| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/04444/И |
| Дугаар | 183/шш2021/00618 |
| Огноо | 2021-03-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 183/шш2021/00618
2021 оны 03 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2021/00618 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Г.Солонго, шүүгч Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, тоот хаягт оршин суух, .... овогт Д...ын А.. /РД:.../,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, хаягт байрлах, О..ХХК /РД:.../ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Ж.. овогт С..бын Б.. /РД:.../-д холбогдох,
Компанийн болон иргэний ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээгээ няцаахыг даалгаж, гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А.., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д/, хариуцагч С.Б.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч С.Б.. нь өөрийн цахим хаяг болон хуурамч цахим хаягуудаас олон удаа манай компанийн болон иргэн Д.А.. миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж үндэслэлгүй мэдээ цахим орчинд олон нийтэд тараан зориуд зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж хохирол учрууллаа. С.Б.. нь удаа дараа оршин суугчдын Буянт Ухаа 1 хороолол цахим группэд миний нэрийг бичиж бузрын луйварчин, хулгайч, дээрэм хийдэг авгай, гөлөг нохой гэх мэтээр доромжилж миний нэр төрд халдсан. Хувь хүний хурууны хээгээр гарч ирдэг иргэн миний хувийн мэдээллийг нийтэд цахимаар ил тавьж бидний мөнгөөр валют арилжааны компанитай болтлоо баяжсан авгай гэж доромжилсон. Миний хуулиар хамгаалагдсан хувийн орон зайд халдаж мэдээлэл олж аван бусдыг санаатайгаар өдөөн турхирсан, эмэгтэй хүний маань хувьд ялгаварлан гадуурхаж гутаан доромжилсон. 2020 оны 9 сарын 25-ны өдөр Буянт ухаа 1 хорооллын талбайд иргэн миний болон улсын бүртгэлтэй хуулийн этгээд болох О..ХХК-ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж зориуд зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулсан. Уг үйл ажиллагаандаа Хан уул дүүргийн засаг дарга Ж.*********, ОСНААУГазрын инженер *****, тусгай зөвшөөрөл олгодог төрийн байгууллагуудыг зориуд татан оролцуулж хувийн хэвшил рүү дайрч ажлаа өг гэж дарамт шахалт үзүүлж Монгол Улсын Засгийн газрын хувийн хэвшлийг бүх талаар дэмжиж ажиллах бодлого шийдвэрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан болно. Үүндээ С.Б.. нь өөрийн ажилладаг Лайв ТВ-ийг ашиглан шууд бичлэг хийж цахим орчинд олон нийтэд тараасан юм. Цахим орчинд С.Б.. нь оршин суугчдыг үйлчилгээний хөлсөө төлөхөө больцгооё гэж, мөн манай компани, иргэн намайг зайлуулъя гэж байнга уриалж байгаа нь төрийн зохицуулалттай ус, дулаанаар хангах, түгээх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээг доголдуулах, тасалдуулах зорилготой гэж үзэж байна. Ийнхүү С.Б.. нь хуульгүй мэт авирлан О..ХХК болон миний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж олон нийтэд цахимаар тарааж хохироосон тул Монгол Улсын Иргэний хуулийн 21, 27 дугаар зүйл, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн заалтыг баримтлан бид дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч С.Б..д манай компанийн болон иргэн миний ажил хэргийн нэр хүнд, нэр төрийг гутааж тараасан мэдээгээ няцаахыг үүрэг болгох, ийнхүү бидний ажил хэргийн нэр хүнд, нэр төрийг гутааж олон нийтэд тараан хохироосон хариуцагч С.Б..гаас 20 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч бидэнд хувь тэнцүүлэн олгоно уу гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Буянт ухаа хороололд 2015 оны 03 сараас хойш 6 жилийн хугацаанд амьдарч байхдаа төлбөр мөнгөө тогтмол хугацаанд төлж, нэг ч удаагийн төлбөрийн өр байхгүй. 4 удаа шүүмжилсэн. Орон сууцны халуун ус нь 25 градусаас дээш байх ёстой байсан. Манай хорооллын ус нь 33, 35 градустай, хүүхэд усанд оруулж болохгүй байгаад байгаа. Үүнийг манай хорооллын оршин суугчид бүгд халуун усаа өгөөч ээ гэж шаарддаг. Миний бие тухайн шаардлагын дагуу дулааны шугам сүлжээ рүү холбогдоод халуун усаа өгөхгүй байна гэхэд, манайх шугам нь дээрээ 90 градусын халуунтай ус өгч байгаа. Танай контор өгөхгүй байна гэсэн тайлбар хэлдэг. 2020 оны 09 сард иргэдээс ирсэн цахим 20 гомдол, бичгээр 4 гомдол ирсэн. Аргагүй дийлэхээ болиод Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.********, ус сувгийн удирдах газрын мэргэжилтэн, эд нарт тусгай зөвшөөрөл өгдөг эрчим хүчний зохицуулах хороо зэрэг мэргэжлийн бүх байгууллагын хүмүүс буянт ухаа хорооллын иргэдтэй уулзалт хийж, би лайвыг нь хөтөлсөн. Тэр үеэр олон цугласан, бүгд эдний халуун усаа өгөхгүй байна гэж хэлсэн. Тухайн асуудал үүссэний дараа Б.. нь эрх бүхий албан тушаалтан, лайв телевизийг дагуулж авчраад манай байгууллагын нэр төрд халдлаа гэж хуралдаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Лайв бичлэгт үзлэг хийсэн байгаа, лайвд нэхэмжлэгч байгууллагын нэр төрд халдсан нэг ч үг өгүүлбэр байхгүй. Халуун усаа өгчихвөл би хувийн зүгээс ямар ч гомдол гаргахгүй. Миний гаргасан гомдлын дагуу инженер нь ирж үзээд заримдаа халуун усаа хангаж чадахгүй байна, уучлаарай гэж хэлж байсан. Үйлчилгээгээ өгчихвөл нэхэмжлэгч талд өсөрхсөн зүйл байхгүй. Нэр хүндийг нь гутаасан зүйл байхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А.. болон О..ХХК нар хариуцагч С.Б..д холбогдуулан компани болон иргэний ажил хэргийн нэр хүнд, нэр төрийг гутааж тараасан мэдээг няцаахыг даалгах, гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Буянт Ухаа1 хороолол цахим группт иргэн миний нэрийг бичиж бузрын луйварчин, хулгайч, дээрэм хийдэг авгай, гөлөг нохой мэтээр доромжилж нэр төрд халдсан. 2020 оны 09 сарын 25-ны өдөр Буянт Ухаа 1 хорооллын талбайд миний болон О..ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд халдаж зориуд зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулан Лайв ТВ-ыг ашиглан шууд бичлэг хийж цахим орчин олон нийтэд тараасан гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч О..ХХК нь хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт эрхлэх үйл ажиллагаа болон дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд хариуцагчийн оршин суудаг Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа 1 хорооллыг ус, дулаанаар хангах ажлыг гүйцэтгэдэг, нэхэмжлэгч Д.А.. нь тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байна. /хх-7-9/
Зохигчийн хүсэлтээр Буянт Ухаа 1 хороолол оршин суугчдын групп гэх цахим хуудсанд үзлэг хийсэн ба тус цахим хуудсанд ****.mn нийтлэл гэх 35 минут 19 секунтын бичлэгт Хан-Уул дүүргийн Засаг дарга болон эрх бүхий байгууллагын төлөөлөгч нар 2020 оны 09 сарын 25-ны өдөр Буянт Ухаа 1 хорооллын оршин суугч нартай уулзалт хийж, халаалт, халуун усны температур доголдол, ашиглалт засвар үйлчилгээг хариуцсан аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбоотой оршин суугчдын санал гомдлыг сонсон, нэхэмжлэгч О..ХХК-ийн төлөөлөгч доголдол үүсч байгаа шалтгаан нөхцөлийг оршин суугч нар болон эрх бүхий байгууллагын төлөөлөгч нарт тайлбарлаж, санал гомдлыг хүлээн авах болохоо илэрхийлжээ. Тус бичлэгээс үзэхэд хариуцагч С.Б.. нь сэтгүүлчийн хувиар уулзалтад оролцогч нараас тодруулга асуулт асуусан байх бөгөөд тус үйлдэл нь нэхэмжлэгч О..ХХК болон түүний төлөөлөгч Д.А..гийн нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэхээргүй байна.
Мөн Буянт Ухаа 1 хороолол гэх оршин суугчдын группт оруулсан хариуцагчийн сэтгэгдэл болон О..нэртэй цахим хаягаас тус группт оруулсан сэтгэгдлээс үзэхэд халуун усны температурын доголдлоос үүдэн талуудын хооронд үл ойлголцол үүсч улмаар хариуцагч С.Б.. нь ...О..гэх луйварчин дээрэмчин хулгайчууд үндэслэлгүй оршин суугчдаас алданги авч байна..., ...О..гэдэг байгууллага зайлаагүй л байна уу сүүлийн нэг сар халуун ус өгсөнгүй..., ...О..гэх луйварчдаас салах ганц арга бол бүгдээрээ төлбөрөө төлөхгүй байх... гэх агуулга бүхий сэтгэгдлүүдийг цахим хуудсанд нийтэлсэн үйлдэл нь нэхэмжлэгч Д.А..гийн нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл хувь хүнд нь чиглэсэн агуулга байхгүй байна.
Нөгөөтэйгүүр дээрх мэдээллийн агуулга нь Буянт Ухаа 1 хорооллын халуус усны температурын доголдолтой холбоотой нийтлэгдсэн сэтгэгдэл байх ба нэхэмжлэгч О..ХХК-ийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцдаг Буянт Ухаа 1 хорооллын халуун усны температурын доголдол үүсдэг байсан талаар нэхэмжлэгч маргаагүй болно.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ. гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтын гутаасан мэдээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй, иргэн, хуулийн этгээдийн хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсан байхыг ойлгохоор байна.
Гэтэл дээр дурдсан мэдээллүүдийн улмаас нэхэмжлэгч Д.А.. болон О..ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь хэрхэн нөлөөлсөн, түүний үнэлэмж хэрхэн гутаагдсан, дордсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар өөрсдийн нэр хүндийг гутаагдсанаас ямар үр дагавар үүссэн болохыг баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана.
Нэхэмжлэгч нь ...бидний ажил хэргийн нэр хүнд, нэр төрийг гутааж олон нийтэд тараан хохироосонд хариуцагч С.Б..гаас 20 000 000 төгрөгийг гаргуулна. Эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан хохирол... гэж тайлбарлаж байх боловч шаардлага үндэслэлээ баримтаар нотлоогүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А.. болон О..ХХК нарын хариуцагч С.Б..д холбогдуулан гаргасан компани болон иргэний ажил хэргийн нэр хүнд, нэр төрийг гутааж тараасан мэдээг няцаахыг даалгах, гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А.. болон О..ХХК нарын хариуцагч С.Б..д холбогдуулан гаргасан компани болон иргэний ажил хэргийн нэр хүнд, нэр төрийг гутааж тараасан мэдээг няцаахыг даалгах, гэм хорын хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ж.СЭМЖИД
Г.СОЛОНГО