Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1247

 

 

 

 

 

 

 

 

    2023         12          14                                      2023/ШЦТ/1247

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Б.Батсайхан, Г.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Н.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Н.Эрдэмбилэг,

шүүгдэгч “А.Г” , түүний өмгөөлөгч Ш.Чанцал, Ө.Болормаа нарыг оролцуулан эрүүгийн 1809055650209 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

“А.Г”  нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Реаce mall” /Пэйс молл/ худалдааны төвийн автобусны буудал орчим насанд хүрээгүй хохирогч “Б.А” гийн “XiameMi 5x” /Хиа ме Ми 5 экс/загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 442.400 /Дөрвөн зуун дөчин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ************* дүүргийн **** дугаар хороо, Монгол улсын Их сургуулийн төв номын сангийн автобусны буудлын урд хохирогч “Д.А” гийн халааснаас “Самсунг Галакси эс-7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 360.000 /Гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Peace mall” /Пэйс молл/ худалдааны төвийн автобусны буудал орчим насанд хүрээгүй хохирогч “Ө.И” “Ай фоне 8” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2.402.910 /Хоёр сая дөрвөн зуун хоёр мянга есөн зуун арав/ төгрөгийн,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ************** дүүргийн ***  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө-2” кино театр дотор үйлчлүүлж байсан хохирогч “Д.Ж”-ын “Ай фоне 6 эс Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 680.000 /Зургаан зуун наян мянга төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос “А.Г” ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “А.Г”  мэдүүлэхдээ:  “...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би тухайн үед 20 настай байсан. Тоглоомд донтсон байсан. Хүүхдүүдийг дагж явдаг байж байгаад сүүлдээ өөрөө биечилж хийдэг болсон. Одоо тийм зүйл хийсэндээ маш их харамсдаг. Ээжийн минь биеийн байдал тааруу байсан. Тэр цаг хугацааг алдсандаа харамсаж байна. Тухайн үед байцаагч маань “чамд албадан ажил хийлгэх ял оногдуулах байх ахиад битгий ийм зүйл хийгээрэй” гэж хэлж байсан. Хохирол төлбөрийн хувьд бүх төлбөр тооцоог төлж барагдуулсан... “ гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүрэг Пэйс моллын орчим явж байгаад дэлгүүр лүү орох гээд явж байсан эрэгтэй, эмэгтэй 2 хүний эмэгтэйгийнх нь гадуур куртикны зүүн талын халааснаас "Хіаmі mі 5х" /Хиа ме Ми 5 экс/гар утсыг хулгайлсан...Гар утсыг Монтел гар утасны худалдааны төв дээр очиж гадаа нь байсан танихгүй эрэгтэй хүнд 50.000 төгрөгөөр зарсан...Зарсан мөнгөөрөө хоол идээд ПС тоглоом тоглоод дуусгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 169-170/,

"...2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би 14 цагийн орчим Монгол Улсын Их Сургуулийн *** дугаар байрны автобусны буудлын замын эсрэг талын "LOFF" РС /Лофф писи/ тоглоомын газраас хойшоо зам гараад Монгол Улсын Их Сургуулийн автобусны буудал дээр очоод зогсож байтал 18 орчим насны хоёр охин явж байсан. Тэр хоёр охины нэгнийх нь гадуур хувцасны баруун талынх нь халаасанд гар утас нь харагдаад байсан. Тэгээд би баруун халааснаас нь гар утсыг нь суйлж, хулгайлж аваад буцаад тоглохоор РС тоглоомын газар луу явсан...Миний хулгайлж авсан гар утас "Самсунг эс 7" загварын хар өнгөтэй гар утас байсан... Тухайн гар утас Google account /гүүгл аккаунт/ кодтой байсан болохоор гэртээ байлгаж байсан. Тэгээд цагдаагийн газраас дуудахаар нь цагдаагийн газарт очиж хураалгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 84-86, 102-104/,

“...Би 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ..00 193 хотын төвд ганцаараа явж байтал 14 цаг өнгөрч байхад Пеэс Товерийн урд 3 охин явж байсан. Хамгийн ард явж байсан охиных нь куртикны баруун халаасанд нь гар утас харагдаж байхаар нь авчихсан юм...Ай фоне маркийн хар гэртэй, улаан өнгөтэй гар утас байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 122-123/

“...мөнгө байхгүй, ажил хийдэггүй учраас мөнгөтэй болох гэж бусдын гар утсыг халааснаас хулгайлсан...Тэр гар утсаа гэртээ байлгаж байгаад цагдаа дээр шалгагдах үедээ авч ирж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 124/,

“...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Пэйс моллын гадна дотогш орох гээд явж байсан 3 охины хамгийн ард талд нь явж байсан охины куртикны баруун талын халаасанд гар утас харагдаж байхыг хараад авчихсан. Iphone /ай фоне/ загварын улаан өнгийн утас байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 138-139/,

 

хохирогч “Б.А” гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 14:50 цагийн орчимд ******* дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт Байрлах "Peace mall" /Пэйс Молл/ худалдааны төвийн үүдэнд явж байгаад халааснаасаа өөрийн эзэмшлийн "Xiami mi 5x" /Хиа ме Ми 5 экс/ загварын гар утсаа хулгайд алдсан...гар утсаа олоод авчихмаар байна, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151/,

"Xiami mi 5x" /Хиа ме Ми 5 экс/гар утсыг 442.400 /Дөрвөн зуун дөчин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн НЦГ-19-105 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан,

 

Насанд хүрээгүй хохирогч “Д.А” гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 14 цаг 35 минут орчим Монгол Улсын Их Сургуулийн 1 дүгээр байрнаас хичээлээ тараад Монгол Улсын Их Сургуулийн автобусны буудал руу алхаж явж байхдаа утсаараа ярьчхаад гадуур хувцасныхаа баруун талын халаасанд утсаа буцаагаад хийсэн. Тэгээд явж байтал автобусны буудал хавьцаа ирэхэд нэг хүн араас мөрлөх шиг болсон. Тэгээд би цаашаа автобусны буудлын ТҮЦ рүү ороод утсаа үзэхэд миний гар утас байгаагүй... миний гар утас гадуураа хар өнгийн гэртэй Самсунг эс 7 загварын утас байсан. Урд талын шилэн наалт жоохон хагарсан, хойд талын доод хэсэг бас жоохон хагарсан байсан....Би алдсан гар утсаа олж авсан болохоор ямар нэгэн гомдол санал алга. Гэхдээ миний гар утсыг хулгайлсан хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/,

Samsung Galaxy S7 /Самсунг галакси эс-7/ маркийн гар утсыг 360000 /гурван зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлсэн "Дамно" ХХК-ийн НЦГ-18-393 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 91-92/,

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 87/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 88/,

Насанд хүрээгүй хохирогч “Ө.И” мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 11- ний өдөр 15 цаг өнгөрч байхад Макс Молл дэлгүүрээс гараад Пэйс молл руу Эрдэнэжаргал, Бүрэнзаяа нарын хамт алхаж очсон. Коло кебаб руу ороод халааснаасаа гар утсаа авах гэтэл гар утас алга болсон байсан. Тэгээр тэр газрын камерыг шүүсэн боловч тэр дотор гар утсаа алдаагүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан.... Дарханд байдаг Мобикомоос 2018 оны 05 дугаар сарын 15-нд шинээр нь 2.800.000 төгрөгөөр худалдаж авсан...99375267 гэсэн дугаартай байсан, имэй кодоо мэднэ. 356079090038039 гэсэн имэй кодтой, улаан өнгийн гар утас байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 120-121/,

Iphone 8 prodact red /ай фоне 8 продакт ред/ маркийн гар утсыг 2.402.910 /хоёр сая дөрвөн зуун хоёр мянга есөн зуун арав/ төгрөгөөр үнэлсэн "Дамно" ХХК- ийн НЦГ-19-109 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 131-132/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 118/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 125/,

 

Хохирогч “Д.Ж” ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 13 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, "Өргөө-2" кино театр луу орох гээд шатан дээр нь явж байтал миний гадуур хувцасны баруун талын халаасанд байсан гар утсыг нэг хүн авах шиг болсон. Тэгээд тэр хүн миний урдуур гараад "Өргөө-2” кино театр луу орсон. Би тэр хүний царайг сайн харж амжаагүй. Гэхдээ миний гар утсыг хулгайлсан гэж мэдсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон...Миний хулгайд алдсан гар утас ягаан өнгийн "Iphone6 s plus" /Ай фоне 6 эс плас/ маркийн, өнгөгүй гэртэй гар утас байсан...Би алдсан гар утсаа олж авсан болохоор ямар нэгэн гомдол санал алга. Гэхдээ миний гар утсыг хулгайлсан хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 8- 10/,

Iphone 6s plus /ай фоне 6-эс плас/ маркийн гар утсыг 680.000 /зургаан зуун наян мянга/ төгрөгөөр үнэлсэн "Дамно" ХХК-ийн НЦГ-18-3920 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 23-24/,

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20/,

 

Гэрч М.О-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Г” ийг 1998 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот, Эх нялхсын эмнэлэгт төрүүлж байсан. Манай хүү “Г” одоо 21 нас хүрч байгаа...”Г”  2 настай байхдаа *************** дүүргийн ********-р цэцэрлэгт сурч байгаад тэрийгээ төгсөөд 2004 онд ********* дүүргийн *********-р сургуульд орсон. 6, 7-р ангидаа хичээлээ таслаад явахаа байсан. Дараа нь албан бусаар *********** ****-р сургуулийн 9-р ангийг 2016 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Их дэлгүүрийн тэнд хуурамч бараа зардаг байсан. “Г”  надад хэлэхдээ би хулгай хийдэггүй бараа Бөмбөгөрөөс худалдаж аваад зардаг гэж ярьдаг байсан. Одоо манай хүү “Г”  нь хаана амьдарч байгааг нь мэдэхгүй байна. “Г”  3, 4 жилийн өмнөөс надтай амьдрахаа байсан. Би эхлээд шоронд орсон байна гэж бодсон. Тэгсэн нэг өдөр залгаад хүрээд ирсэн. Надад хэлэхдээ Хонг Конг улсад шоронд орсон гэж ярьсан. Тэр үеэс л би хулгай хийдэг болсон байна гэж бодсон. Миний бодлоор хулгай хийдэг мөнгөөрөө найз охиноо л тэжээгээд байдаг юм шиг л санагдсан. Гэртээ нэг ч төгрөг авч ирдэггүй надад тус болдоггүй байсан. Өмнө нь нэг удаагийн ял шийтгэлтэй, 2018 онд Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчлагдаж байсан...Миний мэдэхийн 2, 3 жил бараг болж байгаа байх. Хулгай хийснээсээ хойш гэртээ ирэхээ байсан. Хааяа цагдаагийн газар л байна гэж утсаар ярьдаг..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Сүхбаатарын дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч “А.Г” ийг үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь дээрх төрлийн гэмт хэргийн харьцангуй удаан хугацаанд үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг ойлгох юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэтгэлцээн зэргээс дүгнэж үзэхэд шүүгдэгч “А.Г”  нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул прокуророос “А.Г” ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөв.

Шүүгдэгч “А.Г”  нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас 4 хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар нууцаар авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Шүүгдэгч “А.Г” ийн 4 удаагийн үйлдлээр 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд нэр бүхий хохирогчдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 3.885.910 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч “А.Г” ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.   

Шүүгдэгч “А.Г”  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч тогтвортой мэдүүлдэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч “А.Г” т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “А.Г” ийн тус хэрэгт нийт цагдан хоригдсон 104 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцох нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч “А.Г” ийн дээрх үйлдлүүдийн улмаас нийт 3.885.910 хохирол учирсан бөгөөд хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Сүхбаатар дүүргийн прокуророос газраас шүүгдэгч ****** хайрхан овогт “А.Г” т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч “А.Г” ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “А.Г” ийг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч “А.Г” ийн цагдан хоригдсон 104 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, “А.Г”  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч “А.Г” т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч “А.Г” т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР

 

                              ШҮҮГЧИД                                    Б.БАТСАЙХАН

 

                                                                                    Г.ТҮВШИНТӨГС