Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00450

 

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2021/00450

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 7............ оршин суух Б овогт До-ийн М /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан ................тоотод оршин суух Д  овогт Са-ийн Ц /РД:0000000-д холбогдох

хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М, хариуцагч С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.М нь С.Ц-тай 2010 онд танилцаж, 2011 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр охин Ц.С төрсөн. Охиноо төрөхөд бид Хан-Уул дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч охин маань эцгээрээ овоглосон. Бид зан харилцааны тохирохгүй байдлаас болж 2017 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин маань энэ жил 3 дугаар ангид суралцаж байгаа, миний бие зардлуудыг ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд эцэг С.Ц-гаас хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Ц шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Ц миний бие Д.М-ийн нэхэмжлэлийн дагуу охин Ц.С-д зохих ёсны тэтгэмж өгөхийг зөвшөөрч байна. Бид хамтран амьдарч байгаад 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр охин Ц.С төрсөн нь үнэн. Д.М нь жил гарангын хугацаанд бие муу байхад хаяад явсан. Би охиндоо хувцас, хичээлийн хэрэгслийг нь авч өгч байсан. Хүүхдийн тэтгэлгийг гар дээр нь өгмөөргүй байна. Аль нэг банканд данс нээж, хамтран эзэмшигчээр нь миний бие С.Ц болж, сар болгон зохих ёсны мөнгийг хийж, хууль ёсоор хянуулж байхыг хүсэж байна. Д.М нь данс болон мөнгийг захиран зарцуулах эрхгүй болно. Миний охин Ц.С нь 18 нас хүрээд тэр дансыг өөрөө захиран зарцуулах эрхтэй баймаар байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

зҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М, хариуцагч С.Ц нар 2010 онд танилцаж, улмаар хамтран амьдрах болсон байх ба тэдний дундаас 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр охин Ц.С төрсөн болох нь хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Гэвч талууд хоорондын зан харьцаа болон таарамжгүй байдлын улмаас 2017 оны 6 дугаар сараас хойш тусдаа амьдарч, охин Ц.С-г эх Д.М асран хүмүүжүүлж ирсэн бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй, хүүхдийн хичээлийн хэрэгсэл, хувцас, бусад зардлуудыг ганцаар хариуцахад хүндрэлтэй болсон гэсэн үндэслэлээр эцэг С.Ц-гаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шаарджээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч С.Ц-аар Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр охин Ц.С-д тэтгэлэг төлүүлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хүүхдийг тэтгэлэг нь хүүхдийн өдөр тутмын хэрэгцээнд зарцуулагдах үүрэгтэй тул хариуцагч С.Ц-гийн хүүхдийн тэтгэлгийг банканд данс нээн хадгалуулж, насанд хүрэх хүртэл нь захиран зарцуулах эрхгүй байхаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр асрамжийг шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Ц.С-аг эх Д.М-ийн асрамжид үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Ц.С-аг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Ц нь тэжээн тэтгэсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.М-гт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР