хийх явцад газрыг гэрээний дагуу ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О****шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тухайн үед дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулалтын мэргэжилтэн М.Т******* сонсох ажиллагаа хийж байсан бөгөөд нотлогдохгүй байна гэсэн учраас өмнөх шүүх хуралдаанд гэрчээр дуудаж асуух хүсэлт гаргаж байсан. М.Т*******аас сонсох ажиллагаатай холбоотой мэдүүлэг авах саналтай байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгч Б.Т****-гээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн Б.Т****-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгчээс “...Хариуцагч нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26, 27 дугаар зүйл болон 43 дугаар зүйлийн 43.1-т заасан захиргааны акт гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулах,  захиргааны акт гарсны дараа мэдэгдэх үүргээ биелүүлээгүй.

Хариуцагч газрын зориулалтыг буруу тодорхойлсон, хуульд заасан хөнгөлөлт эдлүүлээгүй, газар эзэмших гэрээ 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс хойш дахин шинэчлэгдэж байгуулагдаагүй гэх 3 үндэслэлээр газрын төлбөрийг алдаатай тооцсон гэж үзэж байна. 

Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т “Монгол улсын иргэний ахуйн зориулалтаар ашиглаж байгаа 700 м.кв хүртэл хэмжээний газрын төлбөрийг 90 хувиар чөлөөлнө” гэсэн зохицуулалт байдаг. Нэхэмжлэгч нь уг хөнгөлөлтийг эдлэх бүрэн эрхтэй бөгөөд дээрх ногдуулсан төлбөрийг харахад хөнгөлөлт эдлүүлэлгүй газрын төлбөр ногдуулсан байна.

 Мөн газар эзэмших гэрээний 2.2-т жилийн төлбөрийн хэмжээ 85,580 төгрөг байдаг ба гэрээ шинэчлэлгүй өндөр үнээр төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Дуудлага худалдааны анхны үнийн тухайд нэхэмжлэгчийг зүгээс Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 1999  оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эцэг Б агсны нэр дээр эрх олгогдож байсан. Үүнээс хойш буюу 22 жилийн дараа маргаан бүхий актыг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасныг зөрчсөн үзэж байна.

Мөн 1999 онд өөр хууль үйлчилж байсан. Тодруулбал 1991 онд батлагдсан Газрын тухай хууль тухайн үед мөрдөгдөж байсан ба дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших эрх олгодог зохицуулалт байгаагүй. Энэ нь 2000 оноос хойш хэрэгжиж эхэлсэн хуулийн зохицуулалт юм” гэж,

Харин хариуцагчаас “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны “Газрын харилцааны талаар авах зарчим” А/307, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай” А/307, А/309 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/915 дугаар захирамжуудыг үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаар “Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар ирүүлсэн. Албан даалгаврын дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч Б.Т****-д 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 91916838 дугаараар холбогдон төлбөр төлөх ёстойг сануулан, биеэр ирж уулзах зөвлөмж өгсөн байдаг.

Б.Т****нь газар эзэмших хугацаанд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” гэж заасныг биелүүлээгүй бөгөөд 36 дугаар зүйлд заасан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болон төлбөрийг төлөөгүй байна.

Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас судалгаа, хяналт, шалгалт хийх явцад газрыг гэрээний дагуу ашиглаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэж тус тус тайлбарлан маргажээ.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл,

Анх маргаан бүхий газрыг 1945 м.кв газрыг нэхэмжлэгчийн аав Ё овогтой Б-д Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 1999 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байх бөгөөд уг захирамж нь 2006 онд тус тосгоны Архив шатсаны улмаас устаж алга болсон нь Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 02/598 дугаар албан бичгээр нотлогдож байх бөгөөд хэргийн оролцогчид дээрх захирамжаар газар эзэмших эрх олгосонтой маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

4. Улмаар 2014 онд нэхэмжлэгч Б.Т****-гийн аав Ё.Б нас барж, 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ээр Б.Т****-д маргаан бүхий газар эзэмших эрхийг өвлүүлж, дээрх өвлөх эрхийн гэрчилгээний дагуу нэхэмжлэгч Б.Т****2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/195 дугаар захирамжаар Б.Т****-д олгожээ.

5. Гэтэл хариуцагч нь хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээгээр шилжин ирсэн эсэх, тухайн газраа зориулалтын дагуу ашигласан эсэх зэрэг асуудлыг тодруулаагүй, түүнчлэн хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн  гэрчилгээг хүчингүй болгохдоо газар эзэмшигчид мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулахгүйгээр шууд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна.

6. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" хэмээн тус тус хуульчлан заасан.

7. Гэвч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зарчимд нийцэхгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-д заасан нөхцөл байдлыг тогтоох болон оролцогчийг сонсохтой холбоотой хуульд заасан журмыг зөрчсөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх асуудлыг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

8. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаар захирамжаар “...гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй, зориулалтын дагуу тухайн газраас 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй нэхэмжлэгч Б.Т****-гийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д тус тус заасан үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй байна.

9. Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан байх бөгөөд Б.Т****нь  Татварын ерөнхий газраас ирүүлсэн газрын төлбөр 812,592 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар нотлогдож байна.

10. Харин Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 15/995 дугаар албан бичгээс үзвэл Б.Т****нь 2000-2021 онд газрын  төлбөрийн үлдэгдэл болох 2022011 төгрөг төлөөгүй, харин 2022 онд 812592 төгрөг төлсөн гэжээ.

11. Дээрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн баримтаас үзвэл “...газрын төлбөрийг тооцохдоо андуурсан бөгөөд нийтийн зориулалттай орон сууцтай адилтгаж газрын төлбөрийг ногдуулсан. 2021 оноос өмнөх төлбөрийг нэхэмжлэгч бүрэн төлсөн. 2019 онд 284,132 төгрөгийн төлбөр ногдуулсан байсан ба ном журмын дагуу газрын төлбөрийг тооцоход 34,190 төгрөг, 2020 онд төлбөрийн нэхэмжлэх дээр 507,384 төгрөг байсан ба үүнийг хууль, журмын дагуу бодоход 99,940 төгрөг гарахаар байна. Мөн газар эзэмших гэрээний 2.2-т жилийн төлбөрийн хэмжээ 85,580 төгрөг байдаг ба гэрээ шинэчлэлгүй өндөр үнээр төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

12. Түүнчлэн газрын дуудлага худалдааны үнэд 13,692,800 төгрөг, 21.000.000 төгрөг төлөхөөр зөрүүтэй тогтоосон болох нь шүүх хуралдааны үед гаргасан гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13/4 дүгээр албан бичгээр нотлогдож  байна.

13. Иймд шүүх дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Т****-гээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн Б.Т****-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 4 дүгээр зүйлийн 4.2.6, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т****-гээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжийн Б.Т****-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ