Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1255

 

  

 

 

 

 

 

    2023          12           18                                      2023/ШЦТ/1255

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч С.Болорзул,

иргэний нэхэмжлэгч: “Р.Б”, түүний өмгөөлөгч Л.Лувсанцэрэн, Т.Пүрэвбазар,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “С.Г”, “Б.Н”

шүүгдэгч “Б.Г”, түүний өмгөөлөгч Д.Батсүх,

шүүгдэгч “Л.Т” , түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарыг оролцуулан эрүүгийн 1809000000423 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

“Л.Т”  нь битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хадгалж хамгаалах үүрэг бүхий ажилтнаар ажиллах хугацаандаа 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ********** дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагаас Хаан банкны битүүмжлэгдсэн данс дахь мөнгөн хөрөнгийг хууль ёсоор шийдвэрлэгдээгүй байхад ********* дүүргийн тойргийн нотариатчийн 2015 оны 07 дугаар сарын 21- ний өдрийн 07 дугаартай "Өвлөх эрхийн гэрчилгээ" буюу нотариатчийн шийдвэрийг үндэслэн Б.”Б” ы Хаан банк дахь 5007968*** тоот дансанд байршсан 312.600 ам.доллар, 5007623*** тоот дансанд байршсан 1.440.931.950 төгрөгийг битүүмжилсэн хоригийг зөрчин чөлөөлж, иргэн Б.”Э” д шилжүүлэн өгч, ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас эд хөрөнгө үрэгдсэн гэмт хэргийг,

 “Б.Г”  нь 2015 оны 07 дугаар сарын 21-ны өдөр ********** дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагаас Хаан банкны битүүмжлэгдсэн данс дахь мөнгөн хөрөнгийг хууль ёсоор шийдвэрлэгдээгүй байхад Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 "Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Б.Б-ны  Хаан банкны ам.долларын 5007968*** дансанд байршсан 312.600 ам.доллар, Хаан банкны  5007623*** тоот дансанд байршсан 1.440.931.950 төгрөг, ***** дүүргийн ****** дугаар хороо ******** дугаар байрны ***** тоотод байрлах орон сууц Ү-2202001***, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр хороо Хандгайтын богино зусланд байрлах нэгж талбарын 18641331898***дугаартай газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн зусланд байрлах нэгж талбарын 18640334946*** дугаартай газар зэргийг Б.”Э” д өвлөх эрхийн 07 дугаартай гэрчилгээ олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үрэгдсэн тухайн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос “Л.Т” ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

“Б.Г” гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            шүүгдэгч Л.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...Намайг яллаж байгаа хэргийн үйл баримт гэвэл 2015 оны 7 дугаар сард “Э”  гэж эмэгтэй өөрийн нөхөр “Б”  нас барсан, өөрөө хууль ёсны өв залгамжлагч нь болохоо тогтоолгосон, нөхөр Б-ыг нь холбогдуулан шалгаж байсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул битүүмжлэгдсэн байсан данснууд дахь мөнгийг өөрт нь шилжүүлж өгөхийг хүсэж ХААН банкны хуулийн мэргэжилтэн М т хандсан байдаг. Тухайн үед ХААН банкны Эрхзүйн газрын захирал ээлжийн амралттай, надаас бусад ажилтнууд гадуур ажилтай байсан тул “М” зөвлөгөө хүсэж намайг түүнтэй уулзуулсан. Э-ийн авчирсан өвлөх эрхийн гэрчилгээ, Б-ыг холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байсан хэргийг хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар дүүргийн Прокурорын тогтоол болон бусад баримт, бичгүүдийг үзэж, хуулийн холбогдох заалтуудтай тулган, газрын захирал, банкны дэд захирал нараас утсаар лавлан асуугаад дансны барилтыг цуцлахад шаардагддаг хууль зүйн баримтууд бүрдсэн байна гэж М т хэлсэн. “М” дараа нь дансны битүүмж чөлөөлөх шийдвэрээ салбар руу и-мэйлээр илгээсэн байдаг. Гэтэл 9 сарын дараа буюу 2016 оны 4-р сард Эрүүгийн цагдаагийн газраас намайг дуудаж хэрэгсэхгүй болгосон “Б” тай холбогдох хэрэгт сэжигтнээр татан шалгахаар болсныг мэдэгдэж, мэдүүлэг авсан. Түүнээс хойш 2 жилийн турш буюу 2018 оны 4 сар хүртэл энэ хэргийг 3-4 удаа дүүргийн, нийслэлийн болон улсын прокурорын газраас хэрэгсэхгүй болгож, дахин сэргээж, Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаалт явуулсан. 2018 оны 4 дүгээр сард надад холбогдох хэргийг “Б” ы холбогдох 201525020779 дугаар хэргээс тусгаарлаж, ялтнаар татан 2018 оны 9 дүгээр сард шүүхэд шилжүүлэн, 2020 оны 3 дугаар сард анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 22.12-т заасан буюу албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хохирогч “Б” д их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай гэж шийтгэхээр шийдвэрлэсэн. Гэвч Хяналтын шатны шүүх 2020.10.16-ны өдрийн хуралдаанаараа анхан шатны шүүхийн энэ шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүхийн тогтоолд "Хаан банкны битүүмжлэгдсэн данс дахь мөнгөн хөрөнгө хууль ёсоор хэнд харьяалагдах ёстойг шийдвэрлээгүй байж иргэний өмчлөх эрхийг хамгаалсан Эрүүгийн хуулийн зүйл хэсгүүдээр зүйлчилж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан мэтээр дүгнэсэн нь алдаа болжээ" гэж тодорхой заагаад “Б” д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон Сүхбаатар дүүргийн прокурорын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаар тогтоолоор “өмчлөлийн асуудал шийдвэрлэгдсэн тохиолдолд хоригийг цуцлахаар шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү мөнгөн хөрөнгө битүүмжлэлээс журмын дагуу чөлөөлөгдсөн эсэх, үүнд хоёр шүүгдэгчийн гэм буруу бий эсэх тал дээр дүгнэлт" хийж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байдаг. Миний бие “Б” ы дансыг битүүмжлэлээс чөлөөлөх талаар дүгнэлт гаргахдаа Сүхбаатар дүүргийн прокурорын 2015.07.30-ны өдрийн 107 дугаар тогтоол, “Э” г “Б” ы дансан дахь мөнгөн хөрөнгийн өв залгамжлагч мөн болохыг тогтоосон Өвлөх эрхийн гэрчилгээ гэсэн хүчин төгөлдөр хоёр баримт бичгийг үндэслэсэн, энэ нь ямар нэг хууль, журмыг зөрчсөн үйлдэл байгаагүй. Энэ талаар Монгол банкны хоёрын хоёр шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Хүчин төгөлдөр бус, эсвэл, дүгнэлт гаргах үндэслэл болох боломжгүй баримт бичигт үндэслэн намайг дүгнэлт гаргасан байна гэж буруутгах гэж байгаа бол дээрх хоёр баримт бичгийг хүчин төгөлдөр бус, эсвэл, ямар нэг шийдвэр гаргахад үндэслэл болох чадамжгүй баримт бичиг эсэхийг шалгаж тогтоох эрх, оногдсон үүрэг надад байхгүй тул би ямар нэг хууль, журмыг зөрчөөгүй. гуравдугаарт, 2015 оны 7 дугаар сард болсон үйл явдалд холбогдох хэргийг 2017 оны 7 сарын 01-ээс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн зүйл ангиар яллахаар дүгнэсэн нь урьд гэмт хэрэг гэж тооцогдоогүй үйлдэлд өнөөдөр гэмт хэрэг гэж тооцон эрх зүйн байдлыг дордуулж хууль буцаан хэрэглэн ялласан хууль хэрэглээний алдаа болсон. дөрөвдүгээрт, намайг ямар нэг ашиг хонжоо олох, хэн нэгэнд хохирол учруулах сэдэлтэйгээр хууль, журмыг зөрчин, эсвэл, хэн нэгэнтэй эвсэн хуйвалдаж “Б” ы дансыг битүүмжлэлээс чөлөөлөх талаар дүгнэлт гаргасан гэж буруутгах баримт, дүгнэлт, үзүүр шижим өнгөрсөн 8 жил гаруйн хугацаанд явуулсан цагдаа, прокурорын мөрдөн шалгах ажиллагааны дүнд олдоогүй, харин намайг ямар я хамаагүй гэм буруутай гэсэн дүгнэлт шүүхээр гаргуулснаар Хаан банкнаас 2 тэрбум 62 сая төгрөгийг гаргуулж аван хөрөнгө чинээгээ зузаатгах замаа засах гэсэн зарим нэг хүний хүсэл улам тодорхой болсоор байна. Эцэст нь намайг нотариатчтай хамжиж битүүмжилсэн эд хөрөнгийг үрэгдүүлсэн гэж яллаж байна. Гэтэл битүүмжилсэн хөрөнгө үрэгдээгүй, талийгаач “Б” ы эхнэр “Э”  гэдэг хүн өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан бөгөөд тухайн өвлөгч Иргэний хуульд заасны дагуу талийгаач нөхрийнхөө өр төлбөрийг мөн өвлөж хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл талийгаач “Б” ы үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний шүүхэд хандаж “Э”  гэдэг хүнээр буюу өвлөж авсан хөрөнгөөс үүргээ гүйцэтгүүлэх боломжтой. Гэтэл заавал эрүүгийн шүүхээр ямар ч хэрэг хийгээгүй намайг буруутан болгож улмаар банкнаас мөнгө гаргуулах гэж улаарч байна. Иймд, хэргийг тал бүрээс нь шударгаар шүүн тунгааж надад холбогдуулсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж өгөхийг шүүхээс хүсэж...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 31-ний баасан гаригт 11 цагийн орчимд намайг ажил дээрээ байж байтал манай хэлтсийн туслах ажилтан “М” ирээд эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосон тогтоол авч ирж өгсөн, тэгээд “энэ тогтоолуудыг хүмүүс нь өөрсдөө аваад ирсэн байна, уулзалтын өрөөнд хүлээж байгаа шүү" гэсэн. Тухайн үед манай Хууль эрх зүйн газрын захирал Хосбаяр ээлжийн амралтаа аваад явчихсан, түүний ажлыг би орлож байсан юм. Тэгээд нөгөө тогтоолтой танилцахад Сүхбаатар дүүргийн прокурорын газрын туслах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.М гийн гарын үсэгтэй 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 107 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол байсан бөгөөд тэнд "Б.”Б”  гэдэг хүнийг нас барсан үндэслэлээр ЭБШХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар Б. “Э” , “Р.Б”  нарт 3 хоногийн дотор мэдэгдэх, эрүүгийн хэрэгт битүүмжилсэн Б.”Б” ы эд хөрөнгө, манай банкин дахь ам. долларын 5007968*** тоот дансан дахь 312,600 ам.доллар төгрөгийн 500752*** тоот дансан дахь 1.440.931.950 төгрөгийн гүйлгээг битүүмжилсэн тогтоолыг өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдол цуцалсугай" гэж заасан байсан. Тэр тогтоол нь эх хувь биш, хуулбар үнэн гэж бичээд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын тэмдэг дарсан байсан. Мөн тэр тогтоол дээр 5 дахь хэсэгт “хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдсэн өдрөөс хойш дээд шатны прокурорт 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болгохыг дурдсугай" гэсэн байсан байсан. Ингээд бид уулзалтын өрөөнд М ийн хамт очиход Бямбаагийн “Э”  гэдэг эмэгтэй иргэний үнэмлэхээ үзүүлж өөрийгөө танилцуулаад “манай нөхөрт  холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон, манай нөхөр нас барчихсан, эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч нь би байгаа юм” гээд нотариатаар батлуулсан өвлөх эрхийн гэрчилгээ үзүүлсэн. Тэгээд “прокурорын тогтоол дээр заасны дагуу өмчлөлийн асуудал шийдвэрлэгдсэн тул Хаан банкны данснуудыг чөлөөлж өгөөч” гэсэн. Би тэр хүнд “прокурорын тогтоолын 5 дахь хэсэгт хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болгохыг дурдсугай гэсэн байна. Иймээс 7 хоног хүлээх хэрэгтэй юм биш үү, тэр болтол манай захирал ажилдаа орчихно, та 7 хоноод хүрээд ир" гэж хэлсэн. Харин тэр эмэгтэй надад шийдээд өгчхөөч, тэртэй тэргүй прокурорын тогтоолд заасан өмчлөлийн асуудал шийдэгдчихсэн байхад" гээд байсан. Би ч уулзалтын өрөөнөөс гараад өөрийнхөө өрөөнд ороод удаагүй байтал туслах ажилтан “М” нэг гар утас барьчихсан орж ирээд "“Э”  өмгөөлөгчтэйгөө яриадах гээд байна" гээд надад өгсөн. Би тэр утсыг авахад нэг эрэгтэй хүн "би Э-ийн өмгөөлөгч нь байна, прокурорын тогтоол дээр заачихсан өмчлөлийн асуудал нь шийдэгдчихсэн байхад танайх яагаад дансыг нь чөлөөлж өгөхгүй байгаа юм бэ" гэхэд нь би 7 хоногийн дотор гомдол гаргах талаар заасан байгаа" гэхэд тэр хүн тэр та нарын шийдвэрлэх асуудал биш, прокурорын хүчин төгөлдөр тогтоол гарчихсан байхад та нар ажлаа хий" гэхлээр би "за би судалж үзье" гээд өөр зүйл ярилгүй “Э” д утсыг нь оруулж өгсөн. Тэгээд би Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хуулиудын холбогдох зүйл заалтуудыг үзсэн, Өвлөх эрхийн гэрчилгээ нь Иргэний хуульд заасны дагуу үйлдэгдсэн байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлийн 209.2 дахь хэсэгт эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд эд мөрийн баримт, таслан сэргийлэх арга хэмжээ, битүүмжилсэн эд хөрөнгийг хэрхэхийг шийдвэрлэнэ" гэж заасан байсан. Прокурорын тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаарт битүүмжилсэн данс, эд зүйлийн өмчлөлийн асуудал шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцалсугай гэж заасан байсан, тэгээд “Э”  нь тэдгээрийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ бариад ирсэн байсан. Би тухайн өдрөө Ерөнхий зохицуулалт хариуцсан захирал Д.Ц захирал дээр М ийн хамт орж асуудлыг танилцуулсан. Ц захирал "чи өөрөө хуулиа судлаад шийд" гэсэн хариу өгсөн. Мөн ээлжийн амралттай байсан Хосбаяр захирал руу ярихад тэр "бичиг материалыг нь үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна, чи наад асуудлаа өөрөө судлаад шийд" гэсэн. Ингээд хагас, бүтэн сайн өдөр өнгөрөөд 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ ирээд би М т "нөгөө данснуудыг чөлөөл" гэж амаар хэлсэн. Харин “М” цааш нь холбогдох салбар луу "дансны гүйлгээг чөлөөлөх тухай мэйл явуулсан. Ийм асуудал болсон. Би прокурорын тогтоолд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 209 дүгээр зүйлд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолд битүүмжилсэн эд хөрөнгийг шийдвэрлэх талаар заасан байдаг. Прокурорын 107 дугаар тогтоолд битүүмжилсэн эд хөрөнгө, данснуудын гүйлгээнд тавьсан хоригийг өмчлөлийн асуудал шийдэгдсэний дараа цуцалсугай" гэсэн байсан. “Э”  нь тухайн эд хөрөнгө, данснуудыг өв залгамжлагчаар тогтоогдсон Өвлөх эрхийн гэрчилгээг авч ирсэн байсан. Тэгэхлээр энэ асуудлыг шийдвэрлэх үндэстэй байсан гэж үзэж байна. Хэрэв хэн нэгэн хариуцлага хүлээх бол тэр тогтоолыг гаргасан прокурор нь хариуцах ёстой гэж үзэж байна. Бид тэр гаргасан шийдвэрийг дагаж ажилласан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 144-145/,

Шүүгдэгч “Б.Г”  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Яллах дүгнэлттэй танилцсан. Яллах дүгнэлтэд нотариатчийн үйлдэлтэй холбоотой асуудлыг тусгаж хэлсэн. 2015 оны 07 дугаар сард “Б.Э” гэдэг хүнд нөхөр Б.”Б” ы нас барсан гэрчилгээ, хууль бус өвлөгчид өв авахаас татгалзсан хүсэлт, Хаан банкны хадгаламжийн дэвтэр, өмчлөх эрхийг гэрчилсэн гэрчилгээ, орон сууцны гэрчилгээ зэргийг үндэслэн нас барсан этгээдийн хөрөнгийг өвлүүлсэн. Хадгаламжийн дэвтэр дээр “Б.”Б” ы дансанд байгаа хөрөнгө” гэж бичсэн байгааг прокурор анхаарч үзээгүй байна. Энэ хөрөнгө нь ““Р.Б” гийн хөрөнгө байсан” гэх үндэслэлээр намайг яллаж байна. Надад ирсэн нотлох баримт бол бүгд Б.”Б” ы нэр гарын үсэгтэй, улсын бүртгэлтэй, хаан банкны дэвтэр байсан гэдгийг анзаарч үзээгүй байна. Өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч миний бие өөрөө гүйцэтгэж гарын үсгээ зурсан гэтэл яллах дүгнэлт дээр “хамжиж оролцсон хамжигчаар оролцсон” гэсэн байна өвлөх эрхийн гэрчилгээг хэнтэй хамжиж хийснийг тодорхой заагаагүй. Би хэн нэгэнтэй хамжиж энэ өвлөх эрхийн гэрчилгээг бичдэггүй. Нотариатчид олгосон өөрийн эрхийн хүрээнд хийсэн. Энэ үйлдэл нь 2015 онд гарсан гэтэл яллах дүгнэлт дээр 2015 оны хуулийг хэрэглээгүй. Гэрчийн мэдүүлэг дээр С.Ц нотариатчаас мэдүүлэг авсан байна. Монголын нотариатчийн танхимд удирдах албан тушаалтан ерөнхийлөгч гэж байдаг. Яагаад заавал С.Цэндээс мэдүүлэг авсныг ойлгохгүй байна. 2019 оноос эхлэн үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлыг нотариатын танхимд нотариатч нарт өгдөг байсан. Түүнээс өмнө өвлөх эрхийн гэрчилгээг авах гэж байгаа хүнд “өвлөгчийг нотолсон баримт дээр үндэслэн нотариатч гэрчилгээ олгодог байсан”  гэх нотлох баримтыг шүүхэд өнөөдөр гаргасан. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэлтэй байна. Миний үйлдэлтэй холбоотой ганцхан гэрчээс мэдүүлэг авч намайг яллаж байгаа нь 2 талыг баримтлаагүй, зөвхөн яллах талын нотлох баримт цуглуулсан байна. 2015 оноос хойш шалгасаар байтал “тодорхой түвшний хүмүүс мэргэжлийн хүмүүс, нотариатын байгууллагаас” нэг ч мэдүүлэг аваагүй. Харин бид өөрсдөө нотлох баримтууд цуглуулж шүүхэд өгч байна. Монгол улсын хуульд зааснаар нас барагчийн эхнэр нөхөр үр хүүхэд нь тухайн хөрөнгийг авах ганцхан хуулийн зохицуулалт байгаа. “Б.Э” нь талийгаачийн эхнэр мөн гэдгийг нотолсон бичиг баримт мөн данс дахь мөнгө нь нас барагчийнх мөн гэдэг нь хадгаламжийн дэвтрээр нотлогдсон байсан. Өвлөх эрхийн гэрчилгээ нь битүүмжлэлийг нээдэг хууль зүйн акт биш юм. 3 шатны шүүхээр ороод Б.”Б” ы хөрөнгө мөн гэдэг нь батлагдсан. Тиймээс би “Р.Б” д ямар нэг хохирол учруулаагүй. Өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан үндэслэлийн дагуу арга хэмжээ авсны төлөө өнөөдөр намайг 2015 оноос хойш шалгаж байна. Прокурор нь тухайн хөрөнгийг битүүмжилсэн тухай албан бичгийг Хаан банк руу л явуулсан. Нотариатчийн танхимд нас барагчийн дансанд байгаа хөрөнгийг битүүмжилсэн тухай албан бичиг ирүүлээгүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу үйл ажиллагаа явуулсан. Түүнээс би ямар нэг гэмт хэрэг хийгээгүй...” гэв.

            түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би **** онд Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 1980-1988 оны хооронд Улаанбаатар хотын 51-р дунд сургуульд суралцаж 8-р анги төгссөн. 1988-1992 оны хооронд Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр суралцаж төгссөн. 1995-1998 оны хооронд Отгонтэнгэр дээд сургуульд суралцан эрх зүйч мэргэжил эзэмшсэн. 1992-2004 он хүртэл Улсын шүүх эмнэлгийн магадлах товчоонд дүн бүртгэл статистикийн эмчээр ажиллаж байсан, 2004 оноос Монголын нотариатын танхимын нотариатчаар одоог хүртэл ажиллаж байгаа. 2004 оноос хойш ********** дүүргийн тойргийн нотариатчаар ажиллаж байна. 2004 оноос 2014 оны 7-р сар хүртэл Теди төвийн урд талын Хас банкны 103-р салбарын замын эсрэг талд 34-р байранд байрлан үйл ажиллагаа явуулж байсан. 2014 оны 7 дугаар сараас хойш уг газраасаа нүүж Барилгачдын талбайн урд талын “Центр 34” байрны 1 давхарт 1 тоотод байрлан үйл ажиллагаа явуулж байна. Б овогтой “Б” , Бямбаа овогтой “Э”  нарыг танина. Гэхдээ сайн танил биш, садан төрлийн холбоо байхгүй. Анх 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Бямбаа овогтой “Э”  ганцаараа ирж надтай уулзсан юм. Тухайн үедээ тэр “манай нөхөр нас барчихлаа, тиймээс нөхрийнхөө нэр дээр байгаа хөрөнгийг өвлөх хүсэлтэй байна” гээд Б.”Б” ы нас барсны гэрчилгээ, иргэний үнэмлэх, орон vууцны гэрчилгээ, газар эзэмших эрхийг гэрчилгээ, Хаан банкны 2 ширхэг хадгаламжийн дэвтэр зэргийг бодит эх хувиар нь үзүүлсэн. Мөн үүнээс гадна талийгаачийн ээж С.Б, хүү “Б” ы Ганхуяг, “Б” ы Төмөрхуяг нарын өв залгамжлах эрхээс татгалзах хүсэлтүүдийг Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Д.Д  гэрчилсэн байсан. Тэгэхэд нь би “Э” д оршин суугаа засаг даргын тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаагаа нэмж авч ир гэсэн. Мөн талийгаачийн ээжийг нь “биеэр дагуулж ирээрэй”  гэж хэлээд явуулсан. Ингээд 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Э”  шаардсан бичиг баримтуудыг бүрдүүлээд хадам ээж С.Б, том хүү Б.Т нараа дагуулаад ирсэн. Хадам ээж С.Б нь “...миний хүү “Б”  нь эхнэр “Э” тайгаа нас барах хүртлээ хамт амьдарч байсан, өөр өвлөгч байхгүй” гэж нотлон бичиг хийж гарын үсэг зурж батлуулсан. Монгол Улсын иргэний хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1 дэх хэсэгт “Өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газрыг өв нээгдсэн газар гэнэ” гэж заасны дагуу өвлөх эрхийг гэрчилгээг үйлдэж баталгаажуулсан. Учир нь талийгаач “Б”  нь Чингэлтэй дүүргийн 5-р хороо 6-р хороолол 15-р байрны 6 тоотод оршин сууж байсан нь иргэний үнэмлэх, хорооны засаг даргын тодорхойлолт, нас барсны гэрчилгээ зэрэг бичиг баримтуудаар нотлогдож байсан. Мөн өвлөх эрхийг гэрчилгээ авах тухай хүсэлт гаргасан “Б.Э”  нь Монгол Улсын иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт "Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана" гэж заасны дагуу гаргасан байсан. Б.”Э” г мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт "Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй", 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт "нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх" гэж заасны дагуу хууль ёсны өвлөгч тул дээрх гэрчилгээг олгосон. Өвлөх эрхийг ганцхан Б.”Э” д олгосон бөгөөд учир нь бусад хууль ёсны өвлөгчид болон С.Б, Б.Т, Б.Г нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дэх хэсэгт "Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй" гэж заасны дагуу эд хөрөнгө өвлөхөөс татгалзах, “Б.Э” д өвлүүлэхээр заасан хүсэлтээ нотариатаар гэрчлүүлсэн байсан. Уг хүсэлтүүдийг эх хувиар нь архивын материалд авч үлдсэн юм. Монгол Улсын иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт "Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно" гэж заасан байдаг боловч мөн хуулийн 531 дугаар зүйлийн 531.3 дахь хэсэгт "Гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно" гэж заасныг үндэслэн *** дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг Бямбаа овогтой “Э” д олгосон юм. “Б.Э” нь манай нөхөр гэнэт нас барчихсан, түүний нэр дээрх эд  хөрөнгийг өвлөн авах гэсэн юм" гэхээс өөр зүйл яриагүй уйлаад байсан. Мөн "миний сэтгэл санаа хэцүү байна, бие маань өвдөөд байгаа, манай нөхөр гэнэт нас барчихсан, ядаж өвчтэй байж байгаад нас барсан бол өөр" гэж байсан. Би ч янз бүрийн юм асуугаагүй. Би Б овогтой “Б” ы нэр дээрх Хаан банкны данснууд, газар, орон сууц зэргийг эрүүгийн хэрэгт битүүмжилсэн байсныг огт мэдээгүй. “Э”  болон түүний хүүхэд, хадам ээж нь тийм зүйл огт яриагүй: Талийгаач Б. “Б” ы нэр дээрх Хаан банкны 5007968*** тоот дансан дахь 312,600 ам доллар бүхий 1533*** дугаар хадгаламжийн дэвтэр, 5007623*** дугаартай 1,440,931,950 төгрөг бүхий 1533**6  дугаартай хадгаламжийн дэвтэр, улсын бүртгэлийн 2202001*** дугаартай Чингэлтэй дүүргийн 5-р хороо 6-р хороолол 17-р байрны 06 тоот 29 мкв 2 өрөө орон сууцны 1765 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн 15-р хороо Санзайд байрлах 387 мкв газрын 01425** дугаартай гэрчилгээнүүд нь бүгд эх хувиараа байсан юм. Тэдгээр бичиг баримтуудыг нь баталгаажуулан архивын материалд авч үлдсэн. Өвлөх эрхийн гэрчилгээнд тусгагдсан нийт хөрөнгийн үнийн санал нь 2,131,753,950 төгрөг болж байсан бөгөөд Хууль зүйн сайдын 2*** оны "Нотариатын үйлчилгээний хөлс бодох журмын дагуу өвлөгдөх хөрөнгийн нийт үнийн саналын 1 хувиар бодож 21,317,060 төгрөгийн хөлс авсан. Хаан банкны дансан дахь долларыг тухайн өдрийн Монгол банкны ханшаар 1970 төгрөгөөр бодсон. Үйлчилгээний хөлсийг бэлнээр нь авсан, баримт буюу мөнгөний тасалбар нь байгаа...” гэх мэдүүлэг /1хх-ийн 154-155/,

 

иргэний нэхэмжлэгч “Р.Б”  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний бие 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Б.”Б”  гэх хүнтэй уулзсан. Тэр хүнээс Төв аймгийн Баян суманд байрлах газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн зөвлөхийн дүгнэлтээр баталгаажсан 191 кг алтны нөөцтэй ашиглалтын тусгай лицензийг хоорондоо худалдах худалдан авах талаар ярилцаж гэрээ хийсэн. Би тэр хүнд бэлнээр 1,427,660 ам доллар тоолж өгсөн. Камерын бичлэгээ нотлох баримт болгон цагдаагийн байгууллагат өгсөн байгаа. Тэр хүнээс худалдаж авсны дараа 4 дүгээр сар эхлэхэд бид нар хайгуулын компани оруулж нөөцийн шалгалт хийлгээд 4 дүгээр сарын сүүлээр тухайн компани маань ямар ч “нөөц байхгүй” гэх тайлан дүгнэлтийг гаргаж өгсөн. Тэр хүнд залилуулснаа мэдээд 5 дугаар сард цагдаагийн байгууллагат мэдэгдээд эрүүгийн хэрэг үүсгэж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгч явахдаа Б.”Б”  нь “миний нэр дээрх дансанд ийм хэмжээний мөнгө байгаа. Үүнийгээ буцааж өгье” гээд тохироод байж байсан боловч тухайн хүн маань талийгаач болсон. Банканд байгаа хөрөнгүүдийг битүүмжлүүлсэн байхад дараа нь Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай тогтоолоор “сэжигтэн нас барсан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон хэдий ч уг тогтоолын 3 дах хэсэг дээр “битүүмжлэлийг хэвээр” үлдээсэн байхад талийгаачийн эхнэр нь өвлөх эрхийн гэрчилгээг ашиглан Хаан банканд битүүмжлүүлсэн байсан 312,600 ам доллар болон 1,440,931,950 төгрөгийг гадагшаа шилжүүлэн, надад маш их хэмжээний хохирол учруулсан. Би мөнгөө буцаан авахын тулд удаа дараа шүүхийн байгууллагаар явж байна. Одоо намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.”Б”  гэдэг хүнээс Төв аймгийн Баян суман дахь газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Шинэ мандал өргөө”  ХХК-ийг 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1.500.000 ам.доллараар худалдан авах тухай гэрээг Сүхбаатар дүүргийн 1 хороо олимпын гудамж дахь манай “Алтайн хүдэр” ХХК-ийн байранд хийсэн. Манай компани Болгар улсын элчин сайдын яамнаас тухайн байрыг түрээсээр ашигладаг юм. Түүний маргааш мөн манай компанийн байранд би “Б” д бэлнээр 1.427.660 ам.доллар өгсөн бөгөөд 22.000 ам.доллар нь данснаас бэлэн мөнгө авсны дараа шимтгэл гээд банк авсан. Гол нь “Б”  өөрөө мөнгийг бэлнээр авна гээд байсан бөгөөд шимтгэлийн мөнгийг хүлээн авснаар тооцож бичиг хийж гарын үсэг зурсан юм. Харин Б.”Б” аас худалдан авсан алтны шорооны ордуудад хайгуул явуулахад алт илрээгүй учир тэр хүнд залилуулсан байна гэж үзэж цагдаагийн байгууллагад  гомдол гаргасан. Энэ асуудлаас болж компанийн ажилчдад цалингаа өгч чадахгүй болчхоод байна. Уг нь бол тухайн газар дээр олборлолт явуулаад хурдан хугацаанд зардлаа нөхнө гээд 1.500.000 ам.долларыг “Алтайн хүдэр” ХХК-аас гаргасан байсан. Өнгөрсөн 6 сараас хойш ажилчдын цалингаа өгч чадахгүй байна. Одоо “Б”  нас барсан учир түүний дансанд битүүмжлэгдсэн мөнгийг яаралтай гаргаж өгнө үү. Тухайн мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 56/,

иргэний хариуцагч “С.Г”   шүүхийн хэлэлцүүлэгт: “...Талийгаачийн нэр дээр байгаа Хаан банкны дансыг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилсэн байсан. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолын 3 дах заалт дээр “битүүмжилсэн хөрөнгө болох 312,600 ам доллар болон 1,440,931,950 төгрөг мөн үлдэгдэл эд хөрөнгийг өмчлөлийн асуудал шийдвэрлэгдтэл хэвээр үлдээж өмчлөлийн асуудал шийдвэрлэгдсэн тохиолдолд хоригийг цуцалсугай” гэж заасан. Мөн уг тогтоолын 5 дах хэсэг дээр “хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдэгдсэн өдрөөс хойш дээд шатны прокурорт 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй” болохыг дурдсан. Уг тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгохдоо 2002 оны эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасны дагуу сэжигтэн яллагдагч нас барсан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэхүү тогтоолын 5 дах хэсэг дээр “дээд шатны прокурорт гомдол гаргах эрхийг эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагчийн ар гэрийнхэн гомдол гаргах эрхтэй” гэсэн зохицуулалт байдаг. Монголын нотариатчийн танхимын нотариатч “Б.Г” гийн олгосон өвлөх эрхийн гэрчилгээ дээр үндэслэн өмчлөлийн асуудал шийдвэрлэсэн. Иргэний хуульд зааснаар “өмчтэй холбоотой асуудлыг зөвхөн нотариатч шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. 2015 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 7 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ нь Б.”Б” ы Хаан банкны хадгаламжийн дансанд байгаа 1,440,931,950 төгрөг, мөн Б.”Б” ы Хаан банкны эзэмшлийн ам долларын дансанд байгаа 312,600 төгрөгийг түүний эхнэр болох Б.”Э” д өвлөх эрхийн гэрчилгээгээр олгосон байдаг. Хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолын дагуу банк нь битүүмжлэлийг чөлөөлсөн. Энэхүү үйлдлийг ямар нэг хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй. Төрийн эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг хүн хуулийн этгээд дагаж мөрдсөн байна гэж үзэхээр байна. Прокурор хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “өмчлөлийн асуудал шийдвэрлэх хүртэл” гэж хугацаа тодорхойлсон. Энэ шийдвэрийг үндэслэн өмчлөлийн асуудал шийдвэрлэгдэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу банк дансыг чөлөөлсөн байна. Холбогдох хууль тогтоомж гэдэгт “Банкны тухай хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар” давхар зохицуулагдаж байна гэж үзнэ. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банкны тухай хуулийн 14 дүгээр зүйл болон 16.1.1,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7.1 дугаар зүйлийн 6 дах хэсэг, мөн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хадгалуулагч нь нас барсан болон нас барсан гэж зарлагдсан тохиолдолд хадгалагч нь мөнгөн хадгаламжийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлах эрх бүхий этгээдэд олгох” гэж заасан байдаг. Иймд өвлөх эрхийг эрх бүхий этгээд иргэний хуульд заасны дагуу нотариат олгосон. Нотариатын олгосон өвлөх эрхийн гэрчилгээ болон прокурорын өмчлөлийн асуудал шийдвэрлэхэд битүүмжийг чөлөөл гэсний дагуу банк нь холбогдох арга хэмжээг авсан. Монгол улсын үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дах хэсэгт “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж зохицуулсан. Энэ зохицуулалтын дагуу талийгаачийн дансанд байгаа мөнгөн хөрөнгө нь хууль ёсны дагуу өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөгдөн банканд ирсэн. Иймд банк нь холбогдох арга хэмжээ, дүрэм журам хуулийн зүйл заалтыг үндэслэн шийдвэрлэсэн. Хаан банкны ажилтан болон Хаан банк нь хууль зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Иргэний хариуцагч Хаан банк болон “Л.Т” д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

 

гэрч Г.Алтанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б  овогтой Э-ийн ам долларын 5014402*** , төгрөгийн 5014402***тоот данснууд руу Б  овогтой “Б” ы нэр дээр нээгдэж, битүүмжлэгдсэн байсан ам долларын 5007968*** тоот данс дахь 312,600 ам долларыг, төгрөгийн 2007623466 тоот данс дахь 1.440.931.950 төгрөгийн тус тус шилжүүлсэн гүйлгээг...би харилцагч Б.Э-ийн хүсэлтээр хийсэн байгаа юм. Мөн Э-ийн төгрөгийн данс дахь мөнгийг долларын данс руу нь шилжүүлсэн гүйлгээг ч би хийсэн байна. Тэгээд ам долларын 5014402***  тоот данс дахь 935,221 ам долларын гадаад гуйвуулгыг мөн харилцагчийн хүсэлтээр хийсэн. Харилцагч өөрөө бичиг баримттайгаа байж байгаад гүйлгээгээ хийлгэсэн. Харин гүйлгээ хийхэд “Б” ы данснуудад барилт байгаагүй, битүүмжилсэн мэдээлэл байгаагүй. Тийм болоод гүйлгээ хийсэн байж таараа. Хэрэв битүүмжлэлтэй байсан бол би гүйлгээ хийхгүй, хийе гэсэн ч болохгүй. Учир нь анх данс битүүмжилсэн барилт хийсэн салбар л тэр барилтаа чөлөөлөх ёстой, программыг тэгж тохируулсан байдаг юм. Б.”Б”  нь нас барсан байсан бөгөөд түүний Хаан банкин дахь данснуудад байгаа мөнгийг “Б.Э” нь өвлөн авах, өвлөх эрхийн гэрчилгээтэй байсан. Данс эзэмшигч нь нас барсан тохиолдолд өвлөгчид нь өвлөх эрхийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ зэргийг үндэслэн гүйлгээг хийж болно гэсэн дотоод журам байдаг..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-157 дугаар хуудас/,

 

гэрч Д.О-ын “...2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай салбарын захирал ээлжийн амралтаа авчихсан эзгүй байсан. Захирлыг байхгүйд салбар дээр тухайн өдөр ажиллаж байгаа ахлах теллер нь захирлыг орлоод ажлаа хариуцаад явчихдаг юм. Тэр өдөр би ажиллаж байсан. Өдөр 12 цагийн үед манай банкны “Тэнгис” салбараас яриад "“Б”  гэдэг хүний нэр дээр байгаа ам долларын 5007968*** , төгрөгийн 5007623*** тоот данснуудын барилтыг тавих талаар хуулийн хэлтсээс мэдэгдсэн үү? манай салбар дээрээс гүйлгээ хийх гээд байгаа юм” гэсэн. Тэгэхэд нь байгууллагынхаа дотоод мэйлийг шалгаж үзээд хуулийн хэлтсээс ямар нэгэн мэйл ирээгүй болохоор нь нөгөө хүнд “мэйл ирээгүй байна, хуулийн хэлтсээс заавал барилт тавих талаар мэйл ирэх ёстой, хэрэв тийм мэйл ирвэл дансны барилтыг хурдан тавих болно” гэсэн. Түүнээс хойш удаагүй 10 орчим минутын дараа манай байгууллагын дотоод мэйлээр хуулийн хэлтсээс мэйл ирсэн. Хуулийн хэлтсийн туслах ажилтан “М” “сайн байна уу, хавсаргасан мэдэгдлийн дагуу дансны барилтыг чөлөөлж, хариу ирүүлнэ үү? асуух зүйл байвал тодруулна уу?” гэсэн мэйл явуулсан бөгөөд мөн давхар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай Сүхбаатар дүүргийн прокурорын тогтоолыг явуулсан байсан. Тэдгээрийн мэдээллийг хэвлэж гарган аваад тэр доор нь би ам долларын 5007968*** , төгрөгийн 5007623*** данснуудын барилтыг чөлөөлсөн. Тухайн хоёр дансыг өмнө нь манай салбар дээр барьчихсан байсан болохоор заавал манайх руу мэдэгдэж чөлөөлүүлдэг юм. Данс барих, чөлөөлөх тохиолдолд хуулийн хэлтсээс ирүүлсэн холбогдох баримт, мэйлийг үндэслэдэг юм. Түүнээс өөрөөр бусад зүйлсийг нь асуугаад байдаггүй юм. Хуулийн газрынхан бүх зүйлийг шалгачхаад эцсийн байдлаар шийдвэр гаргаад манайд мэдэгдсэн гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 161/,

 

гэрч Д.М ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний эрхэлж байгаа ажил бол хууль эрх зүйн мэргэжилтнүүдийн доор ажилладаг. Манай хэлтэстэй холбоотой ирсэн бичгүүдийн хариуг мэргэжилтнүүдийн зааврын дагуу бичиж, хянуулан гарын үсэг зуруулж, холбогдох газруудад хүргүүлдэг. 2015 оны 07 дугаар сарын 31-ний баасан гарагт цайны цагаас өмнө ажил дээрээ байж байтал ресейпшн утсаар яриад “хуулийн хэлтсийнхэнтэй уулзана гээд хүн ирчихсэн байна” гэсэн. Түүний дагуу доошоо буугаад очиход тэр “Э”  гэдэг хүн, хүү нь гэх залуугийн хамт байсан ба надад "танай хуулийн зөвлөх байна уу прокурорын тогтоолын дагуу асуудал шийдвэрлүүлэх гэсэн юм, хэнтэй уулзах юм вэ” гэсэн. Тэр хүн прокурорын тогтоол, өвлөх эрхийн гэрчилгээ зэрэг бичиг баримтууд үзүүлж байсан. Тухайн үед манай газрын захирал Хосбаяр, хуулийн мэргэжилтэн Б, Э, ахлах хуулийн зөвлөх Ө нар ээлжийн амралтаа авчихсан байсан ба ахлах хуулийн зөвлөх Т , хуулийн зөвлөх Мөнхбаатар, Бадамхорол нар гадуур ажилтай явчихсан байсан. Ингээд би нөгөө 2 хүнийг дагуулж 2 давхарт уулзалтын өрөөнд оруулаад прокурорын тогтоолыг авч “ахлах хуулийн зөвлөхөд танилцуулъя” гээд Т ахад аваачиж өгөөд “энэ талаар хүн ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэр прокурорын тогтоол дээр “хуулбар үнэн” гээд тамга дарчихсан байсан. Доторх агуулгыг би уншаагүй. Харин ахлах хуулийн зөвлөх Т ах авч уншаад холбогдох хуулийг нь харж байсан. Дараа нь уулзалтын өрөөнд орж нөгөө хүмүүстэй уулзсан. Т “хүлээх хоног байна” гэж хэлээд гараад явсан. Тэгтэл нөгөө “Э”  гэдэг эмэгтэй “би өмгөөлөгчтэй утсаар яриадахъя, чи саяны хүнд утас аваачиж өгөөд яриулчих” гэсэн. Тэгээд тэр хүний утсыг Т ахад аваачиж өгсөн ба тэр утсаар ярьчхаад нөгөө хүмүүс дээр эргэж очиж уулзсан. Нэлээд удаж байгаад нөгөө хүмүүс явсан байх. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Т ах “нөгөө прокурорын тогтоолын дагуу данс нээх талаар тооцооны төв рүү мэйл бичээд явуулчих” гэсэн. Би ч тэр даруй барьчихсан байсан төгрөгийг нэг, ам.долларын нэг данснуудыг нээж чөлөөлөх талаар бичээд, прокурорын тогтоолыг сканердаж “Ард” салбар руу мэйл явуулсан. Бас “Тэнгис” тооцооны төвийн захирал Зулбаяр руу тэр талаар мэйлээр мэдэгдэж, прокурорын тогтоолын хуулбарыг явуулсан. Учир нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нөгөө “Э”  гэдэг эмэгтэйг доор ирчихсэн манай газрынхантай уулзана гэж байхад ажлын утас руу Зулбаяр захирал яриад “настай эмэгтэй хүн бичиг аваад очно, тэр бичгийг нь сайн шалгаад арга хэмжээ авч болох нь уу, ямар арга хэмжээ авсан талаар хариуг нь хэлээрэй” гэсэн юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-166-р хуудас/,

 

гэрч Ц.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай салбар дээр “Э”  ирсэн бөгөөд түүнтэй хамт хүү, бэр нь гээд хүүхэн, залуу хоёр хамт явж байсан. Тэгээд манай банкны хуулийн газраас нөхрийнх нь дансны барилтыг чөлөөлөхийг хүлээж нэлээд удсан. Манай хуулийн газраас Ард салбар руу дансны барилтыг чөлөөлөх талаар мэдэгдсэн байх. Мөнгө байршуулсан дансыг анх нээлгэсэн Ард салбар руу л мэдэгдэж байж дансны барилтыг чөлөөлдөг ёстой юм. Тэгээд данс нь чөлөөлөгдсөний дараа өөрийнхөө өвлөх эрхийн гэрчилгээ холбогдох бичиг баримтуудаа үзүүлээд нөхрийнхөө дансанд байсан 300 мянга гаруй ам доллар, 1,4 тэрбум төгрөгийг өөрийнхөө нэр дээр тэр өдөр манайд нээлгэсэн 2 данс руу шилжүүлэх гүйлгээ хийлгэсэн. Дараа нь 1,4 тэрбум төгрөгөө ам долларын данс руугаа 671,635 ам доллар болгон арилжаа хийж шилжүүлсэн. Түүнийхээ дараа нийт 935,221 ам доллароо гадаад гуйвуулгаар Ц.Б гэдэг хүний АНУ-ын Санфранциско хотын Велсфарго банкны 3599868886 данс руу шилжүүлэг хийлгээд явсан. Гүйлгээний утгаа “уул уурхайн дрилингийн тоног төхөөрөмж” гэж бичсэн байсан. Дахин тэр хүмүүстэй уулзаагүй байж байтал 2015 оны 09 дүгээр сард манай банкны Комплейнсийн газар буюу асуудал шийдвэрлэх газраас над руу яриад “танай төвөөс 08  дугаар сарын 03-ны өдөр АНУ руу хийгдсэн гүйлгээний харилцагчийн мэдээлэл хэрэгтэй байна” гэсэн. Тухайн банкнаас нь мөнгөний гарал үүслийг нь тодорхойлох зорилгоор мэдээлэл нэхсэн байсан. Ингээд би Э-ийн мэдээллийн хайсан. Өртэй нь холбогдох гэсэн утас нь холбогдоогүй, гэр рүү нь очиход түүний хажуу айл “эднийх нь байхгүй удаж байгаа” гэсэн байсан. Ингээд Комплэйнсийн газар луугаа харилцагчаа олж чадахгүй байна, гэртээ байхгүй, утас нь холбогдохгүй байна гэж мэдэгдсэн. Ер нь бол хуулийн газраас дансны бар утас чөлөөлөх талаар "Ард" салбарт мэдэгдсэний дагуу тухайн салбар барилтыг тавьсан байсан. Нотариатаар баталсан өвлөх эрхийн гэрчилгээнийх нь дагуу манайх шилжүүлэг хийсэн юм. Нэмж хэлэхэд 2015 оны 07-р сарын сүүлчээр “Э”  ярихдаа “танай хуулийн газарт бичиг баримтаа өгчихсөн байгаа, өмнө нь өөрийнхөө дансыг чөлөөлүүлэхэд миний регистрийг буруу биччихээд хоёр хоног чирэгдэл үүсгэсэн чи хуулийн газрынхан руугаа яриад чирэгдүүлэхгүйгээр хийгээд өгөөрэй гэж хэлээд, чи өгөх боломжтой юу” гэж гуйсан. Түүнд би хэлж өгье гэсэн. Ингээд хуулийн газрын захирал Хосбаяр луу ярьж тэр талаар хэлэхэд Хосбаяр “би ээлжийн амралттай байгаа хуульч Т ажил хариуцаж байгаа, түүнд дамжуулж хэлье” гэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 167-168/,

 

гэрч Э.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хаан банкны эрх зүйн газрын ахлах хуулийн зөвлөх “Л.Т”  нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 107 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолын 3 дахь хэсэгт заасныг үндэслэн, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б ын “Б” ы 5007968*** тоот ам долларын, 5007623*** тоот төгрөгүүдийн данснуудын барилтыг чөлөөлсөн, Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч “Б.Г” гийн *** дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу дээрх данснууд дахь мөнгийг “Б” ы эхнэр Бямбаагийн Э-ийн хүсэлтээр 5014402262 тоот ам долларын, 5014402***тоот төгрөгийн данснууд руу 312,600 ам доллар, 1,440,931,950 төгрөгийг шилжүүлсэн. Ийм тохиолдолд манай банкны албан тушаалтны тушаал шийдвэр гардаггүй. Харин манай банкны мэргэжилтэн хүмүүсийн хүсэлтийг хүлээн авч ахлах хуулийн зөвлөхтэй зөвшилцөн шийдвэрлэдэг. Тухайн үед би өөрөө ээлжийн амралттай бусад ахлахууд ч ээлжийн амралттай байсан. Миний ажлыг орлож үлдсэн хүн нь ахлах хуулийн зөвлөх “Л.Т”  байсан. “Л.Т” , мэргэжилтний туслах ажилтан “М” нар энэ асуудлыг шийдвэрлэсэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 169-р хуудас/,

 

гэрч С.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдөх хүртэл өвлөх эрхийн гэрчилгээг олгохыг хориглоно гэсэн заалттай. Нотариатын өвлөгдөх эд хөрөнгийн талаар тодорхой байгууллагад бүртгэгддэг эд хөрөнгийн хувьд тухайлбал: эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн хувьд ямарваа нэг эрх зүйн хязгаарлалтад байгаа эсэх талаар лавлагаа авдаг. Тухайн өвлөгдөх үл хөдлөх хөрөнгийн хувьд 1-р эрх зүйн хязгаарлалт байхгүй байна. 2-р эсвэл: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хязгаарлагдсан байна гэж гарч ирдэг. Ийм тохиолдолд Нотариатч дээрх зүйл заалтыг баримталж өвлөх эрхийн гэрчилгээ олгохгүй. Нотариатчидын практикт банкны удирдлагуудтай танхимын удирдлага удирдах зөвлөлийн гишүүдээс удаа дараа хийсэн уулзалтаар банкнаас нас барсан иргэний тухай банканд эзэмшиж байгаа данс, дансны мөнгөн хөрөнгийг үлдэгдлийн талаарх мэдээллийг нотариатчидын бичгээр гаргасан хүсэлтийн дагуу лавлагаагаар олгож байхаар тохиролцсоны дагуу нотариатч тухайн банканд бичгээр хүсэлт тавьж лавлагаа авдаг болсон. Нотариатч үл хөдлөх хөрөнгө, банкин дах мөнгөн хадгаламжийн талаар лавлагаа авсны үндсэн дээр гэрчилгээ олгох зохицуулал буюу журам байдаг. Хэрэв битүүмжлэгдсэн талаар мэдээлэл ирвэл Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсгийг мөрдөж гэрчилгээ олгохгүй. Банканд лавлагаа хүсэх хүсэлтийг өвийг нээх гэж байгаа нотариатч өөрөө гаргана. Үл хөдлөх хөрөнгийн хувьд өвлүүлж буй нас барагч ганцаараа өмчилж байсан тохиолдолд тэнд байгаа хамтран өмчлөгч лавлагааг гаргуулан ирдэг. Банкны хувьд нас барагч иргэн тодорхой данс эзэмшдэг, энэхүү данс нь банкны өмч байдаг. Уг эзэмшиж байгаа дансандаа нас барагч өөрийн мөнгөн хөрөнгийг байрлуулсан байдаг. Энэ тохиолдолд 1-рт нас барагчийн дансанд байгаа түүний мөнгөн хөрөнгийг өвлүүлэх, 2-рт банкны өмч болох нас барагчийн эзэмшиж байсан дансны эрхийг өвөөр шилжүүлэн өвлүүлэх гэсэн хоёр ойлголт байгаа. Нэгдүгээр асуудлын хувьд хувьд хөрөнгө өвлөгдөнө. Хоёрдугаар асуудлын хувьд эрх өвлөгдөнө...” гэх мэдүүлэг /3хх-ийн 89-91/,

 

гэрч Г.Э-Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өнөөдрийн байдлаар харилцагчийн битүүмжилсэн дансыг чөлөөлөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын зөвшөөрлөөр мөн зөвшөөрлийг хүчин төгөлдөр болсон гэдгийг баталгаажуулах үүднээс эрх бүхий байгууллагын албан бичгийг хавсаргаж ирүүлэхийг банкнаас шаарддаг. Үүний дагуу битүүмжилсэн дансыг чөлөөлдөг. Өнөөдрийн хувьд прокурорын тогтоолын дагуу битүүмжилсэн дансыг прокурорын шийдвэрээр цуцална, битүүмжилсэн дансыг битүүмжийг цуцлах талаар прокурорын тогтоол шийдвэр ирээгүй тохиолдолд цуцлах чөлөөлөх үндэслэл болохгүй. Хэргийг хаасан, хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолд битүүмжилсэн дансыг хэрхэх талаар ойлгомжгүй байвал энэ талаар прокурор луу албан бичиг хүргүүлж тодруулна...” гэх мэдүүлэг /6хх-ийн 67-68/,

 

гэрч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хаан банк ХХК-д хууль эрх зүйн газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. "Харилцагчийн мэдээллийг эрх бүхий этгээдэд гаргаж өгөх, данс битүүмжлэх, зарлагын гүйлгээг хийх” журмын 3.3-т "Харилцагчийн битүүмжилсэн дансыг буцааж нээхдээ эрх бүхий этгээд банканд бичгээр ирүүлсэн шаардлагыг үндэслэж журмын 3.1-д заасан хугацаанд буюу банкны ажилтан нь эрх бүхий этгээдийн бичгээр ирүүлж, шаардлагын дагуу харилцагчийн дансыг чөлөөлөх ажиллагааг тухайн бичгийн шаардлагад заасан нь, хэрэв хугацаа заагаагүй бол ажлын 8 цагт багтаан гэж заасны дагуу битүүмжилсэн дансыг чөлөөлөх ажиллагаа хийгддэг. Битүүмжлэгдсэн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагаанд хязгаарлах, цуцлах, эрх нь зөвхөн прокурорт байдаг. Тухайн шийдвэр буюу прокурорын тогтоол шийдвэрийн хамт Цагдаагийн байгууллагаас давхар албан тоотыг үндэслэж битүүмжлэлийг чөлөөлнө. Прокурорын хэрэгсэхгүй болгосон тогтоолын "тогтоох" хэсэгт хэрхэн талаар тодорхой дурдсаныг үндэслэж битүүмжилсэн эд хөрөнгийг цуцлах чөлөөлөх эсэхийг шийдвэрлэнэ. Прокурорын тогтоол шийдвэр ирээгүй байхад нотариатчийн хүсэлтээр бай ямар нэгэн байдлаар цуцалж болох ирээгүй мэдүүлэг /6хх-ийн 70-71/,

 

Б.Э-ийн 5014402***/MNT/ тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга "2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 5007623*** тоот данснаас орлого 1.456.564.924" гэх баримт /1хх-ийн  193/,

Б.Э-ийн 5014402*** /USD/ тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга "2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 5007968*** тоот данснаас орлого 313,637.43" гэх баримт /1хх-ийн 194/,

Б.”Б” ы 5007968*** /USD/ тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга *2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр орлого 312.600" гэх баримт /1хх-ийн 195/,

Б.”Б” ы 5007623*** /MNT/ тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга "2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр орлого 1.440.925.000, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр харьцсан данс 2014402256 харилцагчийн хүсэлтээр хаав, зарлага 1.456.564.924" гэх баримт /1хх-ийн 196/,

 

Хаан банкны 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 29/7051 тоот албан бичиг "Сүхбаатар дүүргийн прокурорын газрын... 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" прокурорын тогтоол, Чингэлтэй дүүргийн тойргийн 204 дугаартай нотариатч “Б.Г” гийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот "Өвлөх эрхийн гэрчилгээ"-г үндэслэн Б ын “Б”  /4364070472/-ын данснуудыг нээсэн байна. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Тэнгис тооцооны төвд Бямбаагийн “Э”  нь Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч “Б.Г” гийн 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот "Өвлөх эрхийн гэрчилгээ"-г авч очин Б ын “Б”  /4364070472/-ын ам.долларын 5007968*** тоот хадгаламжийн данс, төгрөгийн 5007623*** тоот хадгаламжийн данснуудын мөнгийг өөрийн нэр дээрх 5014402*** , 2014402256 тоот данснууд руу шилжүүлж авсан байна...." гэх баримт /1хх-ийн 35/,

 

 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн *** тоот Өвлөх эрхийн гэрчилгээ "Б овогтой “Б”  нь 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр нас барсан учир ... өвлүүлэгчийн эхнэр ... Бямбаагийн “Э” д өвлүүлэгчийн өмчлөлд байсан Хаан банк дахь доллар, төгрөг, орон сууц, газар /эзэмших эрхийн гэрчилгээтэй/-ыг өвлөх эрхийн гэрчилгээ олгов. Нотариатч “Б.Г” ” гэх баримт /1хх-ийн 36/,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол "...Б.”Б” д холбогдох эрүүгийн 201525020779 дугаартай хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2018 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай...Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болох Б.”Б” ы Хаан банкин дахь валютын 5007968*** тоот дансанд 1.440.931.950 /нэг тэрбум дөрвөн зуун дөчин сая есөн зуун гучин нэг мянга есөн зуун тавин төгрөг/-ийн гүйлгээг битүүмжилсэн тогтоол, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 17 дугаар байрны 6 тоотод байрлах орон сууц, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богино гэх газар байрлах газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зусланд байрлах газар, “Үнэт цаасны төлбөр, тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 05-744137 тоот дансанд байрлах “Дөрвөн-Уул” ХХК-ийн 70 ширхэг хувьцааны зарлагын гүйлгээнд тавьсан хориг зэргийг өмчлөлийн асуудал шийдвэрлэтэл хэвээр үлдээж, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцалсугай...” /1хх-ийн 158-159/,

 

2016 оны  01 дүгээр сарын 05-ны өдөр Бичиг баримтад үзлэг хийсэн: “Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч “Б.Г” гийн албан ажлын бүртгэлийн дэвтэр, *** дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой бичиг баримтуудад үзлэг хийж тэмдэглэл үйлдвэл. Монголын нотариатын танхим, бүртгэлийн дэвтэр гэсэн хаягтай Өв залгамжлал 2015 он...гэж гараар бичсэн хаяг бүхий дэвтрийн хавтсыг нээхэд...2 дугаар хуудсанд 07 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай Бямбаа овогтой “Э” д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон бүртгэл байлаа. Үйлдлийн агуулга хэсэгт “Б.”Б”  / 2015.06.21 өдөр БН3092 бүртгэлтэй, Хаан банкны ****96835-4, дэвтэр 1533*** дүн 3126004 доллар, Хаан банк ****62346-6, дэвтэр 1533**6 , 1.440.931.950 төгрөг, *********** 06 тоот 29мкв Г-1765, УБД-220200***, үнэ 68.000.000, *****-ийн ** хороо Санзайд байрлах 387 мкв Г0142*** үнэ 7.000.000 төгрөг, эхнэр “Э” д өвлүүлэх...” гэх тэмдэглэл /2хх-ийн 58-59/,

 

Хавтаст хэрэгт үзлэг хийсэн тухай: “Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт шалгагдаж буй 201525020*** дугаартай хэрэгт үзлэгийг явуулахад уг хавтаст хэрэг нь Мөрдөн байцаалтын хэрэг гэсэн хаягтай 10 хавтас хэрэг байх ба хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоох зорилгоор үзлэгийг явуулахад 1 дүгээр хавтасны 1 дүгээр хуудсанд 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 201525020***дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол байх ба тогтоолын Олсон нь хэсэгт 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Б ын “Б”  нь өөрийн өмчлөлийн ашигт малтмалын хайгуулын ************ тоот тусгай зөвшөөрөл бүхий Шинэ мандал өргөө ХХК-ийг “Р.Б”  гэгчид 1.500.000 ам доллароор худалдан борлуулж улмаар татвар ногдох онц их хэмжээний орлогыг нууж ... татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна,...4-5 дугаар хуудсанд зээлийн гэрээ, 28-31 дүгээр хуудсанд худалдах худалдан авах гэрээ,...220-228 дугаар хуудсанд эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл...байсныг хуулбарлан авч тэмдэглэл үйлдэв" гэх тэмдэглэл /4хх-ийн 221-222-р хуудас/,

 

2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ахмад Ц.Б-ийн үйлдсэн "Сэжигтэн Б.Б-ны  Хаан банкны ам.долларын 5007968*** тоот дансанд байршсан 312.600 ам.доллар, Хаан банкны 5007623*** тоот дансанд байршсан 1.440.931.950 төгрөгийг битүүмжлэхээр тогтсугай" гэх прокурор Н.М , Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Мөнхбат нарын гарын үсэгтэй "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” гэх баримт /5 хх-ийн 7/,

 

2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол "Сэжигтэн Б.Б-ны  өмчлөл эзэмшилд байгаа ***** дүүргийн ****** дугаар хороо ******** дугаар байрны ***** тоотод байрлах орон сууц Ү-2202001***, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын богино зусланд байрлах нэгж талбарын 18641331898***дугаартай газар, *********** дүүргийн ****дүгээр хороо ******* зусланд байрлах нэгж талбарын 18640334946*** дугаартай газар зэргийг битүүмжлэхээр тогтов” гэх баримт /5хх-ийн 12/,

 

Хаан банкны хууль эрх зүйн газрын хуулийн мэргэжилтэн Ч.Б-ийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 29/4930 дугаартай албан тоотод “Б.”Б” , “Б.Э” нарын эзэмшдэг дансны зарлагын гүйлгээг хязгаарлаж битүүмжлэх талаар мэдэгдсэн албан тоот /5хх-ийн 16-17-р хуудас/,

 

2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 29/9420 дугаар Хаан банк-ны албан бичиг "Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 107 дугаартай прокурорын тогтоолын дагуу Б ын “Б” ны 5007968*** тоот валютын хадгаламжийн данс, 5007623*** тоот төгрөгийн хадгаламжийн дансыг зарлагын гүйлгээг нээж, Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч “Б.Г” гийн *** дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний дагуу дансан дахь мөнгөн хөрөнгийг Бямбаагийн “Э” хүсэлтээр 5014402***  тоот валютын хадгаламжийн данс, 5014402***тоот төгрөгийн хадгаламжийн данс руу 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлж хаасан болно" гэх албан тоот /5хх-ийн 17/,

 

2016 оны 05 дугаар 19-ний өдрийн Монгол Банкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ө.Т-ны "Хаан банканд мөрдөгдөж байгаа журам, зааварт тулгуурлаж гаргасан шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 48-54/,

 2019 оны 05 дугаар 16-ны өдрийн Монгол банкны шинжээч хянан шалгагч, улсын байцаагч О.Л, Б.Х, Э.Г нарын хамтран гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 68-72/,

Дансны барилтыг чөлөөлөх тухай мэйл явуулсан мэйлийн хуулбар /гэрч Д.М ээс явуулсан/ 1хх-ийн 160/,

Хаан банкны 2016.01.27-ны өдөр 29/680 дугаартай албан тоот “Депозит бүтээгдэхүүний бодлого, журам, “Банк программ ашиглах технологи журам"-ын хуулбар /1хх-ийн 177/,

Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн дүгнэлт

Прокуророос шүүгдэгч “Л.Т” ийг битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хадгалж хамгаалах үүрэг бүхий ажилтнаар ажиллах хугацаандаа 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ********** дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагаас Хаан банкны битүүмжлэгдсэн данс дахь мөнгөн хөрөнгийг хууль ёсоор шийдвэрлэгдээгүй байхад Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатчийн 2015 оны 07 дугаар сарын 21- ний өдрийн 07 дугаартай "Өвлөх эрхийн гэрчилгээ" буюу нотариатчийн шийдвэрийг үндэслэн Б.”Б” ы Хаан банк дахь 5007968*** тоот дансанд байршсан 312.600 ам.доллар, 5007623*** тоот дансанд байршсан 1.440.931.950 төгрөгийг битүүмжилсэн хоригийг зөрчин чөлөөлж, иргэн Б.”Э” д шилжүүлэн өгч, ажил үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас эд хөрөнгө үрэгдсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

“Б.Г” г 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ********** дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагаас Хаан банкны битүүмжлэгдсэн данс дахь мөнгөн хөрөнгийг хууль ёсоор шийдвэрлэгдээгүй байхад Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 "Эрх бүхий байгууллага өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол уг өвлөгдөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлөгдтөл өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Б.Б-ны  Хаан банкны ам.долларын 5007968*** дансанд байршсан 312.600 ам.доллар, Хаан банкны  5007623*** тоот дансанд байршсан 1.440.931.950 төгрөг, ***** дүүргийн ****** дугаар хороо ******** дугаар байрны ***** тоотод байрлах орон сууц Ү-2202001***, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр хороо Хандгайтын богино зусланд байрлах нэгж талбарын 18641331898***дугаартай газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Санзайн зусланд байрлах нэгж талбарын 18640334946*** дугаартай газар зэргийг Б.”Э” д өвлөх эрхийн 07 дугаартай гэрчилгээ олгож, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үрэгдсэн тухайн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэж үзэж Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийн шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Б.”Б”  нь өөрийн өмчлөлийн ашигт малтмалын хайгуулын МҮ-17311, ХҮ-17312, ХҮ-14256 тоот тусгай зөвшөөрөлтэй “Шинэ мандал өргөө” ХХК-ийг “Р.Б” тай 1.500.000 ам.доллараар худалдан борлуулж улмаар татварт ногдох онц их хэмжээний орлогийг нууж 100.000.000 төгрөгөөр борлуулсан хэмээн гэрээ байгуулан тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлж татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх явцдаа нас барсан байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 107 дугаар тогтоолоор Б.”Б” д холбогдох эрүүгийн 201525020779 дугаартай хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгож, уг тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болох ХААН банк дахь Б.”Б” ы нэр дээрх 5007968*** тоот дансан дахь 312.000 ам.доллар, 5007623*** тоот дансан дахь 1.440.931.950 төгрөгийн гүйлгээг болон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 17-р байрны 6 тоотод байрлах орон сууц, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богино гэх газар байрлах газар, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, санзайн зусланд байрлах газар, “Үнэт цаасны төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 05-744137 тоот дансанд байрлах “Дөрвөн-Уул” ХХК-ийн 70 ширхэг хувьцааны зэргийн зарлагын гүйлгээнд хориг тавьж, өмчөлийн асуудал шийдвэрлэтэл хэвээр үлдээж, уг асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоригийг цуцлахаар шийдвэрлэсэн.

Талийгаач Б.”Б” ы эхнэр Д.”Э”  нь талийгаачийн төрсөн эх С.Б болон хүүхдүүд болох Б.Төмөрхуяг, Б.Ганхуяг нарын өвлөх эрхээсээ татгалзсан тухай хүсэлт, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч “Б.Г” д хандан 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дээрх эд хөрөнгүүдийг өвлөх эрхийг 07 дугаар гэрчилгээг гаргуулан авч, өвлөх эрхийн гэрчилгээ болон талийгаач Б.”Б” д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 107 тоот тогтоолын хамт 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ХААН банкинд өгсөн бөгөөд Хаан банкны хууль, эрх зүйн газрын хуулийн ахлах зөвлөх “Л.Т”  нь ажил үүргийн дагуу Б.”Э” гаас гаргасан хүсэлт холбогдох баримт бичгийг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр “ХААН” банкны хууль, эрх зүйн газрын туслах ажилтан Д.М т талийгаач Б.”Б” ы нэр дээрх “ХААН” банкны 5007968*** тоот дансан дахь 312.000 ам.доллар болон 5007623*** тоот дансан дахь 1.440.931.950 төгрөгийг битүүмжилэлээс чөлөөлөх шийдвэр”-ийг амаар болон цахим хаягаар явуулж, уг ирүүлсэн шийдвэрийг үндэслэн ”ХААН” банкны Ард тооцооны төвөөс Б.”Б” ы “ХААН” банкны 5007968*** тоот дансан дахь 312.000 ам.доллар, 5007623*** тоот дансан дахь 1.440.931.950 төгрөгийн битүүмжлэл /барилт/-ыг чөлөөлөн Д.Э-ийн гаргасан хүсэлтээр түүний нэр дээрх 5014402***  тоот валютын хадгаламжийн данс, 5014402***тоот төгрөгийн хадгаламжийн данс руу зарлагын гүйлгээ хийж шилжүүлсэн үйл баримт тогтоогдог.

 

Дээрх үйл баримтаас дүгнэн үзвэл: Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3 дахь хэсэгт “...гэрчилгээ олгох хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол, гэрчилгээг энэ хуулийн 531.2-т заасан хугацаанаас өмнө олгож болно...” гэж заасан ба мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар талийгаач Б.”Б” ы эхнэр Д.”Э”  нь 1-р зэрэглэлийн өв залгамжлагч байх бөгөөд уг өвтэй холбоотой асуудлаар хэн нэгэн маргадаггүй, уг өвлөх гэрчилгээг олгоход тухайн өвлөгдөх эд хөрөнгүүдэд эрх бүхий байгууллагаас битүүмжилсэн байсныг тухайн үед нотариатч “Б.Г”  нь мэдэх боломжгүй байжээ. 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар яллагдагч, шүүгдэгч нас барсан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй бөгөөд талийгаач Б.”Б” ы дээрх мөрдөгчийн тогтоолоор битүүмжлэгдсэн валют, мөнгөн хөрөнгийн өмчлөлийн талаар ямар нэгэн хүн, хуулийн этгээд маргаж байсан талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй, Д.Э-ийн гаргасан хүсэлт болон холбогдох баримтуудыг үндэслэн түүнд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатч “Б.Г” г болон уг өвлөх эрхийн гэрчилгээ болон Б.”Б” д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол зэргийг үндэслэн талийгаач Б.”Б” ы “ХААН” банкны 5007968*** тоот дансан дахь 312.000 ам.доллар, 5007623*** тоот дансан дахь 1.440.931.950 төгрөгийн битүүмжлэл /барилт/-ыг чөлөөлсөн ХААН банкны ажилтан “Л.Т”  нарыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Б.Г”  болон “Л.Т”  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Бусад асуудлын талаар:

“Л.Т” , “Б.Г”  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Прокуророос “Л.Т” ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

“Б.Г” г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, “Б.Г” , “Л.Т”  нарыг цагаатгасугай.

 

2.”Л.Т” , “Б.Г”  нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

4.Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар цагаатгах тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6.Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол “Л.Т” , “Б.Г”  нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР