Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1377

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00759 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С” ХХК-д холбогдох

 

Илүү төлсөн талбайн үнэ 20 223 ам.доллар буюу 45 451 596 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Н- нь 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр худалдаа үйлчилгээ барилгын захиалагч “С” ХХК-тай хөрөнгө оруулах гэрээ байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар нийт 73.46 м.кв талбайд хөрөнгө оруулалт хийх, 1 м.кв талбайн үнэ 1 890 ам.доллар байхаар тохиролцсон ба энэ гэрээгээр хариуцагч нь барилгыг 2009 оны 2 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөхөөр болсон. Анхны гэрээгээр нийтийн эзэмшлийн талбай м.кв-ын хэмжээнд ороогүй. Харин сүүлд 2013 онд өөрчлөлт оруулахад нийтийн эзэмшлийн талбайг нэмсэн байсан. Нэхэмжлэгч нь талбайгаа анхнаасаа захиалж бариулсан. Пийс тауэр нь тухайн үед босоогүй, баригдаж байсан гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт юм. Ингээд бид 5 удаагийн төлөлтөөр талбайн үнийг бүрэн төлж дуусгаж, 2013 онд талбайгаа хүлээн авсан. Энэ үед хэн аль нь хэмжилт хийгээгүй. Тэгээд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 13/151 албан бичгээр улсын бүртгэлийн газарт хандаж, нэхэмжлэгчийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гарсан, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2015 онд хөрш талбай эзэмшигч нар талбайдаа хэмжилт хийлгэж, дутуу байна гэж яригдаж эхэлсний улмаас бид 2015 онд “Хот Айл” ХХК-д хандаж талбайн хэмжилт хийлгэхэд талбай 62.76 м.кв буюу 10.7 м.кв-аар дутсан, гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, бидний анхны тохиролцоонд нийтийн эзэмшлийн талбай орохгүйгээр 73.46 м.кв байсан бол 2013 оны нэмэлт өөрчлөлтөөр нийтийн эзэмшлийн талбайг оруулсан. Үүнийг тухайн үед Х.Н-гийн ээж мэдээгүй, гарын үсэг зурсан. Хэдийгээр хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй хэдий ч нийтийн эзэмшлийн талбайг хувь хүн өмчлөх боломжгүй юм. Талбайн хэмжээг дутуу гэдгийг мэдсэнээс хойш нэхэмжлэгчийн ээж Б.Отгонбаяр нь итгэмжлэлийн үндсэн дээр “С” ХХК-д удаа дараа хандаж байсан. Бид шаардлага гаргах эрхээ алдаагүй, хөөн хэлэлцэх хугацаандаа байна. “С” ХХК нь мөнгийг буцаан өгнө гэж амаар хэлдэг боловч өгдөггүй. Хариуцагч нь “Хот айл” ХХК-ийн хэмжилтийг зөвшөөрөхгүй шүүхээр шинжээч томилуулсан бөгөөд шүүхээс томилогдсон шинжээч “Уран-Асар” ХХК нь талбайн хэмжээг үйлчилгээний хэсгийн цэвэр талбай 62.22 м.кв, нийтийн эзэмшлийн талбай 14.05 м.кв, нийт талбай 76.27 м.кв гэж тогтоосон. Ерөнхийдөө манай хэмжилтээс зөрүү их гараагүй учир бид анхны хэмжилт буюу “Хот айл” ХХК-ийн хэмжилтийг үндэслэн “С” ХХК-иас дутуу талбай болох 10.7 м.кв талбайн үнэ 20 223 ам.доллар буюу 45 451 596 төгрөгийг нэхэмжилж байна. 1 м.кв талбайн үнэ 1 890 ам.доллар, валютын ханшийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханш болох 2 247.52 төгрөгөөр тооцсон гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь Х.Н-тай 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.1-д Пийс Тауэр оффис үйлчилгээний зориулалттай барилгын 2 дугаар давхрын 203 тоот, 73.6 м.кв /нийтийн эзэмшлийн/ талбайг гэрээнд заасан нөхцөлөөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 73.6 м.кв талбайг Х.Н-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн. Х.Н- нь гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурсан. Анхны гэрээнд нийтийн эзэмшлийн талбай ороогүй байсан. Харин сүүлд 2013 онд гэрээнд өөрчлөлт оруулж нийтийн эзэмшлийн талбайг нэмсэн, үүнийг нэхэмжлэгч өөрөө зөвшөөрч гарын үсгээ зурсан. 2013 онд талбайгаа хүлээн авч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байдаг. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч нь талбайг хүлээн авахдаа хэмжилт хийн авах ёстой байсан. Гэтэл ийм үйлдэл хийгээгүй, хүлээн авснаас хойш 2 жил ашиглаж, үйл ажиллагаа явуулсны дараа 2015 онд хөрс талбай эзэмшигч нарын мэдээллийн дагуу хэмжилт хийлгэн талбайг дутуу байсан, энэ үеэс мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан 6 сарын дотор гомдлын шаардлагаа гаргах боломжтой байхад гараагүй, энэ эрхээ алдсан. Тэгээд ч талбайн зөрүү нь мэдэх боломжгүй далд доголдол биш юм. Манайд талбайн зөрүү байгаа талаар шаардлага гаргаж байсан зүйл байхгүй, энэ талаараа нэхэмжлэгч нотлоогүй. Нөгөө талаар уг харилцааг худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэвэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Нэхэмжлэгч нь талбайн зөрүүг нэхэмжлэхдээ “Хот айл” ХХК-ийн хэмжилтийг үндэслэдэг. Бид үүнийг зөвшөөрөхгүй шинжээч томилуулсан. Шүүхээс томилогдсон “Уран-Асар” ХХК-ийн дүгнэлтээр үйлчилгээний хэсгийн цэвэр талбай 62.22 м.кв, нийтийн эзэмшлийн талбай 14.05 м.кв, нийт талбай 76.27 м.кв гэж тогтоосон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардаж байгаа 62.76 м.кв нь 62.22 м.кв болж багассан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар “С” ХХК-нд холбогдох илүү төлсөн талбайн үнэ болох 20 223 ам.доллар буюу 45 451 596 төгрөг гаргуулах тухай Х.Н-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Н-гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 385 210 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, түүнээс 150 000 төгрөгийг гаргуулж шинжээчээр ажилласан Уран-Асар ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 00759 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв дүгнэсэн атлаа, гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Талбайг хэзээ хэрхэн, хэн хэмжиж хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд хэмжилт хийгээгүй, 203 тоот өрөө нь дангаараа 73.46 м.кв хүрэхгүй гэдгийг хариуцагч зөвшөөрч мэдүүлдэг.

Х.Н- доголдлын талаар мэдэж байсан болохыг ямар баримтаар тогтоогдож байна гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж, холбогдох зохицуулалтаас үзвэл барилгын талбайн хэмжээг тусгай мэдлэг бүхий этгээд холбогдох багаж хэрэгслийг ашиглан тогтоох бөгөөд энгийн нүдээр доголдлын хэмжээг тогтоох боломжгүй. 10 м.кв гэдэг бол бага хэмжээ биш учир хүн бүр хараад мэдэх боломжтой гэдэг үндэслэлээр хандах нь хуульд нийцэхгүй бөгөөд хүн бүрийн нүдний хараа, орон зайн баримжаа өөр өөр тул ийнхүү хийсвэрээр дүгнэх нь зохимжгүй юм.

Доголдлыг шалган хүлээн авах хугацааг талууд гэрээнд нарийвчлан заагаагүй учир Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т заасан зохицуулалтыг баримтлах ёстой. Ижил төрлийн хэргийг шийдвэрлэж байсан шүүхийн практикт мөн л энэ агуулгаар тайлбарлаж шийдвэрлэж байсан байдаг.

Ажил хүлээн авах үед Х.Н- доголдлын талаар мэдэж байсан гэдгийг нотлох баримт байхгүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээнээс ялгагдах нэг чухал онцлог нь доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэдэг зохицуулалт ажил гүйцэтгэх гэрээнд хамаарахгүй юм. Энэ хэрэг өмнө нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр тус бүр 1 удаа хэлэлцэгдэж байсан ба давж заалдах шатны шүүхийн 2017 оны 1613 дугаар магадлалд “Х.Н- нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн /хх-12/ нь тогтоогдож байх бөгөөд энэ үеэс тооцоход шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацааг зөрчөөгүй, ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан гэх буюу нэхэмжлэгч шаардах эрхээ алдсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэж байсан. Хяналтын шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан үндэслэл нь мөн хугацаатай холбоогүй байсныг дурдая.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Н- хариуцагч “С” ХХК-д холбогдуулан илүү төлсөн талбайн үнэ 20 223 ам.доллар буюу 45 451 596 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, талбайг анх хүлээн авахдаа хэмжиж авах ёстой байсан, талбайн зөрүү нь далд биш ил доголдол, энэ талаар хуульд заасан гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэж маргажээ.

 

Талуудын хооронд 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчид оффис, үйлчилгээний зориулалттай 73.46 м.кв талбайг 2013 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, захиалагч нь хөрөнгө оруулалтад 138 839,4 ам.долларыг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хэргийн 148-149 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлбөрт нийт 138 384 ам.доллар төлсөн бөгөөд хариуцагч нь гэрээний зүйл болох үйлчилгээний объектыг 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ашиглалтад оруулж, үүнээс маргаан бүхий талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, Х.Н- нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2202020809 дугаарт бүртгэгдэн 000291548 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр авч, уг өдрөөс талбайдаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. /хэргийн 9-12 дугаар тал/

 

Гэрээний зүйл нь ашиглалтад орсон, бэлэн болсон талбай бус, харин ирээдүйд бий болох эд хөрөнгө буюу ажлын үр дүн байх бөгөөд гэрээний агуулга болон гэрээ хэрэгжсэн явц, талуудын тайлбар зэргээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу хүлээн авсан 73.46 м.кв талбай нь “Хот Айл” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн талбайн хэмжилтийн зургаар 10.7 м.кв-аар дутуу тул илүү төлсөн талбайн үнэ шаардсан гэж тайлбарласан ба шүүх хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу “Уран-Асар” ХХК-ийг шинжээчээр томилж, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр талбайн хэмжээг үйлчилгээний хэсгийн цэвэр талбай 62.22 м.кв, нийтийн эзэмшлийн талбай 14.05 м.кв, нийт талбай 76.27 м.кв болохыг тогтоожээ. /хэргийн 167 дугаар тал/

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх боловч нэхэмжлэгч нь нь тухайн үедээ буюу 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн үеэс талбайн хэмжээ зөрүүтэй талаар мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Мөн талууд 2008 оноор огноологдсон гэрээгээр 2013 онд дээрх Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар тайлбарласан ба уг нэмэлт өөрчлөлтөөр хариуцагч нь нийтийн эзэмшлийн талбайн хамт 73.46 м.кв талбайг нэхэмжлэгчид шилжүүлэхээр гэрээнд тусгасан ба уг гэрээнд Х.Н-гаас 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу түүний ээж Б.Отгонбаяр гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 7-9, 148-149 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээж авсан даруйд хариуцагчид хүсэлтээ гаргаагүй тул доголдлын талаар шаардах эрхээ алджээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Х.Н-гийн илүү төлсөн талбайн үнэ болох 20 223 ам.доллар буюу 45 451 596 төгрөг гаргуулах тухай түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/00759 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385 210 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                       ШҮҮГЧИД                         Ч.ЦЭНД

 

                                              С.ЭНХТӨР