| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0118/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/108 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/108
2024 01 29 2024/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд хаалттай хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Д.Пүрэврагчаа,
өсвөр насны шүүгдэгч Б.П , түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ж , тэдгээрийн өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарыг оролцуулан эрүүгийн ************* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны яллагдагч Б.П нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *********** дүүргийн ******** дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Б ы гээгдүүлсэн гэх Айфоне 10 икс загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 590.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Б.П ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ч.Б , иргэний нэхэмжлэгч Х.Ц нарын мэдүүлэг, өсвөр насны шүүгдэгч Б.П ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар, “Д” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр өсвөр насны шүүгдэгч Б.П нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *********** дүүргийн ******** дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Б ы гээгдүүлсэн гэх Айфоне 10 икс загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 590.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.П ын хохирогч Ч.Б ы гээгдүүлсэн гэх Айфоне 10 икс загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 590.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгч Б.П ын мэдүүлсэн: “...Тухайн өдөр би ангийнхаа найз болох Т , МО нартай явж байгаад гар утас олсон. Гар утсыг олоход хөлдөөд унтарчихсан байсан. Тэгээд би МО гэх найзындаа байж байгаад орой гэртээ ороод гар утсыг цэнэглээд асаасан болов ч код нэхээд орохгүй байсан. Би кодыг нь таах гэж оролдоод чадаагүй. Тухайн гар утсыг би өөртөө 10 гаруй хоног хадгалсан. Тэгээд би найзуудтайгаа Т-т кино үзэх гэж явж байгаад хажуу талын Тэди худалдааны төв рүү ороод засаж янзлах боломжтой юу гэж засварчнаас асуусан. Гар утсыг засварчинд үзүүлэхэд янзлах боломжгүй гэсэн. Тэгээд засварчин ах надаас “наад гар утсаа зарах уу” гэхээр нь “би мэдэхгүй” гэж хэлээд гарсан. Би 20-30 минутын дараа буцаж ороод гар утсыг зарсан. Гар утасны ард байсан картаар би 2 найзтайгаа дэлгүүр ороод юм авч идсэн...” гэв.
өсвөр насны шүүгдэгч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2023 оны 10-р сарын 17-ны өдөр би МО , Т нарын хамтаар *********** дүүргийн *****-р хороо ойролцоо явж байгаад газраас шар өнгийн Айфоне маркийн гар утас олоод ар хэсгийг нь үзсэн чинь ногоон өнгийн хаан банкны карт байсан. Тэгэхээр нь би найзын хамт тухайн зөгийн үүрний урд байх дэлгүүр ороод тухайн картаар ундаа авсан чинь болж байсан. Түүнээс хойш тухайн картаар 70 гаруй мянган төгрөгийн гүйлгээ хийж хоол хүнсний зүйл авсан. Тэгээд тухайн өдөр би гэртээ ороод олсон гар утас унтарсан байхаар нь цэнэглээд асаах гэсэн боловч сим карт нь кодтой байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орчим тэнгис кино театрт найз нарын хамт кино үзэх гэж явж байхдаа тэди төвөөр ороод тухайн гар утсыг нээгээд эзэнд нь буцааж өгье гэж бодоод засуулах гэсэн чинь засах боломжгүй кодтой байна гэхээр нь би тэр гар утсыг 120.000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд би олсон мөнгөөрөө найз нарын хамтаар заал авч тоглоод дууссан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/,
хохирогч Ч.Б ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 20 цагийн үед би *********** дүүргийн ******** дүгээр хороо, ***** орчимд явж байгаад өөрийн Айфоне 10т маркийн утас болон гар утасны хойд талд байсан хаан банкны виза картаа гээгдүүлсэн. Миний хаан банкны картаар гүйлгээ хийсэн байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...Би өөрөө Хаан банкны дансаар 500.000 төгрөгийн гүйлгээ хийсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хохирлоо барагдуулж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 11/,
иргэний нэхэмжлэгч Х.Ц ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Тэди төвийн гурван давхарт өөрийн ажил болох гар утас завсар дээрээ байхад нэг танихгүй залуу ирээд Айфоне 10 икс эс загварын гар утас гаргаж ирээд “энэ утасны кодыг нь тайлж болох уу” гэж надаас асуухаар нь би энэ гар утасны ай ди мэдэхгүй бол ашиглагдахгүй гэж хэлсэн тэгээд тэр залуу “хүн энэ утсыг 120.000 төгрөгөөр авна гэсэн. Энэ утсыг янзлуулчихмаар байна” гэж хэлээд манай лангуунаас гарсан. Тэгээд нөгөө залуу 10 минутын дараа буцаад орж ирээд “зармаар байна” гэж хэлсэн. Тэгээд би дэлгэцийг нь ашиглаж болох юм байна гэж бодоод 120.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод хажууд суудаг ******* гэх хүнээс мөнгө зээлээд Айфоне 10 икс эс гар утсыг 120.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан. Гэмт хэрэг үйлдэх замаар олж авсан гар утас гэдгийг нь мэдээгүй...” /хх-ийн 22-24/,
хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн СБ2-23-1087 дугаартай “...Шинжилгээний объектын 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 590.000 /таван зуун ерэн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 42-45,
өсвөр насны шүүгдэгч Б.П ын нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 63-64/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 37-39/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.П нь 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр *********** дүүргийн ******** дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Б ы гээгдүүлсэн гэх Айфоне 10 икс загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 590.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Өсвөр насны шүүгдэгч Б.П-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин өсвөр насны шүүгдэгч Б.П ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч ******** овогт Б.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Өсвөр насны шүүгдэгч Б.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, өсвөр насны шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР