Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2021/00132

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 20 өдөр                         Дугаар 183/ШШ2021/00132                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ТЭ ХХК

 

Хариуцагч: Ч.О

 

Гэрээний үүргийн биелэлт 20.596.582 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э , нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “ТЭ” ХХК болон хариуцагч О нар нь 2019 оны 10-р сарын 17-ны өдөр GCG13-89 дугаартай “Авто зогсоол захиалгын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний 1.1-т заасан гэрээний зүйлийг нэхэмжлэгч нь О-т 22,900,000 төгрөгөөр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2, 2.3-т заасны дагуу хариуцагч нь 22,900,000 төгрөгийг нэхэмжлэгчид гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу гэрээний зүйлийг хариуцагч талд хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээсээ 18,162,874 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгчийг хохироож байна. Нэхэмжлэгч талаас удаа дараа хариуцагч талд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрөө төлөхийг мэдэгдэж, мэдэгдэл явуулж байсан боловч хариуцагч нь төлбөр төлөх арга хэмжээ авалгүй гэрээний зүйлийг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1-д “...Захиалагч нь энэхүү гэрээний 2 дахь эсэгт заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө." гэж заасан бөгөөд хариуцагч тал 2019 оны 11 сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гарах өдөр буюу 2020 оны 08 сарын 24-ны өдөр хүртэл нийт 268 өдрийн хугацаа хэтэрч өдрийн 9,081 төгрөгөөр нийт 2,433,708 төгрөгийн алданги төлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3, 2.2-д заасан гэрээний үүргийн “дэгдэл төлбөр 18,162,874 төгрөг, алданги 2,433,708 төгрөг, нийт 20,596,582 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох иргэн О-с гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч нь АП гэх компанитай зуучлалын гэрээ байгуулж, 13,000,000 төгрөгт авто машинаа өгөхөөр харилцан тохиролцсон. Үүнийг тус компани ажилтан Т.Л-той харилцан тохиролцсоны үндсэн дээр үлдэгдэл 5,162,874 төгрөгийг ‘’Э’’ ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Төлбөрөө төлсөн атлаа ашиглаж байна гэх тайлбарыг эсэргүүцэж байна. 2020 оны 10 дугаар сараас хойш бид уг гаражийг ашиглаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл бүтэн төлбөрөө төлж дууссаны дараа ашиглаж эхэлсэн юм. Алдангийн тал дээр мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч тал тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг үндэслэн нэхэмжилж байна. Хариуцагчийн зүгээс тус гэрээний 7.1 дэх заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202,5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл гэж үзэж байна. Учир нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй атлаа гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараах нөхцөлийг тусгасан бол эдгээр нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан. 202 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт эдгээр зардлыг хэт өндрөөр нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон. Яагаад энэ зүйл заалтад хамаарч байна вэ гэхээр  талуудын хооронд байгуулсан гэрээний хариуцлага хэсэг дээр  7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт захиалагч төлбөрөө төлөхгүй бол алданги төлөх нөхцөл байгаа. 7.2-т гүйцэтгэгч авто зогсоолыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаанаас хойш 45 хоногоос хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй ажлын үнийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө гэж заасан. Гэвч авто зогсоол хэзээ ашиглалтад оруулах вэ гэдгээ зааж өгөөгүй. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хугацаа заасан байдаг. Мөн гэрээний 1.1 дэх хэсэгт 3.1 дэх хэсэгт заасан хугацаанд барьж ашиглалтад оруулна гэж заасан байдаг боловч эцсийн хугацаа тогтоосон заалт биш юм. Захиалагч талд төлбөрийг нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг олгосон атлаа өөрсдөө хариуцлага хүлээх, алданги тооцох зохицуулалт ойлгомжгүй байна. Хариуцагч тал танай тал тус авто зогсоолыг ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн гэж маргах боломжгүй гэрээ байгуулсан байх тул алдангийг зохицуулж буй зүйл нь хүчин төгөлдөр бус байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“ТЭ” ХХК нь Ч.О-т холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 20.596.582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Авто зогсоол захиалгын гэрээ байгуулж, хариуцагч 22.900.000 төгрөгийг үнэ бүхий авто зогсоолыг худалдан авахаар тохирч, 2019.10.30-нд 11.450.000 төгрөг, 2019.11.30-нд үлдэх 11.450.000 төгрөг төлөхөөр тохирчээ. /хх-ийн 7-9 дүгээр тал/

 

Хариуцагч Ч.О гэрээ байгуулах үедээ 4.737.126 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 09 дүгээр сарын 15-нд 5.162.874 төгрөг, нийт гэрээний үнэд 9.900.000 төгрөг төлсөн. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр АП ХХК-тай зуучлалын гэрээ байгуулж, Тоёота ланд круйзер 70 маркийн 7100 УНЗ улсын дугаартай автомашиныг 13.000.000 төгрөгт тооцож нэхэмжлэгчид өгсөн гэж маргаж байна.

2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр А-20-79 дугаартай зуучлалын гэрээг АП ХХК, Б.Б  нар Ланд круйзер 70 маркийн 7100 УНЗ улсын дугаартай автомашиныг бусдад худалдан борлуулах, автомашиныг Б.Б-с актаар хүлээн авах, хүлээлгэн өгөх, холбогдох татвар, хураамж, торгууль, үзлэг оношилгоо хийлгэхээр гэрээгээр тохирчээ. /хх-ийн 29-30 дугаар тал/

 

Энэ гэрээний нэг тал болох Б.Б нь хариуцагчийн нөхөр бөгөөд АП ХК-тай байгуулсан зуучлалын гэрээний дагуу Ч.О-ийн “ТЭ” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр 13.000.000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Учир нь уг автомашиныг Б.Б  нь актаар хүлээлгэж өгөөгүй, холбогдох татвар, хураамж, торгууль болон үзлэг оношилгоо хийлгээгүй, одоо уг автомашиныг АП ХХК түүнд хүлээлгэж өгсөн талаар зохигч болон гэрчүүд шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

Иймд Ч.О-г авто зогсоол захиалгын гэрээний үнэ 13.000.000 төгрөгийг төлсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан авто зогсоол захиалгын гэрээ нь худалдан худалдан авах гэрээний харилцаа байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу алданги 2.433.708 төгрөг гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дулаан зогсоолын зөвшөөрлийн бичиг өгсөн бөгөөд үүнийг маргааны зүйл болох авто зогсоол ашиглах, СӨХ-оос чип олгох зөвшөөрөл гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс авто зогсоол ашиглаж байгаа тул хариуцагчаас энэ өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл алданги нэхэмжилсэн байх боловч дулаан зогсоолын зөвшөөрлийн бичгээр энэ үйл баримт үгүйсгэгдэж байна.

 

Иймд нэхэмжлэгчийн 2019.11.30-220.08.24-ний өдөр хүртэл алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагчаас 13.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.596.582 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Ч.О-с 13.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ТЭ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.596.582 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 261.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.О-с 222.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ТЭ” ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШЗ2020/16522 дугаар шүүгчийн захирамжийн биелэлт хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.СОЛОНГО