Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/шш2021/00492

 

2021 оны 03 сарын 02 өдөр Дугаар 183/ШШ2021/00492 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, байранд байрлах, К...ХХК .....ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхон хаягт оршин суух, ..... цогт овогт Б..ы Б.. /РД:..../-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2 949 670,42 ам.доллар буюу 8 112 596 542 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М  , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, түүний өмгөөлөгч Н.М   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Зээлдэгч Б.Б.. нь Капитал банктай 2015 он 01 сарын 21-ний өдрийн 07 тоот зээлийн гэрээг байгуулж, 10 тэрбум төгрөгийг, сарын 1,8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай авсан. Мөн өдөр дээрх зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-.... тоот дугаартай, .... дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, улсын бүртгэлийн Ү-.... тоот дугаартай, .... дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** тоот хаягт байрлалтай 650,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, 2015 оны 04 сарын 19-ний өдрийн ****тоот барьцааны гэрээгээр ******/0169 тоот нэгж талбарын дугаартай, .... дүүргийн 6 дугаар хороонд байрлах 1841 мкв талбайтай, орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалж, барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Улмаар 2016 оны 10 сарын 28-ны өдөр зээлийн үлдэгдлийг ам.долларт хөрвүүлж, 2 400 000 ам.долларын үлдэгдэлтэй байхаар тохиролцож, зээлийн хүүг жилийн 15,6 хувь болгон өөрчлөн зээлийн нөхцөл өөрчлөх ****дугаар гэрээг байгуулсан. Дээрх гэрээний тохиролцооны дагуу зээлдэгч Б.Б..ын зүгээс үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөөр гэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2018 оны 10 сарын 29-ний өдрөөс эхлэн банкны зүгээс удаа дараа уулзаж төлбөр барагдуулах талаар мэдэгдэж байжээ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг үндэслэн Монголбанкнаас батлагдсан банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодсон. Иймээс К........ийн зүгээс өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд үндсэн зээлд 1 883 124.87 ам.доллар, хүүнд 965 613.** ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 93 932.07 ам.доллар нийт 2 949 670.42 ам.доллар буюу 8 112 596 542 төгрөг /нэхэмжлэл гаргах өдөр Монгол банкны албан ханш 2750.34 төгрөг/-ийн зээлийн төлбөрийг зээлдэгч Б.Б..аас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2016 оны 10 сарын 28-ны өдрийн ****дугаар зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг үндэслэн нийт 2 949 670.42 ам.доллар буюу 8 112 596 542 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Б.Б..ын зүгээс дээрх гэрээг банктай байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй, нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах үед буюу тухайн үед Б.. капитал банкны эрх хүлээн авагчтай уулзаж байсан. ****дугаар зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулаагүй гэдгийг талууд хэн аль нь мэдэж байсан. 2015 оны 01 сарын 21-ний өдрийн 07 дугаар зээлийн гэрээгээр Б..аас 10 000 000 000 төгрөгийн зээл олгосон гэх асуудлыг эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа ба капитал банкны өмнөх удирдлага нь Б..ын хадам эцэг Б.***ээр дамжуулж ***** ХК-ийн К...дахь зээлийг барагдуулах, тус компанийн зээлийн барьцаанд тавигдсан асуудлуудыг дуусаагүй барилгуудыг гүйцээж барихад зээл зарцуулагдсан эсэх, зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр банкны зүгээс зориулалтын бусаар зээлийг ашигласан эсэх асуудлыг тодруулахаар хариуцагчийн зүгээс нотлох баримтыг гаргаж өгсөн байгаа. Тухайн зээлийн гэрээний дагуу 10 000 000 000 төгрөгийг бодитоор аваагүй ***** ХК-ийн барьцааны эд хөрөнгийг зээлийн гэрээний үнэнд тооцон шилжүүлсэн авсан. Нэхэмжлэлийн шаардлага болоод байгаа барьцаа хөрөнгүүд мөн л Капитал банкны санаачилгаар Шинэ дэлхий ХХК-ийн өмчлөлд шилжээд зээлийн өрийг хаасан. Иймд талуудын хооронд байгуулагдаагүй, гарын үсэг зураагүй зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүдийг үндэслэж их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К...ХХК ..... нь хариуцагч Б.Б..ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 949 670,42 ам.доллар буюу 8 112 596 542 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

К...ХХК болон Б.Б.. нар 2015 оны 01 сарын 21-ний өдөр 07 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч К...ХХК нь барилгын санхүүжилтийн зориулалтаар 10 000 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1,8 хувь, жилийн 21,6 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлөөр шилжүүлэх, зээлдэгч Б.Б.. нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу эхний 10 сар үндсэн хүүгийн төлөлтөөс чөлөөлөгдөн, сүүлийн 14 сард зээлийн үндсэн төлөлт болон хүүгийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд 07 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** тоот хаягт байрлалтай 650,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 20 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаанд бариулжээ.

 

Хариуцагч нь дээрх зээл болон барьцааны гэрээг байгуулсан, хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй.

 

Талууд дээрх 2015 оны 01 сарын 21-ний өдрийн 07 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулан, зээлийн үлдэгдлийг 2 400 000 ам.долларт хөрвүүлж, хүүг 15,6 хувь гэж, хугацааг 2018 оны 10 сарын 29-ний өдрийг дуустал буюу дахин 24 сар үргэлжлэхээр тохиролцон 2016 оны 10 сарын 28-ны өдрийн ****тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулжээ.

 

Мөн 2015 оны 04 сарын 19-ний өдрийн ****тоот барьцааны гэрээгээр ******/0169 тоот нэгж талбарын дугаартай, .... дүүргийн 6 дугаар хороонд байрлах 1841 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан байна.

 

Хариуцагч нь ...2015 оны 01 сарын 21-ний өдрийн 07 тоот зээлийн гэрээний үүрэг барьцаа хөрөнгөө тооцож шилжүүлээд дуусгавар болсон. 2016 оны 10 сарын 28-ны өдрийн ****тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг би байгуулаагүй, гарын үсэг зураагүй. Мөн 2015 оны 04 сарын 19-ний ****дүгээр барьцааны гэрээг банктай байгуулаагүй ... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 01 сарын 06-ны өдрийн Б.Б..ын эд хөрөнгийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 07 тоот барьцааны гэрээнд эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн тоотын дугаар 59- гэснийг ** гэж зөрүүтэй бичсэн гэж үзэхээр байна. Дээрх 07 тоот барьцааны гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-...., Ү-.... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2015 оны 01 сарын 20-ны өдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хариуцагчийн өмчлөлд бүртгэгдсэн, 2015 оны 03 сарын 13-ны өдөр Ү-.... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Б..аас бусдын өмчлөлд бэлэглэлийн гэрээний дагуу шилжсэн байна. /хх-108/

 

Хариуцагч Б.Б..аас бэлэглэлийн гэрээний дагуу 2015 оны 03 сарын 13-ны өдөр бусдын өмчлөлд шилжсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй, .... дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** тоот хаягт байрлалтай 652,76 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 2015 оны 03 сарын 16-ны өдөр Шинэ дэлхий ХХК нь К...ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, улмаар зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шийдвэрлэсэн болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 102/ШШ2016/0**67 дугаар Зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. /хх-111-112/

.... дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 11-1*****дугаар албан тоотоор 2015 оны 01 сарын 21-ний өдрийн 07 тоот барьцааны гэрээний 2 дахь барьцааны эд хөрөнгө болох хариуцагч Б.Б..ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөнд үүрэг ногдуулсан тухай бүртгэл хийгдээгүй байгаа болохыг тодорхойлжээ. /хх-109/

 

Мөн хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Капитал банкны 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 4/1495 тоот зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэгийн гарын үсэгтэй Б.. овогтой Б.. нь тус банкинд өр зээлийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлов гэх баримтыг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэж, няцаагаагүй болно.

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагчийн 2015 оны 01 сарын 21-ний өдөр 07 тоот зээл болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон гэх татгалзал үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч Б.Б.. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон 2016 оны 10 сарын 28-ны өдрийн ****тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг байгуулаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргажээ.

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 сарын 27-ны өдрийн 4375 дугаар шинжээчийн дүгнэлтэд ...шинжилгээнд ирүүлсэн 2015 оны 04 сарын 19-ний өдөр гэсэн огноотой Барьцааны гэрээ №****гэсэн баримтын барьцаалуулагч гэсэн хэсэгт байх шинжилж буй гарын үсгүүд, 2016 оны 10 сарын 28-ны өдөр гэсэн огноотой Зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ №****гэсэн баримтын Зээлдэгч Б.. овогтой Б.. гэсэн хэсэгт байх гарын үсгүүд нь харьцуулсан загвараар ирүүлсэн Б.Б..ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна... гэжээ.

 

Хэлцэл гэж хэлцэл хийгч этгээдийн өөрийн хүссэн тухайн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн хүсэл зориг, түүний илэрхийллийг ойлгох бөгөөд энэхүү хүсэл зориг, түүний илэрхийлэл хууль зүйн дагуу байх, түүний хүсэл зоригийг нөгөө тал хүлээн авсан байх, ингэснээр тэдний хүсэл зориг харилцан нийцсэний үр дүнд аливаа гэрээ байгуулагдах учиртай.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн ** дугаар зүйлийн **.1.1-**.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэл болох 2016 оны 10 сарын 28-ны өдрийн ****тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг хариуцагчийн хүсэлтээр байгуулсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, зээлдэгч буюу хариуцагч Б.Б.. хүсэл зоригоо илэрхийлэн 2016 оны 10 сарын 28-ны өдрийн ****тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ, мөн 2015 оны 04 сарын 19-ний өдрийн ****тоот барьцааны гэрээнд гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн ** дугаар зүйлийн **.1.8 дахь хэсэгт хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар К...ХХК болон Б.Б.. нарын хооронд байгуулагдсан 2016 оны 10 сарын 28-ны өдрийн ****тоот зээлийн нөхцөл өөрчлөх гэрээ, мөн 2015 оны 04 сарын 19-ний өдрийн ****тоот барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Иймд нэхэмжлэгч К...ХХК ..... хүчин төгөлдөр бус хэлцлийн үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй тул зээлийн гэрээний үүрэгт 2 949 670,42 ам.доллар буюу 8 112 596 542 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хариуцагч Б.Б..ад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн ** дугаар зүйлийн **.5-д энэ хуулийн **.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан ба дээр дүгнэсэнчлэн барьцааны зүйл бусдын өмчлөлд шилжсэн, мөн эд хөрөнгөд үүрэг ногдуулсан бүртгэл хийгдээгүй тул харилцан буцаах зүйлгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн ** дугаар зүйлийн **.1.8-д заасныг баримтлан К...ХХК .....ийн зээлийн гэрээний үүрэгт 2 949 670,42 ам.доллар буюу 8 112 596 542 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хариуцагч Б.Б..ад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч К...ХХК .....ийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ