Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/69

 

Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгч У.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авсныг мөн өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Угийн У, 2001 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Х аймгийн Ж суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Х аймгийн М сумын 06 дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Б аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суудаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:00000000000.  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.У нь 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдрөөс 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч Ч.Пийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох 2.700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар.

1. Шүүгдэгч У.У мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

2. Улсын яллагч Я.Даас гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч У.Уын үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна” гэв.

3. Шүүгдэгч У.У нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд хохирогч Ч.Пийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө болох 2.700.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч У.Уийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна иргэн Ч.Пээс 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, хохирогч Ч.Пийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05-06, 92-93 дахь тал/, гэрч Г.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/, гэрч З.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, гэрч Г.Аий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, Ханд байрших иргэн Э.Бын эзэмшлийн 000000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 22-24 дэх тал/, Ханд байрших иргэн Г.Уийн эзэмшлийн 000000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 25 дахь тал/, Ханд байрших иргэн М.Цгийн эзэмшлийн 000000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 26-30 дахь тал/, Ханд байрших яллагдагч У.Уын эзэмшлийн 000000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 33-36 дахь тал/, иргэн Э.Бын эзэмшлийн 000000000, иргэн Г.Уийн эзэмшлийн 000000000, иргэн М.Цгийн эзэмшлийн 000000000, яллагдагч У.Уын эзэмшлийн 000000000 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 37-39 дэх тал/, иргэн У.Уын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 40-53 дахь тал/, фэйсбүүк цахим сүлжээнд бичсэн зурвасыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 55-71 дахь тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 97-98 дахь тал/, яллагдагч У.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/, яллагдагч У.Уаас хохирогч Ч.Пэд 2.700.000 төгрөгийг төлж өгсөн тухай баримтууд /хавтаст хэргийн 130-131 дэх тал/, хохирогч Ч.Пийн хохирол 2.700.000 төгрөгийг төлүүлж авсан тухай гарын баримт /хавтаст хэргийн 142 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            5. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            6. Шүүгдэгч У.У нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            7. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ч.П нь гэмт хэргийн хохирол 2.700.000 төгрөгийг шүүгдэгч У.Уаар төлүүлж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж баримт бичиг өгсөн /хавтаст хэргийн 142 дахь тал/ тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.

8. Прокурорын санал болгож, шүүгдэгч У.Уын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Иймд шүүгдэгч У.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

11. Шүүгдэгч У.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй болно.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00  дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.00 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Угийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Уыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ут оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч У.У нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Б аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00  дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ТАЛГАТ