Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 183/шш2021/00472

 


2021 оны 03 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2021/00472 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 хороолол, байрлах, М...ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, оршин суух, .... овогт Т..ын О.. /РД:..../-д холбогдох,

 

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 5 692 125 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.О..тэй манай компани 2018 онд ******* тоот төлбөр барагдуулах гэрээг байгуулж уг төлбөрийн гэрээний үүссэн төлбөр нь 5 794 750 төгрөг байсан. Т.О.. нь тогтоосон графикт хугацаанд төлбөрийг төлөөгүй ба 2018 онд 1 500 000 төгрөг, 2019 онд 500 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт хийгээгүй. Талуудын байгуулсан гэрээнд төлбөр барагдуулах үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног дутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Иймд О..ээс төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр болох 3 794 750 төгрөг, алданги болох 1 897 375 төгрөг, нийт 5 692 125 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү... гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Т.О.. би 2018 онд МАК-тай төлбөр барагдуулах гэрээг байгуулснаас хойш 2018 онд 1 500 000 төгрөг, 2019 оны 01 сард 400 000 төгрөг, 2019 оны 02 сард 200 000 төгрөг, 100 000 төгрөг, 2019 оны 03 сард 300 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Миний бие 2019 онд дархлааны системийн өвчнөөр өвдөж, хөдөлмөр эрхлэх чадвар буурч, хийж байсан бизнесийн үйл ажиллагаа зогссон. МАК ХХК-ийн хуулийн хэлтэст миний бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон, мөн өрх толгойлсон эмэгтэйн хувьд төлбөрийг төлж барагдуулахад маш хүнд байгаа тул алдангиас чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан. Энэ хүсэлтийг маань харгалзан үзэх боломжтой гэж МАК-ын хуулийн хэлтэс хэлсэн. Нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М...ХХК нь хариуцагч Т.О..т холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл 3 794 750 төгрөг, алданги 1 897 375 төгрөг, нийт 5 692 125 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид 2018 онд ******* дугаар төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр үндсэн гэрээ 93,6 м.куб евроблокны үнэ болох 5 794 750 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгааг талууд харилцан тооцож тогтоон, төлбөр төлөгч Т.О.. нь 2018 оны 05 сарын 30-ны өдөр 795 000 төгрөг, 2018 оны 06 сарын 30-ны өдрөөс 2018 оны 10 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр 1 000 000 төгрөгийн төлөлтийг төлбөр хүлээн авагч буюу М...ХХК-д төлөхөөр, төлбөр төлөгч нь гэрээнд заасан төлбөр барагдуулах үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... хариуцагч Т.О.. нь 2018 онд 1 500 000 төгрөг, 2019 онд 500 000 төгрөг, нийт 2 000 000 төгрөгийн төлөлт хийснээс өөрөөр төлөлт хийгээгүй, тогтоосон хугацаа өнгөрсөн... гэж тайлбарлаж байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний үүргээ баталгаажуулан, маргааны эрх зүйн баримт бичиг болох төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь хуульд нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчаас төлбөр барагдуулах гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаар хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч тайлбартаа ...төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш нийт 2 500 000 төгрөгийн төлөлт хийсэн... гэж тайлбарлаж байх боловч тэрээр татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлоогүй. Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 3 794 750 төгрөг гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 1 897 375 төгрөгийн алданги гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцэх тул хариуцагч Т.О..ээс төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 3 794 750 төгрөг, алданги 1 897 375 төгрөг, нийт 5 692 125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М...ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 107 666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О..ээс улсын тэмдэгтийн хураамжид 107 666 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, хэргийг эзгүйд шийдвэрлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг нотлосон баримтыг хариуцагчид бүрэн танилцуулсан байх тул хариуцагчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.О..ээс 5 692 125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М...ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.О..ээс улсын тэмдэгтийн хураамж 107 666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М...ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ