Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/65

 

 

 

 

 

 

 

 

 

2024      02          14                                         2024/ШЦТ/65

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Т.Д,

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч Ц.А-д холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

******* овогт Ц.А /РД; **********/,

Шүүгдэгч Ц.А нь;

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 11-ний шөнө ***** аймаг ****-***** сум ************ баг ******* хотхоны *-*-** тоот гэртээ хохирогч С.Х-ийн “чи найзыгаа байхгүй хооронд яагаад ингэж араар нь муулдаг юм” гэж хэлсний төлөө уурлан маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт нь цохих, нүүр, цээж хэсгийг нь маажих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ц.А “...Тухайн үед Х бид хоёр уусан, гэхдээ юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Х эхлээд намайг үсдээд бид харилцан зодолдсон боловч над дээр гэмтэл гараагүй, яагаад гэвэл би 14 хоногийн дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч С.Х-ийн “...2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр А дэлгүүрээс хоёр сав пиво оруулж ирээд хувааж уусан, А-ийн найз Э, Н-ийн найз С хоёр ирээд бид тав орой 20 цагийн орчим Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг караоке руу орсон, ...22 цагийн үед Уурхайчин багт байдаг бааранд ороод хоёр, хоёр шил пиво уусан. Баар хаахын өмнө С, Э хоёр явчихсан, Н, А, мөн нэрийг нь мэдэхгүй нэг эмэгтэй бид дөрөв А-гийн гэр рүү явсан. ...Гэрт нь ороод юм яриад сууж байтал А түрүүлж явсан Э гэдэг найзыгаа “арчаагүй дандаа ингэдэг, тэгдэг” гэж муулсан, тэгэхээр нь би А-д “чиний найз ч гэж дээ, яах гэж найзыгаа байхгүй байхад ийм юм ярьдаг юм” гэхэд А уурлаж “чи муу юу юм, гичий минь” гээд толгой руу гараараа хоёр удаа цохиж, нүүр, цээжгүй хумсаараа маажсан. ...А-д зодуулж байхдаа “болиоч” гэж хэлсэн, хэсэг хугацааны дараа А намайг “манайхаас зайл” гэхээр нь би гарч явсан. ...Миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Би маш их гомдолтой байна. А-д маажуулснаас болоод тав  хоног ажилдаа явж чадаагүй тул цалингаа гаргуулж авмаар байна, цаашид лазер эмчилгээ хийлгэх тул гарах зардлыг нэхэмжлэх болно. Өнөөдрийг хүртэл хугацаанд 200.000 орчим төгрөгийн зардал өөрөөсөө гаргасан боловч баримт байхгүй, 200.000 төгрөгөөр гаргуулмаар байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 11 дэх тал/,

гэрч Г.Н-ийн “...Агийн гэрт ороод удаагүй дөнгөж тав орчим минутын дараа А, Х хоёр хоорондоо хэрэлдээд байсан. ...нүдээ аниад унтах гэтэл гэнэт А, Х хоёрын чанга дуугаар хашхирч, орилох чимээ сонсогдсон, тэгэхээр нь буйдан дээр өндийж суугаад хартал газарт Х-гийн хиймэл үс унаж байсан ба дараа нь А, Х хоёр нэг нэгнийхээ үснээс зулгааж ноцолдсон, ...үсдэлцэх үедээ А чанга дуугаар хашхирч байсан, харин Х “чи өөрөө эхэлж намайг үсдсэн биз дээ, чи өөрөө эхлээ биз дээ” гэж хашхирч байсан. Би тэр хоёр дээр явж очоод “боль” гэж хэлээд гарыг нь тавиулсан. ...А хашхираад зогсохгүй байсан учраас Х А-д “одоо тайвшир, чи битгий орилоод бай, орилохгүйгээр ярилцъя” гэхэд А “битгий хуц чи, чи намайг яаж байгаа юм” гэж хэлээд хоёр гараараа Х-гийн нүүрийг маажих шиг болсон, үргэлжлүүлэн шууд Х-гийн үснээс хоёр гараараа зулгаасан, Х, А-д үсдүүлснийхээ дараа зөрүүлж А-гийн үснээс зулгаасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

гэрч Ж.Д-ын “…2023 оны 12 дугаар сарын дундуур санагдаж байна, яг өдрийг нь сайн санахгүй байна, эхнэр бид хоёрын дунд гэр бүлийн маргаан болж эхнэр торонд хувцсаа хийгээд “Улаантолгой руу аав, ээжийнд очиж хононо.” гээд гарч явсан. Маргааш өглөө нь би ажилтай байсан учраас хүүхдүүдээ дагуулаад аавынхаа гэрт очиж хоносон, хоёр хоногийн дараа санагдаж байна өдөр цайны цагаар Х-г гэртээ ирсэн байж магадгүй гэж бодоод харьтал Х-гийн нүүр улаан эрээн болчихсон, нүүр, цээж, хүзүү, гар гэх мэт газрууддаа маш олон маажуулсан байсан. Тэгэхээр нь би гайхаад “юу болсон юм, хэн чамайг ийм болгосон юм” гэж асуухад “өчигдөр шөнө А-д зодуулсан, намайг маажсан, зодсон.” гэж хариулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Ц.А-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 11-ний шөнө манай гэрт Х бид хоёр харилцан зодолдсон. Тухайн үед Х миний үснээс зулгаагаад доош нь дараад байхаар нь би аргагүй хамгаалалт хийж гарыг нь тавиулах гэж байгаад нүүрийг нь маажсан, зүгээр сууж байхад нь маажаагүй. Х-г манай гэрт анх ирэхэд үед нүүр нь шарх сорви байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33, 38 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Э.Б-ын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай; “…1.С.А-гийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, шарх, нуруу, цээж, баруун мөр, зүүн бугалга, зүүн шуу, хүзүү, хамрын угалзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар дэс дарааллаар үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

иргэн С.А-гийн “...2023 оны 12 дугаар сарын 11-ний шөнө ***** аймаг ****-***** сум *********** баг ******* хотхоны *-*-** тоотод бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

шүүгдэгч Ц.А-гийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

хохирогч, гэрч нараас мөн Ц.А-гаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Ц.А-г гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 11-ний шөнө ***** аймаг ****-***** сум ********** баг ****** хотхоны *-*-** тоот гэртээ хохирогч С.А-гийн “чи найзыгаа байхгүй хооронд яагаад ингэж араар муулдаг юм” гэж хэлсний төлөө уурлан маргалдаж, улмаар толгой, нүүр хэсэгт нь цохих, нүүр, цээж хэсгийг маажих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, шарх, нуруу, цээж, баруун мөр, зүүн бугалга, зүүн шуу, хүзүү, хамрын угалзанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.А-гийн “...А уурлаж “чи муу юу юм, гичий минь” гээд толгой руу гараараа хоёр удаа цохиж, нүүр, цээжгүй хумсаараа маажсан.” гэх,

гэрч Г.Н-ийн “...буйдан дээрээс өндийж суугаад хартал газарт Х-гийн хиймэл үс унаж байсан, дараа нь А, Х хоёр нэг нэгнийхээ үснээс зулгааж ноцолдсон, ...Би тэр хоёр дээр явж очоод “боль” гэж хэлээд гарыг нь тавиулсан. ...А хашхираад зогсохгүй байсан учраас Х А-д “одоо тайвшир, чи битгий орилоод бай, орилохгүйгээр ярилцъя” гэхэд А “битгий хуц чи, чи намайг яаж байгаа юм” гэж хэлээд хоёр гараараа Х-гийн нүүрийг маажих шиг болсон, үргэлжлүүлэн шууд Хгийн үснээс хоёр гараараа зулгаасан, Х, А-д үсдүүлснийхээ дараа зөрүүлж А-гийн үснээс зулгаасан.” гэх,

гэрч Ж.Д-ын “…Х-гийн нүүр улаан эрээн болчихсон, нүүр, цээж, хүзүү, гар гэх мэт газрууддаа маш олон маажуулсан байсан. Тэгэхээр нь би гайхаад “юу болсон бэ, хэн чамайг ийм болгосон юм” гэж асуухад “өчигдөр шөнө А-д зодуулсан, намайг маажсан, зодсон” гэж хариулсан.” гэх,

Ц.А-гийн өөрийнх нь өгсөн “...манай гэрт Х бид хоёр харилцан зодолдсон. Тухайн үед Х миний үснээс зулгаагаад доош нь дараад байхаар нь би аргагүй хамгаалалт хийж гарыг нь тавиулах гэж байгаад нүүрийг нь маажсан, зүгээр сууж байхад нь маажаагүй.” гэх мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Э.Б-ын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай, ...С.А-гийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, шарх, нуруу, цээж, баруун мөр, зүүн бугалга, зүүн шуу, хүзүү, хамрын угалзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт,

иргэн С.А-гийн “...2023 оны 12 дугаар сарын 11-ний шөнө ***** аймаг ****-***** сум ************ баг ******* хотхоны *-*-** тоотод бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүйгээс гадна нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

Хохирогч С.А-гийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, толгой, нүүр хэсэгт нь цохих, нүүр, цээж хэсгийг нь маажих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн хацарт зулгаралт, шарх, нуруу, цээж, баруун мөр, зүүн бугалга, зүүн шуу, хүзүү, хамрын угалзанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Хууль зүйн хувьд,

Шүүгдэгч Ц.А-гийн хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг нь ноцтой зөрчсөн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Ц.А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Ц.А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ц.А-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг, 

1.4-д заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ. 

Хохирогч нь шүүхийн болон шүүхээс өмнөх шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбоотой нотлох баримтыг гаргаагүй бөгөөд түүний “...Миний сэтгэцэд хор уршиг учраагүй. ...А-д маажуулснаас болоод 5 хоног ажилдаа явж чадаагүй, цалингаа гаргуулж авмаар байна, лазер эмчилгээ хийлгэх тул гарах зардлыг нэхэмжлэх болно. Өнөөдрийг хүртэл хугацаанд 200.000 орчим төгрөгийн зардал өөрөөсөө гаргасан боловч гаргаж өгөх баримт байхгүй, 200.000 төгрөгөөр гаргуулмаар байна.” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 11 дэх талд авагдсаныг үндэслэн шүүх хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлж, холбогдох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлэн шүүгдэгч Ц.А-гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.А шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

         дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хохирогч С.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж шүүгдэгч Ц.Агаас нэхэмжлэх эрхтэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э