| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0055/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/62 |
| Огноо | 2024-03-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/62
2024/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: А.А
Шүүгдэгч: Г.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Гын Дид холбогдох эрүүгийн ....................... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Тариат сумын тамгын газар жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .................. аймгийн ......... сумын ........... багийн .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт Гын Д /РД:....................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн орчимд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.М нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь зүүн зовхи, хацарт цус хуралт, хацар духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Д нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ц.Мтэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь зүүн зовхи, хацарт цус хуралт, хацар, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ц.Мгийн “...Миний бие Архангай аймгийн Тариат сумын төвд нөхөр 2 хүүхдийн хамт ажиллаж амьдардаг юм. Манай нөхрийг Гын Д гэдэг бөгөөд бид 2010 онд гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон юм. Г.Д нь одоо Тариат сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажил хийдэг. 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би ажлаасаа буугаад гэртээ ирээд байж байтал манай нөхөр Тариат сумын Мөрөн баг руу явж машин асаадаг пуужин авчрах ажил гарчихлаа гэхээр нь би чамд хань болоод хамт явъя гэж хэлтэл “чамаар яадаг юм надтай хамт хүмүүс явна чи багтахгүй” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Д над руу утсаар залгаад надтай хамт явах гэж байсан хүмүүс явахаа больчихлоо чи надтай хамт хань болоод явчих тасгалын тархи гэх газар цас шуураад зам эвгүй болчихсон байна гэхээр нь би нутгийн таньдаг М гэх ахыг хамт хань болоод яваад өгөөч гээд гуйгаад хамт явахаар болж бид 3 сумын төвөөс Мөрөн баг руу 19 цагийн үед хөдөлсөн юм. Мөрөн багийн төв дээр 21 цагийн үед очсон бөгөөд сургуулийн заалнаас хуучин машины бүтээлэг, пуужин хоёроо авчихаад сумын төв рүү хөдлөх гэж байтал нэг дэлгүүрийн гадаа зогсоод манай нөхөр өөрөө ороод гараад ирсэн юм. Дэлгүүрээс нь юм аваагүй бололтой юу ч мэдэгдээгүй ороод ирсэн. Тэгээд сумын төв рүү 21 цаг өнгөрч байхад хөдлөөд Мөрөн багийн төвийн урдхан талд явж байгаад машинаа зогсоогоод өврөөсөө шилтэй архи гаргаж ирээд хамт явж байсан М гэх ахтай архи хувааж уугаад эхэлсэн. Намайг шахаад байхаар нь би ганц нэг татчихсан. Д архиа уугаад нэлээн согтоод М ахтай бэр эгчтэйгээ хэрэлдсэн талаараа ярьсан. Хэд хоногийн өмнө Д Алтаад багт төрсөн ахындаа мал гаргах гээд очсон бөгөөд тэр үед ахынх нь эхнэр буюу бэр эгчтэйгээ Д хэрүүл хийж “чи миний төрсөн дүүг ашиглаж 2 хүүхэдтэй болгож хаясан” гэж хэлээд алгадаад авахаар нь би зөрүүлээд алгадаж аваад тэр 2 хүүхдийн эцэг нь 2 өөр хүн байдаг намайг олон жил хэлмэгдүүлсэн гэж ярьсан гэж М ахтай Д хууч хөөрсөн юм. Би тэгэхээр нь Дд хандаж “чи яагаад байнга өөрийнхөө зөв болгох гэж хариуцлагаас зугтдаг юм бэ, тэр чинь үнэн болоод хүмүүс тэгж ярьж байгаа юм шүү дээ бас захиргаанд ажилладаг Бтай чамайг явалддаг гэж олон жил яригдсан, чи надтай 13 жил амьдрахдаа сүүлийн 10 жил гэр орондоо тогтохгүй яаж амьдарснаа мэдэж байгаа биз дээ” гэж хэлтэл “хуц пизда минь чам шиг янхан хүүхэн байхгүй чамайг түмэн мэдэж байгаа” гэхээр нь би “чи намайг янхандаж явахыг хаана харсан юм” гэж хэлсэн чинь хажуугаас М ах “манай Мд ёстой тийм асуудал байдаггүй чи буруу зүйл ярьж байна Д” гэж хэлсэн. Тэгээд машинаа асаагаад дөнгөж хөдлөөд явж байтал Д миний нүүр рүү маш хүчтэй гараа атгаж байгаад цохиод авсан. Тэгээд миний хамраас цус гарч би ханцуйгаараа хамраас гарч буй цусаа дараад байж байтал ард сууж явсан М ах юу болж байна машинаа зогсоо би барья гэж хэлээд Д ард суулгасан. Замдаа явж байтал Д араас миний үснээс зулгааж татаж миний үсийг туг тугаар нь зулгааж миний толгой нүүр болон хүзүү хэсэг рүү гараа атгаж байгаад нэлээн олон удаа цохиод байсан мөн миний хоолой машины дунд хайрцагт таарч миний амьсгал боогдож амь тэмцээд М ах машинаа зогсоож арын хаалгыг онгойлгож Д татаж чангааж арай ч нэг юм тавиулж болиулсан. Тэгээд би сумын төв орж ирээд сумын эмнэлэгт үзүүлэн цагдаад дуудлага өгсөн...2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болсон асуудлаас өөр ямар нэгэн зодож нүдэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 дугаар тал/, хохирогч Ц.Мгийн дахин “...манай нөхөр Д нь өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Гэр бүл юм чинь хааяа маргалдах үе байдаг. Цагдаагийн байгууллагад урьд өмнө нь хандаж байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Миний биед одоо гэмтэл байхгүй, тухайн үед учирсан байсан гэмтэл бүрэн эдгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 дугаар тал/, гэрч Х.Мын “...миний бие тус өдөр Тариат сумын төвд байсан бөгөөд манай төрсөн дүүгийнх Дийн хашаанд амьдардаг юм. Орой 20 цагийн орчимд дүүгийндээ сууж байтал Д орж ирээд “дүү нь жаахан архи уучихлаа би Мөрөн баг руу яаралтай явж машин асаадаг пуужин авчрах хэрэгтэй байна та цуг хань болоод машин бариад яваад өгөөч” гэж гуйхаар нь миний бие зөвшөөрөн цуг явсан. Д өөрийнх нь машинаар түүний эхнэр М бид 3 хамт явсан. Мөрөн баг руу 1 цаг гаруй хугацаанд явж очсон бөгөөд сургуулийн складнаас нь пуужин, ногоон цаас бүтээлэг зэрэг эд зүйл авчихаад буцаад шууд сумын төв рүү хөдөлсөн. М миний хажууд буюу урд суучихсан Д арын суудал дээр сууж явсан ба би машиныг нь барьж явсан. Мөрөн багийн Тасгал гэх газар явж байтал Д эхнэртэйгээ “Мөрөн баг руу аль өдөр явчих байсан юман дээр чи явуулаагүй” гэж уурлаж маргалдаад хэрэлдээд эхэлсэн. Тэгтэл эхнэр М нь “чи өөр хүнтэй явж архи уух гэж байсан байж” гэж хэрэлдээд байсан. Миний ойлгосноор өдөр явах гэхээр эхнэр нь завгүй явах боломжгүй Д ганцааранг нь явуулчихаар элдэв янзын хүмүүстэй архи ууна гэж бодоод явуулаагүй юм уу даа гэж бодсон. Тэгээд арын суудлаас Д урд суудлаас М сарвалзаад урд урдаасаа цохилцоод эхлэхээр нь би тэр даруй машинаа зогсоож ингэж болохгүй та хоёр чинь яаж байна аа больцгоо гэж хэлээд Д машинаас буулгаж ирэн хамт тамхи татаж тайвшруулчихаад буцаад машиндаа сууцгаан сумын төв рүү хөдөлсөн. Тэрнээс хойш тэр 2 ахиж зодолдоогүй, ганц нэг хэрүүл хийгээд байх шиг байсан. Тэгээд сумын төв рүү орж явтал М цагдаа руу утсаар ярьсан бөгөөд бид 3 цагдаа руу очсон. Д эхнэртэйгээ хэрэлдэж байх үедээ эхнэртээ хандан “чи заавал хамт явах шаардлага байсан юм уу” чиний хэрэг байхгүй М ах бид 2 яваад хүрээд ирсэн бол хэрүүл болохгүй байх байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/, гэрч П.Бгийн “...Засаг даргын тамгын газарт жолоочийн ажил хийдэг. Манай Алтаад багаас гарсан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, миний өмнө Алтаад багийн засаг дарга байсан залуу байгаа юм. Зан ааш сайтай элдэв муу зуршилгүй, ажил төрөлдөө хариуцлагатай архи дарс нэг их уугаад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/, гэрч Ц.Гын “...хоорондын харилцаа хэвийн өмнө манай хашаанд хамт амьдардаг байхдаа ямар нэгэн асуудал гардаггүй байсан. Манай хүүхэд Г.Д дуугүй томоотой, даруухан, хэр баргийн юманд хөдөлдөггүй хүн, манай бэр Ц.М нь цайлган, түргэн зантай хүн. Ер нь их гайгүй байдаг тэр талаар сайн мэдэхгүй байна. Би тусдаа өөр хашаанд амьдардаг учраас сайн мэдэхгүй байна. Манайхтай цуг байх үед Дийг оройтож ирэхээр нь оройтож гэртээ ирлээ гэж ганц нэг хэрүүл хийж байсан. Гэр доторх явган хэрүүл хааяа нэг гардаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/, гэрч Н.Жгийн “...манай хүргэн Д нь одоо засаг даргын тамгын газарт ажиллаж байгаа бөгөөд өмнө Алтаад багийн засаг даргаар ажиллаж байсан юм. Д захиргаанд ажилладаг нэг хүүхэнтэй нэр холбогдоод тэрнээсээ болоод манай охин түүнийг хардаж хоорондоо зарим үедээ хэрүүл хийгээд байдаг юм. 2 хүүхдийн эцэг эх болсон улсууд байна өөрсдөө асуудлаа шийд гээд би амьдралд нь оролцдоггүй манай охин ч надад асуудлаа ярьдаггүй юм. Дуугүй томоотой хүүхэд байсан, ойрын хэдэн жил сүүлдээ надтай дуугардаггүй, мэндийн зөрөө ч байдаггүй би ч нэг их тоодоггүй хүн. 2018 онд шинэ жилийн үеэр Д захиргаанд ажилладаг Т гэх хүүхнийг гэртээ авчраад эхнэрийнхээ хажууд үнсэлцэж заваараад манай охин уурлаж хэрүүл хийсэн гэсэн. Тэгээд маргааш өглөө нь би гэр рүү нь ортол Д намайг урьд шөнө зодож нүдээд гуя руу аптерк зоочихсон гээд гуя руу нь юмаар зоочихсон байсан. Тухайн үед цагдаад хэлж чадаагүй. Тэрнээс хойш зарим үед хоорондоо хэрэлдэж зодолдох үе гарч байсан яг хэзээ хаана болсныг нь санахгүй байна. Саяхан оны өмнө манай охины нүүрийг цэл хөх болтол нь цохиод хаячихсан байсан. Тэгээд маргааш нь цагдаатай цуг аймаг руу явсан гэж байсан. Сумын иргэд “Д эхнэрээ зодоод эхнэр нь цагдаад хандаж нөхрийгөө шүүхэд өгч байгаа юм гэнэ нүүр ам нь аймаар болчихсон байна” гэж ярьж байсан. Би охинтойгоо тухайн үед уулзаагүй надад нүүр амаа харуулахгүй байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 48-50 дугаар тал/, гэрч С.Дын “...Д нь их даруу, төлөв зантай, урьд өмнө нь багийн дарга хийж байсан нутагтаа нэр хүнд сайтай хүн байгаа юм. Д, М хоёр 2010 оны үед гэр бүл болсон байх миний мэдэхээр 2 хүүхэдтэй. Миний мэдэхээр хоорондоо таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж байсан зүйл гарч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 дүгээр тал/, яллагдагч Г.Дийн “...би хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар тал/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаартай “...Ц.Мгийн биед зүүн зовхи, хацарт цус хуралт, хацар, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Д нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд зүүн зовхи, хацарт цус хуралт, хацар, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Г.Д нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Мг зодож эрүүл мэндэд нь зүүн зовхи, хацарт цус хуралт, хацар, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Г.Дийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Мгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Дид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Дийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Гын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР