| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/0348/И |
| Дугаар | 183/ШШ2021/000359 |
| Огноо | 2021-02-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2021/000359
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2021/00359
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .......... тоотод оршин суух З овогт С Б /РД:ОЮ7000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... тоотод оршин суух А овогт Б-гийн Б /РД:У000000/-т холбогдох,
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-ын хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон охин Б.Хл нарт оногдох хэсэгт 19.220.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б миний бие 1998 онд БНСУ-д очин ажиллаж амьдарч байсан. Манай хүн Б.Б 1999 онд БНСУ-д ирэхэд нь танилцаж, 2000 онд гэр бүл болж амьдарсан. 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яаманд гэрлэлтээ батлуулж, гэрлэлтийн гэрчилгээ авч байсан. Миний хүү Б.Ч 0000 оны 05 дугаар сарын 04-ний өдөр, охин Б.Х 2009 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн. Би гэртээ байхаас байхгүй нь их байдаг. Явж ирээд найз нөхөдтэйгөө уулзаж архи дарс ууснаас маргаан үүсдэг. Мөн зан байдлын талаар таардаггүй учир хамт амьдрахад хэцүү, ойлголцоход хүнд байдалтай байдаг байсан. Иймд хамт амьдрах хугацаандаа зан харьцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулахаар шийдвэрлэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Цаашид Б.Б-тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээнэ гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1999 онд танилцаад 21 жилийн турш айл өрх болж амьдарсан. Хүү Б.Ч БНСУ-д байхад 2002 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. С.Б нь анх танилцахад архи их уудаг байсан ч засрах байх гэж бодсон. Архи уухаараа агсам тавьдаг боловч үр хүүхдээ бодож тэвчиж амьдарсан. Энэ хугацаанд муудаж сайндах үе зөндөө байсан ч ойлголцож, учраа олж өдий хүрсэн боловч сүүлийн он жилүүдэд С.Б нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, улмаар хүйтэн хөндий хандах болсон ба энэ үеэс гэр бүлийн уур амьсгал эрс хөндийрч, тааламжгүй харилцаа үүсэх болсон ба нөхөр болох С.Б нь гэрлэлтээ цуцлуулахаар эрс шулуудсан тул миний зүгээс энэ хүнийг өөрийн хажууд хүчээр байлгах шаардлагагүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авна. С.Б бидний хооронд гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй ба бид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргааныг эвлэрлийн гэрээ байгуулан харилцан тохиролцож шийдвэрлэсэн гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хамтран амьдрах хугацаандаа Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо.......... хаягт байрлах 39.3 м.кв 2 өрөө орон сууцыг 31.440.000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн ........... хаягт байршилтай 15 м.кв автомашины зогсоолыг 7.000.000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан ба энэ нь нөхөр болох С.Бын нэр дээр байдаг. Мөн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн ............. тоот хаягт байрлах 49.23 м.кв хоёр өрөө орон сууцыг авсан ба энэхүү үл хөдлөх хөрөнгө нь Б.Б миний нэр дээр байдаг. Мөн 2019 оны07 дугаар сарын 21-ний өдөр 0000 УАА улсын дугаартай, Лексус RX 450H маркийн автомашиныг худалдан авсан ба энэхүү автомашин нь миний нэр дээр байдаг. Миний бие охин Б.*****ыг өөрийн асрамжид авч байгаа тул эцэг С.Баас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоолгох, С.Б-ын нэр дээр байгаа 38.440.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс охин Б.***** болон Б.Б надад оногдох хэсэгт 19.220.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж шаардсан боловч хариуцагч С.Б нь өөрийн нэр дээр байсан Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ..................... тоот хаягт байрлах 39.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн ................... тоот хаягт байрлах 15 м.кв талбай бүхий автозогсоолыг хүүхдүүдийн тэтгэлэгт дүйцүүлэн Б.Б-ын өмчлөлд шилжүүлэн өгч байгаа учир албан ёсоор тэтгэлэг төлөхгүй байхаар, миний бищ Б.Б нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хороолол,*** дугаар байрны *** тоот хаягт байрлах 49.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны С.Б-т оногдох хэсэгт 10.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсоноос урьдчилгаа болох 2.000.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн, үлдсэн 8.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсны дараа С.Бын Хаан банкны ******** тоот дансанд шилжүүлэх, гэр бүлийн доторх бусад эд хогшил болон 0000 улсын дугаартай, Лексус RX 450 маркийн автомашиныг тус тус Б.Бт хэвээр үлдээхээр эвлэрлийн гэрээгээр тохиролцож шийдвэрлэсэн тул өөр эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Нэхэмжлэгч С.Б шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Бид хоёрын хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. С.Б миний бие өөрийн нэр дээр байсан Хан-Уул дүүргийн .......... тоот хаягт байрлах 39.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн ......... тоот хаягт байрлах 15 м.кв талбай бүхий автозогсоолыг хүүхдүүдийн тэтгэлэгт дүйцүүлэн Б.Бын өмчлөлд шилжүүлэн өгч байгаа учир албан ёсоор тэтгэлэг төлөхгүй байхаар тохиролцсон. Харин Б.Б нь Хан-Уул дүүргийн ............ тоот хаягт байрлах 49.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны С.Бт оногдох хэсэгт 10.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсоноос урьдчилгаа болох 2.000.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн, үлдсэн 8.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсны дараа С.Бын Хаан банкны 000000000 тоот дансанд шилжүүлэх, гэр бүлийн доторх бусад эд хогшил болон 0000 УАА улсын дугаартай, Лексус RX 450 маркийн автомашиныг тус тус Б.Бт хэвээр үлдээхээр эвлэрлийн гэрээгээр тохиролцож шийдвэрлэсэн. Өөр ямар нэгэн маргаан байхгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Б.Б нар 1999 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2002 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.Ч , 2009 оны 05 дугаар сарын 16-ны өдөр охин Б.Х нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар болон гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, улмаар агсам тавих, хэрүүл маргаан үүсгэх зэргээр эхнэр, хүүхдүүдээ айдас, түгшүүртэй нөхцөлд амьдруулдаг байсан, улмаар гэрлэгчдийн хооронд зан харьцааны таарамжгүй байдал болон хөндий, хүйтэн харилцаа бий болсон нь гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болжээ.
Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 0000 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.Ч нь насанд хүрсэн тул асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар болон хүүхдийн саналыг харгалзан охин Б.*****ыг эх Б.Б-ын асрамжид үлдээсэн бөгөөд нэхэмжлэгч С.Б нь хүүхдийн тэтгэлэгт дүйцүүлэн өөрийн өмчлөлд буй Хан-Уул дүүргийн 1............ хаягт байрлах 39.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн .............. тоот хаягт байрлах 15 м.кв талбай бүхий автозогсоолыг Б.Б-ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоох шаардлагагүй гэж үзэв.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эвлэрлийн гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт нийцэж байх тул нэхэмжлэгч С.Б нь өөрийн өмчлөлд буй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хороолол,*** дугаар байрны ** тоот хаягт байрлах 39.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хороолол,*** дугаар байрны зоорийн давхрын 3 тоот хаягт байрлах 15 м.кв талбай бүхий автозогсоолыг хүүхдүүдийн тэтгэлэгт дүйцүүлэн Б.Бын өмчлөлд шилжүүлэн өгөх, хариуцагч Б.Б нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа-2 хороолол,*** дугаар байрны *** тоот хаягт байрлах 49.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны С.Бт оногдох хэсэгт 10.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсоноос урьдчилгаа болох 2.000.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн, үлдсэн 8.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсны дараа С.Б-ын Хаан банкны 000000000 тоот дансанд шилжүүлэх, гэр бүлийн доторх бусад эд хогшил болон 000 УАА улсын дугаартай, Лексус RX 450 маркийн автомашиныг Б.Б-т хэвээр үлдээхээр тус тус харилцан тохиролцсоныг батлах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Хариуцагч Б.Б-ын хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон охин Б.Х нарт оногдох хэсэгт 19.220.000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шүүх 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч нэхэмжлэгчид 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гардуулахад тэрээр хэргийг хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх хугацааг хүлээлгүйгээр шийдүүлэх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хянан үзэхэд хуульд харшлах зүйлгүй байх тул түүний хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацааг хүлээлгүй хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан З овогт С-н Б, А боржигон овогт Б-гийн Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Б.Х-ыг эх Б.Б-ын асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б нь өөрийн өмчлөлд буй Хан-Уул дүүргийн .................тоот хаягт байрлах 39.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн ................. тоот хаягт байрлах 15 м.кв талбай бүхий автозогсоолыг хүүхдүүдийн тэтгэлэгт дүйцүүлэн Б.Бын өмчлөлд шилжүүлэн өгөх, хариуцагч Б.Б нь Хан-Уул дүүргийн ......................... тоот хаягт байрлах 49.23 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны С.Бт оногдох хэсэгт 10.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсоноос урьдчилгаа болох 2.000.000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн, үлдсэн 8.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсны дараа С.Б-ын Хаан банкны 00000000000 тоот дансанд шилжүүлэх, гэр бүлийн доторх бусад эд хогшил болон 0000 УАА улсын дугаартай, Лексус RX 450 маркийн автомашиныг Б.Бт хэвээр үлдээхээр тус тус тохиролцсоныг баталсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч Б.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бт, нэхэмжлэгч С.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 324.580 төгрөг гаргуулж хариуцагч Б.Б-т тус тус олгосугай.
5.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах С.Баянжаргалд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР