| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/00154/И |
| Дугаар | 183/шш2021/00473 |
| Огноо | 2021-03-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 183/шш2021/00473
21 оны 03 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2021/00473 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, байрлах, Н. ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн байрлах, Х..ХХК /РД:..../-д холбогдох,
Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 817 363 172 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н. ХХК нь иргэн Ц.Б..тэй байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагч хуулийн этгээдээс 340 275 513 төгрөгийн авлагатай бөгөөд мөн зээлийн гэрээний үүрэг 370 475 072 төгрөгийн авлага нийт 710 750 585 төгрөгийн үүргийг хэрхэн барагдуулах талаар тохиролцож, 2020 оны 10 сарын 13-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Х..ХХК нь 710 750 585 төгрөгийг 2020 оны 10 сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн бөгөөд төлбөр төлөгчийн хүсэлтээр хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан боловч одоог хүртэл огт төлөлт хийгээгүй. Иймд хариуцагч Х..ХХК-иас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 710 750 585 төгрөг, гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн хоногт ногдох алданги 106 612 587 төгрөг, нийт 817 363 172 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Манай компани иргэн Ц.Б..т 340 275 513 төгрөгийн өртэй бөгөөд Ц.Б.. нь манайхаас авах уг авлагаа шаардах эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр Н. ХХК-д шилжүүлсэн. Мөн Х..ХХК нь Н. ХХК-д 370 475 072 төгрөгийн өртэй ба нийт 710 750 585 төгрөгийг төлөх нь үнэн болно. Х..ХХК нь Н. ХХК-тай 710 750 585 төгрөгийн төлбөрийг төлөх талаар харилцан тохиролцож төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь үнэн. Харин алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй манай компани сүүлийн 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, их хэмжээний өр зээлтэй тул төлж барагдуулах санхүүгийн бодит боломж байхгүй. Төлбөр төлөх хугацааг нэг жилээр хойшлуулсан нөхцөлд уг хугацаанд төлбөрийг төлөх боломжтой болно. Нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н. ХХК нь хариуцагч Х..ХХК-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл 710 750 585 төгрөг, алданги 106 612 587 төгрөг, нийт 817 363 172 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба харин компани үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр алданги төлөх үндэслэлгүй гэж маргав.
Зохигчид 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр төлбөр төлөгч буюу Х..ХХК нь 2020 оны 09 сарын 30-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу төлөх 340 275 513 төгрөг, 2019 онд төлбөр авагч Н. ХХК-иас зээлсэн 370 475 072 төгрөг, нийт 710 750 585 төгрөгийг 2020 оны 10 сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулах, гэрээнд заасан төлбөр барагдуулах үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцсон байна.
Хэрэгт Ц.Б.. болон Н. ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 09 сарын 30-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээ нотлох баримтаар авагдсан ба уг гэрээгээр Ц.Б.. нь Х..ХХК-иас шаардах 340 275 513 төгрөгийн шаардах эрхээ Н. ХХК-нд шилжүүлсэн байна. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт ...шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно" гэж заасантай нийцжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний үүрэг болох 370 475 072 төгрөг болон шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуух 340 275 513 төгрөгийн үүргийг тус тус нэгтгэн, төлбөр төлөх хугацаа тогтоож, маргааны эрх зүйн баримт бичиг болох төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагчаас төлбөр барагдуулах гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-т үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан ба хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, улмаар талууд төлбөр төлөх хугацааг 2020 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл хойшлуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 817 363 172 төгрөгөөс 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс мөн оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл 30 хоногийн алдангийг 0,5 хувиар тооцон 106 612 587 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д ...Анзын гэрээг бичгээр хийнэ. Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ... гэж заасантай нийцэх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Х..ХХК-иас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 710 750 585 төгрөг, алданги 106 612 587 төгрөг, нийт 817 363 172 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н. ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 4 244 765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х..ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4 244 765 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 123 дугаар зүйлийн 123.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х..ХХК-иас 817 363 172 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н. ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 244 765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас Х..ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 4 244 765 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н. ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ