| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/04376/И |
| Дугаар | 183/шш2021/00611 |
| Огноо | 2021-03-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 183/шш2021/00611
2021 оны 03 сарын 15 өдөр Дугаар 183/ШШ2021/00611 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Баян-Овоо сум, тоот хаягт оршин суух, ... овогт Б..ы Б.. /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, хаягт оршин суух, .... овогт Ц....вийн Г.. /РД:..../-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, Г.Ү.., Г.Н.. нарыг эхийн асрамжинд үлдээн, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б.., хариуагч Ц.Г.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Б.. миний бие нь 2006 онд Ц.Г..тай танилцаж 2007 оноос хамтран амьдарч эхэлсэн. Бид 2008.05.14-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтийн 0099620 дугаар гэрчилгээ авсан. Бидний хүү 2008.05.18-нд Г.Ү.. төрсөн. Хоёрдахь хүү Г.Н.. 2010.11.07-ны өдөр төрсөн. Ц.Г.. нь тодорхой эрхэлсэн ажилгүй, гэр орондоо тогтворгүй, гадуур явж мөрийтэй тоглоом тоглож, орон гэртээ оройтож ирэх, согтууруулах ундаа хэрэглэж ирэхдээ зан байдал нь өөрчлөгдөж гэр бүл, үр хүүхдээ айлган хэл амаар доромжилж, хэрцгий зан авир гаргах нь өдөр ирэх тутам ихэссэн. Сэтгэл санааны түгшүүртэй, айдастай амьдарч ирсэн. Иймд өөрийн ээжийн хүүхдүүдийн хамт амьдарч байгаа. Ингээд 2012 оноос өнөөг хүртэл өөр өөрийн амьдралаар тус тусдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, эд хөрөнгийн маргаан байхгүй, хүү Г.Ү.., Г.Н.. нарыг эхийн асрамжинд үлдээж, эцэг болох Ц.Г..ас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Намайг орхиод явсан, хаана байгаа нь тодорхойгүй, энэ хүнтэй ахиж холбоо бариагүй. Би хүүхдүүдтэйгээ уулзах хүсэлттэй байна. Бага хүү намайг танихгүй байх. Хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд зан харилцааны тааламжгүй байдал, цаашид хамтран амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас болсон байх бөгөөд талуудын хэн аль нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй гэж тайлбарлах тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ... овогт Б..ы Б.. /РД:..../, .... овогт Ц....вийн Г.. /РД:..../ нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд хариуцагч Ц.Г.. нь хүүхдийн тэтгэлэг олгоход татгалзах зүйлгүй гэсэн тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүү Г.Ү.., хүү Г.Н.. нарт эцэг Ц.Г..ас тэтгэлэг гаргуулж, эх Б.Б..ийн асрамжинд үлдээх нь хуульд нийцнэ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарласныг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... овогт Б..ы Б.. /РД:..../, .... овогт Ц....вийн Г.. /РД:..../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Ү.., Г.Н.. нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Г..ас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, хүү Г.Ү.., Г.Н.. нарыг эхийн асрамжинд үлдээсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Г..ас улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ