Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0493

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б*********-н Б*********,

Нэхэмжлэгч: О*********-н Н*********,

Нэхэмжлэгч: Э*********-н М*********,

Нэхэмжлэгч: Б*********-ны Д*********,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М*********,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв,

Хариуцагч Баянзүрх дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж*********,

Хариуцагч Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Е*********, Ч.О*********, У.А*********,

Гуравдагч этгээд: “И*********” сууц өмчлөгчдийн холбоо,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч: А.А*********,

Маргааны төрөл: “И*********” сууц өмчлөгчдийн холбоонд олгосон гэрчилгээ, тус холбооны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг бүртгэсэн бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*********, хариуцагч Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ч.О*********, гуравдагч этгээдийн төлөөлөгч А.А*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч нараас Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвд холбогдуулан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Их Монгол хорооллын сууц өмчлөгчдийн холбоонд олгосон шинэ гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа “”И*********” сууц өмчлөгчдийн холбоонд олгосон 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 381 дүгээр гэрчилгээ, удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай гэж тодруулсантай холбоотойгоор тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1019 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татаж оролцуулжээ.

2.  Их Монгол хорооллын сууц өмчлөгчдийн холбооны 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/2015 дугаар тогтоолоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, удирдах зөвлөлийн гишүүдээр М.Р*********, П.А*********, А.Г,********* Ц.Ц*********, Б.С*********, Б.Д*********, Н.Б********* нарыг, хяналтын зөвлөлийн гишүүдээр Т.Д*********, Д.Э*********, Б.С*********, А********* нарыг томилж, сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор удирдах зөвлөлийн даргаар А.Г*********-г, гүйцэтгэх захирлаар П.А*********-г, хяналтын зөвлөлийн даргаар Б.С********* нарыг тус тус томилсны дагуу Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвд 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгож өгөхийг хүсэж өргөдөл гаргажээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 222 дугаар гэрчилгээг Их Монгол хорооллын 901, 902, 903, 904, 905 дугаар байрны “И*********” сууц өмчлөгчдийн холбоонд олгож, гүйцэтгэх захирлаар П.А*********-г бүртгэсэн байна.

3.  “И*********” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн ээлжит бус хурлын 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн БГ2020/1224/01 дүгээр тогтоолоор тус сууц өмчлөгчдийн холбооны ТУЗ-ийн гишүүдээр А.У*********, Д.Б*********, Ц.Г*********, Х.А*********, Б.С********* нарыг, хяналтын зөвлөлийн гишүүдээр Б.Б*********, С.О*********, С.Б********* нарыг тус тус томилсныг дэмжих эсэх талаар Их Монгол хорооллын нийт 732 айлын дунд санал асуулга явуулахад 510 айл оролцож, 506 айл дэмжиж, 4 айл дэмжээгүй байна.

Улмаар удирдах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн УЗ2020/1225/01 дүгээр тогтоолын дагуу тус сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргаар А.У*********-г, хяналтын зөвлөлийн даргаар Б.Б*********-г тус тус томилсон байна.

Харин тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар А.А*********-г удирдах зөвлөлийн 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн УЗ2021/0227/01 дүгээр тогтоолоор томилжээ.

Улмаар “И*********” сууц өмчлөгчдийн холбооны ТУЗ-ийн гишүүдийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ээлжит бус хурлын шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвд 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр тус сууц өмчлөгчдийн холбооны 222 дугаар гэрчилгээ, 1115313362 дугаартай тамгыг тус тус хүчингүйд тооцуулсан тул шинээр гаргуулахаар ханджээ.

4. Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/06 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээнд нууцлал байхгүйн улмаас хуурамч гэрчилгээ ашиглан оршин суугчдад санхүүгийн болон эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдол бүртгэгдэх болсон тул гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлэлтийг хийн шинэчилсэн байна.

Үүний дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хорооллын 901, 902, 903, 904, 905 дугаар байрны “И*********” сууц өмчлөгчдийн холбоонд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 381 дүгээр гэрчилгээг олгож, Удирдах зөвлөлийн хурлын 032021/0227/01 дүгээр тогтоолыг үндэслэн А.А*********-г тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байна.

5. Иргэн Б.Б*********-с Баянзүрх дүүргийн Засаг даргад 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, мөн Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв, тус дүүргийн Засаг даргад 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус тус бүх гишүүдийн хурлыг хуралдуулалгүй, хуулийн шаардлага хангахгүй баримт бүрдүүлэн авсан “И” сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, улмаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

6. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

“1/ Нэхэмжлэгч Б.Б*********, О.Н*********, Э.М*********, Б.Д********* бид Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хорооллын 905 дугаар байрны 31, 902 дугаар байрны 52, 904 дүгээр байрны 87, 901 дүгээр байрны 76 тоотод оршин суугч, тус орон сууцны өмчлөгч, сууц өмчлөгчдийн холбооны гишүүд мөн.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4-д тус тус зааснаар Их Монгол хорооллын нэр бүхий оршин суугчид 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 50 орчим гишүүнтэй хурлыг бүх гишүүдийн хурал хуралдуулсан мэтээр баримт бүрдүүлэн, өөрсдийгөө удирдах зөвлөлийн гишүүдээр тодорхойлсон.

Хэвийн явагдаж байсан хууль ёсны буюу хуучин сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг доголдуулж, хотхон, хорооллын цэвэрлэгээ үйлчилгээ, хог тээвэр, цахилгаан хангамж, лифт цэвэрлэгээ, тос тосолгоо, ариутгал халдваргүйжүүлэлт гэх өдөр тутмын үйл ажиллагаа хийгдэхээ болиод байна. Шинэ сууц өмчлөгчдийн холбооны удирдлагууд нь цэвэрлэгч, үйлчлэгч, харуулуудын цалин хөлсийг өгөхгүй 2 сар болсон гэж сонссон бөгөөд, ийнхүү цалингүй болсон үйлчлэгч, харуулууд ажлаа хийхээ больж, Их Монгол хорооллын оршин суугчид хог шороондоо дарагдсан, бохир заваан орчинд амьдрах болсон. Ковид өвчний үед орц, талбайн ариутгал халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ үйлчилгээ зэрэг доголдсоны улмаас өвчлөл гарах, оршин суугч миний, бидний эрх зөрчигдөх эрсдэлтэй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч бид хуульд зааснаар бүх гишүүдийн хурлын саналын эрхтэй орон сууц өмчлөгч болохынхоо хувьд өөрийн оролцооны эрхээ хязгаарлуулж, зөрчүүлсэн байна. Улмаар хууль бусаар байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбооны урагшгүй үйл ажиллагааны улмаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, ашиглах эрх маань зөрчигдөж, цаашлаад амьд явах эрх маань ч зөрчигдөх эрсдэл, аюул бий болоод байна. Оршин суугч бид шинэ сууц өмчлөгчдийн холбооны хангалтгүй үйл ажиллагааг захиргааны байгууллагын буруутай үйл ажиллаагаа, шийдвэртэй холбоотой гэж үзэж байгаа тул бүх гишүүдийн хууль ёсны хурлыг хуралдуулалгүй, өөрсдийгөө удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх захирал гэж хуулийн шаардлага хангахгүй баримт бүрдүүлэн авсан сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг хүчингүй болгуулахаар маргаж байна. Энэхүү гэрчилгээ нь оршин суугчиид бидний (нийт хотхоны оршин суугчид бидний нэгэн адил шинэ сууц өмчлөгчдийн холбоо гэгчийн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа) Үндсэн хууль, Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар баталгаажуулсан эрх, бүрэн эрхийг зөрчсөн, өдөр тутмын амьдралд маань хор уршиг, сөрөг үр дагавар учруулж байгаа болохыг онцгойлон дурдахыг хүсэж байна.

2/ Хорооллын оршин суугчид, хууль ёсны хуучин сууц өмчлөгчдийн холбооны хүмүүс хамтран 2021 оны 08 дугаар сард сууц өмчлөгчдийн холбооны гишүүдээс авсан судалгаагаар 38 хувь нь Удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлаар томилогдсон гэх хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй, дэмжихгүй гэдгээ илэрхийлж, 45 хувь нь дахин бүх гишүүдийн хурлыг хуралдуулах нь зүйтэй гэж үзэж байжээ.

Өөрөөр хэлбэл нийт оршин суугчдын 63 хувь буюу 461 хүний саналаас 84 хувь нь хууль бусаар томилогдсон удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ. Ийм байхад оршин суугчдын олонхын саналаар эдгээр хүмүүс томилогдсон байх учиргүй, хариуцагчийн бүртгэл, гэрчилгээг хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл болно.

Иймд “И*********” сууц өмчлөгчдийн холбоонд олгосон 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 381 дүгээр гэрчилгээ, удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулж өгнө үү.” гэжээ.

7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Удирдах зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийн асуудал нь нийт гишүүдийн 50-иас дээш хувийн ирцтэй хуралдсан хуралдаанаар шийдвэрлэх журамтай. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүх гишүүдийн хурал хийсэн гэж тэмдэглэл үйлдэж, үүндээ 50 гишүүн оролцуулсан гэж тэмдэглэлд тодорхой дурдагдсан. Энэхүү тэмдэглэлийг Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвд өгөөд үүнээс 8 сарын дараа гэрчилгээ гаргуулан авч зохих бүртгэлийг хийлгэсэн. Хуульд 50-иас дээш гэдэг ирцийн шаардлагыг хангаагүй бол бүх гишүүдийн хурал хүчин төгөлдөр бус гэж үзэхээр зохицуулалт байна. Энэхүү хуулийн зохицуулалтын дагуу 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хурлыг хүчин төгөлдөр бус хурал, хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр биш гэж дүгнэх үндэслэлтэй байна. Гэтэл энэ хууль бус тогтоол, шийдвэрийг үндэслэж захиргааны үйл ажиллагаа хийгдэж хууль бус бүх гишүүдийн хурлын шийдвэрийг эрх зүйн үр дагавартай болгож байна. Ийнхүү хууль бусаар томилогдсон удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн гишүүд, цаашлаад гүйцэтгэх захирал нь сууц өмчлөгчдийн холбоог удирдах, хариуцах эрх бүхий этгээдүүд биш юм.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд Хөгжлийн төв гэдэг тухайлан сууц өмчлөгчдийн холбооны асуудлыг хариуцаж, шийдвэрлэх эрхтэй байгууллагыг тодорхойлсон, бүрэн эрхийг хуулиар зохицуулагдаагүй. Тус хуулийн 18 дугаар зүйлд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлоод Засаг дарга сууц өмчлөгчдийн холбоо, удирдах зөвлөл, гүйцэтгэх захирлыг бүртгэх бүртгэлийн асуудлыг хянаад нийт эрхийг тодорхой хэмжээнд гүйцэтгэх бүрэн эрхтэй субъект байна. Бусад дүүргүүдэд байдаггүй, ганцхан Баянзүрх дүүрэгт байдаг энэ байгууллага үйл ажиллагаа явуулаад гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүдийг бүртгэж, сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд хуулиар олгогдоогүй эрхийн хүрээнд оролцож байгааг захиргааны том бүдүүлэг алдаа, байж боломжгүй хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Саналын хуудас явуулаад, дэмжинэ дэмжихгүй гэж санал авахыг хуулиар зөвшөөрч зохицуулсан зохицуулалт байхгүй. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2-т, Захиргааны ерөнхий хуулийн 4.1.2-т заасан хууль дээдлэх энэ зарчмыг тодорхойлж байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга, Хөгжлийн төв хуульд үндэслэсэн үйл ажиллагаа явуулсан уу гэхээр үгүй болж байгаа юм. Саналын хуудас яагаад авч болохгүй вэ гэдэгт бодит тайлбар хэрэгт авагдсан байна. Тухайн үед одоогийн удирдах зөвлөлийг бүртгэнэ, дэмжинэ гээд санал өгсөн гэх хүмүүс дараа нь дахин санал авахаар дэмжихгүй бүх гишүүдийн хурал хуралдуулах нь зүйтэй гэдэг саналыг дийлэнх нь өгөөд байна. Тэгэхээр хэн санал авахаар очиж байна, саналаа юу гэж танилцуулж байна гэдэг нь ойлгомжгүй байна. Бодит бус мэдээлэл дээр үндэслээд тухайн хүн гарын үсэг зурж байхыг үгүйсгэхгүй. 

Одоогийн удирдах зөвлөл хүчингүй болсноор дахиад бүх гишүүдийн хурал хуралдуулах үр дагавар бий болох ёстой гэж үзэж байна. Түүгээр зүй ёсоор оршин суугчдаас санал авч, итгэлийг хүлээж чадсан хүмүүс удирдах зөвлөлөөр томилогдоод явах ёстой. Ер нь нэхэмжлэгч нарын хүсээд байгаа зүйл нь хуучин сууц өмчлөгчдийн холбоо байх ёстой ч биш, одоогийн сууц өмчлөгчдийн холбоо нь ч байх ёстой биш. Ер нь энэ оршин суугчдын хувьд бүх гишүүдийг хуралдуулаад зүй ёсны удирдах зөвлөлийн гишүүдийг томилох ёстой юм байна. Ингэснээр тухайн үйл ажиллагаа гишүүд саналаа өгөх боломжтой гэж үзэж байна.” гэв.

8. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж********* татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Их Монгол хорооллын оршин суугчид 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бүх гишүүдийн хурал хуралдуулж сууц өмчлөгчдийн холбооны удирдах болон хяналтын зөвлөлийг хуулийн дагуу сонгож байгуулсан байна

Нэхэмжлэгч нарт хуульд зааснаар оршин суугчдын төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар холбоог өөрчлөн байгуулах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэхээр заасан.

Харин хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-д зааснаар сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс гүйцэтгэх захирал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Мөн 10 дугаар зүйлийн 10.10.7-д Удирдах зөвлөлийн дарга энэ хуулийн 12.6-д заасан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулжээ

Дээрх хуулийн 13 дугаар зүйлд сууц өмчлөгчийн эрх, үүргийг зохицуулж өгсөн бөгөөд сршин суугчдыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй болно.

Иймд нэхэмжлэгч нар нь хуулиар эрх олгогдоогүй асуудлаар нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

9. Хариуцагч Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Е татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: 

Манай байгууллага 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр "И*********” сууц өмчлөгчдийн холбоог бүртгэн 222 дугаар гэрчилгээг олгожээ. Үүний дараа 2021 онд байгууллагын даргын тушаалаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сууц өмчлөгчдийн холбоон гэрчилгээг үнэт цаасан дээр хэвлүүлэн нууцлал бүхий болгож шинэчилсэн ба тухайн сууц өмчлөгчдийн холбоонд 381 дүгээр гэрчилгээг олгожээ. Одоогоор манай байгууллагад 26 дугаар хороонд шинэ сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан гэсэн мэдээлэл байхгүй, манайд албан ёсоор бүртгүүлээгүй байгаа тул ямар нэг баримт гаргаж өгөх боломжгүй байна.

Хэрэв 26 дугаар хороонд шинэ сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй бол манай байгууллагад албан ёсоор бүртүүлэх ёстой ба хууль бус үйл ажиллагаа явуулж байх боломжтой тул тусад нь шалгуулах шаардлагатай.” гэжээ. 

10. Хариуцагч Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талаас шинэ сууц өмчлөгчдийн холбоо гэж нэхэмжлэл гаргаж байсан. Энэ бол анхнаасаа байсан сууц өмчлөгчдийн холбоо юм. Үргэлжлүүлээд дараагийн удирдлагууд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хүрээнд чөлөөлөгдөж, сонгогдоод үйл ажиллагаагаа явуулж байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх барих дээд байгууллага нь сууц өмчлөгч нар байдаг. Биднийг бүртгэснээс хойш энэ асуудал хэдэн ч удаа өөрчлөгдөхийг таашгүй. Хуулийнхаа хүрээнд жилд 2-с доошгүй буюу хэдэн ч удаа хуралдаж өөрчлөгдөж болно. Тэгэхээр анхны бүртгэсэн бүрэлдэхүүнээрээ байна гэдгийг нотлоход хэцүү. Сууц өмчлөгчдийн холбоог бид бүртгэдэг байгууллага. Анхан шатны бүртгэлээ хийгээд дүүрэг рүү явуулдаг. Дүүргээс гэрчилгээ гаргаж олгодог. Бид анхнаасаа шалгаж үзэж байсан. Хүмүүсийн материалыг аваад шууд бүртгэдэг зүйл биш. Энэ сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа доголдсон. Сууц өмчлөгчдийн холбоо удирдах зөвлөлтэй, хяналтын зөвлөлтэй, гүйцэтгэх захиралтай байдаг. Бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу хуульд заасан бүрэн бүрэлдэхүүнээрээ байж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна гэж үзэх боломжтой. Энэ байдал алдагдсан байсан. Сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчид, гишүүд хурлаа хийгээд албан ёсоор удирдах зөвлөл, хяналтын зөвлөл болон гүйцэтгэх захирлаа томилж тогтоолоо манайд ирүүлсэн учраас бүртгэл хийгээд явуулсан. Бид хууль зөрчсөн зүйл хийгээгүй гэж хэлмээр байна.” гэв.

11. Гуравдагч этгээдийн төлөөлөгч А.А********* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ““И*********” сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг тасалдуулах, зогсоох зорилгоор өөрсдийгөө өмчлөгч, холбооны гишүүн гэж үзээд байгаа энэ 4 иргэнээс бусад 728 өмчлөгчийн нэрийн өмнөөс холбооны үйл ажиллагааг таслан зогсоох эрхтэй юу гэдэг асуудал яригдана. Анхнаасаа Б.Б*********-с бусад 3 иргэн “И*********” хороололд харьяалагдах хамаарах орон сууцны өмчлөгчид биш байсан. Өмчлөгч биш гэдэг нь манай холбооны гишүүн биш буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэсэн үг. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Б.Б********* өөрийн өмчлөлийн байрыг худалдан борлуулаад манай холбооны гишүүн биш болсон байна. Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа доголдож хэвийн үйл ажиллагаа явуулахгүй, удирдлага солигдсоноос яаж хохирсон гэдэг нь ойлгомжгүй байна. 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар холбоо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банканд харилцах данстай байна гэж заажээ. Үүнд гэрчилгээтэй байна гэж заагаагүй байна. Гэрчилгээг бүртгэлийг бүртгэж авсныг баталгаажуулж дүүргийн Хөгжлийн төв, Засаг дарга, хуульд заасан эрх бүхий субъект олгож байгаа нь эрх зүйн үр дагавар байхгүй. Гэрчилгээ авснаар тамга тэмдэг авч ашиглаж байна гэсэн үг биш. Улсын бүртгэлийн тухай хууль, Тамга тэмдэг хэрэглэх журмын тухай хуульд ахуйн нэгж байгууллага олон нийтийн байгууллага тамга тэмдэг хүсэж байгаа бол эрх бүхий этгээд, удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэр, гүйцэтгэх захирлын тушаал шийдвэрээр, хаягдаж гээж үрэгдүүлсэн бол сонин, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан зар сонины дугаар мөнгө төлсөн баримттайгаа, хэрвээ алдагдсан хулгайлагдсан бол цагдаагийн байгууллагад бүртгүүлээд бүртгүүлсэн тухай бичиг зэргийг үндэслээд дахин олгох процесс явагддаг. Энэ гэрчилгээг дүүргийн Хөгжлийн төв, дүүргийн Засаг дарга олгосон нь ийм бүртгэлтэй, ийм нэртэй, ийм удирдах зөвлөлтэй, ийм өдөр худалдсан хүмүүс үйл ажиллагаа явуулж байгаа юм байна шүү гэдгийг тодорхой болгох, хяналт тавих зорилгоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.3, 18.1.4-д заасны дагуу өөрсдөө дотооддоо зохицуулалт хийгээд бүртгэснийг баталгаажуулаад гэрчилгээ олгож байна. 

Бид байгууллагын тамгатай, хэвлэмэл хуудастай байхад банканд данстай, үйл ажиллагаа явуулах эрхтэй байна. Тэмдэг дарснаар өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж явах ёстой. Сууц өмчлөгчдийн холбооны дотоод үйл ажиллагаа явуулахад гишүүн оролцож үүрэг хүлээхгүй. Сууц өмчлөгчдийн холбоо оршин суугчдын өмнө ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээсэн байвал хэн нэгэн гишүүн үүрэхгүй гэж тодорхой заасан байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй гэсэн байна. 

Бидэнд байгаа баримтаар нэхэмжлэгч Б.Б********* нэхэмжлэл анх гаргаж байх үед холбооны хууль ёсны гишүүн мөн байсан. Одоо биш болсон. Б.Б********* нь хавтас хэрэгт авагдсан баримтаар эхнэр буюу хамтран өмчлөгч н.Н********* хоёр хоёулаа энэ хурлаас сонгогдож байгаа удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг дэмжинэ, хүлээн зөвшөөрнө гээд 9914 эхэлсэн утасны дугаараа бичээд гарын үсгээ зурсан байна. Үүнээс харах юм бол энэ хүний эрх зөрчигдөөгүй байна. Дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар хуралд оролцоогүй эсхүл оролцсон байгаад эсрэг санал өгсөн байгаа нь энэ хүний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна. 

Б.Д********* гарын үсэг зурсан байдаг. Б.Д********* бол н.Д********* гэдэг хүний эхнэр юм. н.Д********* гэдэг хүн “И*********” хорооллыг барьсан “И*********” ХХК-ийн ажилтан багаад 51 хүнтэй болсон гэх анхны хурлаар хяналтын зөвлөлийн даргаар сонгогдож орж ирсэн. Б.Д********* гэдэг хүн н.Д*********-н гэр бүлийн хүн болохоос албан ёсны өмчлөгч биш. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд буюу О.Н*********, Э.М, Б.Д********* нар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Б.Б********* нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байсан боловч нүүгээд явсан байна. “И*********” сууц өмчлөгчдийн холбоо 732 гишүүнтэй. Энэ 732 гишүүнээс хурлыг хууль бус, бүх гишүүдийн хурал болсон болоогүй, саналаа өгсөн өгөөгүй, хууль ёсны мөн биш гэдэг эрхийн энэ 4 хүн эдлэх үү. Үлдсэн 728 өрх ямар нэгэн байдлаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлээгүй байхад энэ 4 хүний гаргасан гомдлоор хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлийг хүчингүй болгох боломжтой юм уу. Энэ бүхнийг шүүх анхаарч үзнэ үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

  1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Б.Б********* Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хорооллын 905 дугаар байрны 31 тоотын өмчлөгчөөр бүртгэлтэй байсан боловч 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ иргэн З.Б*********-д шилжүүлсэн болох нь;

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хорооллын 901 дүгээр байрны 76 тоотын өмчлөгчөөр Т.Д********* бүртгэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч Б.Д*********, тус байрны Т.Д********* нар гэр бүлийн хүмүүс болох нь;

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хорооллын 904 дүгээр байрны 87 тоот нь улсын бүртгэлд бүртгэлгүй боловч нэхэмжлэгч  Э.М********* тус орон сууцыг захиалгаар бариулах гэрээтэй, оршин суудаг болох нь;

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их Монгол хорооллын 902 дугаар байрны 53 тоот нь улсын бүртгэлд бүртгэлгүй боловч нэхэмжлэгч  О.Н********* тус орон сууцыг захиалгаар бариулах гэрээтэй, оршин суудаг болох нь тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.”Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна.” гэж зааснаар нэхэмжлэгч нарыг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ. 

Харин нэхэмжлэгч Б.Б********* “И*********сууц өмчлөгчдийн холбоонд харьяалагдах орон сууцны өмчлөгч биш болсноор нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс үл хамаарч сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй болсныг дурдах нь зүйтэй. 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.”Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3.”"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” 13 дугаар зүйлийн 13.1.”Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл аливаа сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй байх тул “И*********” сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал хуралдуулаагүй, хурал хүчин төгөлдөр байх ирц хүрээгүй, шийдвэр гаргаагүй зэрэг асуудал хуульд нийцсэн эсэхийг үнэлж дүгнэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагаас гаргасан мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэрлэдэг. 

Гэтэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3."сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог;”, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3.”Сууц өмчлөгчдийн холбоо хуулийн этгээдийн эрхгүй байна.” гэж зааснаар сууц өмчлөгчдийн холбоо нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагад хамаарахгүй тул энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3-д дурдсан “И*********” сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд захиргааны шүүх дүгнэлт өгөх үндэслэлгүй.

  1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:”, 18.1.1.”холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх;” 18.1.2”.холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих;”, 18.1.3”.холбооны үйл ажиллагааг дэмжих;” гэж заажээ.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/38 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн “Дүүргийн хөгжлийн төв” орон  нутгийн өмчит үйлдвэрийн газрыг “Д*********” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж дүрмийг баталсан байна. Тус дүрмийн 6.4.”СӨХ-г бүртгэж, гэрчилгээ олгох, гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах” гэж чиг үүргийг тодорхойлсон байна. 

Хэрэгт авагдсан “И*********” сууц өмчлөгчдийн холбооны 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 381 дүгээр гэрчилгээнд дүүргийн Засаг дарга гарын үсэг зурж тамга дарсан болох нь тогтоогдож байх бөгөөд хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Мөн тодорхойлох хэсэгт дурдсанчлан “И*********” сууц өмчлөгчдийн холбоонд 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 381 дүгээр гэрчилгээг олгож Удирдах зөвлөлийн 032021/0227/01 дүгээр тогтоолыг үндэслэн А.А*********-г тус сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Учир нь дээр дурдсанаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор өөрчлөн байгуулагдсан Баянзүрх дүүргийн “Д*********” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, гэрчилгээ олгох, гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах чиг үүргийг олгосон тул Баянзүрх дүүргийн “Д*********” “И*********” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг бүртгэснийг буруутгах боломжгүй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 18.1.3-д заасантай нийцсэн гэж үзлээ. 

Өөрөөр хэлбэл сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлыг сонгосон Удирдах зөвлөлийн тогтоол хүчинтэй тул гүйцэтгэх захирлыг бүртгэсэн хариуцагчийн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэгч нарын “”И*********” сууц өмчлөгчдийн холбоонд олгосон 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 381 дүгээр гэрчилгээ, гүйцэтгэх захирлыг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... манай байгууллага сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийг бүртгэдэггүй, гүйцэтгэх захирлыг бүртгэсэн” гэж тайлбарлаж байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “И*********” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийг бүртгэсэн нь тогтоогдохгүй байна. 

Мөн Иргэний хууль дахь сууц өмчлөгчдийн холбооны талаарх зохицуулалт болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиас үзвэл сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийг Засаг дарга болон түүний Тамгын газар бүртгэх талаар зохицуулаагүй байна. 

Нэгэнт удирдах зөвлөлийг бүртгэсэн бүртгэл байхгүй, удирдах зөвлөлийг бүртгэдэггүй байх тул захиргааны хэргийн хянан шийдвэрлэх захиргааны акт буюу үйлдэл байхгүй тул нэхэмжлэгч нарын “”И*********” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.3, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-д заасныг тус тус баримтлан Б.Б*********, О.Н*********, Э.М*********, Б.Д********* нараас Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвд холбогдуулан гаргасан  ““И*********сууц өмчлөгчдийн холбоонд олгосон 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 381 дүгээр гэрчилгээ, гүйцэтгэх захирлыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.2-т зааснаар нэхэмжлэгч нарын “”И*********” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.ДАМДИНСҮРЭН