Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2021/00058

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2021/00058

Улаанбаатар хот

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т СӨХ

 

Хариуцагч:Ж.Э

 

Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 1.574.020 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Б.Г, хариуцагч Ж.Э, нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Э нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, .... дүгээр хороолол, 4 дүгээр байр  11 тоот орон сууцыг эзэмшил ашиглалтдаа байлгаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь билээ. Гэтэл 2006 оны 08 дугаар сараас хойш 2020 оны 07 дугаар сар хүртэл нийт 168 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 1.563.220 төгрөгийг төлөөгүй, СӨХ-ны нийт гишүүдийн эрх ашгийг хохироож байна. Иргэн Ж.Э-г дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөхийг ‘’Т Сөх’’-ны зүгээс 2008 оны 06 дугаар сараас хойш удаа дараа шаардаж байсан ч үүнийг үл хайхран өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрөө барагдуулалгүй чирэгдэл учруулж байна. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө, сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж, байгаа сууц өмчлөгчид хувааж, төлнө гэж тус тус заасан байдаг. Үүний дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороолол ............дүгээр хороолол, 4  дүгээр байрны 11 тоотын хууль ёсны өмчлөгч нь Ж.Э байх тул түүнээс шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд Ж.Э-с сууц өмчлөгчийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 1.563.220 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10.800 төгрөг, нийт 1.574.020 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Э  би энэ СӨХ-д хамаарагдах Хан-Уул дүүргийн 2 дугаар хороолол .....дүгээр хороолол, 4  дүгээр байрны 11 тоот орон сууцанд 2004 оноос амьдарсан билээ. Манай ..... дүгээр хорооны байрнуудад 1972 оноос эхлэлтэй. Би төлөх ёстой байсан зардлуудаа тухайд нь төлж иргэний үүргээ биелүүлж байсан. Энэ Сөх-ийн захирал М.О. нь 2008 оны 5 дугаар сараас эхлэн Сөх-ны захирлын ажлыг хүлээн авч 8 дугаар сараас эхлэн дээврээс ус гоожихыг зогсоох ажлыг зохион байгуулж хөөцөлдөх болсон. Гэтэл дээврийн асуудал шийдэх нэрийдлээр Нийслэлийн засаг даргын захирамжаар нийслэлийн хот байгуулалтын хэлтсийн зөвшөөрөлтэйгөөр Э  ХХК-тай гэрээ байгуулан мансард барихаар болсон. Энэ талаар Хотын шуурхай мэдээллийн утсанд мэдэгдсэн бөгөөд энэ асуудлаар нийслэлийн захирагчид мэдэгдье гэсэн хариу авч байсан. Үүнээс хойш холбогдох олон төрийн байгууллагад албан тушаалтнуудтай уулзаж мансард барихыг зөвшөөрдөг эсэх, хуучны орон сууцууд 30 гаруй жил нэг ч их засвар, засвар үйлчилгээ хийгээгүй барилгад хэт их ачаалал өгөх нь буруу байгааг тайлбарлан эсэргүүцэж, удаа дараа бичиг өргөдөл гаргаж энэ асуудалд анхаарал хандуулахыг шаардаж байсан билээ. Энэ талаар Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга н.Б-тай уулзаж, ярихад энэ асуудал ноцтой, хууль зөрчсөн асуудал байна гэж үзээд бид 2008 оны 03 дугаар сарын 12-нд 275 тоот дүгнэлт гаргасан гэсэн хариулт өгч байлаа. Улсын мэргэжлийн хяналтын дэд бүтцийн мэргэжлийн ахлах байцаагч нартай уулзаж, ярилцаж би өргөдөл хүсэлт мөн өгсөн. Тэд 4 дүгээр сараас хуучны орон сууцанд мансард барих нь маш ноцтой асуудал хүндрэл үүсгэж байгаа учраас манай байгууллага Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт шалгасан дүгнэлтүүдээ өгсөн. Тэдгээр байгууллага бидний дүгнэлтийг хэрэгжүүлэн хариу өгөх ёстой гэсэн тайлбарыг надад өгсөн.  Иймд танай байгууллага шалгаж өгнө үү гэсэн асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилга хариуцсан улсын ахлах байцаагч н.Төмөрсүх, н.Батхүү нарт хандсан. Гэтэл намайг уг асуудлаар хөөцөлдөж явах хооронд хугацаагүй болж, манай Сөх болон тухайн компани нь зөвшөөрлөө ч аваагүй, техникийн нөхцөлөө ч гаргаагүйгээр 2008 оны 08 дугаар сард Э ХХК-нд дэд захирал н.Б  гэгч зөвшөөрөл хүссэн бичиг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өгсөн байсан. Үүнийг би 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өгсөн өргөдөлдөө дурдсан байдаг. Дараа нь энэ өргөдлийн дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2008 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 09-314-238 тоот албан шаардлагыг  Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2\751 тоот албан бичгийн хамт хавсарган Э  ХХК-нд техник аюулгүй байдлын ноцтой зөрчлүүд илэрч байгаа тул ажлаа түр зогсоохыг шаардаж өгсөн байдаг. Үүнээс гадна мансардтай холбоотой 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06\50\839  улсын байцаагчийн дүгнэлтүүдийг Улсын мэргэжлийн хяналтын газраас ч гаргасан байдаг. Эдгээр хууль журам баримт бичгүүд удаа задаргаа гарсаар байхад нь мансард барих ажлыг 09 дүгээр сарын 17-ны өдрөөс байшингийн маань зүүн хэсгээс эхлэн төмөр карказ босгож ажлаа эхлүүлсэн байдаг юм. Эдгээрээс харахад би инженер хүний хувьд 30-40 жил болж нэг ч их засвар хийгээгүй барилгууд дээр мансард гэж хэт ачаалал өгөх нь туйлын буруу шийдвэрийг Нийслэлийн засаг дарга анхнаасаа гаргаж 74 байран дээр мансард барих гэ:ж төлөвлөсөн ч 33 байран дээр бариад энэ нь хууль журам зөрчсөн, олон нийтийн өмч хөрөнгөд халдсан, аюулгүй байдлыг хангаагүй арга хэмжээ болохыг анхааруулж мэргэжлийн байгууллагууд болон олон улсын байцаагч нарын гаргасан дүгнэлтэд дурдагдсан байдаг. Ингэж анхааруулсаар байтал манай Сөх-н захирал ихэд зүтгэж мэргэжилтнүүдийн анхааруулга, албан шаардлагыг уландаа гишгэн мансард бариулсан. Улмаар тус мансардад хүүхдүүдээ оруулахаар улайран зүтгэж байсан юм. Тус мансард баригдаж дууссаны дараа М.О захирлын хүүхдүүд орсон байсан. Жил ирэх тусам Улаанбаатар хотод газар хөдлөлтийн тоо улам ихэссэн. Манай байрны хувьд бусад байрнуудаас илүү газар хөдлөлтийг мэдэрдэг. Олон хүний амь нас эрсдэлд орч болзошгүй.  Би М.О захирлыг нэг ширхэг хадаас ч авч ирээгүй байхад нь анхааруулж сануулж ирсэн. Гэвч надад хариу тайлбар огт хэлдэггүй байсан. Удаа дараа мансард барьж байгаа компани ажилчдыг манайх руу оруулж хэдэн сая төгрөг авах уу, чи мансард барихыг зөвшөөрсөн гэж гарын үсэг зүр гэж намайг доромжилж байсан. Бидний маргаан үүнээс үүдэлтэй. Би 2008 оны 08 дугаар сараас эхлэн Сөх-д өгөөгүй нь ийм учир шалтгаантай юм. Мэргэжлийн байгууллагууд анхааруулга албан шаардлага тавьж байхад техникийн нөхцөлөөр ч аваагүй, барилгын зургаа ч бэлтгээгүй компанийг дуудан авчруулж, хууль дүрэм зөрчих эрх хүний үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг унагаах эрх энэ хүнд байхгүй гэж би ойлгож байна. Одоо надаас 1,563,220 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь энэ хүн алдаа дутагдлаа ойлгоогүй, давуу эрх эдэлж байгаа хүн дураар авирлаж болдог гэдгийг харуулж байна. Шүүхэд хандаж мөнгөө төлүүлж авч болно гэж энэ хүн ойлгож байхад миний үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ унаж байгаа хохирлыг минь хэн барагдуулах вэ ? Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тайхар сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ Ж.Э-т холбогдуулан СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр 1.563.220 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад зарцуулсан нотариатын үйлчилгээний төлбөр 10.800 төгрөг, нийт 1.574.020 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Ж.Э  “Т ” СӨХ манай байрны дээр мансард бариулж, миний эд хөрөнгийн зах зээлийн үнийг буруулсан тул СӨХ мөнгө төлөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ... дүгээр хороолол, 4 дүгээр байрны 11 тоот орон сууцны өмчлөгч Ж.Э бөгөөд энэ талаараа шүүх хуралдаанд тайлбарласан, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Төрийн банкны “бэлэн гүйлгээ” баримтаар Ж.Э  тухайн орон сууцны өмчлөгч болох нь тогтоогдож байна.

 

Тус орон сууцны СӨХ-ны төлбөрийг хариуцагч нь 2006 оны 08 дугаар сараас хойш төлөөгүй талаараа маргаагүй, харин Т  СӨХ нь орон сууцны дээр мансард барьж, эд хөрөнгийн үнэлгээг буруулсан тул СӨХ төлбөрийг төлөхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үгүйсгэж С.Т-ын 2008.10.29-ний өдөр Монгол Улсын Шадар сайдад гаргасан өргөдөл, Ж.Э-ийн 2008.09.16-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан өргөдөл, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2008.10.09-ний өдрийн 09-314/238 тоот албан шаардлагыг хавсаргажээ.

 

Нэхэмжлэгчийн хариу тайлбартаа хавсаргасан баримтууд нь СӨХ-ны төлбөрийн төлөхгүй байх талаар нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй ба, тэрээр 2006 оны 08 сараас хойш СӨХ төлбөрийг төлөхгүй талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Нэхэмжлэгч Т  СӨХ нь 2006 оны 08 дугаар сараас хойш СӨХ төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргажээ.

 

Уг нэхэмжлэл нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх эрхэд хамаарах бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдсон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилжээ.

 

Нэхэмжлэгч нь 2006 оноос хойш хариуцагчаас төлбөр төлөхийг шаардаж байсан эсэхээ баримтаар нотлоогүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хариуцагч Ж.Э-с 2017 оны 09 дүгээр сараас өмнөх СӨХ-ны төлбөрийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Т СӨХ-ны төлбөр 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар хүртэл 10.200 төгрөг, 2019 оны 4 дүгээр сараас 2020.07 сар хүртэл 17.400 төгрөгөөр тогтсон бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт /2017.09 сараас 2019.03. хүртэл 19 сар х 10.200 = 193.800 төгрөг/, /2019.04 сараас 2020.07 сар хүртэл 17 сар х 17.400 =295.800 төгрөг/ хариуцагч Ж.Э-с 489.600 төгрөг, нотариатын зардал 10.800 төгрөг, нийт 500.400 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-д зааснаар хариуцагч Ж.Э-с 500.400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т  сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.073.620 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-с 15.662 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т СӨХ-нд олгосугай.                            

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.СОЛОНГО