Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 733

 

 

 

 

 

 

 

 2020           06           04                                            2020/ДШМ/733                           

 

 

Ц.А-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор Ж.Отгончимэг,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/975 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Отгончимэгийн бичсэн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 21 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.А-т холбогдох 1908040010407 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Ц-ын А, Улаанбаатар хотод 1996 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол 6 дугаар байр 11 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 00000000/,

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон,

2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;

Ц.А- нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хонг конг” зочид буудалд хамгаалагчаар ажиллаж байхдаа орлогын 510,000 төгрөг, ажилтан О.Номингийн 70,000 төгрөгийн үнэ бүхий куртикийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... 1. Хохирогчийг зөв тогтоосон эсэхэд дүгнэлт хийх. Хэрэгт авагдсан итгэмжлэлээр Э.Болормааг зөвхөн баримт бичигт гарын үсэг зурахыг зөвшөөрснөөс бус байгууллагыг төлөөлөх эрх олгоогүй, итгэмжлэлийн хугацаа тодорхойгүй байхад түүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож, мэдүүлэг авчээ.

2. “Энххуяг” ХХК харуул хамгаалалтыг хариуцаж байсан тул уг харилцаатай холбоотой гэрээ, хэлцлийг хэрэгт хавсаргаж, иргэний хариуцагч мөн эсэхийг тогтоох.

3. Захирамжид дурдагдаагүй боловч нэмж шалгавал зохих асуудал үүсвэл шалгаж ирүүлэх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр Ц.А-т холбогдох хэргийг прокурорт буцааж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хэрэг прокурорт очтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Отгончимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... “Хонг Конг” зочид буудлын захирлын итгэмжлэлийн дагуу Э.Болормааг хохирогчоор тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Итгэмжлэлд Э.Болормаа гарын үсэг зурах байдлаар оролцоно гэсэн. Зочид буудлын эзэн нь гадаадын иргэн бөгөөд итгэмжлэлд хуулийн үг хэллэг хэрэглээгүй байна. Шаардлагатай гэж үзвэл гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирогчийг оролцуулахдаа дахин итгэмжлэлийн шаардлага хангасан итгэмжлэл, албан тоотыг авч хэрэгт хавсаргаж болно. Түүнчлэн “Хонг конг” зочид буудал нь харуул хамгаалалтын “Энххуяг” ХХК-аас хохирлоо бүрэн авсан тул иргэний хариуцагчаар татах үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “... шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэсний дагуу шүүх хохирогчоор тогтоох бүрэн боломжтой.

Түүнчлэн шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад тусгагдсан асуудал нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд яллагдагч Ц.А-ыг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь хууль зөрчсөн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ц.А-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Ц.А-т холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийг буруу тогтоосон гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарчээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн “Хонконглүюу” ХХК-ийн “Хонг конг” зочид буудлыг бус, тус компанийн ажилтан иргэн Э.Болормааг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Мөрдөгч, прокурор дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”-ийн 1.2 дахь заалтад “хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг;” гэж тус тус заасан бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчийн эрх зүйн байдал, эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тус хуулиар харилцан адилгүй зохицуулсан байна.

Гэмт хэргийн улмаас хуулийн этгээдэд хохирол учирсан бол дээрх хуулийн зохицуулалтын дагуу тухайн хуулийн этгээдийг хохирогчоор тогтоох ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа хууль, дүрэмд заасан итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий хүнийг, эсхүл итгэмжлэлийг үндэслэн төлөөлөх эрх олгогдсон хүнийг мөрдөгч, прокурорын шийдвэрээр хууль ёсны төлөөлөгчөөр томилж, төлөөлөн оролцуулна.

Нөгөө талаар, Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” хэмээн хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодорхойлсон атал хохирогчоор хохирол хүлээсэн хуулийн этгээдийг бус, иргэнийг тогтоож, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан хууль бус ажиллагаа явуулахгүй байхыг прокурор цаашид анхаарвал зохино.

Дээрх зөрчлийг шүүх хуралдаанаар зөвтгөж залруулах боломжгүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “... хэргийг шүүхээр хэлэлцүүлэх ...”-ийг хүссэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин “Энххуяг” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах нь хэрэгт төдийлөн ач холбогдолтой бус, шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 3 дахь заалтаар чухам ямар ажиллагаа хийхийг тодорхой тусгаагүй байх тул эдгээр үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/975 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 21 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ         

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН