| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/03998/И |
| Дугаар | 183/шш2021/00578 |
| Огноо | 2021-03-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 183/шш2021/00578
2021 оны 03 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2021/00578 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо15 хороолол, 2 дугаар байр, 195 тоотод оршин суух, ...овогт Г...ийн Б.. /РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, , өөрийн байранд, Д..ТӨХК /РД:.../-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 29 836 224 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Г.Б.. нь ДЦС-д ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаас халагдсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2019 сарын 09 сарын 25-ны өдөр гарсан. Энэ өдрөөс хойш давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 1954 тоот магадлал, улсын дээд шүүхийн 2020 оны 09 сарын 20-ны өдрийн 452 тоот тогтоолоор ажлаас үндэслэлгүй халсан болох нь тогтоогдсон. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 дугаартай шийдвэр гарснаас хойш буюу 2020 оны 10 сарын 20-ны өдөр Б/411 тоот тушаал гарах хүртэл ажлын 280 хоногийн шүүхийн шийдвэрт зааснаар дундаж цалин хөлсийг тооцоохоор нэг өдрийн 109 692 төгрөгөөр тогтоосон байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасан үндэслэлээр ажилгүй байсан хугацааны бүх цалин хөлсийг гаргуулах гэсэн хуулийн заалтыг үндэслэж ажилгүй байсан хугацааны цалин 30 713 760 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 308 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Г.Б..г 2016 оны 03 дугаар сард хамтрагчийн худалдан авах ажиллагааны хэлтэст хангамжийн инженерийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан. Ажилд авснаас хойш 2016 оны 10 сард дотоод аудитор ажлын байранд тавигдах шаардлагын хэрэгжилтэд аудит хийсэн бөгөөд Г.Б..г ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хийх болзол шаардлагыг хангахгүй байгаа талаар дүгнэлт ирүүлж байсан. Энэ дүгнэлтээр Г.Б..гийн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, ур чадвар, туршлагад нийцэхгүй байна гэсэн аудитын дүгнэлт нь түүнийг ажлаас шууд халах үндэслэл болж байгаа. Г.Б..г 2016 онд анх ажилд авахдаа 1 044 812 төгрөгийн цалинтай хөдөлмөрийн гэрээ хийсэн. 2018 оны 1 дүгээр сараас үндсэн цалинг 1 206 757 төгрөг болж нэмэгдүүлсэн. Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайдын 2015 оны 55 дугаар тушаалын дагуу сүүлийн гурван сарын дундаж цалин хөлсөөр бодно гэж заасан. Цалин хөлсийг тодорхойлохдоо гол нотлох баримт нь цалин хөлсний цэс, данс бүртгэл байна гэж заасан. Тус компани нь тухайн сарын ашиг орлогоос хамаарч ажилтнууддаа 50 хувь хүртэл, жилд нэг удаа 5 сарын хугацаатай үр дүнгийн урамшууллыг ТУЗ-ын тогтоолоор олгодог. Гэтэл Г.Б.. нь жилд нэг удаа олгодог жилийн үйл ажиллагааны үр дүнгийн урамшуулал, 2.7 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээг дундаж цалин хөлс бодохдоо оруулж тооцож байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд ажлаа хийгээд явж байгаа ажилтнуудаас ч их хэмжээний мөнгө нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Г.Б.. нь 900 0001 000 000 төгрөгийн илүү цалин авахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн үндэслэлд орох юм. Шүүхээс тогтоож байгаа мөнгө нь Г.Б..д ямар нэгэн суутгал олгогдохгүйгээр очиж байгаа. Ажил олгогч тэтгэврийн даатгалын шимтгэл 9,5 хувь, тэтгэмжийн даатгалд 1 хувь нийтдээ 10,5 хувийг төлөхөөр. Даатгуулагчаас ямар нэгэн даатгал төлөхөөргүй, шүүхээс гарсан шийдвэрээс ямар нэгэн шимтгэл тооцохооргүй зохицуулалт байгаа учраас Г.Б..гийн гарт нь олгож байсан цалингийн дунджаар мөнгийг нь олгох санал гаргаж байна. Өөрөө ажилдаа ирэхгүй, дээд шатны шүүхээр явсаар байгаад хугацаа алдсан гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Б.. нь хариуцагч **********ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчийн цалин хөлсний дунджийг тооцохдоо жилд нэг удаа олгодог үр дүнгийн урамшууллыг оруулан тооцсон нь үндэслэлгүй, гарт олгодог цалингаас тооцох ёстой... гэж тайлбарлаж байна.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.Б..г Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02010 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар **********ТӨХК-ийн Хангамжийн хэлтсийн Хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16 124 724 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэжээ.
Ажил олгогч буюу хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан ба Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хэргийг 2020 оны 09 сарын 08-ны өдрийн 001/ХТ2020/00452 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна.
Улмаар ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгч Г.Б..г 2020 оны 10 сарын 20-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/411 дүгээр тушаалаар ажилд эгүүлэн томилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг ажил олгогч хуулийн хүчин төгөлдөр болсон өдрийн дараагийн ажлын өдөрт багтаан биелүүлэх үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар тус хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгодог. Өөрөөр хэлбэл ажил олгогч түүнийг ажилд нь эгүүлэн авах үүрэгтэйгээс гадна түүний ажилгүй байсан бүхий л хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2020 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилоогүй болох нь баримтаар тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг 2019 оны 09 сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааг 280 хоног гэж тодорхойлж байх боловч дээрх хугацаанд ажлын өдөр нь нийт 265 хоног байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан ба хариуцагчийн ...нэхэмжлэгчийн цалин хөлсний дунджийг тооцохдоо жилд нэг удаа олгодог үр дүнгийн урамшууллыг оруулан тооцсон нь үндэслэлгүй, гарт олгодог цалингаас тооцох ёстой... гэх татгалзал үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцохдоо Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/02010 дугаар шийдвэрээр нэг хоногт ногдох цалин хөлс 109 692 төгрөгөөр тогтоосон хэмжээгээр тооцож, ажилгүй байсан 265 хоногийн цалинтай тэнцэх олговорт нийт 29 068 380 төгрөгийг хариуцагч **********ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Г.Б..гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан **********ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 29 068 380 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б..д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тогтоон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Г.Б..гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч **********ТӨХК-д даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 303 291 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ