Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/110

 

  

 

 

 

 

      2024          01          29                                       2024/ШЦТ/110

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Г.Ундрах,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан эрүүгийн ************* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

М.Б нь 2023 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө ********** дүүргийн **** дугаар хороо нутаг дэвсгэр Тусгаар тогтнолын ордны гадна хохирогч Б.О ыг машины ар луу шээлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар газар унаган нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвуунд шарх баруун мөрөнд цус хуралт, баруун хацар, даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.О ын мэдүүлэг, шүүгдэгч М.Б-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч М.Б нь 2023 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө ********** дүүргийн **** дугаар хороо нутаг дэвсгэр Тусгаар тогтнолын ордны гадна хохирогч Б.О ыг машины ар луу шээлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар газар унаган нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвуунд шарх баруун мөрөнд цус хуралт, баруун хацар, даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Б-ийн хохирогч Б.О ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 10 сарын 27-с 28-ны шилжих шөнө С-ий кафе 78 гэх газар ажилладаг найз А-тай  уулзах гээд Ө , Тэ , ТБ  нарын хамт очсон. Тэгээд уулзаад байж байтал тухайн газар нь хаах болоод бид нар гараад явж байтал Т-ийн эмэгтэй найзуудтай таарсан. Гэтэл тэнд үл таних 2 залуу Т-ийн машиных нь ард бөөлжиж байсан. Тэгээд Тэ  “ах аа болиоч ээ” гэж хэлсэн чинь “4 янхантай хамт явж байж битгий том дугараад байгаарай” гээд байсан. Тэгэхээр нь би нэгийг нь хавираад унагаачихсан. Тэгээд унахаар нь өгзөг рүү нь нэг удаа өшиглөсөн. Мөн босож ирэхээр нь бугуйлдсан, ташаа хэсэг рүү нь жийсэн. Би тухайн үед тэр хүнийг ухаан алдтал нь цохиогүй. Уг хүмүүс өөрсдөө маш их согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58/,

 

хохирогч Б.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр найз болох У тай уулзаад намайг гэрээс ирж аваад хороолол руу явсан Тэндээ "Энерже" нэртэй лоунжид хэсэг ойр зуурын юм ярж байгаад манай найз У танил эмэгтэйтэйгээ уулзана гээд 03 цагийн үед ирсэн. Тэгээд ********** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёлын төв ордны намын байр луу ордог нарийхан зам дээр таксинаас буусан. Тэгээд тэр эмэгтэйг байна гэх баарны үүдэнд ирээд манай У дотогш орсон. Би гадаа нь хүлээгээд зогсож байтал миний хажуугаар хоёр эмэгтэй зөрсөн, тэрний дараа ямар нэг машинаас 3-4 залуу буугаад над дээр ирээд намайг шууд цохисон. Тэгээд би газар унаад ухаан алдах шиг болсон. Нэг сэрэхэд манай найз У намайг сэрээгээд эмнэлгийн анхан тусламж үзүүлсэн. Би тухайн архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэсэн байсан учраас намайг хэдэн удаа цохихыг санахгүй байна, ямартай ч миний баруун шанааны хэсэгт нэлээн хэд их цохисон, миний ар дал, цээжний хэсэгт их хөндүүр байна. Ойролцоогоор тэнд 7-8 залуу байсан. Тэдгээр залуучуудын хувцсыг нарийн сайн хэлж сэдэхгүй байна, ямартай ч цагаан цамцтай байсан санагдаж байна. Одоо миний биед зүүн гарын эрхий хуруу зүсэгдсэн, ар далын хэсэг, цээж маш их хөндүүрлэж байна..." мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

гэрч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 10 сарын 27-ны өдөр би гэртээ амарч байсан, тэгээд өөрийн найзууд болох Ө , Б , ТБ т нартай уулзаж цайз 16-д заал авах гээд цугласан. Ө , Б , ТБ т нартай 21 цагт цайз 16 дээр заалан дээрээ уулзацгаасан. Тухайн зааланд 2 цаг тоглоод 23 цаг гээд хувцас хунараа өмсөж байгаад ерөнхийдөө 00 цаг болсон. Заалны гадаа байж байгаад бага зэрэг сууж юм ярих уу гээд өөрийн найз "78" лоунжид ажилладаг А  нэртэй найзын ажил дээр нь Ө , Б , ТБ т бид нар ирсэн. "78" дотор ортол лоунж нь хааж байсан ба явах гээд машиндаа сууцгааж байтал 30-40 орчим насны 2 эрэгтэй хүн миний машины ард ирээд шээгээд, бөөлжөөд байсан. Тэгээд би буугаад “машин руу шээгээд байна ш дээ холдооч ээ” гэж зандрангуй хэлсэн. Тэгтэл надад хандан “цаашаа зайл” гэж хэлсэн. “Хаана шээсэн гэж би чиний машин руу шээгээгүй” гээд над руу орилолдоод байсан. Тэгээд би машиндаа суугаад байж байтал тэр хоёр бид хэд рүү хандан хэдэн халтар гичий дагуулчхаад гэж хэлсэн. Тэгж хэлэхийг нь манай найзууд М.Б болон бусад найзууд маань сонсчих шиг болоод манай найзууд болох Б , Ө , ТБ т 3 гартал нөгөө хоёр ах 78 лоунжийн хашаа дотор байж байсан. Ө , Б , ТБ т нар надаас түрүүлээд нөгөө хоёр ах дээр ирсэн. Намайг ирэхэд нэг ах нь газар уначихсан. М.Б байж байсан, манай найзууд салгах гээд хажууд нь байж байсан. Би ирээд Батсуурийг салгасан. Намайг Батсууриас нөгөө ахыг салгаад нөгөө ахыг босгох үед нөгөө ах намайг цохисон. Би хариуд яаж байгаа юм бэ гээд хэлтэл манай найз М.Б хажуу талаас нь нөгөө ахыг хувцаснаас нь татсан. Би найз Батсуурийг цаашаа яв гэж хэлээд нөгөө ахтай эвтэйхэн учраа олох гээд лоунжны үүд хэсэг рүү явтал миний нүүр рүү мангасдсан. Миний уур хүрээд нөгөө ахыг хойноос нь татаад газар унагаасан. Тэгээд бид хэд явах гээд машиндаа сууж байтал нөгөө хоёр ах машины урд ирээд хувцас хунараа тайлаад, утсаа газар шидээд машины урд ирээд суучихсан. Би машинаасаа гараад нөгөө хоёр ахын хувцсыг өмсүүлээд зам руу гараад таксинд суулгаж өгсөн. Тэгээд бид хэд гэр гэр рүүгээ явцгаасан..." мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13665 дугаартай дүгнэлт “...Б.О ын биед зүүн сарвуунд шарх, баруун мөрөнд цус хуралт, баруун хацар, даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1”т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 27-28/,

 

Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47-49/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 10 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө ********** дүүргийн **** дугаар хороо нутаг дэвсгэр Тусгаар тогтнолын ордны гадна хохирогч Б.О ыг машины ар луу шээлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар газар унаган нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвуунд шарх баруун мөрөнд цус хуралт, баруун хацар, даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч М.Б-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч М.Б д 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч М.Б нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч М.Б-ийн үйлдлийн улмаас нийт 700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч Б.О ад 700.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди болон хохирогчийн дүрс оношилгооны хариу 1 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********* овогт М.Б-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан М.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди болон хохирогчийн дүрс оношилгооны хариу 1 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР