Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 102

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золзаяа, улсын яллагч Н.Амарсанаа, шүүгдэгч Ш.Төмөрбаатар, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:           

 Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дүгээр  зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лангандай овогт Шүрэнбаганын Төмөрбаатарт холбогдох эрүүгийн 201626023163 дугаартай, 186/2017/0127/э индекстэй  хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:              

Монгол улсын иргэн,  1998 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 5, хойд эцэг, эх, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 29 дүгээр гудамжны 361 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй улсаас авсан гавьяа шагналгүй, Лангандай овогт Шүрэнбаганын Төмөрбаатар /УХ98052430/, 

Холбогдсон хэргийн талаар:

Ш.Төмөрбаатар нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс 2016 оны 09 дүгээр сард Нэгдсэн Үндэсний байгууллагаас 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “ Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta tetrahydrocannabino/-ын агууламж бүхий каннабис /ТНС/ төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 2.66 грамм борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 29 дүгээр гудамжны 361 тоот өөрийн гэртээ, 2016 оны 11 дүгээр 23-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн” кароакед биедээ авч явж борлуулах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Ш.Төмөрбаатар мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр ярьсан учраас шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, нэмж мэдүүлэх зүйлгүй,  үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж  байна, дахин гэмт хэрэгт  холбогдохгүй, намайг хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Хоёр: Шүүгдэгчээс мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Буянзаяагийн:..Миний зээ хүү Төмөрбаатар нь Улаанбаатар хотод 1998 онд төрсөн. Төмөрбаатар нь бага насаа 70 дугаар цэцэрлэг болон гэрээр өвөө, эмээгийн гар дээр хүмүүжиж өссөн. Төмөрбаатарын аавынхан талаар би сайн мэдэхгүй, ээжээрээ овоглож явдаг, Төмөрбаатар нь 7 настайдаа 72 дугаар сургуульд элсэн орж, 2016 онд уг сургуулийнхаа 12 дугаар ангийг төгссөн.  Хичээл номондоо онц сайн сурдаг, нийгмийн идэвхи сайтай, төрөл бүрийн тэмцээнд оролцож амжилт гаргасан, хөл бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй, 12 дугаар анги төгсөөд их сургуульд орох бэлтгэлээ л хийж явсан.  Тэгээд л ийм хэрэгт холбогдчихлоо. Ээж нь хотын төв номын санд номын санчийн ажилтай гэх мэдүүлэг. /хх-51/,   

2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Шүрэнбаганын:..Миний хүү Төмөрбаатар нь Улаанбаатар хотод 1998 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн. Хүү маань багаасаа аавыгаа мэдэхгүй өссөн.  Эмээ, өвөө дээрээ өссөн хүүхэд байгаа юм.  Бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 8 настайдаа Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуульд элсэн орж уг сургуулийнхаа 12 дугаар ангийг төгссөн. Хичээл сурлага сайтай, багш хамт олны дунд нэр хүндтэй математикийн олимпидад олон удаагийн улсын аврага болж байсан,  сургуулиа 2016 онд төгсөөд Монгол үндэсний их сургуульд элсэн ороод өөрөө сургуулиа голоод Цагдаагийн академид орно гээд сургуулиасаа чөлөө авсан гэх мэдүүлэг. /хх-52/,   

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Цолмонгийн:..2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай нэг найзын төрсөн өдөр болсон, тэгээд дуудахаар нь би 3, 4 дүгээр хороололд  очсон,  караоке баар байсан бөгөөд бид нар тэнд архи, пиво уусан,  араас Төмөрбаатар ирсэн.  Тэгээд Төмөрбаатар бид хоёр найзын төрсөн өдрөөс салж явахаар болоод хоёулаа нэг газар суухаар шийдсэн. Ингээд  3, 4 дүгээр хороололын ахуйн үйлчилгээ гэх газрын ойролцоо кароакед ороод нэг мэдсэн Төмөрбаатар бид  хоёр муудалцсан. Тэр үед караокены хүмүүс цагдаа дуудаад цагдаа нар бид нарыг Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтэст саатуулах байранд саатуулсан.  Маргааш нь саатуулах байрнаас бид нарыг нэг цагдаа аваад биед үзлэг хийсэн бөгөөд Төмөрбаатар өмсөж явсан цагаан өнгийн куртикнийхээ дотор талын халааснаас нэг ууттай зүйл гаргаж ирээд надад ийм өвс байгаа гэж хэлж байсан.  Тэрийг нь цагдаа нар хурааж авсан гэх мэдүүлэг. /хх-53/,           

2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Баасанбаатарын:.. Ш.Төмөрбаатарыг хар тамхи, мансууруулах бодис биедээ хадгалсан байж болзошгүй гэж эрүүлжүүлэх байрнаас хүлээн авч шалгалтын ажиллагаа явуулсан. Ш.Төмөрбаатарын биед үзлэг хийх явцад түүний куртикний халааснаас цагаан өнгийн ууттай нунтаг хатаасан ургамал мэт зүйл гарсан бөгөөд түүнийг жинлэх шаарлага гарсан. Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст албаны албан ёсны баталгаат жин байдаггүй учир үзлэгийн явцад Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урд талд байрлах  хүнсний дэлгүүрийн электрон жин дээр жинлэхэд 10 грамм болсон.  Тухайн үеийн явцыг манай шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн аваагүй, харин хураагдсан бодисын зургийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан.  Уг дэлгүүрийн жин нь хүнсний зүйл жинлэх зориулалт бүхий нарийвчлалгүй батлагаатай эсэх нь тодорхойгүй жин байсан.  Тэгээд би уг үйлдлийг материалжуулан мөрдөн байцаагч Очир-Эрдэнэд эд мөрийн баримтын хамт хүлээлгэн өгсөн.  Түүнийг мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Очир-Эрдэнэ тэр чигт нь шинжилгээнд хүргүүлсэн байсан гэх мэдүүлэг.           /хх-54/, 

2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Дөлгөөний:.. Төмөрбаатар бид  хоёр багын найзууд, цуг хөлбөмбөг тоглодог байсан.  Тэр өдөр манай найзын төрсөн өдөр болоод намайг дуудсан 3, 4 дүгээр хорооллын ахуйн үйлчилгээ гэх газар караокед төрсөн өдөр болж байсан.  Намайг очиход төрсөн өдрийн эзэн Төгөлдөр, Төмөрбаатар, Амарболд нар байсан бөгөөд намайг тооцоо хийх гээд гарч яваад буцаад нөгөө караокед ирэхэд цагдаа нар ирчихсэн Амарболд, Төмөрбаатар нарыг шалгана гээд аваад явсан. Миний анзаарснаар бол Төмөрбаатар, Амарболд нар маргалдсан юм шиг байсан гэх мэдүүлэг. /хх-55/,  

2.6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 53 тоот актын:

1. 2. Шинжилгээнд ирүүлсэн шар ногоон өнгөтэй, хатаасан ургамал мэт зүйл дельта тетрагидроканнабинол / delta -9 tetrahydrocannabinol/-ын агууламж илрэв.

3. Дельта-9 тетрагидроканнабинол / delta -9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын конвенцийн жагсаалтанд багтдаг болно. 

4. Дээрхи шинжилгээнд хүргүүлсэн ургамал мэт зүйл нь ургамал мөн эсэх нь хэрэв мөн бол хаана ургадаг хүний бие сэтгэцэд ямар өөрчлөлт үзүүлэх эсэх гэсэн асуулт нь манай лабораторийн хүрээнд хамаарахгүй болно. Химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цогтбаяр гэсэн дүгнэлт. /хх-58/,

2.7. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 98 тоот дүгнэлт

1. Ш.Төмөрбаатар нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт нотолгоо байхгүй байна.

2. Одоо Ш.Төмөрбаатар нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Ш.Төмөрбаатар нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4. Ш.Төмөрбаатар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.  Ш.Төмөрбаатар нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Ш.Төмөрбаатар мансууруулах донтой эсвэл мансууруулах бодисын хамааралгүй байна. Комиссын дарга Д.Дэжидмаа/ тэргүүлэх зэргийн эмч/, гишүүн Б.Энхчимэг / тэргүүлэх зэргийн эмч/, илтгэгч С.Мөнхтуяа / тэргүүлэх зэргийн эмч/ гэх дүгнэлт  /хх 61-62/,

2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 10303 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн Ц.Амарболд зүүн гарын эрхий хурууны хумс Ц.Амарболд зүүн гарын долоовор хурууны хумс, Ц.Амарболд зүүн гарын дунд хурууны хумс, Ц.Амарболд зүүн гарын ядам хурууны хумс, Ц.Амарболд зүүн гарын чигчий хурууны хумс, Ц.Амарболд баруун гарын дунд хурууны хумс, Ц.Амарболд баруун гарын ядам хурууны хумс, Ц.Амарболд баруун гарын чигий хурууны хумс, гэсэн хаягтай, хумснуудын мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй байна. Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн дүгнэлт  /хх-63/,

2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 10302 тоот актын:

1. Шинжилгээнд ирүүлсэн Ш.Төмөрбаатар зүүн гарын эрхий хурууны хумс, Ш.Төмөрбаатар зүүн гарын долоовор хурууны хумс, Ш.Төмөрбаатар зүүн гарын дунд хурууны хумс, Ш.Төмөрбаатар зүүн гарын ядам хурууны хумс, Ш.Төмөрбаатар зүүн гарын чигчий хурууны хумс, Ш.Төмөрбаатар баруун гарын эрхий хурууны хумс, Ш.Төмөрбаатар баруун гарын долоовор хурууны хумс, Ш.Төмөрбаатар баруун гарын дунд хурууны хумс, Ш.Төмөрбаатар баруун гарын ядам хурууны хумс, Ш.Төмөрбаатар баруун гарын чигчий хурууны хумс гэсэн хаягтай хумснуудаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрэхгүй байна.  Химийн ахлах шинжээч, цагдаагийн хошууч До.Золзаяа гэсэн дүгнэлт. /хх-66/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 16-22/, эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 48-50/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 53 тоот  дүгнэлт /хх-58/, шүүх сэтгэц эмгэг судлалын 98 тоот дүгнэлт /хх-61/, Ш.Төмөрбаатарыг сэжигтнээр тооцсон тогтоол, тэмдэглэлүүд /хх 76-78/, Ш.Төмөрбаатарыг  яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэлүүд /хх 79-81/, Ш.Төмөрбаатарын  иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг,  өргөмжлөлүүд, зэрэг хувийн  байдлыг  тогтоосон  бусад нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.

Дээрхи хуульд заасан журмын  дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: энэ хэрэгт мөрдөн байцаалтын  шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын  шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах  үйл баримтуудыг тогтоов.

Ш.Төмөрбаатар нь  Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс 2016 оны 09 дүгээр сард Нэгдсэн Үндэсний байгууллагаас 1971 оны 2 дугаар сарын 21-ний өдөр баталсан “ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta tetrahydrocannabino/-ын агууламж бүхий каннабис /ТНС/төрлийн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх 2.66 грамм бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, согоотын 29 дүгээр гудамжны 361 тоот өөрийн гэртээ, 2016 оны 11 дүгээр 23-ны өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түмэн” нэртэй кароакед биедээ авч явж борлуулах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, Ш.Төмөрбаатарын биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд,  эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, тэмдэглэлүүд, фото зураг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Ш.Төмөрбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Ш.Төмөрбаатар нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Төмөрбаатарт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ш.Төмөрбаатарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар  олж авсан,  хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг  баримтлан ял, эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1.,55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан хуулинд заасан баривчлах ялыг оногдуулах зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн №1 гэж дугаарласан ногоон өнгийн судалтай ууттай, уутны хамт 5.0 грамм жинтэй хар ногоон өнгийн ургамал /цэвэр жин 2.66 грамм/  зэрэг эд зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгахаар, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь  бусдад  төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лангандай овогт Шүрэнбаганын Төмөрбаатарыг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,  хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Төмөрбаатарыг 3 /гурван/ сар 10 /арав/ хоногийн  хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Ш.Төмөрбаатарт оногдуулсан 3 /гурван/ сар 10 /арав/ хоногийн  хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  88 дугаар  зүйлийн  88.1.3 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн  баримтаар  хураагдаж ирсэн №1 гэж дугаарласан ногоон өнгийн судалтай ууттай, уутны хамт 5.0 грамм жинтэй хар ногоон өнгийн ургамал /цэвэр жин 2.66 грамм/  зэрэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгасугай.

6. Шүүгдэгч Ш.Төмөрбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Ш.Төмөрбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгсөн таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Төмөрбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БАТЖАРГАЛ