Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар  2024/ШЦТ/131

 

 

 

 

 

 

 

 

 

2024      03          26                                          2024/ШЦТ/131

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Н.Д,

хохирогч Л.Н,

шүүгдэгч Э.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,  шүүгдэгч Э.Э-т холбогдох эрүүгийн 2425000000*** дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

****** овогт Э.Э /РД; **********/,

Шүүгдэгч Э.Э нь;

архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 18.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* төвийн “*****” зочид буудлын **** дугаартай өрөөнд шалтгаангүйгээр хохирогч Б.Н-ийн нүүр, толгой, хэвлий, гуя хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Э.Э “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй, хохирогчийн нэхэмжилсэн 2.000.000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд төлнө.” гэв.   

хохирогч Л.Н “...цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө бүх зүйлийг тодорхой бичсэн тул нэмж хэлэх зүйлгүй, би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгоогүй, харин эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажилдаа явж чадаагүй тул олох байсан орлого 2.000.000 төгрөгөө бол нэхэмжилнэ.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Л.Н-ийн “...2024 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр манай найз М хотоос ирж түүнтэй “******” зочид буудлын *** тоот өрөөнд хоносон, тухайн үед М-ын багын найзууд гэх хүмүүс тус буудлын 3 давхарт бид хоёроос тусдаа өрөөнд байрлаж хоносон. Маргааш нь буюу 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр манай өрөө болон М-ын найзуудынх нь авсан хоёр өрөөний дунд явж бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үдээс хойш багцаагаар 16-17 цагийн үед М бид хоёр найзуудынх нь авсан өрөө рүү ороход М-ын хоёр найз нь байсан, ороод сууж байтал Э гэх залуу миний нүүр лүү гараараа зөндөө их цохиж, хэл амаар доромжилсон, миний хэвлий, толгой руу гараараа олон удаа цохисон. Тухайн үед ямар ч маргаан болоогүй, яагаад намайг зодсоныг мэдэхгүй, ...миний хамраас цус гарсан бөгөөд би цагдаа дуудаагүй, маргааш нь өргөдөл өгсөн. ...намайг сүүлийн буудалд буюу “Дэлгэрэх” буудалд байхад цохиж зодсон, ...миний биед учирсан гэмтлүүдийг Э гараараа олон удаа цохиж учруулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

“…Би гомдолтой байна, энэ асуудлаас болж ажилдаа явалгүй 14 хоног болсон, тиймээс ажиллаж байсан бол олох байсан орлогоо дундажлаад 2.000.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

гэрч Г.Б-ийн “…2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 13 цагаас “*****” зочид буудалд буюу ажилдаа ресейпшнээр гарсан, ...13 цаг өнгөрч байхад М гэдэг залуу орж ирээд манай буудлын *** тоот өрөөг авсан. ...би тус өрөө рүү очоод хаалгыг нь нүдээд онгойлгоход өрөө рүү орсон эмэгтэй нь дээгүүрх хувцастайгаа доогуураа хувцасгүй хөнжил нөмрөөд хаалга талын орон дээр ганцаараа сууж байсан, ...жижиг биетэй залуу тэр хүүхэнтэй хэрэлдээд зогсож байсан. ...тухайн эмэгтэй “эд нар намайг зөндөө дээрэлхэж, зодлоо шүү дээ” гээд уйлчихсан сууж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

гэрч О.М-ын “…Би 2024 оны 1 дүгээр сарын 21-ний орой Э, Ш нарын хамт “*****” бааранд орсон, баар хаах үеэр баарны гадаа зүс үл таних хоёр хүүхэнтэй танилцсан. Тэгээд би Н гэх хүүхэнтэй “******” буудлын 4 давхарт нэг өрөөнд орж цугтаа хоносон, өглөө нь үргэлжлүүлэн уусан бөгөөд хоносон буудлын яг өөдөөс харсан буудлын 3 давхрын гурван ортой өрөөнд нэлээн уусан, унтаж байтал Э намайг алгадаж сэрээсэн. Тэгэхэд Н уйлаад суугаад байсан, хоёр нүд, нүүр нь улайчихсан байсан, би Н-ийг буудлаас авч гарахад Э-ыг зааж “тэр залуу намайг зодсон” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

Э.Эын яллагдагчаар өгсөн “...би согтоод тасарчихсан байсан учраас түүнийг цохиж, зодсоноо мэдэхгүй байна, эмчилгээний болон бусад гарсан төлбөр, мөнгийг өгөөгүй байгаа, гэхдээ өгнө.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59  дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Э.Б-ын 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 164 дугаартай; “…1.Б.Н-ийн биед доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, зүүн алга, доод уруулд цус хуралт, баруун өвдөг, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар дэс дарааллаар үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

хохирогч Б.Н-ийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

өргөдөл, гомдлын материалыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

“******” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-11, 12-14 дэх тал/,

“******” зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 15 дахь тал/,

“*****” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-18, 19-21 дэх тал/,

“*****” зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 23 дахь тал/,

шүүгдэгч Э.Э-ын;

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 78-80 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 81-87 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/226 дугаартай шийтгэх шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 88-90 дэх тал/,

хохирогч Б.Н-ийн банкны дансны хуулгууд /хавтаст хэргийн 92-107 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Э.Э-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Э.Э-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Э.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 18.00 цагийн орчим ***** аймаг ****-***** сум ********* баг ********* төвийн “*****” зочид буудлын *** дугаартай өрөөнд шалтгаангүйгээр хохирогч Б.Н-ийн нүүр, толгой, хэвлий, гуя хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, зүүн алга, доод уруулд цус хуралт, баруун өвдөг, баруун алганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Н-ийн “...М бид хоёр найзуудынх нь авсан өрөө рүү ороход М-ын хоёр найз нь байсан, ороод сууж байтал Э гэх залуу миний нүүр лүү гараараа зөндөө их цохиж, хэл амаар доромжилсон, миний хэвлий, толгой руу гараараа олон удаа цохисон. Тухайн үед ямар ч маргаан болоогүй, яагаад намайг зодсоныг мэдэхгүй, ...хамраас цус гарсан, ...миний биед учирсан гэмтлүүдийг Э гараараа олон удаа цохиж учруулсан.” гэх,

гэрч Г.Б-ийн “…би тус өрөө рүү очоод хаалгыг нь нүдээд онгойлгоход өрөө рүү орсон эмэгтэй нь дээгүүрх хувцастайгаа доогуураа хувцасгүй хөнжил нөмрөөд хаалга талын орон дээр ганцаараа сууж байсан, ...жижиг биетэй залуу тэр хүүхэнтэй хэрэлдээд зогсож байсан. ...тухайн эмэгтэй “эд нар намайг зөндөө дээрэлхэж, зодлоо шүү дээ” гээд уйлчихсан сууж байсан.” гэх,

гэрч О.М-ын “…Н уйлаад суугаад байсан бөгөөд хоёр нүд, нүүр нь улайчихсан байсан, би Н-ийг буудлаас авч гарахад Эыг зааж “тэр залуу намайг зодсон” гэж хэлсэн.” гэх мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмч Э.Б-ын 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 164 дугаартай; “…Б.Н-ийн биед доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, зүүн алга, доод уруулд цус хуралт, баруун өвдөг, баруун алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, хохирогч Б.Н-ийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, “*********” болон “*****” зочид буудлуудын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүйгээс гадна нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд,

шүүгдэгч Э.Э-ын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 18.00 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******** төвийн *****” зочид буудлын *** дугаартай өрөөнд шалтгаангүйгээр хохирогч Б.Н-ийн нүүр, толгой, хэвлий, гуя хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя, зүүн алга, доод уруулд цус хуралт, баруун өвдөг, баруун алганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хохирогчийн эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Э-ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Э.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Э.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн саналыг гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, түүнд үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор ажил, хөдөлмөр эрхэлж чадаагүй байдлууд, мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон ажил хөдөлмөр эрхэлж 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хохирогчид 2.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед хохирогч Б.Э нь “...эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажилдаа явж чадаагүй тул олох байсан орлого 2.000.000 төгрөгөө нэхэмжилнэ.” гэж мэдүүлэх бөгөөд шүүгдэгч нь “...*** аймийн ******* суманд “** ** ** * **” ХХК-д ажил эрхэлдэг бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа явна, 4 дүгээр сарын 10-ны өдрийн дотор хохирогчид 2.000.000 төгрөгийг нөхөн төлнө.” гэснийг нь үндэслэн түүнээс 2.000.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураан ирүүлсэн “******” болон “*****” зочид буудлуудын хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***** овогт Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

         дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Э-оос 2.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Э-д олгосугай.

7.Энэ хэрэгт хураан ирүүлсэн “******” болон “*****” зочид буудлуудын хяналтын камерын бичлэг бүхий хоёр ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.Э