| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/02827 |
| Дугаар | 183/ШШ2021/00049 |
| Огноо | 2021-01-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2021/00049
2021 01 13 183/ШШ2021/00049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн .... дүгээр хороо, ...... цогцолборт байрлах, .....регистрийн дугаартай, М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .....дугаар хороо, Дэнж, .. дүгээр гудамж .... тоотод оршин суух Р.Ч /........../-д холбогдох,
гэрээний үүрэгт 870,230 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөг Б, нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Р.Ч нь 2019.12.11-ний өдөр үүрэн холбооны адраа төлбөрт үйлчилгээний гэрээ болон гар утас зээлийн нөхцөлөөр худалдан авах, үйлчилгээний хөлсийг хугацаандаа төлөх гэрээнүүдийг байгуулсан. ..........гэсэн дугаартай үүрэн холбооны үйлчилгээг ашигласан. Мөн Huawei W7 маркийн гар утсыг зээлээр авсан. Гэрээ байгуулснаас хойш төлбөрийг төлж байгаагүй учир торгуульд 133.800 төгрөг, үүрэн холбооны хэрэглээний төлбөрт 97.430 төгрөг болон гар утас зээлээр авсны төлбөл зохих мөнгөний хамтаар нийт 870.230 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч Р.Чхолбогдох нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь үйлчилгээний гэрээ болон гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний үүрэгт нийтдээ 870,230 төгрөгийг Р.Ч гаргуулахыг хүссэн байна.
Хариуцагч Р.Ч 2020.08.18-нд нэхэмжлэлийг хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буйгаа мэдсэн бөгөөд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...хуралдаанд оролцохгүй, миний эзгүйд шийдвэрлэнэ үү” гэсэн хариу өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь үүрэг хүлээх бөгөөд тухайлбал 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 25.2.3-т шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх, 25.2.4-т шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй болно.
Хэргийн баримтаас үзэхэд М ХХК, Р.Ч нарын хооронд 2019.12.11-ний өдөр ....тоот үйлчилгээний гэрээ болон .....тоот гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ тус тус байгуулагдсан, энэ гэрээний дагуу хэрэглэгч нь ..... дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн Huawei Y7 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн байна.
Дээрх гэрээний 3.2-т хэрэглэгч зээлийн болон багцын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй, 3.3-т хэрэглэгч гэрээний хугацаанд сонгосон багцыг тасралтгүй ашиглах үүрэгтэй, 3.9-д торгуулийн дүн нь энэхүү гэрээний хавсралт 1-д заасан зээлийн төлбөрийн зөрүүний 20 хувьтай тэнцүү байна гэж, мөн гэрээний 4.1-д үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгч 2 сараас илүү хугацаагаар зээлийн, багцын төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн төлбөрийн зөрүү дээр торгуулийн дүнг нэмж эсхүл гар утас, төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг үндсэн үнээс тооцож нэхэмжлэх эрхтэй гэж тус тус заажээ.
Шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн бөгөөд Иргэний тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Мөн үйлчилгээний гэрээний дагуу болон Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хэрэглэгч нь харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэглэгчийн мэдээлэл, харилцагчийн гүйлгээний баримтаас үзэхэд хэрэглэгч Р.Чимэддорж нь үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байна.
Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний хугацаа 12 сар, гар утасны үндсэн төлбөр 669,000 төгрөг, сард төлөх зээлийн төлбөр 55,750 төгрөг байх бөгөөд гэрээний 4.1-д заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 67,430 төгрөг, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 669,000 төгрөг, гар утасны төлбөрт тооцсон торгууль 133,800 төгрөг нийтдээ 870,230 төгрөгийг нэхэмжилсэн М ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хэргийг шийдэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Ч-с үйлчилгээний гэрээ болон гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээний үүрэгт нийтдээ 870,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,436 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25,436 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ