Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/156

 

 

 

 

 

 

 

     2024        02            14                                      2024/ШЦТ/156

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар,

улсын яллагч А.Оргилбаяр,

шүүгдэгч Б.М  нарыг оролцуулан эрүүгийн ************* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

 

           

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Б.М  нь C дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр компаниас түүнд ажил үүргээ хэрэгжүүлэхдээ ашиглуулахаар хүлээлгэн өгсөн "Dell" маркийн зөөврийн компьютерыг барьцаалан зээлдүүлэх газарт 800.000 төгрөгийн барьцаанд тавин хувьдаа завшиж 1.368.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

Мөн “K” гэх фейсбүүк хаягаас "Хүний нутагт амь нэгтэй Монголчууд" гэх нэртэй групп дээр Бүгд Найрамдах Солонгос Улс руу ачаа явуулна гэх утга бүхий зарыг байршуулж, тус зарын дагуу Бүгд Найрамдах Солонгос Улс-д оршин сууж байгаа охин Т.У гоор дамжуулж холбогдсон иргэн Х.Т тэй 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ч дүүргийн 000 дугаар хороо, "У" дэлгүүрийн гадна уулзан "Macbook" загварын нөүтбүүкийг нь Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан биет 10.000 төгрөгийн хамт авч, залилан бусдад нийт 666.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Б.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч М.А , Х.Т нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.М  сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.М  нь “С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр компаниас түүнд ажил үүргээ хэрэгжүүлэхдээ ашиглуулахаар хүлээлгэн өгсөн "Dell" маркийн зөөврийн компьютерыг барьцаалан зээлдүүлэх газарт 800.000 төгрөгийн барьцаанд тавин хувьдаа завшиж 1.368.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,

Мөн "K" гэх фейсбүүк хаягаас "Хүний нутагт амь нэгтэй Монголчууд" гэх нэртэй групп дээр Бүгд Найрамдах Солонгос Улс руу ачаа явуулна гэх утга бүхий зарыг байршуулж, тус зарын дагуу Бүгд Найрамдах Солонгос Улс-д оршин сууж байгаа охин Т.У гоор дамжуулж холбогдсон иргэн Х.Т тэй 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүрийн гадна уулзан "Macbook" загварын нөүтбүүкийг нь Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан биет 10.000 төгрөгийн хамт авч, залилан бусдад нийт 666.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.М ын дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн үйл баримт нь:

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 01 сарын дундуур Зангиа.мн сайт дээрээс ажлын зар хараад С дүүргийн 000-р хороо С таурын 32 давхарт байрлалтай “****** ” ХХК-д ажилд орохоор орсон. Тэгээд би т ухайн газарт 2023 оны 01 сарын 23-ны өдрөөс эхлэн ажилласан. 2023 оны 01 сарын 31-ний өдөр ажил дээр очоод Е гээд тус компанийн охин компани руу нь тооллогод явахаар болоод ахлах нягтлангийн хамтаар гарсан. Тэгээд тооллого хийж байгаад үдээс хойш ажил дээрээ буцаж ирсэн. Ажил тарах үеэр ажид дээр өөрийн ашигладаг надад байгууллагаас хариуцуулж өгсөн нөүтбүүкийг авч гарсан. Тэгээд мөнгөний хэрэг гараад 19-ийн ойролцоо ломбардад 800.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Мөнгөө ломбардаас бэлнээр аваад хувийн хэрэгцээнд зарцуулсан. Удалгүй авчихна гэж бодсон боловч чадаагүй. Тэгээд ажлынхаа нөүтбүүкийг ломбардаас авч чадаагүй болохоор ажилдаа эргэж очиж чадаагүй юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

“...Би 2023 оны 03 сард фейсбүүк хаягаар Х гэх Солонгос улсад амьдарч байгаа охинтой танилцсан. Тэгсэн тэр охин намайг Монгол улсаас Солонгос улс руу ачаа авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн бөгөөд над руу ачаа өгөх гэж байгаа хүний дугаарыг өгөөд У дэлгүүрийн урд уулзаад ачааг чинь авъя гэж хэлсэн. Тэгээд 40 орчим насны эрэгтэй хүн ирээд цагаан гялгар уутанд хийгээд гадуур нь скочоор наасан байсан. Надад Солонгос улсад байгаа Х гэх хүн нөүтбүүк өгч явуулна гэж хэлсэн байсан болохоор нөүтбүүк гэдгийг мэдэж байсан юм. Тэгээд би 4 дүгээр сургуулийн гадаа байж байхдаа дуудлагын ломбард гэх зарын дагуу залгаж дуудаад тухайн нөүтбүүкийг уутнаас нь гаргаад өгсөн. Саарал өнгийн макбүүк байсан бөгөөд 250.000 төгрөгөөр бодож өгсөн гэж санаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 149/,

 

хохирогч М.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би С дүүргийн 000 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "А" ХХК-д санхүү хэлтсийн захирал ажилтай ба 2023 оны 01 сарын 27-ны өдөр манай хэлтэст Б.М  гэдэг эмэгтэй нягтлангаар ажилд орсон. Ажилд орохын өмнөх өдөр нь буюу 2023 оны 01 сарын 26-ны өдөр Б.М тай манай компани хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэгээд Б.М  нь ажилд ороод 4 хоноод буюу 2023 оны 01 сарын 31-ний орой ажил тараад өөрийн ажилдаа ашиглаж байсан "Dell" маркийн Нөүтбүүкээ ажлаас аваад гарсан байсан ба маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ирэхгүй байхаар нь би нэг нягтлангаараа залгуулахад бие өвдөөд ирж чадахгүй байна гэж хэлсэн байсан. Намайг залгахаар харин утсаа авахгүй байсан ба 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр над руу "эмнэлэгт тариа хийлгэж байна зөвшөөрөлгүй нөүтбүүк авч явсанд уучлаарай өдөр эгчээрээ өгөөд явуулна" гэж мессеж бичсэн. Тэгээд тэр өдрөөс хойш гар утсаа авахгүй ямар нэгэн шалтаг тоочсон мессеж бичээд одоог хүртэл байгууллагын Нөүтбүүк буцаан өгөөгүй байна. Тэгээд аргаа бараад цагдаагийн байгууллагад хандаж байгаа нь энэ юм. Б.М ыг ажилдаа ашигла гэж хэлээд өөрт нь хүлээлгэн өгсөн байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 13, 31-р тал/,

 

хохирогч Х.Т ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний төрсөн охин У  нь одоо БНСУ-д сургуульд сурдаг юм. Охин маань өнгөрсөн оны 11 билүү 12 сарын сарын үед Солонгос явсан юм. Тэгээд энэ оны хавар 3 дугаар сарын сүүлээр охин над руу яриад хичээл эхэлсэн болохоор нөүтбүүк наашаа явуулах хэрэгтэй байна" гэж ярьсан юм. Тэгээд би охиноосоо тухайн үед “...хэрхэн яаж явуулах вэ" гэж асуухад охин надад "...би сая фейсбүүкээс Хүний нутагт амь нэгтэй Монголчууд групп дээрээс зар харж байгаад наашаа явах 1 хүн олчихлоо, маргааш наашаа БНСУ руу явах гэж байгаа юм байна, та энэ хүнтэй ярьж байгаад өгөөд явуулаадхаач" гэсэн. Тэгээд *******гэсэн утасны дугаар өгсөн. Тэгэхээр нь би гэрээс нөүтбүүкийг нь аваад тэр утас руу нь залгасан чинь эмэгтэй хүн авч байсан. Бид хоёр утсаар ярьж байгаад 17-18 цагийн үед Улсын их дэлгүүрийн урд уулзсан юм. Тэр охин махлагдуу биетэй, бондгор, бор царай 30 орчим насны гэмээр хүүхэд байсан. Тухайн үед ганцаараа ирж байсан. Бид хоёр уулзаад би "...энэ манай охины юм байгаа юм, энийг өгч явуулах юм" гээд нөүтбүүкийг нь өгөөд бэлнээр 10.000 төгрөг өгөөд явуулсан. Би тэр хүүхдийг хэзээ явах гэж байгаа, өөрөө явах гэж байгаа юм уу, өөр хүн явах гэж байгаа юм уу гэдгийг тодруулж асуугаагүй. Охин надад хэлэхдээ тэр охиныг өөрийг нь маргааш наашаа БНСУ руу ирэх гэж байгаа гэж хэлсэн болохоор би итгээд юу ч лавлаж тодруулалгүй өгөөд явуулчихсан юм. Гэтэл тэрнээс хойш 7 хоноод нөгөө хүүхдээс нь сураг гараагүй, охин надаас "...энд ирээгүй байна, та утас руу нь залгаад үзээдхээч" гэж ярихаар нь би нөгөө *********гэсэн дугаар луу залгахад утас нь дуудаад байгаа боловч авахгүй утсаа авахгүй байсан. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө дахиж холбогдоогүй ээ.

Манай охины фейсбүүк хаяг тухайн үед U гэсэн хаяг байсан. Одоо нэрийг нь өөрчилсөн байсан. Харин тэр K гээд фейсбүүк хаяг нь нөгөө надтай У дэлгүүрийн урд уулзаад нөүтбүүкийг нь авсан охины фейсбүүк хаяг юм билээ. Тэр K гээд хаягаас манай охинтой фейсбүүкээр харьцсан гэсэн. Гэхдээ тэр Kгээд хаягтай хүүхэд өөр бас фейсбүүкийн M гээд хаягаас бас харьцаад байсан гэж хэлсэн. 2 фейсбүүк хаягтай байсан юм билээ.

Манай охин тэр өдрийн өмнөхөн онлайнаар гоёлын дээл худалдаж авсан юм шиг байна лээ. Тэгээд уг дээлээ миний нөүтбүүк өгсөн охиноор бас авчруулах гэж байсан юм билээ. Охин тухайн үед "...гоёлын дээл авсан, 1 найзаараа наашаа Солонгос явах гэж байгаа ********гэсэн утасны дугаартай охинд хүргүүлчихнэ" гэж ярьж байсан. Надаас нөүтбүүк авсан тэр охинд уг гоёлын дээлийг манай охины найз нь өмнөх өдөр нь аваачиж өгсөн юм шиг байсан. Бид нарт нарийн зүйл хэлээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Сүүлд охинтойгоо ярьсан нөгөө хүүхэд нь Х дүүргийн цагдаа дээр шалгагдахдаа дээлийнх нь мөнгийг өгч хохирлыг нь барагдуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-83-р тал/,

 

гэрч Б.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайхаас эд зүйл барьцаанд тавих гэж байгаа үйлчлүүлэгч маань утсаар яриад ирж үйлчлүүлэх боломжгүй байгаа тухайгаа хэлээд ирээд авч болох уу гэж ярьсан тохиолдолд манайх тухайн хүнийг байгаа газар нь очиж эд зүйлийг үзэж үнэ тохироод барьцаанд авчихдаг юм. Б.М  гэх охин 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуудлагаар дуудаж Масbook загварын 2012 оны 13 инч нөүтбүүк 225.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна. Тухайн ажиллаж байсан ажилтан маань ажлаас гарчихсан байгаа. Ингээд нөүтбүүк барьцаанд тавьчхаад 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай ломбард Сдүүргийн 000 дугаар хороо 28 дугаар байранд байх “Э” ломбардны байранд өөрийн  биеэр ирж үзэж зээл болон зээлийн хүү нийт 234.000 төгрөгийг шилжүүлэн барьцааны эд зүйлийг авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 92-93/,

 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол /хх-ийн 32/,

“*******” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ХГ/0300009 дугаартай Б.М тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 41-44/,

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн алдагдсан “Dell” маркийн зөөврийн компьютерыг 1.368.000 төгрөгөөр үнэлсэн  2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн СБ1-23-1691 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 48-51/,

Гомдолд хавсаргасан мессежээр харилцсан тухай гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-37/,

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн “Macbook” маркийн зөөврийн компьютерыг 656.000 төгрөгөөр үнэлсэн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ЧД1-23-861 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 95-96/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Б.М  нь “С дүүргийн 000 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр компаниас түүнд ажил үүргээ хэрэгжүүлэхдээ ашиглуулахаар хүлээлгэн өгсөн "Dell" маркийн зөөврийн компьютерыг барьцаалан зээлдүүлэх газарт 800.000 төгрөгийн барьцаанд тавин хувьдаа завшиж 1.368.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Мөн "K" гэх фейсбүүк хаягаас "Хүний нутагт амь нэгтэй Монголчууд" гэх нэртэй групп дээр Бүгд Найрамдах Солонгос Улс руу ачаа явуулна гэх утга бүхий зарыг байршуулж, тус зарын дагуу Бүгд Найрамдах Солонгос Улс-д оршин сууж байгаа охин Т.У гоор дамжуулж холбогдсон иргэн Х.Т тэй 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, У гадна уулзан "Macbook" загварын нөүтбүүкийг нь Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан биет 10.000 төгрөгийн хамт авч, залилан бусдад нийт 666.000 төгрөгийн хохирол учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжүүдийг тус тус бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал, бие эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Б.М д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Б.М  нь эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно.” гэж зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3.200 нэгжтэй тэнцэх хэмжээний 3.200.000 /гурван сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Б.М д 3.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.М нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч  Б.М ын үйлдсэн хөрөнгө завших гэмт  хэргийн улмаас хохирогч “*******” ХХК-д 1.368.000 төгрөгийн хохирол,

мөн залилах гэмт хэргийн улмаас хохирогч Х.Т д 666.000 төгрөгийн хохирол буюу нийт 2.034.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч Б.М аас 2.034.000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Б.М д холбогдох хэргийг анхан шатны шүүх журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Б.М  нь завсарлага авсан хугацаанд хохирогч “*******” ХХК-д 1.368.000 төгрөг, хохирогч Х.Т д 666.000 төгрөгийн хохирол төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-д 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М д энэ тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3.200.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М д нь энэ тогтоолоор оногдуулсан 3.200.000 төгрөгийн торгох ялыг 90 хоногийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар
Б.М  нь тогтоосон хугацаанд торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг түүнд тайлбарласугай.

 

6.Шүүгдэгч Б.М  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М д урьд хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР